Ц.НЯМДОРЖ, Ж.БАТЗАНДАН, ЛУ.БОЛД НАР Б.ХУРЦАД ХОНЗОГНОХЫН УЧИР
Индрийн ард чанга хашгирч, иргэдийн хамгийн их хүсэмжилдэг шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд тоглож, үнэн хэрэгтээ энэ бүхнийг өс хонзонгийн хэрэгсэл болгож яваа хүмүүс бол УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар юм. Тэдний ярьдаг сэдэв нь “Эрдэнэт”-ийн 49 хувь, С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг, харин популизмийнх нь гол бай ТЕГ-ын дарга асан Б.Хурц болчихоод байгаа. Яагаад вэ?! Улс төрд өрнөж буй үйл явдлуудыг өчигдөр, өнөөдөр буюу он дарааллаар нь нэгтгэн харвал энэ бүхний хариулт гарч ирнэ. “Давхар дээл”-т сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар жирийн иргэн Б.Хурцад өсөрхөх болсон нь ийм учиртай. Гэхдээ энэ бол тэдэнтэй холбоотой утасны нэгээхэн үзүүр нь. Харин шударга үнэний дүрд тоглогч энэ гурван гишүүний баг бүрмөсөн тайлагдахын цагт үнэн нүүр царай нь ямар аймшигтайгаар гарч ирэхийг таашгүй.
Б.Хурц Ц.Нямдорж сайдын багийг хуулав
2017.10.26. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн зуултад орчихоод буй Б.Хурц ТЕГ-ын даргын хувиар энэ өдөр хэвлэлийн бага хурал хийв. Тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Шударга сайд, парламентын брэнд” гэгддэг Ц.Нямдорж сайдын талаар хэд хэдэн ноцтой мэдээллийг өгсөн юм. Үүнийг тоймловол:
-С.Зоригийг хөнөөсөн ажлын хэсэг анх 1998 онд С.Батчулуун агсныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад байгуулагдсан. ЦЕГ энэ хэргийг 2001 онд татаж авсан. Д.Одбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад буюу 2006 онд ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Дараа нь Ц.Мөнх-Оргил сайдын үед 2007 оны нэгдүгээр сарын 22-нд ЦЕГ-ын мэдэлд өгсөн. Ц.Мөнх-Оргил Ц.Нямдорж сайдтай нэг нам, их ойр харилцаатай, дэд сайдаар нь ажиллаж байсан, улс төрд удаан хугацаагаар хамт яваа хүн. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг ЦЕГ-ын мэдэлд өгч явсаар байгаад хамгийн сүүлд 2015 онд УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Сонирхолтой нь Ц.Нямдорж ажлын хэсгийг тагнуулаас ямагт салгасан байдаг. Ажлын хэсгийг үймүүлэх, энэ ажлыг явуулахгүй байх ямар зорилго сайд Ц.Нямдоржид байдгийг мэдэхгүй.
-Өнөөдөр бид С.Зоригийн амийг хөнөөлгөсөн захиалагчийн асуудлыг ярьж байгаа. Гэтэл яг энэ цаг мөчид улс төрийн болон бусад зорилгоор Ц.Нямдорж сайд нөлөөлж байна.
-Ц.Нямдорж гэдэг хүн сайд болохдоо С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ажиллаж байгаа ажлын хэсгийг дөрвөн удаа тарааж, энэ ажлын хэсгийн 32 албан хаагчийг сольсон. Энэ хүн сайд болохоороо тагнуулын байгууллагыг оролддог. Өөрөө хууль зөрчдөг.
-“Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой юу” гэх 42 хуудас материалын тухай асуудал байдаг. Энэ талаар Ж.Баатар генерал гомдол гаргасан. ТЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Доньжчимбуугаар ахлуулсан ажлын хэсэг энэ хэргийг дахин шалгасан. Ц.Нямдорж Хятадын тусгай албадтай холбоотой юу, үгүй юү гэдэг хэргийг нууцлалын зэргээс гаргах боломжтой болсон.
-Ц.Нямдорж Д.Дорлигжав, Н.Алтанхуяг гэдэг бүлэглэлтэй. Энэ бүлэглэл хүчтэй, санхүүтэй, хэвлэлтэй, телевизтэй, сайттай, “Эрдэнэт”-д шахааны бизнестэй. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлыг “Хаан жимс” амралтын газарт дуудаад “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж байсан юм билээ.
-Ц.Нямдорж сайдын хуурай дүү, ДЦС-4 ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Анхбаяр оффшорын асуудалтай. Үүнийг шалгах болно. С.Анхбаяраар дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын шахаа хийсэн.
-Ц.Нямдоржийн хуурай дүү С.Анхбаяр болон хүү Н.Анхбаярыг шалгах цаг болсон.
-Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байхдаа 800 мянган ам.долларын асуудалд орсныг Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж замхруулсан.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн ярьдаг сэдэв нь “Эрдэнэт”, С.Зоригийг хөнөөсөн хэрэг…
-Г.Алтан ба САПУ-ийн хэрэг байна. Бүхэл бүтэн байгууллагын материалыг аваачаад шатаачихсан. Эзэн нь тогтоогдоогүй, олддоггүй нэг ийм хэрэг байдаг. Тухайн үед Ө.Энхтөр хурандаа ярьж байсан. “Сайд өрөөндөө дуудаад “Энэ хэргийг хаа” гээд байх юм” гэж.
Б.Хурц дээрх мэдээллийг хийснийхээ дараа ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Харин Ц.Нямдорж сайд яг тэр өдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ТЕГ-ын дарга асан Б.Хурцын мэдээллийг бүрэн үгүйсгэж чадаагүйгээр барахгүй “С.Анхбаяр бол миний багшийн хүүхэд” хэмээн хээвнэг хэлж байв. Тэрбээр үүнээс өмнө хүү Н.Анхбаяр нь “Эрдэнэт” үйлдвэрт 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн баримт хэвлэлүүдэд ил болоход “Хүний ёсоор хүүдээ тусалсан” гэж байсан юм. Ц.Нямдоржийн хуурай дүү С.Анхбаярыг АТГ авлигын хэргээр шалгаж, шүүхээс хоёр жилийн ял оноосон ч саяхан торгох ял болгон өөрчилсөн. Б.Хурцын хэлсэнчлэн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод удаагүй байхад С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг дахиад л тараасан. “Энэ ажилд ЦЕГ-ын дарга С.Баатаржав гол үүрэг гүйцэтгэсэн” гэх мэдээлэл бий.
Ж.Батзандангийн ах нар АТГ-т шалгагдаж байсан нь Б.Хурцад өсөрхөх шалтгаан уу
Ж.Батзандан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг зохион байгуулсан хүмүүсийн нэгээр тодорсон ч уснаас хуурай гарч, харин амин найз О.Магнай нь Ганцхудагаас эмнэлэгт тэргэнцэртэй хүргэгдэн ирж байсан дүр зураг гэрэл зургийн хальснаа үлдсэн. Харин одоо УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-аас хөөгдөж, О.Магнай нь АН-ын гишүүн хэвээр байгаа. “Долдугаар сарын 1”-тэй холбоотой хэрэг явдал өөрийнх нь эсрэг өрнөхийг мэдэрсэн Ж.Батзандангийн “хоргодох байр” нь АН болж, мань эр “Ц.Элбэгдоржийн фракцийнх” гэгдэж явсан удаа ч бий. Тэгвэл өнөөдөр тэрбээр Ц.Нямдорж сайдын сайн дүүгийн дүрд тоглож, “Ц.Элбэгдорж хийгээд МАНАН мафийн эсрэг тэмцэнэ” хэмээн чуулганы танхимд чанга хашгирч суугаа. Мэргэжил нэгт О.Баасанхүү гишүүнийг нэр усаар нь доромжилж, өдгөө жирийн иргэн болсон Б.Хурцын нэрийг хуруугаа чичлэн хэлсээр байгаагийн учир юу вэ. Энэ асуултын хариултыг олоход тун амархан. Б.Хурц нэгэн үе АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Түүнийг энэ албаа өгсний дараахан Ж.Батзандангийн ах нарт холбогдох хэргийг АТГ шалгаж байв. Ж.Батзандан бас яаж зүгээр байх вэ. Тухайн үеийн ТӨХ-ны дарга Д.Цогтбаатарт “… Миний ах Ж.Батсүрэнтэй холбоотой асуудлыг шалгаж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, нэн даруй хариуцлага тооцож өгөхийг хүсье” гэж УИХ-ын гишүүний хувиар албан бичгээр хандаж байв. Өөрөөр хэлбэл, ахынхаа асуудлыг өөртөө нэмэх оноо авах тоглолт болгон хувиргах гэж оролдож байсан нь энэ. Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсүрэн нар ямар хэргээр АТГ-т шалгагдаж байсныг дурдвал:
-Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ 2011-2012 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газар (МТШХХГ)-ын даргаар ажиллаж байсан. Харин АН УИХ-ын 2012 оны сонгуульд ялахад “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Гэвч энэ албаа өгснөөс хойш Ж.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн дарга хэмээх яамныхаа “Гал тогоо”-г хариуцдаг чухал албыг тасралтгүй хашиж яваа. Аль ч намд нүүртэй, нэг албан тушаалаас нөгөө албан тушаал руу сэлгэж нүүдэг Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим албан тушаалтанд АТГ-ынхан 2015 оны наймдугаар сарын 16-нд Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байжээ. Тодруулбал, Мэдээллийн технологи, шуудан харилцаа, холбооны газраас 2012 онд шалгаруулсан нэг тэрбум төгрөгийн өртөг бүхий Багуудад хүргэх шуудангийн үйлчилгээг сайжруулах тендерийн Үнэлгээний хорооны дарга, гишүүд нь “Монгол дизель” ХХК-д давуу байдал олгон нийлүүлэгдэх автомашины техникийн тодорхойлолтод өөрчлөлт оруулан тус компаниас нийлүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн 34 ширхэг автомашиныг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан гэх асуудлаар тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. АТГ-ынхан 34 автомашинтай холбоотой хэргийг шалгахад үнийн дүнгийн зөрүү нь 693.051.816 төгрөг байжээ.
-УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Батсүрэн “Мон сам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байхдаа нэгэн дуулианд нэр холбогдсон нь 2013 он. Тухайн үед mongolcom.mn вэбсайтад бичсэнээр, Ж.Батсүрэн нь АНУ-аас эх орондоо ирэхдээ долоон ширхэг иж бүрэн компьютер оруулж ирсэн бөгөөд гаалийн татварыг нь төлөлгүй нууж оруулахыг завджээ. Үүнийг нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь Гаалийн газрын улсын байцаагчид илрүүлж барааг нь хураахад Ж.Батсүрэн албан тушаалаараа далайлгаж, гаалийн байцаагчдыг элдвээр харааж “Би Ж.Батзандан гишүүний ах байна. Та нар хэн болоод Төрийн тусгай хамгаалалтын газрын компьютерийг хурааж байгаа юм. Маргааш бүгдийг чинь ажилгүй болгоно, хараарай” гэх мэтээр давшилж байжээ. Ж.Батсүрэн нь 2012-2014 онд “Мон сам” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байжээ. Тэрбээр эл албыг хашиж байхдаа ТӨХ-ны зөвшөөрөлгүйгээр Чингэлтэй дүүргийн IV хороо Бага тойруугийн 18 дугаар байрны 11 тоотод байрлах тус газрын хөрөнгөд бүртгэлтэй 18 м.кв орон сууцыг бусдад худалдан борлуулсан. ТӨХ-ны 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 347 тоот тогтоолоор Төрийн банкны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй “Ниссан мурано” маркийн УБЗ 6691 улсын дугаартай 25.195.2 мянган төгрөгийн үлдэгдэл өртөгтэй автомашиныг балансаас баланст шилжүүлэхээр шийдвэрлэсэн байхад тухайн байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгүүлэлгүйгээр эзэмшиж байгаад цаашид ашиглах боломжгүйгээр техникийн гэмтэл (осол)-д оруулж байгууллагын өмч хөрөнгийг завшин үрэгдүүлсэн гэх хэрэгт 2014 оны есдүгээр сарын 22-нд эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж байсан аж.
Б.Хурц Лу.Болдыг онгоцны моторын хэргээр улалзуулсан нь
АН эрх барьж байхад буюу 2013 онд тухайн үеийн БХЯ-ны удирдлагуудтай холбоотой хэрэг ихээхэн дуулиан тарьсан юм. Тэгэхэд УИХ-ын гишүүн Лу.Болд энэ яамны сайдаар ажиллаж байв. Хэвлэлүүдэд “Хойд Солонгосоос “МИГ-21” онгоцны моторыг худалдан авахаар 1.8 сая ам.долларыг Монгол Улс руу шилжүүлэхдээ иргэн Ж.Бямбаноров, бизнес эрхлэгч н.Нацагдорж нарын дансанд хийсэн” гэх мэдээлэл гарч байлаа. Хууль хяналтынхан ч энэ хэргийн мөрөөр орж, генерал Т.Дашдэлэг тэргүүтэй зарим хүнийг цагдан хорьж, хойд солонгосчууд Монголын талаас 300 мянган ам.доллар нэхэмжилсэн талаар өдөр тутмын зарим сонин мэдээлж байсан юм. Тэгэхээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц байнгын хорооны хуралдаан дээр Лу.Болд хийгээд онгоцны мотор, хойд солонгосчуудын нэхэмжилсэн 300 мянган ам.долларын тухай анх удаа хэлсэн биш, хэвлэлүүд бүр өмнө нь мэдээлчихсэн хэрэг. Өдгөө шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэгчийн дүрд хувирчихаад яваа Лу.Болд энэ хэргээс “аврагдаж”, Т.Дашдэлэг генерал хорих ял сонссон ч 2015 онд өршөөлөөр суллагдсан. Улс төрийн хүрээнд “Хойд Солонгосын талаас нэхэмжилсэн 300 мянган ам.доллар хийгээд онгоцны мотортой холбоотой хэргийг АТГ-ынхан хав дарсан уу. Ц.Нямдорж сайд Лу.Болдыг энэ асуудлаар нь барьцаалсан байхвий” гэх яриа бий.
Эх сурвалж: analiz.mn
URL: