Пентагон делфины отряд бэлдэж байна
Ормузын хоолойд АНУ-ын эрх ашгийг дельфинүүд хамгаална. Телевизийн «Фокс ньюс» сувагт чөлөөнд гарсан адмирал Тим Китинг ярилцлага өгөхдөө, түрүүлж цохилт өгөхдөө цэргийнхэн дельфинээс бүрдсэн тусгай зориулалтын отряд ашиглаж магадгүй гэжээ. «АНУ-д тийм хүчин бий» гэснээс өөр тодорхой зүйлийг тэрбээр хэлээгүй байна.
Америкийн командлалын үзэж буйгаар, Иран нефть тээвэрлэдэг хоолойг хааж болзошгүй юм. Тийм учраас Бахрейнд байрладаг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тавдугаар флотын командлалын удирдлага тус хоолойд хөлөг онгоц явахад саад учруулахгүй байхаа мэдэгджээ.
«Ормузын хоолойгоор бараа, үйлчилгээ чөлөөтэй нэвтэрч байх нь бүс нутгийн болон дэлхийн сайн сайхан байдалд амин чухал юм. Хоолойн олон улсын усанд хөлөг онгоц чөлөөтэй нэвтрэхэд саад болсон хэн ч өөрийгөө олон улсын хамтын нийгэмлэгт тэрсэлсэнд тооцогдоно. Хөлөг онгоцонд саад болохыг хүлээн зөвшөөрөхгүй» гэж флотын мэдэгдэлд дурдсан байна.
Иран хоолойг хаахын тулд том хөлөг онгоц төдийгүй усан дорх мина ашиглаж болзошгүй гэж Пентагоны эх сурвалжууд мэдээлжээ. АНУ усан дорх зэвсэглэл болон дайсны объектуудыг илрүүлэхийн тулд ухаантай буюу дайсны объектуудын зургийг авах, компьютерийн төвд дохио өгөх болон хорлон сүйтгэгчдийг устгаж чадахуйц туслахуудыг 50 гаруй жилийн турш ашиглаж байгаа аж.
Гэвч энэ мэдээлэл амьтан хамгаалагчдын сэтгэлийг түгшээж байгаа юм. Учир нь дельфинүүд тодорхой байршилд тэсрэх бөмбөг байгаа эсэхийг тодорхойлж, өөрийн багийн гишүүдийг сайтар танихийн сацуу өгсөн үүрэг даалгаврыг дуулгавартай гүйцэтгэдэг гэнэ.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: