У.ХҮРЭЛСҮХ: Гэр хорооллын айлууд гал түлэхгүйгээр дулаан амьдрах боломж бүрдэж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс өнөөдөр Азийн хөгжлийн банкны санхүүжилт болон улсын төсөв, нийслэлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын явцтай өнөөдөр танилцаж, газар дээр нь очиж ажиллалаа.
Үдээс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Оюунчимэг, Хотын захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүсийн хамтаар Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийн нягтрал ихтэй хэсгийн нэг болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа Дэд бүтцийн төв дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, дулаанд холбогдсон айлд зочиллоо.
Хотын захирагч С.Амарсайхан, дэд бүтцийн төвийн талаар Ерөнхий сайдад мэдээлсэн танилцуулгадаа Төвлөрсөн шугам сүлжээнд холбоход техникийн шийдлийн хувьд боломжгүй, хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой гэр хорооллын дундын бүсийн 2.794 га газарт 20017-2020 онд нийт 50 хэсэгчилсэн болон бие даасан инженерчлэлийн хангамжийг нэвтрүүлэх зорилготой Дэд бүтцийн төвийг нийслэлийн төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд 220 нэгж талбайг хамарсан, 14 га газарт, 285 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбохоор төлөвлөснөөс өдгөө эхний ээлжийн 33 айлыг дулаан шугамд холбоод байгаа гэдгийг Ерөнхий сайдад дуулгалаа. Мөн дээрх төсөл хэрэгжих 14 га газарт жишиг гудамж, авто болон явган зам, ногоон байгууламж, хиймэд нуур, гэрэлтүүлэг, камержуулалтаас бүрдсэн их бүрэн тохижилтын ажил хийгдэхээр төлөвлөгдснийг хэллээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэд бүтцийн төсөл хэрэгжснээр нүүрс түлж, утаа гаргадаг явдал багасна. Гэр хорооллын айлууд гал түлэхгүйгээр гэртээ дулаан орчинд, хашаандаа тав тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэж байгаа юм. Энэ ажлыг Засгийн газраас дэмжиж ажиллана. Цаашдаа ийм жишгийг бусдад сайн сурталчлан таниулах хэрэгтэй” гэлээ.
URL: