Х.Юүлэхорол: Яг одоо бүжигт ид шунан дурлаж байна

359
/Ази, Номхон далайн бүс нутгийн улсуудын олон улсын мэргэжлийн бүжигчдийн уралдааны Гран при шагналт, Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн уралдааны тэргүүн болон дэд байрын шагналт/ ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, ахлагч Х.ЮҮЛЭХОРОЛ
Ярилцлагынхаа эхэнд Таны нэрийн тухай асуумаар санагдаад. Их өвөрмөц, содон. Цаадах утга агуулга, бэлгэдэл нь гүн байх…
-Бунд хорол, Цэнд хорол гээд 9 хорлын нэг. Нэгэн гэлэнмаа өгсөн юм гэнэ лээ. Нэрэндээ дуртай. Намайг хамгийн түрүүнд илэрхийлэх ганц зүйл болохоор хайрлаж, бүтэн сайхан авч явах юм сан гэж хичээдэг. Нэр төр гэдэг өргөн утгаар нь хэлж байгаа юм шүү.
Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-1991 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 44 дүгээр дунд сургууль, СУИС-ийг бүжигчин, бүжиг дэглэгч мэргэжлээр дүүргэсэн.
Хэрхэн бүжиглэж эхлэв, мэдээж чуулгатай холбогдсон сонин түүхтэй байх…
-Нэгдүгээр ангид орсон жил сургуулийн урлагийн үзлэгт бэлтгэхдээ багш маань ээжид “Танай охин л бүжиглэчихмээр харагдаад байх юм. Бүжиг заалгуулаад ирээч” гэхэд нь цэцэрлэгийн багшаар “Үзэмчин” ардын бүжиг заалгаж бүжиглэсэн. Үүнээс хойш бүжиглэдэг болсон. Чуулгатай холбогдсон түүх гэвэл 8 дугаар ангийн сурагч байхдаа гэрээгээр ажиллах болсон юм. Тэр жилийн цэргийн баярын тоглолтод эмэгтэй бүжигчин дутаж, яг тэр үеэр нэгэн арга хэмжээнд бүжиглэж байхыг минь МУГЖ Л.Ганчимэг багш олж хараад уулзтал би сурагч байж таарахгүй юу. Тэгээд сургуулийн соёлын ажилтантай уулзаж зөвшөөрөл авснаар тэрхүү том тоглолтод оролцох асар их завшаан тохиосон юм.
Бүжгийн урлагт багаасаа дурлажээ дээ…
-Цэргийн баярын тоглолтод оролцох хүртлээ аливаа арга хэмжээнүүдэд бүжиглэх ёстой л гэж хүлээж авдаг байсан. Харин чуулгынхаа бүжигчдийг хараад л мэргэжлийн гэдэг үгийн утгыг ойлгож бүжгийн урлагт дурлаж эхэлсэн дээ. Миний хувьд тэр тоглолтод юугаа ч мэдэхгүй хүүхэд “Энхийн төлөө” бүжгийн төгсгөлийн хэсэгт, бас “Нисгэгчийн бүжиг”-т бүжиглэсэн. Дараа нь Л.Ганчимэг багш “Чингис хаан” рок дуурьд тоглох санал тавьсан. Ингэж л чуулгатайгаа холбогдсон доо. Тухайн үедээ насанд хүрээгүй байсан учраас тоглолтын мөнгө аваад, дараа нь гэрээ байгуулаад л бүжиглэдэг байлаа. Хамгийн анх дансанд маань 170000 төгрөг хуримтлагдсан байж билээ. Тэр үедээ л их мөнгө шүү дээ. Зарим хүн амьдралынхаа туршид “өөрийгөө”, амьдрах аргаа олдоггүй бол миний хувьд хамгийн азтай хувь тавилантай хүн. Сайхан хамт олон, мэргэжил, нэр хүндтэй байгууллага гээд бүгд байна.
Үнэхээр л Цэргийн чуулгаар овоглох зам дардан байжээ…
-Гэхдээ тухайн үед сонголт тулгарсан. Би уг нь эмч болохоор бэлтгэж байсан юм. Тэгсэн Ганаа багш хэрвээ чи эмч болно гэвэл би чамайг ажилд авч чадахгүй. Манай чуулга зөвхөн мэргэжлийн бүжигчин авах ёстой гэж хэлсэн. Тэгээд л эргэлт буцалтгүй бүжигчин болох сонголтыг хийсэн. Ажиллангаа суралцах боломжийг олгосон чуулгын удирдлага, багш нар, хамт олондоо үргэлж баярладаг. Нэгдүгээр курстээ би чинь цэргийн хүн болчихсон байлаа шүү дээ. Одоо ч бас магистрантурт суралцаад л явж байна.
Хоёулаа тоглолтын тухай ярилцъя. Тоглолтын нэрээс эхлээд мэдээлэл хүргэх үү?
-Миний анхны тайлан тоглолт. Бараг жилийн өмнөөс тоглолтдоо бэлтгэж эхэлсэн. Л.Баттөр багш /ЦДБЭЧ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга-ерөнхий найруулагч, ахмад/ маань одоо чи тайлан тоглолтоо хийх хэмжээнд хүрсэн байна. Тоглолтоо хий, бид дэмжээд өгье гэсэн. Ингээд л зориг шулуудсан. “Бүжихүйн урланд” нэрийг хошууч Р.Өнөржаргал /ЦДБЭЧ-ын Сургалт, соёл хүмүүжил, маркетингийн албаны дарга/ өгсөн. Дотоод ертөнц, сэтгэлийн урланд байгаа бүхнээ бүжгээр илэрхийлнэ гэсэн санаа нь надад их таалагдсан учраас тоглолтоо ингэж нэрлэхээр шийдсэн юм. Ардын бүжиг, цэргийн бүжиг, модерн гээд бүжгийн төрлүүдийг багтаахыг хичээсэн бас миний дэглэсэн хоёр бүжиг байгаа. Мэргэжлийнхээ онцлогийг бас харуулъя гэж бодсон юм л даа.
Монгол гэлтгүй гаднын орнуудын тайзнаа амилж олон үзэгчтэй болсон “Тогоруу бий” бүжгийн тухайд…
-“Тогоруу бий” биелгээнд тулгуурлаж тавьсан этнек чиглэлийн бүжиг гэж болно. Ардын жүжигчин, Төрийн шагналт, ХХ зууны манлай бүжиг дэглэгч Ц.Сэвжидийн нэрэмжит тэмцээнд гурвал төрлөөр оролцох болоод Баттөр багш судалгаа хийж Ховд, Алтай буюу баруун тал руу дээлээ эргүүлж үстэй талыг нь гадагш нь харуулж өмсөн савх бариад тогорууны хөдөлгөөнийг дуурайж биелдэг байсан юм байна. Үүнийг орчин үетэйгээ холбож дэглэсэн бүжиг болгон оролцъё гэсэн санал гарган уг бүжгээр дэд байрын шагнал авч байлаа. Удалгүй Орос руу олон улсын тэмцээнд оролцохоор явах болоод энэ бүжгээ гоцлол болгосон юм. “Тогоруу бий” бүжгээрээ олон тэмцээнээс шагнал хүртсэн. Миний урдаа барьдаг, хайртай бүжиг минь. Хаана ч, хэзээ ч бүжиглэхэд үзэгчдийн алга ташилт тасардаггүй, маш сайхан хүлээж авдаг.
Ямар чиглэлээр бүжиглэх дуртай вэ?
-Бүжигчин хүн аль ч төрөлд хувирч бүжиглэж чаддаг байх ёстой. Тэр энэ гэдэггүй. Гэхдээ цэргийн бүжгүүддээ илүү дуртай. Мэдрэмж шаардсан онцлогтой төрөл. Цэргийн амьдралыг мэддэг уран бүтээлчдээс л цэргийн сэдэвт сайн бүтээл төрдөг гэж боддог. Эх орон, эр цэрэг мөнх гэдэг болохоор энэ сэдэв ч тасрахгүй уран бүтээл болон үргэлжилсээр байх болно л гэж боддог. Цэргийн уран бүтээлчийн гол онцлог юм даа. Мэдээж хэрэг ардын бүжиг бол агуу өв соёл. Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй, мөнхөд судлагдах, гайхагдах төрөл.
Утга санааг хөдөлгөөнөөр илэрхийлнэ гэдэг мэдээж амаргүй. Бүжигчин хүнд тавигдах нэн тэргүүний шаардлага юу байдаг вэ?
-Мэдээж эрүүл мэнд, бие бялдрын зохистой харьцаа. Дараа нь бэлтгэл сургуулилт. Энэ бол бүжиглэхийн үндэс суурь. Ер нь бүжигчин хүнийг математикч гэж хэлж болно. Яагаад гэвэл зөв бодож тооцоолсны үндсэн дээр сайн бүжиглэж чаддаг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөнөө хөгжмийн аянд хуваахаас эхлээд л хурд хүчийг нь тохируулна гээд тооцож тохируулж байж л сайн бүжиглэж чадна гэсэн үг. Дээр нь логик сэтгэлгээ маш сайн байх ёстой.
Сэтгэл зүй ч бас их чухал байх…
-Тэгэлгүй яах вэ. Үгээр биш үйлдлээр илэрхийлнэ гэдэг амар зүйл биш. Дэглэгчийнхээ хэлэх гэсэн утга санааг ойлгосны эцэст түүнийг үзэгчдэд хүргэнэ. Жишээлбэл “Би чамд хайртай” гэж хэлж байгааг ойлгуулахын тулд харц, сэтгэлийн хөдөлгөөн, биеийн хөдөлгөөн гээд бүх зүйл цогц болж байж л илэрхийлэгдэнэ гэсэн үг. Хамгийн гол зүйл бол бүжгийн агуулга, хэлэмжийг сэтгэл дотроо үгээр хэлдэг. Дуу авиа гаргахгүй л байгаа болохоос бүх л өгүүлэмжийг дотроо хэлж бүжиглэдэг гэсэн үг.
Жүжигчид Ромео, Жульеттад тоглох юм сан гэж мөрөөдөж зорьдог гэдэг. Бүжигчний хувьд…
-Яг одоогийн байдлаар тайлан тоглолтоо л амжилттай хийхийг зорьж байна. Энэ бол миний том мөрөөдөл, зорилго юм. Өмнө нь “Ромео, Жульетта” рок дуурьд тоглосон. Тэр дүрээрээ Гэгээн музад нэр дэвшсэн. Шагнал аваагүй ч надад маш их урам зориг өгсөн. Үүнийг ч бас хүсэл мөрөөдөлдөө хүрсэн нэг тохиолдол гэж боддог. Мэдээж хэрэг олон сайхан уран бүтээлд тоглох хүсэл мөрөөдөл бий. Залуу насны урлаг болохоор одоо л ид хийж бүтээх үе минь. Яг одоо бол бүжигт ёстой л шунан дурлаж байна гэж хэлж болно.
Тоглолтынхоо сонин содноос ганц хоёрыг задалж болох уу?
-Миний ээж Т.Хүрэлтогоо Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн кино механикчаар 26 жил ажилласан. Хүүхэд нас минь энэ анги, хамт олонтой салшгүй холбоотой. Ангийн хашаанд хүн болсон гэж хэлж болно. Тийм учраас ээжийгээ дурсаж, энэ хамт олныг хүндэтгэж хүндэт харуулын цэргүүдийн жагсаалын үзүүлэх тоглолтыг “Бүжихүйн урлан”-даа оруулахыг хүссэн юм. Бас намайг чуулгын хаалгаар ороход тосож авсан Д.Оюунбилэг багшийн маань бяцхан шавь нар оролцоно. Энэ мэтчилэн тоглолтод маань маш олон хүний сэтгэл зүтгэл, хөдөлмөр шингэж байгаа. Тийм болохоор тоглолт сайхан болно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ дашрамд уншигч та бүхнийг энэ сарын 13-ны өдөр Соёлын төв өргөөнд болох “Бүжихүйн урланд” тоглолтыг минь хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Хошууч Х.Ганзул
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих