АНУ Ж.Ассанжийг шилжүүлэн авах хүсэлт гаргажээ
АНУ-ын прокурорууд “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанжийг компьютер хакердахын тулд хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгасан байна.
АНУ-ын Хууль зүйн яамны мэдэгдэлд дурдсанаар, Ж.Ассанжийг АНУ-ын Зэвсэг хүчний тагнуулын шинжээч асан Челси Мэннингтэй хамтран 2010 оны гуравдугаар сард АНУ-ын Засгийн газрын ажилтнуудын компьютерийн сүлжээнд нэвтэрсэн хэрэгт буруутгасан аж. Хэрэв түүний хэрэгт холбогдолтой нь тогтоогдох аваас дээд тал нь 5 жил шоронд хорих ял ногдуулах аж.
Өдгөө 47 настай Ж.Ассанжийг долоо орчим жилийн турш орогнож байсан Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас Их Британийн цагдаа нар пүрэв гарагт баривчилсан юм. Түүнийг шилжүүлэн авах хүсэлтийг АНУ Их Британийн талд тавьжээ.
Ч.Мэннингийг 700 мянга гаруй мэдээллийг хууль бусаар олж авч, “WikiLeaks” цахим хуудсанд өгсөн хэрэгт буруутгаж, 2013 онд шоронд хорих ял ногдуулсан бөгөөд 2017 онд Барак Обама Ерөнхийлөгчийн алба хашиж байх үед түүний ялыг хөнгөрүүлсэн билээ.
URL: