С.Ганболд: Квантун бол Кантагон хэмээх газрын нэр юм
Халхын голын байлдаан судлалаараа монголдоо тэргүүлэгч эрдэмтэн, доктор(Ph.D), бэлтгэл хурандаа С.Ганболдтой уулзаж, Халхын голын байлдааны өмнөх болон хойших үеийн тухайд ярилцсанаа уншигч Танаа болгооё.
Халхын гол орчимд байлдаан болсон гол шалтгаан нь юу вэ?
-Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтдийн тодорхойлсноор Халхын голын байлдаан бол япончуудын түрэмгий бодлого байсан гэж үздэг. Япончууд 1938 онд ЗХУ руу довтлох “Байлдааны ажиллагаа №8”-ыг боловсруулсан. Төлөвлөгөөнд Владивосток, Хабаровскийн чиглэлээр дайрах эсвэл Байгаль нуурын чиглэлд цөмрөн орох гэсэн хоёр янзын хувилбар тусгагдсан. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар хувилбарт манай дорнод хэсгийн газар нутгийг дайруулаад ташуу явсаар Байгаль нуурыг чиглэсэн цохилтын гол чиглэл нь байсан гэсэн үг.
Япончууд яагаад хоёрдугаар хувилбарыг сонгосон юм бэ?
-Япончууд 1931 оны 9 дүгээр сард Хятадын зүүн хойд хэсгийг эзлэн авч, Манж Го хэмээх улсыг албан ёсоор байгуулсан. Ингээд бид баруун талаараа шинэ улстай хиллэх болов. Мэдээж тэр үед хоёр улсыг заагласан хилийн тодорхой шугам байгаагүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой. Нөгөө талаар XVII зууны үеэс барга угсаатан халхуудтай хамт одоогийн Дорнод аймгийн нутгаар суурьшин аж төрдөг байв. Тиймээс Манж Го улсын иргэдийн ихэнх хэсгийг барга угсаатан бүрдүүлэх болсон гэсэн үг. Ер нь баргууд халхуудтай бэлчээр, газар нутаг булаацалдах маргаан үе үе гардаг байж. 1935 оны үеэс энэ нь улам даамжирч, Японы зарим цэргүүд голын цаад эргээр газрын хэмжилт хийж, туршуулын бүлгийн үйл ажиллагаа явуулах нь эрс нэмэгдэж, Тамсагбулагийн 6 дугаар дивизийн харуулууд руу халдан довтлох болжээ. Улмаар Япон, Манж Гогийн талаас цэргийн хүчийг үлэмж нэмэгдүүлэн Халхын сүм орчмын газар нутгийг эзлэн авсан. Энэ үед буюу 1936 онд Ерөнхий сайд П.Гэндэн Манж Го улс руу эсэргүүцлийн нот явуулсан байдаг. Гэтэл “Хоёр улсын хилийн шугам одоог болтол тодорхойгүй байгаа учир газар нутгийн маргаан үүсээд байна. Тиймээс хэлэлцээрийн замаар энэ асуудлыг шийдвэрлэх нь зөв” гэсэн хариуг Манж Гогийн талаас ирүүлсэн байна. Энэ мэтээр 1937 оныг хүртэл хэд хэдэн удаа хоёр улсын тал хуралдсан ч ямар нэгэн үр дүнд хүрэлгүй дууссан байдаг. Ингээд 1939 оны 1 дүгээр сараас Япон, Манж Го улсын цэргүүд манай хилийн харуулуудтай буудалцах нь эрс нэмэгдэж, шатлан өргөжсөөр зэвсэгт мөргөлдөөний хэмжээнд хүрч, нисэх онгоц хүртэл ашиглах болов. Эхний ээлжинд халдлагыг зогсоож, дайсныг тогтоон барих үүднээс анх удаа Ч.Шаарийбуугаар ахлуулсан 108 хүнтэй суман цэрэг, ЗХУ-ын талаас батальон хүртэлх хүчийг Тамсагбулаг руу илгээж, байлдааны ажиллагаа явуулсан түүхтэй.
Манж Го улсыг манай түүх бичлэгт “Тоглоомын улс” гэж тэмдэглэсэн байдаг…
-Япончууд Зүүн хойд Хятадыг эзлэн авснаар эх газарт маш том тулгуур баазтай болсон. Манж Го улсын нутаг дэвсгэр үржил шимтэй, ашигт малтмалын нөөц баялагтай байсан нь япончуудын сонирхлыг ихэд татсан байх. ЗХУ-ын түүхэнд тус улсыг “Тоглоомын улс” хэмээн тэмдэглэж ирсэн нь манай түүх бичлэгт үлдсэн. Ер нь 1940 он гэхэд Манж Го улс дэлхийн 20 гаруй улсаар өөрийн тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлж чадсан, яахын аргагүй тусгаар улс байсан нь үнэн. Үүнд мэдээж япончуудын оролцоо 100 хувь байсан. Гэтэл тэр үед БНМАУ-ын тусгаар тогтнолыг ямар ч улс хүлээн зөвшөөрөөгүй байлаа. Намайг ингэж хэлэхээр 1921 онд ЗХУ-тай байгуулсан гэрээ яагаа вэ гэж асуух байх л даа. Гэтэл тэр гэрээнд БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө гэсэн ганц ч өгүүлбэр байгаагүй юм. Дэлхийн хоёрдугаар дайны дараачаас дэлхийн геополитикийн газрын зураг өөрчлөгдөж, 1945 онд БНМАУ-д болсон бүх нийтийн санал хураалтын үр дүнд сая л нэг юм Хятад улс анх удаа бидний тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн түүхтэй. Тэгэхээр эрх зүйн хүрээнд авч үзвэл Манж Го улс нь гарцаагүй тусгаар тогтносон улс байсан гэж үзэж болно.
Баабар (Б.Батбаяр)-ын “Нүүдэл суудал” номыг уншихад ч тэр, П.Шагдарсүрэн гуайн бичсэнээр ч тэр “Халхын голын байлдаан нь мото механикжуулсан Зэвсэг хүчинтэй хоёр талын байлдаан байсан учир бид нар чухам ямар үүрэгтэй оролцсон бэ гэдгээ нуух хэрэг байхгүй” гэсэн утга, агуулга бүхий баримтуудыг бичсэн байдаг. Энэ тухайд…
-П.Шагдарсүрэн гуайн хэлдэг үнэний ортой. 1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар их хурал дээр улс төрийн ерөнхий илтгэлийг маршал Х.Чойбалсан тавьсан. Уг илтгэлд тэрбээр Халхын голын байлдааны тухайд нэлээд дэлгэрэнгүй тогтож ярьсан. Илтгэлдээ япончуудыг хэт дорой байсан, Монгол, ЗХУ-ын цэрэг ялгуулсан их амжилт үзүүлсэн, япончуудын талаас олон зуун мянган хүн амь үрэгдсэн байхад манай талаас маш бага хохирол амссан тухай дурдсан байдаг. Тэр ч байтугай байлдааны үеэр олзолсон монгол цэргийг япончууд сэлмээ гурав давхарлаад цавчихад хүн нь биш сэлэм нь үйрч бутарч байсан мэтээр ярьсан нь бий. Үзэл суртал гэдэг ийм аюултайгаар хүний тархийг угааж болдог. Уг илтгэлийг сонссон хурлын тэргүүлэгчид бүгд алга ташиж, инээлдэж байлаа. Энэ бол өөрийгөө хэт дөвийлгөн дайснаа дорд үнэлэх үзэл суртлын хийрхэл юм. Үндсэндээ энэ хандлага 1990-ээд оныг хүртэл манай түүхийн салбараас арилаагүй. Тийм ээ, Халхын голын байлдаан нь тухайн цаг үедээ Дэлхийн хоёрдугаар дайны өмнөтгөл байсан гэдгээрээ тэр үеийн хамгийн орчин үеийн зэвсэг, техник оролцсон байлдаан байсан. Фронтын гол шугамд мотобуудлагын болон хуягт танк, их бууны ангиуд, харин баруун, зүүн жигүүрт морьт ангиуд байрласан байв. Л.Дандар баатрын командалсан 6 дугаар морьт дивиз фронтын зүүн жигүүрт буюу ертөнцийн зүгээр хойд талд нь, баруун жигүүрт Д.Нянтайсүрэн баатрын командалсан 8 дугаар морьт дивиз байлаа. Цэргийн урлаг талаас хоёр жигүүрт морин цэрэг тавих болсон шалтгаан нь фронтын хоёр өнцгийн элсэн манхантай газарт танк, хүнд их буу явж чадахгүйд байв. Тэгэхээр тухайн үеийн тактик маш зөв байжээ. Япончууд ч гэсэн тэнэг улс биш. Мөн фронтынхоо хоёр жигүүрт морин цэргийн хүчээ тавьсан байдаг. Ер нь үүнийг цэргийн хэргийн боловсролтой ямар ч хүн хараад төвөггүй ойлгочихно.
Япон улс тухайн үед ийм их хэмжээний Зэвсэгт хүчнийг яаж байгуулж чадсан юм бэ?
-Япон хэдий арлын жижиг улс ч гэлээ, олон жилийн дайн хийж, асар их туршлага хуримтлуулсан улс байлаа. Тэд 1905 онд Оростой дайтаж, ялсан туршлагатай. Мөн хуурай замын ч гэлтгүй усан флотын асар их туршлага, техник хэрэгслийн боломжтой байсан. Үндсэндээ 1945 оныг хүртэл Зүүн өмнөд Азийн маш олон улсыг эзэлж, байгалийн нөөц, эдийн засгийн хүч зэргийг цэргийн хэрэгцээндээ зориулж байсан туршлагатай. Халхын голын байлдааны үед Японы квантуны арми эх газарт хятадуудтай, дорнод талд Монгол, Зөвлөлтийн армитай хоёр фронтоор зэрэг дайны ажиллагаа явуулж байсан юм шүү дээ.
Квантуны арми гэж бид их ярьдаг. Квантун гэж Японы цэргийн том эрх мэдэлтэн, жанжин байсан хэрэг үү?
-Огтхон ч тийм биш. Квантуны арми гэдэг чинь 1919 онд Хятадын зүүн талын жижигхэн газарт байгуулагдсан цэргийн анги юм. Өөрөөр хэлбэл япончуудын энэхүү цэргийн анги нь Хятадын “Кантагон” хэмээх нэртэй газар байрлаж байсан гэсэн үг. Тэр нь яваандаа англи хэлнээ галиглан буухдаа квантун болж өөрчлөгдсөн хэрэг л дээ.
Японы түүхтэй холбоотой, кино, уран зохиолуудыг хараад байхад ёс суртахууны маш өндөр соёл байнга хамт “уяатай” байдаг. Ер нь тухайн үеийн япон цэргийн үзэл баримтлал, ёс суртахуун ямар байсан бэ?
-Япон нь эзэн хаант засагтай улс. Япон хүн бүр эзэн хаандаа үнэнч зүтгэх ёстой. Хааныхаа зарлигийг бурхны зарлиг мэт хүлээж авах нь хүн бүрийн үүрэг. Одоо ч гэсэн тийм. Мөн тэдний ёс суртахуунд самурайн дэг буюу “бушидо” хэмээх уламжлал байна. Энэ нь мөн л эзэн хаанаа шүтэх үзэлтэй нягт холбоотой бөгөөд самурайн ариун ёс, уламжлалыг тэд олон зууны өмнөөс дагаж мөрдөж ирсэн. Өнгөрсөн зууныг хүртэл Япон улсад бүхэл бүтэн самурайн нийгмийн давхарга байлаа. Ялангуяа цэргийнхэнд дайсандаа амьдаар олзлогдох нь хамгийн гутамшигт үйлдэлд тооцогддог байсан. Нэгэн жишээ дурдахад Халхын голын байлдааны үед тагнуул хийж байгаад баригдсан хоёр японыг манайхан цэргийн төв байрдаа авч ирж, тэнхрүүлж л дээ. Тэнхрүүлж гэдэг нь тэд олон сараар хоол унд муутайн дээр шумууланд булуу болтлоо “идүүлчихсэн”, эрүүл мэндийн хувьд тун хүнд байдалтай байхад нь манайхан олсон байв. Тэр хоёрын гол үүрэг нь тагнуул хийж, Монгол, Зөвлөлтийн цэргийн гол хүч, техник хэрэгслийн байршил, тоо зэргийг тогтоох байсан аж. Гэвч тушаал өгсөн дарга нь яасан ч юм, мартчихсан ч юм уу, эсвэл байлдааны хөлд амь эрсэдсэн ч юм уу бүү мэд, ямартаа ч хоёр тагнуулаа мартсан байж л дээ. Гэтэл тэр хоёр олзлогдсоныхоо дараа удалгүй амиа хорлосон байдаг. Мөн 1970 онд болсон үйл явдлыг нэрлэж болох юм. Индонезийн Суматрын аралд 27 жилийн турш дайн дуусаагүй гэж итгэж явсан япон цэргийн тухай түүхийг та лав сонссон байх. Гадна төрхөөрөө яг л зэрлэг хүн аятай болчихсон япон цэрэгт дайн дууссан гэж хэдэн арван удаа хэлээд огт итгээгүй гэдэг. Түүнд 27 жилийн өмнө “Тус газарт биднийг эргэж иртэл орогнож бай” гэсэн тушаалыг бага дарга нь өгсөн аж. Харин азаар тухайн үед тушаал өгсөн дарга нь амьд байж, даргыг нь уулзуулахад өнөө зэрлэгшсэн япон цэрэг бага даргадаа ёсолж, илтгэл өгснөөр сая эх орон руугаа буцсан түүхтэй. Энэ бол захирагч, даргын үүргийг ягштал биелүүлдэг японы самурайн ёс юм. Тэд ийм л гайхалтай ёс суртахууны үнэт өвтэй ард түмэн дээ.
Халхын голын байлдаанаар манай талд олзлогдсон япончуудын хувь заяа хэрхсэн бол?
-Олзлогдсон япончуудын хувь заяа ямар ч байсан сайхан байгаагүй гэдэг нь ойлгомжтой. Тэд өөрсдөө ч үүнийгээ мэдэж байсан. Тийм болохоор Оросын хил орчмын япон цэргүүдийн хорих лагерьт олзны цэргүүд самурайн ариун ёсыг дагаж амиа хорлох явдал их байсан тухай дурдагддаг. Өөрөөр хэлбэл тэд япон цэргийн нэр хүндийг гутаасан гэмтнүүд гэж нийгэмдээ үзэгддэг байж л дээ. Гэхдээ олзонд байсан бүх хүн амиа хорлосон гэж бодохгүй байна.
Халхын голын байлдаан гэж хэлэхээс илүү Халхын голын дайн гэх нь зүйтэй гэж боддог хүмүүсийн нэг нь би л дээ. Гэхдээ энэ тухай Танаас одоо асуух гэсэнгүй. Дайны нөхөн төлбөрийн тухайд асуух гэсэн юм. Ер нь тухайн үед манайд япончуудаас нөхөн төлбөр авах боломж байсан уу?
-1945 оны 9 дүгээр сард Япон улс холбоотон гүрнүүдэд үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсан. Үүнээс хойш олон улсын цэргийн шүүх Токио хотноо хуралдаж, цэргийн гэмт хэрэгтэн 20 хүнийг шүүн ял оноосон байдаг. Мөн Япон улсын эх газарт явуулсан дайны хор уршгийг тогтоох Алс дорнодын комисс гэгчийг байгуулж, түүндээ Орос, Энэтхэг, Австрали, Балба, Индонез зэрэг дэлхийн олон улсаас бүрдсэн мэргэжилтнүүдийг ажиллуулсан. Япон улс 1975 оны сүүлч гэхэд Зүүн өмнөд Азийн 10 гаруй оронд дайны нөхөн төлбөр төлсөн гэсэн баримт бий. Манай улсын хувьд С.Равдан генерал тэргүүтэй комисс байгуулагдаж, 1935-1945 оны хугацаанд Японы олон удаагийн довтолгооноос болж учирсан эд материал, хүн хүчний хохирлыг тооцоход тухайн үеийн ханшаар 80 сая ам.доллар болсон аж. Үүнийгээ Токиогийн цэргийн шүүх рүү илгээхэд Японы талаас “Тухайн үед бид БНМАУ-тай албан ёсоор дайн зарлаагүй. Мөн тэр үед БНМАУ-ын тусгаар тогтнолыг нэг ч улс хүлээн зөвшөөрөөгүй байсан учир одоо дайны нөхөн төлбөр төлөх нь ямар ч эрх зүйн үндэсгүй” гэсэн хариуг илгээжээ. Ингээд энэ асуудал аажимдаа замхарч, 1970 онтой золгосон. Тэр үед монголчууд НҮБ-д гишүүнээр элсчихсэн Азийн орнууд дотроо нэр хүндээр нэлээд дээгүүрт жагсдаг болсон байв. Энэ үеэс Монгол, Японы түншлэл байгуулах, дипломат харилцаатай болох асуудлыг тэдний талаас удаа дараа хөндөх болсон. Манай талаас ч гэсэн хүсэлтийг хүлээн авах сонирхолтой байгаагаа Японы талд мэдэгдэж, ганцхан болзолтой дипломат харилцаа тогтоох саналыг тавьсан түүхтэй. Энэ нь дайны нөхөн төлбөрөө авах тухайд байв. Харин Японы талаас бид та бүхэнд сэтгэл санааны болоод эд материалын өртэй. Үүнийгээ эдийн засгийн тусламж хэлбэрээр үзүүлье. Гагцхүү дайны нөхөн төлбөр гэж битгий нэхээч гэсэн байдаг. Дараа нь бас нэгэн саад гарсан нь 1945 онд Япон улсад дайн зарласан байснаа бид цуцлаагүй байлаа. Ингээд 1972 онд албан ёсоор дайн зарласан актаа манай улс цуцалж, маргааш нь Москва хотноо хоёр улсын тал дипломат харилцаа тогтоох гэрээнд гарын үсэг зурж байлаа. Удалгүй Японы талаас эдийн засгийн тусламж үзүүлэх болсноо мэдэгдэж, ямар тусламж авах талаар биднээс асуув. Ингээд Сайд нарын зөвлөл, Ардын Их хурал хуралдахад шилний үйлдвэр, зочид буудал, ноос, ноолуурын үйлдвэр бариулах гэсэн гурван саналыг МАХН-ын Төв хороо дэмжсэн байдаг. Ингэснээр 1975 онд япончууд ноос, ноолуурын үйлдвэрийг байгуулах саналыг дэмжиж, 1981 онд 5 тэрбум иений өртгөөр “Говь” комбинатыг байгуулж өгсөн түүхтэй. Харин өнөөдөр “Говь” үйлдвэр нь Монголын төдийгүй дэлхийн брэнд болтлоо хөгжин дэвшжээ.
Ахлах дэслэгч М.МӨНХЗОРИГ
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: