334.2 тэрбумын үнэтэй хувьцаа ба Засгийн бантан
Засаг нь гацаад байгаатай зэрэгцэн Тавантолгой ордын стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендер, мөн Эрдэнэс Тавантолгойн хувьцааг Лондон болон Хонконгийн хөрөнгийн бирж дээр арилжаалах шийдвэр биеллээ олох цаг хугацаа ч тодорхойгүй байна. Мөн энэ талаарх мэдээллүүдийг монголын хэвлэлийнхэн гадны эх сурвалжуудаас авдаг байдал хэвээрээ байна. Эрдэнэс Тавантолгой компани Хонконгийн бирж дээр IPO гаргаж, 3 тэрбум ам.долларын хөрөнгө босгох гэж байна гэсэн мэдээллийг Ройтерс цацсаныхаа дараа энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэлгүй шууд Лондоны бирж дээр хувьцаагаа гаргахаар болсон байна гэсэн агуулгатай мэдээллийг дамжуулж байгаа юм. Уг нь энэ чиглэлийн мэдээллийг өгөх учиртай эх сурвалжууд Монголд байгаа ч, тодорхой мэдээлэл хийгээгүй байна.
Тавантолгой ордын цанхийн баруун хэсгийг эргэлтэд оруулах хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер нь ч, засаг тарж, Н.Алтанхуягаар ахлуулсан МАН, АН-ын таван сайдаас бүрдсэн Ажлын хэсэг задарч буйтай холбоотойгоор зогсчихоод, стратегийн энэ ордтой холбоотой сайн мэдээ дуулдахгүй байгаа юм. Ерөөс хөрөнгө оруулагч талуудтай удаа дараа хийж ирсэн хэлэлцээрүүдийг хэн үргэлжүүлэх вэ, улстөржилгүйгээр шийдэгдэх боломж үнэхээр бий юү, ер нь энэ ордоор барьцаа хийн олон улсын бирж дээр хувьцаагаа гаргахын тулд биржүүдийн стандартыг хангах хэмжээнд хүрч дийлээд байна уу гээд харвал эргэлзээ зайлшгүй дагуулна. Ордыг эргэлтэд оруулахтай холбоотой түшээдийн гаргасан шийдвэрүүд, үйлдсэн тогтоолууд эргэлзээг дагуулдаг.
УИХ-ын 39 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 29 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр худалдаална гэж заасан ч, Тавантолгой орд бүхэлдээ Эрдэнэс Тавантолгойн мэдэлд байгаа, байхгүй гэдэг дээр ямар нэг өгүүлбэр байхгүй байгаа юм. Хэрэв энэ ордыг бүхэлд нь Эрдэнэс Тавантолгойн компани хариуцан эргэлтэд оруулах гэж байгаа бол стратегийн хөрөнгө оруулагчийн тендер эцэслэгдээгүй байхад тус компанийн хувьцаа олон улсын биржүүд дээр гарч үнэд хүрнэ гэдэг нь эргэлзээтэй. Учир нь тус ордын нөөцийг бүрэн шинэчлэн тогтоож амжаагүй байна. Зүүн цанхийн нөөцийг л JORC стандартаар тогтоосон. Тэгэхээр хөрөнгө оруулагч нь тодорхой бус, ордын нөөцийг бүхэлд нь JORC ба NI 43-101 стандарт, журмын дагуу тогтоогоогүй байхад олон улсын санхүүгийн хянах байгууллагууд манайхыг хүлээж авах уу.
Ер нь иргэн бүр 1072 ширхэгийг нь эзэмших Эрдэнэс Тавантолгойн хувьцааг олон улсын бирж дээр гаргаж, иргэд хувьцаа эзэмшигчийн хувиар үр ашиг хүртэнэ гэдэг тун холын асуудал байж болзошгүй гэдэг нь энэ оны төсөвт тусгасан заалтаас харагдаж байгаа юм.
Тодруулбал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөгийн хувь, хишиг хүртээх тухай эрхэм зорилтоо биелүүлэхийн тулд, Нийт иргэдэд 2012 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн дотор “Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн нэг бүрийн 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1 сая төгрөгийн хувьцааг эзэмшүүлэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХХК хувьцаагаа олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхэлсэн эхний өдөр хүртэл хугацаанд Монгол Улсын иргэн өөрийн эзэмшиж буй хувьцааг зөвхөн Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах бололцоогоор хангах зорилгоор 334.2 тэрбум төгрөг тусгасан байгаа. Энэ нь иргэд 1000 гаруй ширхэг хувьцааг эзэмших нь тодорхой ч, төр иргэдээс буцаагаад худалдаад авахаар зохицуулалт хийж байгааг илтгэнэ. Нэг ёсондоо иргэд 1072 ширхэг хувьцааг эзэмшигчийн хувиар юу ч хүлээхгүй, нэг удаагийн сая төгрөгөө аваад чимээгүй болох магадлалыг нэмэгдүүлж засаг зохицуулчихаад байна гэсэн үг.
Тавантолгой орд бол стратегийн орд. Ашигт малтмалын тухай хуулинд стратегийн ордын 10 хүртэлх хувийг дотоодын хөрөнгийн биржээр арилжаална гээд заачихсан байгаа. Гэтэл Хонконг, Лондоны бирж дээр хувьцаа нь гарна гэгдэх Эрдэнэс Тавантолгой компани өнөөдрийг хүртэлх хугацаанд Санхүүгийн Зохицуулах Хороонд, Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгүүлээгүй байгаа. Гэсэн мөртлөө Үнэт цаасны төлбөр, тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан 536 ширхэг хувьцааг түгээчихсэн. Гэтэл ном журмынхаа дагуу бол дотоодын дээрх байгууллагуудад бүртгүүлээд нэрлэсэн үнээ тогтоолгоод, дараа нь олон нийтэд ямар байдлаар санал болгоод явах уу гэдгээ тодорхойлох ёстой аж. Гэтэл одоогийн нөхцөл байдал нь тэс эсрэгээрээ яваад байгаа дүр зурагтай байна. Хэрэв “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа гадаад, дотоодын бирж дээр гараад, бодит үр ашиг нь ирвэл хувьцаа эзэмшигч дунджаар таван гишүүнтэй нэг өрх ашгаас нь 5-10 сая төгрөгийг хүртэх боломжтой гэсэн зүйлийг Ж.Батзандан хэлж байсан юм.
Тэрчлэн тус компанийн гадаад, дотоодын бирж дээр гаргах 29 хувийнх нь мөнгөн үнэлгээ гурван тэрбум ам.доллар орчим болно гэсэн тооцоолол яригдаж ирсэн. Нэгж хувьцаа буюу нэг ширхэг хувьцааны үнийг 300-1000 төгрөгийн хооронд л хэлбэлзэнэ гэсэн мэдээллийг ТӨХ-ны экс дарга өгч байсан. Харин засаг иргэн бүрээс 1072 ширхэг хувьцааг нь 1 сая төгрөгөөр худалдаж авах гээд байгаагаас үзэхэд нэг ширхэг хувьцааг 931 төгрөг 82 мөнгөөр үнэлж байгаа бололтой.
Цаашлаад Лондон, Хонконгийн биржид IPO хийгээд, бодит утгаараа мөнгө босговол сайн хэрэг ч, тэр болтол чамгүй асуудал яригдах нь ээ.
Э.Болор
URL: