Үхсэн малын МАХ зарж байсан нь тогтоогдлоо

309

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ирсэн хүнсэнд зориулан төхөөрсөн биш, үхсэн малын мах байж болзошгүй сэжиг бүхий их хэмжээний маханд Сонгинохайрхан дүүрэг дэх мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар Баян-өлгий аймгийн Өлгий сумаас гарал үүслийн гэрчилгээтэй 20 тонн үхрийн мах нь мэдрэхүйн үзүүлэлтээр шинэлэг байдлаа алдсан, харласан, эвгүй үнэртэй, хэт туранхай, хүнсэнд хэрэглэх боломжгүй байсан тул саатуулан, битүүмжилж Нийслэлийн Мал эмнэлгийн лабораторид таван дээж авч шинжилгээнд хамруулжээ.

Шинжилгээгээр тус маханд бүлэн үүсч, булингартай, давс үүссэн, өнгөний өөрчлөлтгүй, шинэлэг махны pH 5.6-6.4 байх байтал 6,6-7,5 байсан шинж тэмдэг үзүүлсэн тул хүнсний стандартын шаардлага хангахгүй үхсэн болон өвчтэй малын мах байна гэсэн хариу дүгнэлт гарсан талаар НМГ-аас мэдээллээ.

Иймд эрүүл ахуйн шаардлага хангаагүй их хэмжээний махыг холбогдох байгууллагатай хамтран устгах, ариутгалын ажил хийгдэх  юм байна. Харин Баян-Өлгий аймгийн прокурорын газраас дээрх хэрэгт холбогдогч М-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй үхсэн малын махыг их хэмжээгээр бэлтгэж, нийслэл хот руу тээвэрлэн ирэхдээ гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай тул зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа юм байна.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих