У.Хүрэлсүх хүчирхэгжихийн хэрээр Монголын төр үнэгүйдсээр

2008 оны сонгуулийг луйвардсаны үр дүнд хамтарсан Засгийн газар байгуулагдсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Өөрөөр хэлбэл булхай нь баригдах гэхээр бантсандаа улстөрийн хоёр том нам вөр түрийндээ орсон гэсэн үг. Тиймдээ ч С.Баярын Засгийн газар стандарт бус гэх томоос том тодотголтой болсон хэрэг. Мань эр стандарт бус засгаа яг тэр чигээр нь С.Батболдод ёслол төгөлдөр хүлээлгэн өгсөн. Тэгэхээр С.Батболдын толгойлж байсан засаг ч стандарт бус байсан гээд ойлгочиход болно. Тэмээн дээр ямааны гарз гэдэг шиг стандарт бус Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход зургаахан сар үлдчихээд байхад АН нүүр буруулж сонгуулийн буухианд гүйх бэлтгэлээ базаахаар гарсан нь угаасаа стандарт бус байсан засгийг улам “тэнэглүүлж” орхилоо. Унтаа байдалд байсан Монголын улстөр амь орохдоо сэтгэцийн ужиг нь сэдэрсэн өвчтөн шиг л аяглаж байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн хоёрт, Засгийн газар огцрох, шинээр байгуулагдах, Засгийн газрын гишүүний огцрох, чөлөөлөгдөх, нөхөн томилогдох болон Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай асуудлыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн зургаа, 33 дугаар зүйлийн нэгдэх хэсгийн хоёр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн зургаадугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу Улсын Их Хурал шийдвэрлэнэ гээд тодоос тод заачихсан байдаг.

Гэтэл өнөөг хүртэл Засгийн газраас гарах өргөдлүүд УИХ-д очсонгүй. Ерөнхий сайд багаасаа гарсан сайд нарынхаа асуудлыг УИХ-д танилцуулсангүй. Түүгээр ч зогсохгүй шинээр томилогдох сайд нараа тодруулсан шигээ таваргаж явна. Мэдээж МАН-ынхан АН-ын зургаан сайд Засгийн газрын бүрэлдэхүүний 50 хувьд хүрэхгүй, тэгээд ч цаг хугацааны хувьд харам байхад огцорсон болон томилогдох сайд нарын асуудлыг УИХ-д нэг мөр бөөндөөд оруулъя гэсэн нь зөв гэх байх л даа. Үгүй шүү найзууд аа, хууль бол хууль. Хулгайч ам цангаад, бас өлсөөд байхаар нь мөнгө хулгайчихлаа гэхээр аргагүй ээ, ам нь цангаад аргаа барсан юм байна гэж толгойг нь илдэггүйтэй эгээ л ижил асуудал. Түүнээс гадна АН-ын зургаан сайд намынхаа ҮЗХ-ны хуралдаан дээр ажлаа тайлагначихаад ялсан баатар мэт сэтгэл амирлахыг хараад гайхаад баршгүй. Яахав, 2008 оны сонгуулийн дараа бялуу хуваахад хүртсэн баг, өөрсдөд нь оногдсон багахан хэсгээ хэрхэн яаж хэн хэнд хувааж зүсэм үртсээр нь хуваарилахаа ҮЗХ-гоороо шийдсэн байж болох ч ҮЗХ бус УИХ сайд нарыг батламжилсан гэдгийг мартаж болохгүй.

Тэр ч утгаараа эдгээр нөхөд УИХ дээр ажлаа тайлагнах ёстой гэх гээд байна л даа. Нөгөөтэйгүүр улстөрийн хүрээнд өрнөж буй энэхүү үйл явдал улстөрчдийн хэн нь хэн бэ гэдгийг тун ч тод харуулж орхих шиг. Ямартай ч хууль дүрмийг алгасан Засгийн газраа бүтэн болгох гэж буй С.Батболд болон анх эвлүүлсэн С.Баяр хоёрыг ганцаардмал улстөрч гэж ажиглагчидын хэлдэг тодотголыг баталж байх шиг байна. С.Баяр, С.Батболд хоёр фракцгүй аж. М.Энхболдынх шиг унасан ч боссон ч үнэнч зүтгэх журмын анд тэдэнд байхгүй юм байна. Харин энэхүү хууль зөрчиж, толгой эргүүлсэн үймээнийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тун ч овжноор ашиглаж эхэлсэн. Чадаж байна шүү, мань эр. Үүний нотолгоо эзгүйдээд байгаа сайдын суудалд нэр дэвшигчид. Тодруулбал, Ж.Энхбаяр, Х.Хаянхярваа, Д.Цогтбаатар цөм У.Хүрэлсүхийн журмын анд. Баахан дэгсдүүлбэл нэг хөнжилд орж унтдаг андууд. Нөгөөтэйгүүр У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн дарга. Тэр намын даргатайгаа эн зэрэгцэн төрийн өндөр албан тушаалд ажиллах “эрхгүй”. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нэгд цалинтай албан тушаал, хоёрт, намынхаа даргыг орлож ажиллах ерөнхийдөө менежментийн талын хүн.

Сонгууль хаяанд ирчихээд байхад ийнхүү төрийн өндөр алба буюу Монгол Улсын Тэргүүн шадар сайдын суудал руу улангасан зүтгэх нь түүний хэн болохыг илэн далангүй харуулсан сайхан боломж. Басхүү түүний энэ тэмүүлэл С.Батболдыг өөртэйгөө эн тэнцүү хэмээн үздгийн илрэл биш гэж үү. Эн тэнцүүгээр барахгүй таны орон зай минийх болно гэсэн их итгэл түүнд байгаагийн том нотолгоо. Магадгүй У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдаар томилогдвол намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал хоосон хайнхайж үлдэнэ. Сонгууль дөхсөн үед үүн шиг гай гэж байх уу, улстөрчдөд. Бүр тодруулбал, МАН-ынханд. Эх сурвалжийн өгүүлснээр У.Хүрэлсүх өөрийнхөө оронд намын генсекээр үй зайгүй найз Я.Содбаатарыгаа зүтгүүлэхээр хор найруулаад эхэлчихсэн дуулдсан. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүх Монголын улстөрийн ууган хүчин гэгддэг МАН-д өөрийн гэсэн хүчирхэг фракцыг бий болгох их санааг агуулсан нөр их ажилдаа ханцуй шамлаад орчихлоо.

Түүнийг хүчирхэгжихийн тулд хүчлэн зүтгэж буйг С.Батболд анзаарахгүй байгаа бололтой. Эсвэл энэ У.Хүрэлсүх фракцаа хүчирхэгжүүлээд авбал надад хүчин зүтгэх болно гэж тооцоолсон ч байж болох. Уучлаарай үүн шиг буруу тооцоололт байхгүй л байх. Хэдийгээр С.Батболд бизнесийн салбарт мундаг байсан гэдэг утгаараа гүйлгээ ухаан сайтай, тооцоо бодохдоо чамбай байж болох ч улстөрд л лав харалган гэдгээ энэ удаа харуулаад авлаа, өрсөлдөгчид болон өөрийнхөндөө. Мань хүн фракцуудын төлөөллийг багтаа оруулахаар зүтгүүлэхдээ манай нэр дэвшигчид бүгд 12-25 жил төрийн албанд зүтгэсэн гэж ирээд л хачин сайхан пи ар хийж байгаа харагдсан. Уучлаарай, стандарт бус Засгийн газар хүлээж авчихаад бас дахиад л стандарт бус Засгийн газрыг байгуулахаар зүтгэж яваа Ерөнхий сайд аа.

37 настай Ж.Энхбаяр гишүүнийг 12 жил төрийн албанд зүтгэснийг санахгүй байна. Бодоод ч болохгүй байна. Миний л мэдэхээр эл залуу Газар гэдэг компанийн захирлаар ажиллаж байсан, цэрэгт явж үзээгүй товарищ. Хархан багадаа хуучнаар ЗХУ-д цэргийн сургуульд одсон ч буцаад ирсэн гэж дуулддаг. Шалтгаанаа тэр хэзээ ч тайлбарлаж байгаагүй санагдана. Тэр ч бүү хэл зэвсгийн наймаанд нэр оролцож явсан хүн. Хувийн компаниа удирдсныг нь төрийн албанд зүтгэсэн гэж тайламгүй л санагдах. Эргэн сануулахад тэрбээр Гаалийн Баатарыг шоронд орохынх нь өмнө зөвлөхөөр нь ажиллаж байсныг санаж байна. Даргаа “аав”-ынд ороход тэрбээр зүв зүгээр л үлдсэн юмдаг. Зөвлөх байсан хүн авлига авч хэрэг мандаа гэж зөвлөөгүй юмаа гэхэд яг юу хийж явсныг нь мэддэг үгүйдээ гадарладаг байж таарна. Түүгээр ч барахгүй тэрбээр түүнийг шоронд байхад нь ганц эргээгүй хүний мөсөөр марухуан залуу гэх үгийг худлаа хэлэхээргүй хүнээс сонссон. УИХ-ын гишүүн Х.Хаянхярваа ч гэсэндээ…

Бас л асуудалтай намтартай эр. Дархан-Уул аймгийн Засаг ноён байхдаа Хонгор сумынхныг баахан гайтуулсных нь гор одоо ч барагдаагүй. Өчигдөр Хонгорынхон хэвлэлийн хурал зарлаж, гомдлоо барагдуулахыг шаардаж байсан. Ингээд ажаад байхаар У.Хүрэлсүхийн фракцийн залуус их бохир намтартай байдаг юм байна. Залуу улс байж жаахан харамсалтай л хэрэг. Цэвэр нэр төртэй хүн бараг л байхгүй шүү. Дашрамд өгүүлэхэд хамтарсан Засгийн газрын сүүлийн хуралдаанаар /өчигдөар болсон/ Цөмийн энергийн газрын дарга С.Энхбатыг албан тушаалаас нь чөлөөлж орхисон. Инээдэмтэй хэрэг шүү. Стандарт бус Засгийн газар байснаа больж,үүрэг гүйцэтгэгчид болчихоод нэгнийгээ авч хаяж л байдаг. Ёстой л үхэхээсээ өмнө үхэр буугаа тавина гэдэг энэ байх. Ер нь бол С.Энхбат болон оны өмнөхөн ажлаа өгсөн Үндэсний шинэтгэлийн хорооны дарга Хашчулуун хоёр С.Баярын хүмүүс. С.Батболд сайтын мэдээллээс болж агентлагийнхаа даргыг гарзанд гаргалаа. Яагаав нөгөө, цөмийн хаягдал булшлах гэж байгаа тухай шум чинь нарийн ярьвал зүгээр л хулхи мэдээлэл байсан юм биш үү.

Улстөрийн албан тушаалтны харуцлага гэх зүйл ярьж байгаа ч угтаа бол шахан зайлуулах процесс явагдаж байна. Нэг үгээр хэлбэл С.Батболд, У.Хүрэлсүхийн үгэнд орж С.Баярын фракцийг шахаж эхэллээ. Үнэхээр Хүрлээ хүүгийн үгэнд С.Батболд автаж орхисон бололтой. Эцэст нь тэмдэглэхэд эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ нөхдийн элгийн гжэ тодорхойлж болохуйц улстөржилтийг харан хөх инээдээ барьж ядан суугаа нь лавтай. Эргэн сануулахад Н.Багабандийн үед Да.Ганболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхэд хэд буцаалаа. Бодох л асуудал Гэхдээ МАН-ыхан Эбэ новширсон ч сайдуудаа УИХ-аар зүтгүүлээд батламжилчихна гэж бодож байгаа байх. Нэгэн цагт эв нэгдлийн Засгийн газраар Н.Энхбаяр наадаж байсан шиг энэ цагт Элбэгдорж ахайтан наадах магадлал их байна. Цаг цагаараа байдаггүй юм гэж яасан ч үнэн үг байдаг юм бэ. Наадуулж явсан Элбэгдорж одоо наадаж суух зугаатай ажилтай болж. Тэгэхээр одоо монголчууд Монгол Улсын Ерөнхийлөгч толгой нь эргэсэн нмын дарга нараар хэрхэн наадахыг харах л үлдэж байх шиг. Эцэст нь аминчлахад У.Хүрэлсүх, МАХН-ын XXVI хурлаар МАХН-ыг МАН болгон нэр солиход би сонгуульд гарах эрсдэлийг өөрийн биеэр даана гэсэн өнөө сүрхий амлалтаасаа их аятайхан сугарчих нүх сүв бийг хараадхаж. Харин намын дарга нь харсан болов уу. Эрсдэл үүсэх магадлалыг ихэсгэсэн хүн дээ…Эвгүйтвэл МАН ирэх сонгуульд шороо манартал уначихаар л харагдаад байгаа юм даа.
chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих