Л.Оюун-Эрдэнэ: Хуулийнхан “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгөнд анхаарал хандуулах ёстой

300

Эрдэнэт үйлдвэрийн “Эрсдэлийн сан”-гаас Стандарт банкинд 40 сая ам.доллар шилжүүлснээр өргүй боллоо гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногт Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрдэнэт үйлдвэрийн дарга Х.Бадамсүрэн нар мэдэгдсэн.

Өнөөдөр (2019.04.11) Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлсөн 40 сая америк долларыг “Жаст”-ын Ш.Батхүүгээр төлүүлсэн цагт энэ хэрэг эцэслэгдэнэ гэж мэдэгдэв.

Тэрбээр “Миний хувьд Жаст группийн Ерөнхий захирал Ш.Батхүүгийн хөрөнгөтэй холбоотой асуудалд хууль хяналтын байгууллага анхаарлаа хандуулах нь зүйтэй. ЗГХЭГ-ын зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгүүд нь ямар зарчмаар хэн уруу шилжсэн бэ гэдэг ээдрээтэй асуудал болж байна.

Зарим хууль хяналтын байгууллагын удирдлагууд энэ хэрэгт оролцож, хөрөнгийг шилжүүлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнийг прокурор, хууль хяналтын байгууллагын шинэ удирдлагууд анхаарах ёстой.

Богино хугацаанд буюу хаврын чуулган дуусахаас өмнө асуудлыг нэг талд нь гаргаж шийдэх нь зүйтэй гэж бодож байна. Дуулиан тараад яваад байдаг асуудлыг үнэн зөвөөр нь мухарлаасай гэж бодож байна. Стандарт банкны хэрэг ч мөн адил “Жаст”-ын Ш.Батхүү гэдэг хүнээс буцааж авсан цагт мухарлагдана” гэлээ


URL:

Сэтгэгдэл бичих