“ДНБ” хэмжүүр болж чадахгүй!
“Бидний хэмжсэн зүйл маань юу хийх талаар хэлдэг. Хэрэв бид буруу хэмжвэл буруу зүйлийг хийх болно”
Нобелийн шагналт эдийн засагч Жосеф Стиглиц
Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу. Энэ бол цээж тоо биш. Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн онд Дэлхийн банктай хамтран хийсэн Ядуурлын түвшин судалгаагаар манай улсын нийт хүн амын 29.6 хувь нь ядуу гэсэн үзүүлэлт гарсан. Харин ҮСХ-ны гаргаснаар Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2018 онд 6.9 хувьтай байна. Эдийн засаг өсөөд байдаг, гэтэл иргэн Дорж яагаад ядуу байна вэ гэсэн асуулт яах аргагүй урган гарч ирдэг. Тэгвэл ДНБ гэдэг тухайн тайлант хугацаанд тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон нэмүү өртгийг хэмждэг зүйл. ДНБ-ийг тооцоход дотоодын хөрөнгө оруулагчид болон гадаадынхны Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад олсон ашиг бас тооцогдог. Харин үүнээс авч үлдэж байгаа зүйл буюу үндэсний хэмжээнд шингэж байгаа орлогыг үндэсний нийт орлого гэж нэрлэдэг. Ялангуяа, уул уурхайн салбарт гадаадын асар их хөрөнгө оруулалт хийгдсэн энэ үед ДНБ-ий өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж тайлбарлаж болохгүй гэдэг тайлбарыг тэд хийж байна. Үүнийг нэн шинэ зүйл биш гэдгийг Давосын чуулга уулзалтын үеэр буюу 2016 оноос энэ тухай хөндөн ярьснаас харж болох нь. Тодруулбал, Дэлхийн эдийн засгийн форумын шинжээч Росс Чэйнийн бичсэн нийтлэлд өгүүлснээр Нобелийн шагнал хүртсэн эдийн засагч Жозеф Стиглиц ДНБ-ийг үзүүлэлт биш бөгөөд эдийн засаг, нийгмийн хөгжлийг хэмжих арга замыг өөрчлөхийг санал болгож байжээ.
ОУВС-гийн гүйцэтгэх захирал К.Лагард: Бид ДНБ, бүтээмжийн тооцоо, эд зүйлсийн үнэ цэнийг эргэж харах хэрэгтэй. Ингэснээр эдийн засаг дахь хандлага өөрчлөгдөж магадгүй.
Тэгэхээр дан ганц манай улсад ч биш гадаадын олон оронд Монголын эдийн засагт буй иргэн Доржийн асуудал тулгарч байгааг харж болохоор байгаа юм.
Өсөлтийн өндөр тоо эцэстээ иргэнд халгаатай
Нобелийн шагналт эдийн засагчийн хэлсэн “Хэрвээ бид буруу хэмжвэл бурууг хийнэ” гэдэг шиг хүмүүст зөв мэдээлэл өгөхгүй бол эдийн засгийн буруу шийдвэр гаргаж эхэлдэг гэдгийг МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Эрдэнэбат хэлж байна.
2018 онд ДНБ-ий өсөлт 6.9 хувьтай гарлаа гэж байна. Энэ нь манай эдийн засаг 6.9 хувиар өсөж, тэр өсөлтөөс нь бид хувь хүртэх юм шиг сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээд буй. Тиймээс хүмүүс эдийн засаг сэргэж байгаа юм байна, яваандаа улам сайжирна гэсэн хүлээлттэй болж, үүндээ тулгуурлан зээл авах гэх мэт шийдвэр гаргадаг. Бидний сүүлийн хэдэн жилийн хэрэглээний зээлийн өсөлтийг үндэсний нийт орлогын өсөлттэй харьцуулбал сэтгэл сэртхийм дүн гарна.
Тухайлбал, 2019 оны байдлаар ДНБ-ээ яривал эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайн байх төлөвтэй хэдий ч харин үндэсний нийт орлогоор авч үзвэл нэг их өсөлт гарахгүй гэж тооцоолжээ. Манай улсад хамгийн тохиромжтой, одоо байгаа мэдээлэл цуглуулах тогтолцоогоо ашиглан гаргаж, шийдвэр гаргалтандаа түлхүү ашиглаж болох хэмжигдэхүүн нь болох үндэсний нийт орлогын үзүүлэлтийг гаргадаг ч энэ тоо баримтыг улстөрчид ашиглах, ярих дургүй байдаг бололтой. Харин манай улстөрчдийн ярих дургүй байдаг эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт болох үндэсний нийт орлого сүүлийн гурван жил өсөөгүй дүнтэй байгаа аж.
Гэтэл 2019 оны дөрөвдүгээр сар эхэлж байхад өнгөрсөн жилийн үндэсний нийт үзүүлэлтийг гаргаагүй л байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна.
Үндэсний нийт орлого (ҮНО) нь хаана үйлдвэрлэгдсэнээс нь шалтгаалахгүйгээр тухайн улсын эдийн засгийн харьяатуудын эзэмшиж байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн орлогын нийлбэр үзүүлэлт юм.
УУЛ УУРХАЙН САЛБАР НЬ МОНГОЛЫН ДНБ-ИЙ 23.6, АЖ ҮЙЛДВЭРИЙН 72, ЭКСПОРТЫН 88.5 (6.2 ТЭРБУМ АМ.ДОЛ), ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 74 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙГАА ЮМ.
Ганцхан уул уурхайн салбар 30 орчим хувийг тодорхойлж байхад, яг үүгээрээ ДНБ-ий өсөлтийг тооцох нь үнэндээ өрөөсгөл болж таарлаа. Яг энэ салбарт гэхэд эдийн засагчдын дурдсан жишээгээр бол гадаадын хөрөнгө оруулагчид манайд оруулах хөрөнгөө тооцоолж мэдүүлэхдээ авлигад өгөх хэсгээ ч мөн оруулсан байдаг. Улстөрч, эрх мэдэлтнүүдэд өгсөн авлига мэдээж иргэнд хүртээлгүй бол ДНБ үүнийг хөрөнгө оруулалтад тооцдог байх нь.
Эцэст нь нэг тоо баримт дурдахад, нэг хүнд ногдох ДНБ-ээр авч үзэх юм бол БНХАУ-ынх 2018 онд 6.6 хувь байгаа буюу Монгол Улсаас бага өсөлтийг харуулжээ.
Eagle.mn
URL: