Л.Оюун-Эрдэнэ “булуу”-гаа даах уу?!

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын даргаар ажиллаж эхлээд яг 68 хонож байна. Хоёр сар гаруйн хугацаа л даа. УИХ-д анх удаа сонгогдсон, улс төрийн намтар нь тийм чиг зузаарч амжаагүй Л.Оюун-Эрдэнэд ЗГХЭГ-ын дарга гэдэг том албан тушаал юм.

Өнгөрсөн зунаас хойш УИХ-ын дарга М.Энхболд, “60 тэрбум”-ын хэргийг зуурч гүйсээр байгаад М.Энхболдыг УИХ-ын даргаас нь ховхолж, “60 тэрбум”-ын хэргийг АТГ, ТЕГ-аар сэргээн шалгуулсан. Энэ бүхнийг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх үнэлж, ЗГХЭГ-ын даргаар томилуулсан гэдэг юм. Г.Занданшатар гэнэтхэн УИХ-ын дарга болж дэвшээд ЗГХЭГ-ын даргын орон тоо онгойсон нь ч хэрэг болсон биз.

Л.Оюун-Эрдэнэ ажлаа аваад удалгүй, цагаан сарын шинийн 3, 4 гээд Хөгжлийн банкны удирдлагуудыг цуглуулж, гаргасан зээлүүдийг нь шалгахаа мэдэгдэж байв. Улмаар ажлын хэсэг томилж шалгалтын үр дүнтэй нь хоёр долоо хоногийн өмнөх бямба гаригт танилцсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Ингэхдээ Хөгжлийн банкнаас олгосон зээлүүдийг нэгбүрчлэн судалж, ил болсон зөрчил бүхий зээлдэгчдийн асуудлыг АТГ руу шилжүүлэх чиглэл өгсөн байна. Мөн ажил авснаасаа 20 хоногийн дараа 1992 оноос хойш явагдсан өмч хувьчлалыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсэг дээрх хугацаан дахь бүх хувьчлалын үр дүнг судлан шалгах үүрэгтэй гэж Л.Оюун-Эрдэнэ өөрөө тайлбарласан байдаг.

Бас ЗГХЭГ-ын даргаар томилогдохоосоо долоо хоногийн өмнө “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Сингапур руу зарах гэж байна гэсэн мэдэгдлийг нэр бүхий гишүүдийн хамт хийж байв. ЗГХЭГ-ын даргын ажлыг авснаас нь сар гаруйхны дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 5-нд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаныхан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчилсан. Тэднийг нэг хоног саатуулаад сулласан байдаг. Харин маргааш нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Эрдэнэт үйлдвэр”-т очиж тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтоогоод, удирдлагад нь ажиллаж байсан зарим албан тушаалтныг чөлөөлсөн. Удалгүй Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусыг өөрчилж, ТӨҮГ болгоод ТӨБЗГ-т удирдлагыг шилжүүлсэн байдаг.

3002

Түүнчлэн яг сарын өмнө Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, тус компанийг хөгжүүлэх замаар “Баялгийн сан” байгуулах боломжтой эсэхийг тодруулж, уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн байгуулах болсныг дуулгав. Түүнээс гадна, 2019 оны гуравдугаар сарын 28-нд Төрийн ордонд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид анхаарах асуудлыг хөндсөн хэлэлцүүлэг болсон.

Тэр үеэр Л.Оюун-Эрдэнэ “…Цаашдаа Монгол Улсын хөгжлийн бодлогыг дөрөвхөн жилээр улстөржиж өөрчилдөг биш. Дэлхийтэй өрсөлдөх алсыг харсан, цоо шинэ 25 жилийн хөгжлийн суурийг тавьсан, нэгдсэн хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байна. 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү томоохон хөтөлбөрт одоо салбар бүрт замбараагүй байгаа олон төсөл, баримт бичгийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуульд нийцүүлж нэгтгэнэ. Цаасан дээр үлддэг босоо загвараар биш хэвтээ байдлаар хөгжлөө төлөвлөнө. Хэвтээ загвараар төлөвлөнө гэдэг бол хэн, хаана, хэзээ, аль салбарт ямар хөрөнгөөр юу хийх нь маш тодорхой тусгагдана гэсэн үг” гэв.

Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд нийслэлийн утааг арилгах ажлыг хариуцуулсан байна. Тэрээр энэ дагуу агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудтай танилцаад эхэлсэн тухай Засгийн газрын мэдээллийн цахим хуудаст нийтэлжээ. Энэ мэтээр Л.Оюун-Эрдэнэ ажил авснаасаа хойш олон том “сэдэв”-ийг хөдөлгөсөн байгаа юм. Гэвч Л.Оюун-Эрдэнийн хийж байгаа ажлууд хуульд нийцэж, ёсзүйтэй нийлж байгаа нь тун бүрхэг.

Хөгжлийн банк гэхэд Монгол Улсын хөгжлийн төлөөх томоохон төслүүдийг санхүүжүүлдэг. ЖДҮХС-гийн зээлээс тэс өөр эд. Монгол Улс дахь улс төрийн байдал, төрөөс явуулж байгаа санхүү, эдийн засгийн талаарх бодлогын тогтворгүй байдал нь зарим зээлд шууд нөлөөлснийг эх сурвалжууд хэлж байна. Тийм байтал Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн Монгол Улсын хөгжилд нэмэр түлхэц болохуйц, жамаараа явж байгаа бизнесийн төслүүдийг ухаж төнхөх гэлээ гэх шүүмж нэлээд гарч байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголын зэс корпораци”, түүний удирдлагуудыг баривчилж, улмаар тус үйлдвэрийг ТӨҮГ болгосон нь шууд утгаараа дээрэм болсон гэдгийг учир мэдэх хүмүүс хэлсээр байгаа. Монгол Улс ардчиллын замыг сонгоод 30-аад жил боллоо. Энэ нийгмийн хуулиар хувийн хөрөнгө, хувийн эзэмшлийг хамгаалах төрийн үүрэг бий. Гэвч Л.Оюун-Эрдэнийн “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоож байгаад төрийн өмчид шилжүүлсэн үйлдэл нь Монгол Улс 1990-ээд оноос өмнөх коммунизм руугаа ухарлаа гэх дүгнэлтийг гадаад, дотоодын олон эксперт хийж байна. Бас “Эрдэнэт үйлдвэр”-т Онцгой дэглэм тогтоохдоо 1991 оны хуулийг барьсан нь Үндсэн хуулийн зөрчил болсон гэж нэр бүхий хуульчид, сөрөг хүчнийхэн нэг хэсэг шуугисан.

Үүнээс гадна өмч хувьчлалын 1992 оноос хойшх “түүх”-ийг шалгана гэсэн нь ч ТӨХ-ны даргаар олон жил ажиллаж, өмч хувьчлалыг гардан зохион байгуулж байсан, одоогийн ЕТГ-ын дарга З.Энхболдын зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэсэн байгаа юм. Л.Оюун-Эрдэнийг өмч хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулсны дараа ЕТГ-ын дарга З.Энхболд цахим хуудастаа “…“Л.Оюун-Эрдэнэ сайдад зөвлөгөө” гэж байгаад “… 28 жилийн өмнөх танай намын Ерөнхий сайд (Бямбасүрэн 1990-1992, Жасрай 1992-1996 он) хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн “но” олоход хэцүү, чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн гурван жилийн “60 тэрбум”, ЖДҮ, Эрдэнэтийн 51 хувь, 49 хувь гээд шалгах ажил зөндөө байна” гэв. Энэ бодох л үг. Үнэний хувьтай гэсэн үг л дээ.

“Баялгийн сан” нэрээр Монгол Улсын хуулийн дагуу лиценз сэлтээ авч, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хуулиар олгогдсон эрхэнд шууд халдах гэж байгааг учирлаж тайлбарлах хүн ч олон байна. Энэ мэтчилэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн 68 хоногийн хугацаанд төрийн албан хаагчдыг амралтын өдрөөр ч дуудаж ажиллуулаад хийсэн зүйлүүд шүүмжлэлд өртөөд эхэллээ. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн хийгээд байгаа ажил нэг л буруу яваад байна гэсэн дохио юм. Ер нь бол эрх мэдэл, албан тушаалаар далайлган, хүч түрсэн байдлаар асуудлыг шийдээд байж болохгүй. Тэгж яваад нэг том “чулуу”-нд тулдаг. Тэгээд зогсдог номтой. Нэг талаас, хууль зөрчсөн бол хуулийн дагуу арга хэмжээ авах нь Л.Оюун-Эрдэнийн үүрэг байж таарна.

Гэхдээ өнөөдрийн нийгэм төрийн ийм хүчирхийллийг дэмждэггүй жаягтай. Ардчилсан нийгмийн амин сүнс нь нийтийн эрх ашиг байдаг. Нийт олон гэдэгт “Эрдэнэт үйлдвэр”-ийн  49 хувийг авчирсан Ц.Пүрэвтүвшин нар, Хөгжлийн банкны зээлдэгчид, 1992 оноос хойш өмч хувьчлалд оролцсон өмчийн эзэд, Цагаан суваргын ордын Н.Номтойбаяр ч багтана. Тэд Монгол Улсын гурван сая гаруй иргэний нэгээхэн хэсэг юм.

Нөгөөтэйгүүр, Л.Оюун-Эрдэнэ ингэж ийш тийш үсчиж, сүүлдээ оролцохгүй ажилгүй болж байгаа нь хэр зэрэг зөв бэ гэдгийг Засгийн газар, Ерөнхий сайд нь бодох ёстой. Нийслэлийн утааг арилгах ажлыг хүртэл Л.Оюун-Эрдэнэд даалгасан байна. Тэр утааг арилгаж барах уу?!

Нэг үг байдаг. Даахгүй “юу” булуу хураана гэж…

Тэгэхээр тэрээр энэ олон ажлынхаа арыг, бас энэ утаа зэрэг хийж чадахааргүй ачаануудыг дийлэх үү. Шуудхан хэлэхэд, Л.Оюун-Эрдэнэ эдгээр “булуу”-гаа даах уу гээд олон нийт удахгүй асуугаад эхлэх вий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.11 № 74 (6041)

Б.ДАМДИН-ОЧИР


URL:

Сэтгэгдэл бичих