Янжуур тамхины баглаа боодол залуусыг урхиддаг болох нь тогтоогджээ

Их Британийн Зүрх судлалын сангаас гаргасан илтгэлд 16-аас 25 насны залуу тамхичдын 25 гаруй хувь нь гоё гялгар боодолтой янжуур тамхи нь ердийн баглаатайгаас хамаагүй аюулгүй хэмээн боддог болохыг дурджээ. Харин тамхи татдаг эсвэл энэ хорт зуршилд автагдаагүй ижил насны хүмүүсийн дөрөвний гурав нь янжуур тамхийг элдэв чамин дизайнгүй хайрцганд савлан зарвал тамхи татах үзэгдэл багасч, зарим нэг хүмүүс тамхиа хаяхад хүрнэ гэж үзэж байна.

Саяхан тус сангийн ажилтнууд 2700 гаруй залуугаас асуулга авсны дүнд ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 415 нь архаг тамхичин болсон байв. Залуучууд тамхины хор уршгийг бүрэн дүүрэн ойлгоогүйгээс болж энэ хорт зуршилд дарлуулдаг болохыг мэргэжилтнүүд өгүүлсэн аж. Иймээс Британийн Зүрх судлалын сан Засгийн газартаа хандан янжуур тамхины сав, баглаа боодлын хэв маягийг өөрчлөн, гял цал өнгөтэй байдгийг нь болиулах шаардлагыг тавьж байгаа юм. Харин тамхичдын эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж байгаа FOREST групп үүний эсрэг байгаа юм. Тэд сав, баглаа боодлыг өөрчилснөөр асуудлыг шийдвэрлэхгүй хэмээн үзжээ. Учир нь, олон залуус үе тэнгийнхнийхээ дарамтанд орж, нөлөөлөлд автах юм уу гэр бүлд нь тамхичин хүн байдгаас улбаалан тамхинд ордог гэж тэд онцолжээ.
www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих