Д.Мөнхсолонго: Шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг дур мэдэж нэмсэн
Өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнэ 50 орчим төгрөгөөр өссөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-ын мэргэжилтэн Д.Мөнхсолонгоос тодрууллаа.
-Шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим төгрөгөөр нэмэгдлээ. Үүнтэй холбогдуулан танай байгууллагаас шалгалт хийх үү?
-Энэ сараас эхлэн ОХУ-ын “Роснефть” компанийн А-80 болон А-92 автобензинийн гадаад хилийн үнэ тонн тутамд 71 ам.доллараар өсч орж ирсэн. Тодруулбал, өнгөрсөн сард автобензинийн үнэ 30 ам.доллараар өссөн. Үүнийг өнгөрсөн хоёрдугаар сартай харьцуулахад 110 ам.доллараар өссөн үзүүлэлт. Өөрөөр хэлбэл, тонн тутамдаа ингэж өссөн үзүүлэлттэй гарч байна. Харин дизель түлшний үнэ эсрэгээрээ тонн тутамдаа 29 ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарсан.
Түүнчлэн гадаад хилийн үнэ өссөнтэй холбогдуулан шатахуун түгээх газруудаас жижиглэнгийн борлуулалтын үнэд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн ШӨХТГ-т албан бичиг ирүүлсэн.
Ирүүлсэн бичгийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтарсан байгууллага болох Газрын тосны хангамжийг зохицуулах зөвлөлөөс албан ёсны шийдвэр гарах ёстой. Энэ шийдвэр гарах хүртэл шатахууны үнэд өөрчлөлт оруулахгүй байхыг мэдэгдсэн ч энэ сарын 7, 8-ны өдрүүдэд бүх төрлийн автобензин болон дизель түлшний үнийг 15-50 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр шатахуун импортлогч компаниуд шатахууны үнийг дур мэдэн нэмсэн гэж ойлгож болно.
-Бүх импортлогчид шатахууны үнэ нэмсэн гэсэн үг үү?
-“Петростар”, “Магнай Трейд”, “Тэс Петролиум”, “Шунхлай Трейдинг” зэрэг компаниуд үнээ нэмсэн.
-Зөвлөлийн шийдвэрийг хүлээлгүйгээр үнэ нэмсэн үйлдэлд ямар хариу хүргүүлсэн бэ?
-ШӨХТГ-аас зөвлөлийг яаралтай хуралдуулж, холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэсэн байр суурьтай байна. Учир нь ШӨХТГ нэгдүгээрт, хэрэглэгчийн төлөө байгууллага. Хоёрдугаарт, зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилладаг учраас яаралтай хуралдуулах албан бичгийг хүргүүлсэн.
-Хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүнд аль аль газрын төлөөлөл багтдаг юм бэ?
-Хамтарсан зөвлөлийн бүрэлдэхүүнд ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, УУХҮЯ, Сангийн яам, бусад холбоо болон МҮХАҮТ зэрэг бүрэлдэхүүнтэй байдаг. Уг зөвлөлийн хуралдааны шийдвэрээр шатахууны үнийг эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тогтоох шийдвэр гарсан. Тодруулбал, хэрвээ шатахууны үнийн дүнд өөрчлөлт оруулбал урьдчилж мэдэгдэх, зөвлөлийн шийдвэрийг гарах хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулах ёстой. Зөвлөлийн ахлагчаар УУХҮ-ийн сайд, нарийн бичгээр АМГТГ-ын дэд дарга тус тус ажилладаг юм.
-Зөвлөлийг хуралдуулах тухай албан бичиг хэзээ хүргүлсэн юм бэ. Хэзээ хуралдах бол?
-ШӨХТГ-аас энэ сарын 3-ны өдөр зөвлөлийг хуралдуулах хүсэлтээ АМГТГ-т хүргүүлсэн. Яг хэзээ хуралдах тогтсон шийд алга.
-Шатахуун орон нутагт мөн ижил хэмжээгээр өссөн үү?
-Дархан, Сэлэнгэ зэрэг аймагт дизель түлш, шатахууны үнэ дунджаар 50 орчим төгрөгөөр өссөн байна.
Б.Лхам
Эх Сурвалж: 24tsag.mn
URL: