Ё.Баатарбилэг: Зургаан нас хүрээгүй хүүхдийг нэгдүгээр ангид элсүүлэхгүй
Багш нарын VII их хурлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон яамны мэргэжилтнүүд, багш нарын төлөөлөл мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Багш нарын VII их хурлыг дөрөвдүгээр сарын 11, 12-нд зохион байгуулах шийдвэр гарч, яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байна. Монгол Улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үүсч бий болсноос хойш Монголын багш нарын их хурлыг 6 удаа зохион байгуулсан байна. Тэгвэл 6 дахь их хурлаас хойш 23 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 25 дугаар захирамжаар Монголын багш нарын VII их хурлыг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, Засгийн газар болон холбогдох яамдад ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
Монголын багш нарын VII их хуралд хот, хөдөөгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус, насан туршийн боловсрол, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн 47.6 мянган багшийг төлөөлж, 800 багш, удирдах ажилтан оролцоно.
Энэ удаагийн хурлаар шинэ цаг үе, нийгмийн шаардлагад нийцсэн монгол хүүхдийн дүр төрх /2030 оны иргэн/, тэднийг бэлтгэх, төлөвшүүлэхэд багшийн үүрэг, оролцоо, боловсролын зорилгыг тодорхойлох, багш бэлтгэх тогтолцооны гажуудал, багш бэлтгэх бодлогын үр ашигтай хувилбарыг хэлэлцэх зорилго агуулж байгаа юм. Мөн багш нарын хөдөлмөрийн нөхцөл, ажлын ачааллыг бууруулах сэдэв болгон ярилцаж, шийдлүүд гаргана. Багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангах асуудлаар хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлт, багшийн нийгмийн баталгааг нэмэгдүүлэх боломжийг мөн хэлэлцэнэ. Ямартай ч ирэх есдүгээр сарын 1-н гэхэд багш нарын ачаалал нэлээдгүй хувиар буурсан байх болно” гэлээ.
Түүнчлэн ”Уралдаант шалгуур нэрээр 30-50 мянган төгрөгийн хураамж авч сургуульдаа оруулдаг явдал гарч байна. Энэ нь нэг талаараа бизнес болчихоод байгаа юм. 1000 орчим хүүхэд бүртгэж аваад 150 орчмыг нь л авдаг үзэгдэл их байна. Тиймээс энэ явдлыг зогсоох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр дөнгөж цэцэрлэгээ төгсөж байгаа зургаан настай хүүхдүүд ямар шалгалт өгөх вэ дээ. Дээрээс нь зургаан нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байх тушаал гарсан. Энэ нь эцэг эхчүүд болон хүүхдүүдэд аль алинд нь хэрэгтэй. Харин тухайн ондоо 72 сар хүрэх хүүхдийг элсүүлнэ” хэмээн онцоллоо.
Тодруулбал, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019.04.05-нд А/200 тоот тушаал гаргажээ. Ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай тушаалд хэд хэдэн чухал асуудал багтсан байна. Тодруулбал,
- Урлагийн төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургуулиас бусад Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсэгчийг аливаа хэлбэрийн шалгалтгүйгээр элсүүлэн суралцуулахыг өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгав.
- Өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд 6 нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглов.
- Ерөнхий боловсролын сургуулийн байршил, хэв шинж, сургалтын орчноос хамаарсан чанарын яалгаатай байдлыг арилгах, сургууль бүр сургалтыг чанартай зохион байгуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл болгов.
- Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийг бүтээн байгуулалт, аймаг, нийслэлийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулан, судалгаанд үндэслэн шинэчлэн тогтоох арга хэмжээ авахыг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, нийслэлийн Боловсролын газрын дарга нар тус тус үүрэг болгожээ.
Т.Гэрэл
URL: