Улс төржсөн сагсан бөмбөг

5ca6b9c6a94959.02135581-Лиг өндөрлөсөнтэй холбогдуулан сагсан бөмбөгт тулгамдсан асуудлуудыг нэгтгэн тоймлож, болж буй үйл явдлыг товч бичье. Сүүлийн жилүүдэд манай сагсан бөмбөг Улаанбаатарын утаа шиг гамшгийн хэмжээнд яригдах болов-

Манай улсын сагсан бөмбөгийн баг тамирчид тив, дэлхийд амжилт үзүүлж, тамирчдын ур чадвар өсөж байгаа хэдий ч дотоод хуваагдал, холбоодын тэмцэл, эрх ашиг, улстөржилтөөс болж олон улсын сагсан бөмбөгийн хар жагсаалтад ороод байна.

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Тамир өөрийгөө албан ёсны холбооны ерөнхийлөгч гэдэг энэ маргаан бүрэн шийдээгүй өдийг хүртлээ. Учир нь 2017 онд хуралдсан хурлаар холбооны Ц.Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Дамбыг сонгосон нь хууль ёсных гэж үзсээр байгаа. Тэгвэл саяхан болсон Олимпийн хорооны гишүүдийн хурлаар Ц.Цэвэрбал, Б.Дамба нарыг гишүүнээр баталсан. Тиймээс уг холбоо хоёр хуваагдаж, хоёр талдаа лигийн тэмцээнээ зохион байгуулсаар байна.

Үзэгч ихтэй лигийн тоглолтууд хоёр талд болж, нэг хэсэг нь суудал багатай Үйлдвэрчний соёлын төв ордонг зорьж байхад нөгөө хэсэг нь Спортын төв ордонд очино.

Энэ талаар үндэсний сагсан бөмбөгийн холбооноос “Тоглолтуудыг Спортын төв ордон, Буянт-Ухаа спортын ордон, Хандгайтын спортын ордонд хиймээр байна гэсэн хүсэлт маш ихээр ирж байна. Үзэгч, сонирхогчдын дээрх хүсэлтэд өгч буй албан ёсны хариултыг хүлээн авна уу

1.Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны хувьд спортын төв ордонд лигээ зохион байгуулах чин хүсэл байгаа ч БТСГазрын дарга Ц.Шаравжамцийн хувийн эрх ашиг сонирхолдоо хөтлөгдсны улмаас спортын төв ордонд манай лиг явагдах боломжгүй байгаа. Бид сүүлийн гурван жилийн турш спортын төв ордонд ямарваа нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байгааг үзэгч, сонирхогч бүгд мэдэж байгаа биз ээ. Бид футзалны ордон, Тэмүүжин, Агар центр гээд аль болох боломжит хувилбаруудаас лигийн болон бусад шат шатны тэмцээнээ огт алгасалгүй зохион байгуулсаар ирснийг та бүхэн мэднэ. Иймд үзэгч сонирхогч та бүхэн спортын төв ордны асуудлаар дээрх хүнээс асуухыг хүсье.

2. Буянт Ухаа спортын ордон болон, Хандгайтын ордны хувьд бид лиг явуулах гэрээгээ эртнээс тус байгууллагуудтай хийгээгүй учир боломжгүй байгааг хэлмээр байна” хэмээн мэдэгдэв.

Нам солигдож “найр” эхэлснээр холбоод олшров

2012 оны сонгуульд Ардчилсан нам ялснаар спортын төв ордон /СТО/ одоогийн сөрөг хүчний талд очив. Ууган холбоо буюу Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/ байсаар байтал АН-ын дарга С.Эрдэнэ Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог /МҮСБХ/ шинээр байгуулж ерөнхийлөгч нь боллоо. Нарийн бичгийн даргаар С.Тулга сонгогдов. Улмаар мэргэжлийн Үндэсний Супер лигийг зохион байгуулсан.

Баг тамирчид дөрвөн жилийн хугацаанд нам солигдтол “Үндэсний супер” гэх тодотголтой лигт амжилттай өрсөлдсөн юм. Тухайн жилүүдэд МСБХ нь СТО-нд тэмцээн уралдаан зохиох эрхгүй болсноор асуудал улам хүндэрч эхэлжээ.

Улс төржсөн сагсан бөмбөг

Спорт улстөржөөд ирэхээр асуудал маш хурцадмал байдалд ордгийн тод жишээ нь Монголын сагсан бөмбөг. Үндэсний супер лигт мэргэжлийн баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээрээ 2012-2016 онд тоглосон.

Харин 2017 оноос Монгол ардын нам эрх барьж эхэлснээр МСБХ эргэн хүчээ авч, СТО-д тэмцээн зохион байгуулах эрхээ буцаан авав. Ингэж дөрвөн жил завсарласны эцэст 18 дах удаагийн дээд лигээ МСБХ өнгөрсөн жил амжилттай зохиосон юм.

Харин 19 дэх улирлын нээлт болохоос дөрвөн хоногийн өмнө “өөр МСБХ” хэвлэлийн хурал хийж өөрсдийгөө “хууль ёсны” сагсан бөмбөгийн холбоо, нөгөө МСБХ нь “хуурамч тамга тэмдэг ашигладаг” гэв.

Манай холбоод асуудлаа шийдэж чадахгүй явсаар эцэстээ Олон улсын сагсан бөмбөгийн холбоо FIBA-н хараанд өртсөн юм. Тэд өрийн албан ёсны вэтсайтдаа Монгол улсыг төлөөлөн Ц.Цэвэрбал, Б.Дамба нарын нэрийг бичсэн байсан ч хэсэг хугацааны дараа авсан байдаг.  Одоо ч тус хуудас хов хоосон, цагаанаараа байна.

Мөн манай шигшээ багийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг FIBA өнгөрсөн онд хассан. Учир нь, дотооддоо хоёр өөр холбоотой, хоёр мэргэжлийн лигтэй улсыг нэгдэх шаардлага тавьдаг. Улмаар хугацаа өнгөрч асуудал шийдэгдээгүй тул холбоодыг нэгдтэл олон улсын тэмцээнд оруулахгүй гэсэн юм.

Сагсан бөмбөг бол улс төр биш, эрх мэдэл өвөртөлж мөнгө зулгаах хэрэгсэл бүр ч биш. Өнөөдөр хоёр талцаж, хуваагдаагүй, спортын холбоо гэж үгүй боллоо. Энэ байдал хэзээ нэг цэгцэнд оруулж спортоо спортоор нь авч үлдэх вэ..

Erennews.mn


URL:

Сэтгэгдэл бичих