Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд хэт хутгалдаж оролцдогийг хязгаарлана
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд багтаасан. Үүнтэй холбоотой өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Үндсэн хуульд ямар өөрчлөлт орж байна вэ?
-Иргэдээс 70 дээш хувиар дэмжигдсэн саналуудыг оруулж байгаа. Ард түмний хүсч байгаа тодорхой өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэсэн бодолтой байгаа. Үндсэн хуулийн 7-8 зүйлд өөрчлөлт оруулж байгаа. Үүний нэг хэсэг нь 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт орсон долоон зүйлд өөрчлөлт орж байна
Давхар дээлийг тайлах, хууль хэлэлцэж батлах босго, Засгийн газрын танхим бүрдүүлэх, төсвийг төгөлдөршүүлэх, шүүх эрх мэдэл, Засаг дарга нарын томилгоотой холбоотой асуудал байна. Орон нутгийн тогтолцоотой холбоотой асуудалд судалгаа, санал асуулга явуулж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг гарган гартал иргэдийн саналыг авна. Хэлэлцүүлэг үргэлжилж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эцсийн эцэст олон түмнээс асууж, оруулж ирсэн. “Долоо хэмжиж нэг огтол” гэдэг зарчмаар явна. Цаг хугацаа шахуу байгаа. Тиймээс бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг дахин дахин хэлэлцэх байх. Улс төрийн нам, иргэний нийгмийн саналууд ирсэн байгаа.
-Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хэвээр үлдээх үү?
-Ерөнхийлөгчийн хууль санаачлах, чиглэл өгөх эрхийг хэвээр үлдээж байгаа. Олон нийтийн хэлэлцүүлгээр Ерөнхийлөгчийн шүүх эрх мэдэлд хэт хутгалдаж оролцдогийг хязгаарлахаар туссан.
-Парламентын эрх мэдлийг тодорхой хэмжээнд хязгаарлах заалт орсон гэсэн?
-Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлж, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулснаар шийдвэрлэх заалт орсон нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн мэт харагдаж байгаа. Гэхдээ УИХ-ын өмнө хүлээх үүрэг хариуцлага нэмэгдэж байгаа. УИХ-д бүх эрх мэдэл төвлөрөхийг парламентын засаглал гэж ойлгодоггүй. Гүйцэтгэх, хууль биелүүлэх засаглалаа тууштай ажиллах боломжоор хангаж хариуцлага тооцох эрх нь УИХ-д үлдэхийг парламентын сонгодог засаглал гэж ойлгодог. Засгийн газрыг огцруулах асуудлыг нийт гишүүдийн олонхиор шийдэхээр орж ирж байна. Түүнээс бус хуралдаанд оролцсон гишүүдийн олонхиор шийдэхгүй. УИХ төсөв хэлэлцэн батлахдаа Засгийн газартай зөвшилцөхгүйгээр зарлагын шинэ төрөл үүсгэхийг хориглоно гэдэг заалт Их хурлын бүрэн эрхийг багасгаж байгаа гэдэг шүүмжлэл гарч байгаа. Бодит амьдрал дээр бусад оронд ийм жишиг байдаг. Гэхдээ Засгийн газартай зөвшилцөж, Хөгжлийн төсөв оруулж ирэх заалт байгаа.
-Сонгуулийг ямар тогтолцоогоор явуулах вэ?
-УИХ-ын гишүүдийг иргэд шууд, нууц санал хураалт явуулах хэвээрээ. Гэхдээ пропорцианаль, мажоратори гэдэг заалт ороогүй. Энэ асуудал дээр маргаан мэтгэлцээн байгаа.
shuud.mn
Н.Энх
URL: