Махны үнэ өмнө байгаагүйгээр өсчээ
Улсынхаа нийт хүн амаас 20 гаруй дахин олон толгой малтай Монголдоо дэндүү өндөр үнэтэй мах худалдан авч байгаагаа ер ойлгодоггүй. Аргаа бараад хавар бүр үнийг нь бага боловч бууруулдаг нөөцийн махны талаар сурвалжлахаар ХХААХҮЯ-ыг зорилоо. Харамсалтай нь, яг энэ асуудлыг хариуцсан хэлтсийн дарга болон орлогч, бас хэвлэл мэдээллийн ажилтан нь олдсонгүй. Бусад мэдээллийн хэрэгслээр “Энэ онд 4000 тонн нөөцийн мах бэлтгэснийг тавдугаар сараас нийтийн хэрэгцээнд нийлүүлнэ” гэсэн мэдээ сонссоноос бусдаар ямар ч мэдээлэлгүй болохоор амьдралд арай ойрхноор нь томоохон худалдааны төвүүдийн нэгэнд очсон юм.
“Баянзүрх” худалдааны төвийг үнэ өндөртэй бүтээгдэхүүн зардаг талаар шүүмжлэл их байдаг ч хотын А зэрэглэлийн бүс учраас худалдан авагчдын санхүүгийн чадамж, бүтээгдэхүүний сонголт арвин бас түрээсийн төлбөр өндөр байдаг гээд олон нөхцөл шалтгааныг ойлгож болох мэт санагдана. Уг худалдааны төвийн махны тасгаар ороход хонь, үхрийн голдуу тарган, сайхан мах янз бүрээрээ л байна. Хонины мах нэг кг нь 8800 төгрөгөөс эхэлж байгаа нь хамгийн доод ханш гэнэ. Түүнээс дээш ахисаар 9200 төгрөгөөр үнэлсэн мах ч байх юм. Үхрийн махны тухайд бүр ч ярилтгүй. Нэг кг цул мах 13 мянган төгрөг.
Махны худалдаа эрхлээд цөөнгүй жил болж буй худалдагч танилтайгаа энд таарч, нөөцийн мах болон махны одоогийн үнэ ханшийн талаар ярилцлаа. Тухайн худалдаа эрхлэгчийн цаашдын ажил, арилжаа наймаанд саад тотгор, бэрхшээл учруулж болзошгүй учраас нэрийг нь тавихгүй байхаар тохиролцсон бөгөөд үүнийг сонсоод бусад эмэгтэй ч ний нуугүй ярьж эхэлсэн юм.
-Хаврын эхээр нөөцийн мах худалдаанд гарч, махны үнийн хөөрөгдлийг бага ч гэсэн дардаг байлаа. Энэ жил яагаад гарахгүй байгаа юм бол?
-Та нар, манай иргэд ч яасан гэнэн байдаг юм бэ. Өмнөх жилүүдэд 10-аас доошгүй мянган тонн махны нөөц бэлтгээд худалдаанд гаргаж, үнийг барьж байна гэж ярьж, ойлгуулдаг байсан. Гэтэл өнгөрсөн намар болон энэ хавар тийм хэмжээний мах нөөцөлж чадаагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 4000 тонн мах бэлтгэсэн гэж яриад л байна. Яг үнэндээ тэр эоорь, агуулахын мах хятадуудын мэдэлд л байж байгаа. Төрийн хяналт, шалгалтын байгууллагынханд үзүүлэн маягаар харуулчихаад яг худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байж байна.
-Тухайлбал, нууц биш 5ол та хаанаас мах авдаг вэ?
-Олон жил энэ чиглэлээр худалдаа эрхэлж байгаа оолохоор надад цөөнгүй гооны бэлтгэн нийлүүлэгч бий. Манайх голдуу Хэнтий аймгаас мах авдаг.
-Миний ажигласнаар танай захад худалдаалж байгаа малын мах “Хүчит шонхор” зэрэг төвлөрсөн томоохон захуудынхаас арай л үнэтэй юм байна. Учир нь юундаа байна вэ
-”Хүчит шонхор’’, “Хархорин” захад нийтийн хоолны зориулалттай махыг бөөний үнээр худалдаалдаг. Харин манайд айл гэр, хувь хүний хүнс хоолонд зориулсан сайн чанарын махыг жижиглэнгийн үнээр зардаг болохоор арай ахиу ханштай байгааг үгүйсгэхгүй. Дээр нь тээвэрлэлтийн зардал нэмэгдэнэ шүү дээ. Тансаг зэрэглэлийн махны худалдаачин бид хоёрын хооронд иймэрхүү яриа болж өнгөрөв. Түүний хэлснээр, үнэндээ “Баянзүрх” худалдааны төвд “Хүчит шонхор”-т байдаг шиг нохойн хоол, шулсан яс байтугай малын гэдэс цувдай, толгой шийр ч харагдсангүй.
Тэр бүү хэл махны үнэ ханшийг ч ил тод тавьдаггүйг ажиглалаа. Учир нь, худалдан авагчийн хэтэвчний зузаан нимгэн, гаднах төрхөөс нь хараад бэл бэнчингээр нь үйлчилж, авсан бүтээгдэхүүний хэмжээгээр үддэг юм шиг санагдсан.
Анх таарсан махны лангууны худалдагч эмэгтэй сонин сэтгүүлээс явааг минь сонссон бололтой, тус худалдааны төвөөс гарах замдаа махны үнийг дахин сонирхоход 1000 төгрөгөөр татаж хэлсэн. Ингэхийн тулд л тодорхой үнэ тавьдаггүй юм байна гэж ойлголоо. Бизнес юм чинь яая гэх вэ. Гэхдээ л 70 сая шахуу малтай Монгол Улсын гуравхан сая хүн дэлхийн дэндүү гоё хөгжчихсөн улс орнуудын ард иргэдтэй адил, зарим тохиолдолд илүү үнээр хоолныхоо махыг залгуулж, нөгөө нэг хэсэг нь нохойнд зориулсан үлдэгдлээр гол зогоож байгааг харахад хэтэрхий эмгэнэлтэй байх юм. Түүгээр ч зогсохгүй махны үнийн иймэрхүү өсөлт инфляцыг хөөрөгдөх эрсдэлийн нэг хүчин зүйл болж байгааг АХБ анхааруулж байгаа төдийгүй Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд ч онцлон дурдсан байна.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: