УИХ-ын гишүүн Н.Учрал НАМЗХ-ны Ерөнхийлөгчид санаархав
НАМЗХ бол 21 жилийн түүхтэй МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага. МАН-ын удирдлагад гараад байгаа ихэнх лидерүүд энэ
холбоогоор дамжсан гэхэд болно.
Харин өнөөдөр НАМЗХ-ны нэр хүнд урьд өмнөхөөсөө уналтанд ороод байгаа гэхэд болно. Учир нь энэ холбооны удирдлагад ихэнхдээ ааваараа хөтлүүлж улстөрд орж ирсэн улстөрчдийн залгамж халаа “ХҮҮД” нар санаархсаар ирсэн. Одоо ч НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн суудалд “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сууж байгаа. Тэгвэл түүний хувьд дөрвөн жилийн хугацаа нь дуусч байгаа юм.
Тиймээс НАМЗХ-ныхон дараагийн ерөнхийлөгчөөр хэнийг сонгох талаар ярьж эхэлжээ. Гэхдээ ээлжит Их хурал ирэх сард болохоор товлосон ч хурал болох өдөр эцэслэн шийдэгдээгүй байгаа аж. Мөн МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулжээ. Тэгэхээр тус холбооны ерөнхийлөгчийн сонгуульд 35 наснаас доошхи тус намын гишүүн өрсөлдөх боломжтой аж.
Тэгвэл дараагийн Ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир нарын нэр яригдаж байна. Гэхдээ Б.Баттүшигийн хувьд өөрөө НАМЗХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаагаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдсэн байдаг.
Тэрбээр Б.Баттүшиг өөрийн цахим хуудсандаа ”Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоонд олон ажил хийх боломж байна. Нийгмийн Ардчилал Монголын Оюутны Холбооны дэд ерөнхийлөгчийн хувьд НАМЗХ холбоог идэвхжүүлэх ажилд оролцох нь хэрэгтэй гэж үзээд НАМЗХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөхөөр шийдлээ” гэсэн байна.
МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо Монголын залуучууддаа чиглэсэн бодлого, шийдлээ тодорхойлсон, хүн хүчээ нэмж эв нэгдлээ эрхэм болгох учиртай. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ байгууллага нь МАН-ын “өв залгамжлагч” нарыг бэлтгэх дамжлага бааз болж хувираад байгаа нь хэнд ч ил харагдах болжээ.
Аль ч улсад улс төрийн залгамжлагчдын асуудал хүний эрхийн асуудал ч гэлээ манай оронд нэг л буруу замаар будаа тээгээд байгааг учир мэдэх хүмүүс хэлдэг. Энэхүү залгамжлагчийн асуудал өнөөгийн МАН-ын дэргэдэх НАМЗХ гэх байгууллагад харагдаж байна.
Тухайлбал сүүлийн хэдэн жилүүдэд сайн эцгийн нэрээр гарч ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ч.Ганзоригийн хүү, “Эрдэнэс Монгол”-ын дэд захирал, “Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүн, НАМЗХ-ын ерөнхийлөгч гэсэн олон албан тушаалыг шат дараалан хашиж яваа Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Сү.Батболдын хүү Б.Баттүшиг, УИХ-ын гишүүн Н.Учрал нарыг нэрлэж болно.
Одоогийн НАМЗХ-ын ерөнхийлөгчийн нэрд яригдаад буй “Их засаг” их сургуулийн захирлын хүү УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд тоолж барахгүй олон албан тушаалтай нэгэн.
“Их засаг” олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, 2010-2016 онд “Рояаль Академи”, “Рояаль олон улсын дээд сургууль”-ийн ерөнхий захирал, 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга, 2015 онд ЗГХЭГ-т Монгол улсын Шадар сайдын ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх, 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн зөвлөх, 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч, 2015 оноос НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, 2015 оноос Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Н-Учрал энэ олон албан тушаал, бизнестээ ханаад зогсохгүй дахин НАМЗХ-нд ерөнхийлөгч суухаар санаархаж эхэлсэн нь хачирхалтай. Ямартай ч МАН-ын нэрийн өмнөөс улс төрд хүчин зүтгэхээр аль эртнээс бэлтгэгдсэн түүнд НАМЗХ-ны ерөнхийлөгчийн байр суурь чухал бололтой.
Б.Баттүшигийн хувьд аавынхаа нэрээр Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүнээр томилогдон хэл амтайхан ажиллаж байсан бол одоо Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга, “И-Март”-ын эзэн гээд олон албан тушаалтай нэгэн.
Ерөөс Б.Баттүшиг, Н.Учрал мэтийн мөнгөтэй хүний хүүхдүүд улс төрийн орон зай, карьераа мөнгөөр цохиж авдаг жишиг тогтож эхэлсний харгайгаар өнөөдөр улс төрд шударга зүтгэж яваа залуус хохирч байна. Тухайлбал дээр нэр дурдагдсан гурван хүнээс тус байгууллагын халуун тогоонд хутгалдаж ирсэн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамирыг нөгөө хоёроосоо хавьгүй илүү шинэ үе сэлгэгдэх боломжтой хүний нэг гэж үзэж байгаа юм. Э.Тамир нь 1989 онд төрсөн, УИХ-дахь МАН-ын бүлгийн референт, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан төдийгүй НАМЗХ-ны Удирдах зөвлөл дотроо хамгийн залуу гишүүн нь аж. Харин Б.Баттүшиг, Н, Учрал нарын хувьд энэ суудалд суухад ашиг сонирхолын зөрчилтэй хэмээн ам уралдуулан муулах хүмүүс цөөнгүй. “Ардын хүүхэд” Э.Тамирыг баячуудын хүүхдүүдтэй байлдаад гарч ирэх болов уу гэсэн хардлага байна.
Ямартай ч тун удахгүй Г.Тэмүүлэн огцорч, түүний оронд Э.Тамир, Б.Баттүшиг , Н.Учрал нарын нэг нь НАМЗХ-ны ерөнхийлөгч болох нь ээ.
ЭХ СУРВАЛЖ: MONGOLCOMMENT..MN
URL: