Энэ сарын 25-ны өдөр бүх ажил 10:00 цагт эхэлнэ

150

Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ талаар өнөөдөр (2019.04.08) албаныхан мэдээлэл өглөө.

Энэхүү иж бүрэн сургуулилтыг сүүлийн 30 жил хийгээгүй бөгөөд энэ удаад НИТХ-аас баталсан 111 аюулгүйн талбайд зохион байгуулах аж.

Сургуулилтын эхний өдөр буюу энэ сарын 24-нд нийслэлийн удирдлага, олон улсын байгууллага, төрийн ба төрийн бус байгууллагын удирдлагын түвшинд команд штабын сургалт болох юм байна. Танхимын команд штабын сургуульд 80 гаруй байгууллагын 950 гаруй удирдах бүрэлдэхүүн хамрагдахаар төлөвлөөд байгаа аж.

Харин 25-ны өдөр нийслэл даяар 08:00 цагт зарлан мэдээллийн дохио дуугарч, бүх хүн сургуулилтад оролцоно. Энэ өдөр бүх ажлын цагийг хойшлуулж 10:00 цагт эхлэх зохицуулалт хийхээр болжээ. Мөн тухайн өдөр 07:00-10:00 цагт нийслэлийн бүх замын хөдөлгөөнийг болон Улаанбаатар хотоос гарах, хот руу орох хөдөлгөөнийг ч зогсоох юм байна.

Дурдсан хугацаанд иргэд зарлан мэдээллийн дохио дуугарсныг сонссон эсэхээс үл хамаарч аюулгүйн талбайд цугларах ёстой. Иргэд 111 цэгээс өөрт ойрхон байгаа байршлын талаар амьдарч буй хорооныхоо Засаг даргаас лавлаж, мэдээлэл авч болно. Газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох аюулгүйн талбай зэрэг мэдээлэл бүхий хуудсыг иргэдэд хүргүүлж, харин иргэд тэр хуудсыг дадлага сургуулилтад оролцохдоо бүртгэлийн ажилтнаар тэмдэглэл хийлгэж бүртгүүлэх юм байна.

Газар хөдлөлтийн гамшгийн улмаас орон байргүй болсон иргэдийг түр цугларах аюулгүй талбайгаас түр амьдруулахаар “Нүүлгэн шилжүүлэлт”-ийг Баянгол, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт урьдчилан жишиг байдлаар бэлтгэсэн талбайд, бусад дүүрэгт гэнэтийн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн төр, хувийн хэвшлийн бүх байгууллагууд оролцох ёстой гэдгийг мэдээллийн үеэр анхааруулж, гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт нь гамшиг ослоос урьдчилан сэргийлэх дадал хэвшлийг иргэддээ суулгахад чухал нөлөөтэй тул иргэн бүрийг идэвхтэй оролцохыг уриаллаа.


URL:

Сэтгэгдэл бичих