“Японд байх аюултай мэт санагдсан” гэж К.Гоны эхнэр хэлжээ

5caade4c1d560“Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гоныг дахин баривчилсны дараа Японд байх аюултай мэт санагдсан учраас тус улсаас явсан гэж түүний эхнэр Кароле Гон хэлсэн байна.

К.Гон Оман дахь дистрибьютер компани руу сэжиг бүхий гүйлгээ хийсэн хэрэгт холбогдон өнгөрсөн пүрэв гарагт дөрөв дэх удаагаа баривчлагдсан юм. Энэ явдлын дараа түүний эхнэр Парист ирж, долоо хоног тутмын “Journal du Dimanche” сонинд ярилцлага өгчээ.

Кароле Гоны хэлснийг иш татан Францын сонинд мэдээлснээр, түүний нөхрийг баривчлагдсаны дараа Японы хууль сахиулагчид түүний Ливаны паспорт, компьютер, гар утсыг хурааж, сайн дураараа байцаалт өгөхийг хүссэн аж. Тэрбээр өмгөөлөгчдийнхөө зөвлөсний дагуу уг шаардлагыг биелүүлэхээс татгалзсан байна.

Кароле Гон өнгөрсөн баасан гарагийн орой АНУ-ын паспорт ашиглан Японоос гарсан бөгөөд түүнийг нисэх буудал хүртэл Японд суугаа Францын Элчин сайд дагалдан явжээ.

“К.Гон барьцаагаар суллагдсан хугацаандаа өөрт нь тулгараад буй нөхцөл байдлыг тайлбарлах зорилгоор хэргийнхээ талаар англи хэлээр бичлэг хийсэн. Түүний хуульчид уг бичлэгийг ойрын хугацаанд олон нийтэд дэлгэнэ” гэж Кароле Гон хэлжээ.

Мөн тэрбээр, нөхрийнх нь гэм бурууг хүлээлгэхийн тулд түүнийг удаан хугацаагаар баривчилсан хэмээн Японы шүүх тогтолцоог шүүмжлээд, тус улсын эрх баригчдад хандахыг Францын Засгийн газраас хүссэн байна.

montsame.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих