Афганистанд үүрэг гүйцэтгэх бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл илэрхийлэв
Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-ийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх есдүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн өнөөдөр Зэвсэгт хүчний Жанжин туганд хүндэтгэл илэрхийлэв.
Энэ удаагийн цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Ц.Энхцогт томилогдон үүрэг гүйцэтгэх бөгөөд тэрбээр “Бид олон улсад монгол цэргийн нөр их хичээл зүтгэл, ур чадвар, тэсвэр хатуужлаар олж авсан эрхэм нэр хүндийг үргэлжлүүлэн, эх орон, төр, ард түмнийхээ итгэл найдварыг алдахгүй, үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй байна” гэлээ.
Мөн энэ үеэр цэргийн багийн салааны орлогч, дэслэгч Э.Энхбаярын аав, бэлтгэл дэд хурандаа С.Энхтайван энхийг сахиулагчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Эх орныхоо итгэл найдварыг өвөртлөн, олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн энхийг сахиулах гэж бй хүүгээрээ, та бүхнээр бахархаж байна. Та бүхэнтэй хамт хайрт гэр бүл чинь сэтгэл зүрхээрээ “үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.
Хүндэтгэл илэрхийлэх ёслолд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцов.
montsame.mn
URL: