“МОНГОЛРОСЦВЕТМЕТ” 30 жилийн турш нөхөн сэргээлт хийгээгүй гэнэ
Хөдөө орон нутгаас хүрэлцэн ирсэн сумдын төлөөлөл төрийн түшээдэд нэлээд хатуухан үг хэлж байв. Тэд сум, орон нутагт нь Монголын хуулийг уландаа гишгэж үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад арга хэмжээ авч өгөх талаар хэллээ. Түүнчлэн “УИХ-ын хоёрхон гишүүн чуулганы индэр дээр сууж байгаад сэтгэл эмзэглэж байна” хэмээн нэгэн оролцогч онцоллоо. Тэрбээр цааш нь “УИХ-ын гишүүд ямар нэгэн баяр ёслол, олон улсын хурал, зөвлөлгөөн болохоор бүгдээрээ хүрээд ирдэг. Тэгтэл Монголын эдийн засаг, ард түмний амьдралын гол түлхүүр нь болоод байгаа байгаль орчин, уул уурхайн асуудал ярих гэхээр цөмөөрөө алга болчихдог нь ямар учиртай юм” хэмээн хатуухан шүүмжилсэн.
Чуулганд оролцогч Дорноговь аймгийн Айраг сумын Засаг дарга н.Баяраа “Монголд хариуцлагатай уул, уурхай алга. Манай суманд одоогоор уул уурхайн 71 компани олборлолтын эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Тэд өөрсдөдөө хэрэгтэй зүйлээ авчихаад ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй. Хамгийн ойрын жишээ дурьдая. “Монголросцветмет” компани гэхэд олборлолт явуулсан газартаа 30 жилийн турш ямар ч нөхөн сэргээлт хийгээгүй өдийг хүрлээ. Түүнийг ийн хэлсний дараа УИХ-ын гишүүн С.Оюун “Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын эрхийг нь зоригтойгоор цуцлах цаг болсон. Мөн бүх ордуудыг ашиглаад байх хэрэггүй. Зөвхөн стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашиглах нь зүйтэй. Энэ ордууд Монголын амьдралд хангалттай хүрэлцэнэ. Одоо уул уурхайн салбарт хатуу бодлого барих цаг ирсэн. Өнөөдөр Монголын газар шороо “халтар царайт” шиг болчихлоо” хэмээсэн.
Төрийн ордны хурлын танхимд асуулт тавих, өөрсдийн санал хүсэлтээ хэлэхээр ар араасаа жагссан оролцогчид ой хамгаалалтын талаар ярьж байсан юм. “Ой хамгаалалт маш муу байгаа.Шөнийн 23:00 цагаас үүрийн 05:00 цаг хүртэл мод тээвэрлэдэг Ингэж ой хамгаалдаг юм уу” гэхчилэн олон асуултыг тавьж байлаа.
Энэ үеэр чуулганд оролцогч, Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас хүрэлцэн ирсэн Д.Ширбазарын саналыг сонссон юм. Тэрбээр Ой хамгаалагчийн ажлыг 30 гаруй жил хийж байгаа. Мөн аймгийнхаа тэргүүний ой хамгаалагч юм.
-Манай сум нийт 35 мянган га газар нутагтай. Үүнээс нэг хувийг нь ой эзэлдэг. Манай сумын Сонгинот гэдэг газар дэлхийд ховор элементэд ордог цагаан алт гэж бий. Одоогоос 4-5 жилийн өмнө тус орд газрыг илрүүлж олборлолт явуулж эхлэх гэж байсан. Гэвч нутгийн иргэд маань тэднийг эсэргүүцэж үйл ажиллагааг нь бүрэн зогсоож чадсан юм. Мөн төмрийн хүдрийн орд зэрэг олон орд газар бий. Манай сумын иргэд газар шороогоо ухуулаагүй байгаа цорын ганц сум. Ой хамгаалагч өнөөдөр маш хэцүү мэргэжил болчихлоо. Тухайлбал залуу ой хамгаалагчид бусадтай хуйвалдаж өөрийн эрх ашгийг дэндүү боддог болсон. Бас хүндрэлтэй тал нь хэн нэгнийг торгочихоор эргээд өс хонзон санадаг.
Энэ өс нь бидний малыг хулгайлах гээд олон дарамт шахалт үүсдэг болсон. Мөн нийгмийн хангамж маш муу. Би аймгийнхаа ой хамгаалагчид дотроос хамгийн өндөр буюу 330 мянган төгрөгийн цалин авдаг. Бусад нь 200 мянга гаруй төгрөгийн цалин авна. Дашрамд хэлэхэд төр ой хамглаалагчдыг маш сайн сонгож авах нь их зүйтэй болов уу. Бас ажил үүрэгт нь тавих хяналтаа чангатгах хэрэгтэй.
Л.Баатархүү
“Улс төрийн тойм” сонин
URL: