Ц.Элбэгдорж: УИХ-ын ажлаа дийлэхгүй байж давхар засгийн газрын гишүүн болно гэж явааг зогсоох ёстой

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Ерөнхий сайд болон Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, мөн томилогдохоор яригдаж байгаа хүмүүстэй уулзлаа.

Засгийн газарт хуучин ажиллаж байсан болон шинээр томилогдох хүсэлтэй Н.Алтанхуяг, У.Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд Ерөнхийлөгчийн ширээний хоёр талд өөд өөдөөсөө харан суусан юм. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Би, Ерөнхий сайдтай ярьсны дагуу чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан зургаан гишүүн, мән томилуулья гэж байгаа зургаан хүнтэй уулзъя” гэж бодсон тухайгаа дуулгасан. Тэрбээр “Эхний асуудал бол, хүсэлт гаргасан сайдуудын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Чөлөөлдөг УИХ нь яараагүй байхад томилох гэж байгаа, зөвшилцөх гэж байгаа Ерөнхий сайд бид хоёр яарах шаардлагагүй гэж бодож байна. Засгийн газрын одоо ажиллаж байгаа гишүүд нь чөлөөлөгдөөгүй байхад одоо шинийг томилох тухай хойноос нь ярих хэрэггүй гэсэн бодолтой байгаа.

Хамгийн сүүлд 2007 онд Л.Одончимэд гишүүн ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг юм байна. Нэгдүгээр сарын сарын 30-нд УИХ хэлэлцэж чөлөөлөөд, оронд нь хоёрдугаар сарын 5-нд Д.Дэмбэрэлийг томилсон тухай жишээ татлаа.

Ц.Элбэгдорж: Тэгэхээр эхлээд чөлөөлөгдөх нь хууль дүрмээрээ чөлөөлөгдсөний араа шинэ хүмүүсийнхээ асуудлыг ярья. Хэрэв зарим хүмүүсийг чөлөөлөхгүй бол яах вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Энэ бол хүсэлт гаргаснаар юм уу, нам шийдсэнээр явдаг ажил биш. Төрийн ажил тодорхой хуультай журамтай. Та нар чинь засагт орж ажилласан хүмүүс шүү, түүнээс биш зүгээр нэг загасанд явсан хүмүүс биш. Загасанд явсан хүн хүртэл хөдөлмөрийнхөө үр дүнг эргэж боддог. Тэгэхээр засагт орж ажиллана гэдэг төрийн чухал үүрэг гүйцэтгэж байна гэсэн үг. Зургаан хүний асуудлыг их хурал дээр ярихыг зөвшилцлөө гэсэн бичиг би өгнө. Одоо та нар чөлөөтэй байж болно. /АН-аас Засгийн газарт орж ажиллаж буй Н.Алтанхуяг нарын сайд нар өрөөнөөс гарав/ Засгийн газрыг шинээр байгуулах санал оруулж ирэхдээ баримтлах зарчмаа эхлээд тохиръё гэдгийг би маш тодорхой хэлсэн. Нэг зарчим бол, УИХ-ын гишүүнийг ЗГ-ын гишүүнээр давхар томилдгоо больё гэж байгаа. Тэгэхээр бид ийм жишгийг давтахгүй байх зарчмыг цаашаа авч явья. Аливаа удирдагч бол муу ажлыг үргэлжлүүлдэг биш түүнийг зогсоодог, өөрчилдөг байх ёстой. Өнөөдөр Их Хурлын гишүүний ажлаа дийлэхгүй байж давхар Засгийн газрын гишүүн болно оо гэж яваад байдгийг зогсоох ёстой.

Их Хурал, Засгийн газрын хооронд хариуцлагын тогтолцоо бүрэн алдагдсан байгаа. Үүнийгээ энэ удаа залруулъя. Одоо ингээд сонгууль болно. Улстөрчид тодорхой сонголт хийх гэж байгаа шүү дээ. Тэд сонголтоо хийхэд энэ жишиг тодорхой чиглэл болог. Би Ерөнхий сайдад “Хоёулаа үүнийг залруулаад, жишиг болгоод хэрэгжүүлээд явья аа. Би танд тусалья” гэсэн. Гэтэл санал оруулж байгаа хүмүүсийн зарим нь Их Хурлын гишүүд байна. Тайлбар хэлье гэж байгаа бол сонсъё.

С.Батболд: Энэ бүх үйл ажиллагаа өнөөдөр мөрдөгдөж байгаа Үндсэн хууль бусад хууль дүрмийнхээ хүрээнд явагдах учиртай. Тийм учраас Засгийн газраас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гишүүд болон шинээр томилогдох хүмүүсийн энэ асуудал хуулийн дагуу явж байгаа. Цаашдаа УИХ дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд зохих өөрчлөлт хязгаарлалтуудыг оруулж Засгийн газрын болон Их Хурлын гишүүний асуудлыг ярилцах ёстой. Гэхдээ энэ бол хууль батлагдсны дараа яригдах асуудал.

Ц.Элбэгдорж: Хуулийг харвал Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж ч болно, байхгүй ч байж болно. Хориглосон зүйл байхгүй. Их Хурал, Засгийн газрын гишүүдийг давхардуулж томилдгоо энэ мөчөөс зогсооё гэж байгаа юм. Яг хариуцлага талаас нь, ажил хэрэг талаас нь харах хэрэгтэй. Хууль тогтоох эрх мэдлээс илүү том эрх мэдэл гэж байхгүй шүү дээ. “Их хүссэн, их яарсан хүнээр төрийн ажлыг бүү хийлгэ” гэсэн манай өвөг дээдсийн үг байдаг. Гэтэл өчигдрөөс харж байхад нэг л их яарсан улсууд! Энд ямар нэг хийдэл, завсардал гарах асуудал байхгүй. Танай Засгийн газрын гишүүд өөрчлөгдөөгүй, ажлаа хийгээд явж байгаа чөлөөлөгдөх эсэх нь Их Хурлаар яригддаа ч үгүй байна. Бидбүгдээрээ “ховсдуулчихсан” юм шиг байж болохгүй. Нийгмээрээ ардчилалд шилжээд 20 жил болж байгаа энэ хугацаанд хангалттай олон зүйл тууллаа бид. Юунд ингэтлээ яараад, адгаад байгаа юм бэ? гурван жил зургаан cap яараагүй шүү дээ, та нар.

Зөвшилцөнө гэдэг бол Үндсэн хуулийн ойлголтоор хийгдэх гэж байгаа томилгооны зөв бурууг ярилцана гэсэн үг. Түүнээс биш орж ирсэн нэрэн дээр “адис өгөөд гаргадаг” хэлбэр биш ээ. Өмнө нь та бид хоёрын ярьсан зарчмаар Засгийн газрын гишүүнийг оруулж ирээгүй энэ явдал бол зөвшилцөх сонирхол байхгүй байгааг харуулж байна. С.Батболд Ерөнхий сайдын хувьд зургаан гишүүн чөлөөлүүлэх, дахиад зургаан гишүүн томилуулах асуудлыг анх удаа оруулж ирж байна. Би бас энэ ажлыг өмнө нь хийж байсан. Бид энэ чөлөөлөх, томилох асуудлыг үнэхээр ул суурьтай, бодлоготой авч үзэх ёстой. Лав цаана чинь “Сайдгүй боллоо, энэ хэдийг хурдан томилоод өг” гэж яамдаас над руу ярихгүй байна. Харин ч “тааруухан хүмүүс бол нэг өдөр ч болтугай холхон байгаасай” гэсэн хандлагатай байна. Иргэдийн зүгээс надад хандаж маш олон хүсэлт хэлж, үг дайж байгаа. Тэр саналуудыг судлах ёстой.

Ц.Дашдорж энд байна уу? тэрбээр Ерөнхийлөгчийн өөдөөс хараад сууж байлаа/ УИХ-ын гишүүний ажил бол чөлөөт цагаараа хийдэг ажил биш, Ц.Дашдорж оо! Та 2004-2006 онд намайг Ерөнхий сайд байхад Барилга хот байгуулалтын дэд сайд байсан байх аа? Би бол өөрийг чинь дэд сайд гэж бараг танихгүй байж байгаад ажлаа өгч байсан. Одоо тэр ажил дээр чинь зам тээвэр, төмөр зам, онгоц гээд олон асуудал нэмэгдсэн. Үнэхээр ажиллах гээд байгаа бол тэр Оюутолгой, Тавантолгой руу явах хэрэгтэй.

Д.Хаянхярваа байна. Хаанаас надад их гомдол ирж байгааг Д.Хаянхярваа хамгийн сайн мэдэж байгаа гэж бодож байгаа. Та хаашаа явж хэнтэй уулзахыгаа надаар заалгалтгүй мэдэж байгаа. Таны нэр сайдад яригдсанаас эхлээд маш олон зүйл надад ирсэн. Бараг долоо хоног бүр 2-3 хүн тэр Хонгор суманд хорддого, хавдраар өвчилж, нас барж байна гээд яриад байгаа. Хонгор сум руу заавал очих хэрэгтэй. Та үүнийг Ерөнхийлөгчийн өгч байгаа үүрэг гэж ойлго. Сонгогчидтойгоо уулзаарай та! Хонгор сумын асуудлыг та Төсвийн байнгын хорооны даргын хувьд анхаарах ёстой. Тэр мөнгө төгрөг, төсөв санхүү, цаашдын байдлыг нь яаж шийдэх юм ?

Энэ яамд дотроос хуулиараа Ерөнхийлөгчтэй хамгийн ойрхон ажилладаг яам бол Гадаад харилцааны яам болон Батлан хамгаалах яам байгаа. Батлан хамгаалах яаман дээр очих гэж байгаа хүн зангарагтай хүн байх ёстой шүү. Энэ бол их түүхтэй, том яам. Бид энэ яамыг толгойлох гэж байгаа хүний асуудлаар нухацтай ярилцах ёстой гэж би Ерөнхий сайдад хэлж байсан. Ж.Энхбаяр гишүүн ЗХЖШ-ын удирдлага, яамны хүмүүстэй уулзах хэрэгтэй. Би маргааш /өнөөдөр/ өглөө өмнө төлөвлөсний дагуу хөдөө явна. Араас битгий хэвлэлээр дамжуулж мэдэгдэл хийгээд байгаарай. Томилох хүмүүсийг зөвшилцөх асуудлын хувьд миний саяны хэлсэн ярьсан зүйл яаж шийдэгдэхийг харья. Бид сайныг нь үргэлжлүүлж, мууг нь залруулж засч энэ төрийн ажлыг хийх ёстой. Одоо та нар чөлөөтэй.

Б.Даваа


URL:

Сэтгэгдэл бичих