АНУ-д гар утас засварын компанийн олон зуун ажилтныг баривчилжээ
АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын газрын ажилтнууд Техас муж улсын Аллен хотод үйл ажиллагаа явуулдаг гар утас засварын “CVE” компанид лхагва гарагт шалгалт хийж, цагаачлалын хэрэгт холбогдуулан 280 хүнийг баривчилсан байна.
Цагаачлал, гаалийн хяналтын газрын Дотоодыг аюулаас хамгаалах албаны мөрдөн шалгах хэлтэст “CVE” компани бичиг баримтгүй хүмүүсийг ажиллуулж байна гэх мэдээлэл ирсэнтэй холбогдуулан дээрх шалгалтыг хийжээ. Үүний зэрэгцээ компанийн зарим ажилтан хууль бус бичиг баримт ашиглаж байсныг илрүүлжээ.
“Бичиг баримтгүй хүмүүсийг ажиллуулах нь ижил төрлийн бизнес эрхэлдэг өрсөлдөгчидтэй харьцуулахад шударга бус давуу талыг үүсгэнэ” гэж Дотоодыг аюулаас хамгаалах албаны тусгай төлөөлөгч Катрина Бергер хэлсэн байна.
Дотоодыг аюулаас хамгаалах албаны ажилтнууд “CVE” компанийн ажилтан шинээр ажилд авах үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сараас шалгаж эхэлсэн бөгөөд маш олон тооны зөрчил илэрчээ.
montsame.mn
URL: