Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байх уу?

Австралийн тэнэмэл эр гудамжнаас 7000 евро олоод цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн тухай мэдээллийг өчигдрийн хэвлэлүүдэд нийтэлсэн байна. Халаасандаа ердөө 80 центтэй явсан тэр эрийн хэнхэг, мангарыг манайхны зарим нэг нь гайхаад ч барахгүй суугаа болов уу. Хэрэв тэнэмэл эр гудамжинд сул хэвтэж байсан мөнгийг авчихвал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт орж манайхны хэлдгээр “аавын хаалга” татна. Австралид тэнэмэл иргэд нь хүртэл хуулиа мэддэг байхад манайд байдал эсрэгээрээ байх нь энүүхэнд. Манай хууль тогтоогчид уг нь гудамжнаас олсон мөнгийг цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр хуульчилсан байгаа. Харин цагдаагийнхан мөнгөний эздийг олж тогтоодог бөгөөд эзэн мөнгийг нь олж өгсөн иргэнд тодорхой урамшуулал өгөх ёстой. Гэхдээ хуулийн эл заалт бараг л хэрэгждэггүй.

Хуулийн мэдлэг хомс иргэд гудамжнаас мөнгө олоод эргүүлэн өгөх нь бүү хэл, бусдын эд хөрөнгийг хүчээр эсвэл запилж авч байна. Цагаандаа гарсан эл үйлдэл бүр газар авах шинжтэй. Чингис хааны амьдарч байсан тэртээ XIII зуунд шинээр гарсан хуулийг гурав хоногт бүх отог аймгуудад дуулган, улс даяараа мөрддөг байж. Орчин цагт хууль гурав хоног хэрэгжээд дөрөв дэх өдрөөс мартагдаж эхэлдэг. Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэсэн хуулийн заалтыг зөрчих нь элбэг байгаа учраас дээрх зүйлийг учирлалаа.

Иргэний хуулийн 492-т заасан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэг сүүлийн үед өсөх хандлагатай байгааг хуульчид халаглан хэлж байна. Үүний дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг нь ямар хэрэг болохыг сонирхов. Хуулиар зайлшгүй хамгаалагдах бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авах буюу эзэмших тохиолдлуудыг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж нэрлэдэг аж. Саяхан Нийслэлийн шүүхийн иргэний хэргийн танхимд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нэгэн хэргийг шүүн хэлэлцсэн байна. Иргэн Г.Батмөнх шүүхэд нэхэмжлэл гаргаж Б.Ганхуяг гэгчид залилуулсан тухайгаа бичжээ.

Товчхондоо, залилан мэхлэх аргаар бусдын мөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай гомдол мэдүүлсэн байна. Б.Ганхуяг Лондоны Технологи судалгааны дээд сургуулийн төлөөлөгчийн газарт захирлын алба хашдаг. Хохирогч 2009 оны гуравдугаар сард Б.Ганхуягт хандаж хэлний бэлтгэлтэй сургуульд явах хүсэлттэй байгаагаа дуулгажээ. Харин Б.Ганхуяг “Хэлний бэлтгэлтэй сургуульд явахад виз гарах магадлал муу. Топелийн шалгалт өгсөн бол виз шууд гарна. Шалгалтын оноог 1500 ам.доллароор авч өгье. Санаа зоволтгүй, ярилцлагагүй виз гарна” гэсэн аж. Ингээд урилганы үнэд 200, үйлчилгээний хөлсөнд 350 паунд болон 1500 ам.долларыг Г.Батмөнхөөс авчээ. Хуулийн хэллэгээр бол энэ нь цэвэр үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэрэг аж.

Манайхан хууль мэддэггүйгээсээ болоод ийм төрлийн хэргийг олонтаа үйлдэх болжээ. Б.Ганхуягийн хувьд аз таарч Г.Батмөнх иргэний хэргийн журмаар нэхэмжлэх гаргасан байна. Хэрэв хохирогч цагдаад хандсан бол эл хэргийг эрүүгийн журмаар шалгаж Б.Ганхуяг хорих ял авч мэдэх байлаа. Хохирогч тухайн оныхоо арваннэгдүгээр сард визэнд орох байсан боловч урилга оройтон ирж элчинд дараагийн сард материалаа өгсөн гэнэ. 2010 оны аравдугаар сарын 9-нд Английн элчин сайдын яамнаас хохирогчийг дуудан утсаар ярилцлага хийсэн аж. Улмаар сарын дараа виз олгохоос татгалзсан хариу ирүүлжээ. Тодруулбал, Элчин сайдын яамнаас топелийн өндөр оноотой байж онооны төвшинд хүрч яриагүй, хуурамч материал бүрдүүлсэн гэдгээр англид зорчих эрхийг 10 жил хасчээ.

Ийнхүү хоёр сарын хугацаанд Г.Батмөнх 3.485.808 төгрөгөөр хохирчээ. Бусдын мөнгийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хариуцагч Б.Ганхуяг шүүх хурлын үед ингэж ярьжээ. “Анх нэхэмжлэгчийн ээж гуйж, туслах зорилгоор зөвшөөрсөн. Г.Батмөнх надаас ирж зөвлөгөө авсан. Хүнд 1500 ам.доллар өгч өмнөөсөө топелийн шалгалт өгүүлсэн. Сургуулийн хуваарь ирэхэд визинд орохоор болсон. Шалгалтад өмнөөсөө хүн оруулан, 92 оноо авсан. Энэ нь сургуулийн бичигт тэмдэглэгдсэн байгаа. Г.Батмөнх Миллинюм Сити Академи сургуулийн ангийг сонгож, бүртгэлийн хураамж 200 паундыг төлж материалаа өгч явуулсан. Урилга ирж виз хүссэн материалаа явуулсан ба хариу ирэхгүй удсан.

2010 оны арваннэгдүгээр сард виз олгохоос татгалзсан хариу ирсэн байсан. Элчингээс утсаар ярилцлага хийхэд найзыгаа яриулсан боловч хангалттай сайн ярьж чадаагүй. 200 паунд сургуулийн дансанд шилжсэнээр урилга ирдэг, буцаан олгохгүй журамтай. Хангалттай оноо авбал 1500 ам.долларыг буцаан өгөхгүй гэж тохирсон. Тэр хангалттай оноо авсан. 350 паундыг авснаа санахгүй байна” гэжээ. Шүүхээс Б.Ганхуягийг Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзжээ. Ингээд нэхэмжлэлийг хангаж Б.Ганхуягаас 932.655 төгрөгийг гаргуулж Г.Батмөнхөд олгохоор шийдвэрлэжээ.

Үүнээс гадна энэ төрлийн хэргийн жишээ маш олон бий. Өөрсдийгөө доош нь хийгээд ч байгаа юм биш. Үнэндээ өнөөдрийн эрх баригчдын цогцлоож байгаа нийгэмд ийм сэтгэхүйтэй, тийм муу хүмүүсээр дүүрсэн байгааг гарч байгаа хэргийн үзүупэлтүүд харуулаад байгаа билээ. Монгол хүн Автралийн тэнэмэлээс ч дор сэтгэхүй байж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ашиг сонирхолтой байгаа нь эмгэнэл биш гэж үү.

Д.МЯГМАРЖАРГАЛ


URL:

Сэтгэгдэл бичих