Д.Цоодол: Эх орон, өвөг дээдэстээ хэчнээн хайртайг шүлэг, дуулиуд минь нотлох биз ээ
Ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодол гуайтай уулзаж ярилцахаар тохиролцон нийслэлийн төвөөс 20 орчим километр зайтай Бэлхийг зорилоо.Гэрийнх нь хаягийг тодотгосон боловч нэлээд мунгинав, хэд дахин залгаж утсаар “хөтлүүлж” байж сая нэг олж очлоо. Буурал найрагч хашааныхаа үүдэнд гараад ирчихсэн хүлээж зогсоно. “Үгүй мөн их будилдаг хүүхдүүд юм гээч, уг нь манайх энүүхэндээ содон шүү дээ, гудамжны дугаар их бүрхэг аргагүй дээ” гэсээр угтлаа. “Би ямар дэлдэн Бадарч шиг урд хил дээр алба хаасан биш, бага залуудаа цэрэг цуухт явсан биш цэргийн сонинд ярьж гайхуулах юу байх вэ дээ” хэмээн өгүүлсээр бид гэрт орцгоов, яриа маань ч өрнөв.
Эх орон, хүй цөглөсөн Бүрэнгийнхээ тухай ярихдаа цаанаасаа л огшиж, царайд тань эрхгүй бардамнал тодордгийг би олонтоо анзаарсан. Тиймдээ ч Таныг нутаг амьтай хүний тод томруун жишээ гэж боддог юм. Энэ тухайд яриагаа эхэлье…
-Би чинь Төв аймгийн Бүрэн сумын нутаг “Арын бууц”-нд төрж, “Талын булаг”-ийн усаар ундаалж хүн болсон юм шүү дээ. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн нутаг гэж бас онгирно оо. Ариун агаараар нь амьсгалж, амтат рашаанаар нь ундаалж, алт шиг буурлуудынх нь сургаалаар хүмүүжиж хүн болсон юм чинь нутаг амьтай байхаас яах юм бэ. Хүний төрж, өссөн нутаг гэдэг чинь ээ дээ мөн эрхэм юм шүү дээ, базарваань.
Ингээд бодохоор эх нутгаараа бахдаж омогшихгүй, нутгийнхаа тухай бичиж туурвихгүй, магтан дуулахгүй байх аргагүй байдаг болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Төрсөн нутаг, түүнээс хальж цэрэг-эх орны сэдэвтэй цөөнгүй юм бичсэн. Би сайндаа ч энэ сэдвээр бичсэн юм биш.
Эх орноо өмгөөлөн хамгаалах, эх орныхоо төлөө өмөлзөх зүрх сэтгэлтэй байх ухааныг үлгэр, домог, туульсын баатруудаар төлөөлүүлж багаас минь ойлгуулдаг байлаа. Түүнчлэн залуу зандан явахад минь эх орон гэдэг яасан үнэтэй юм бэ, эх орны төлөө ямар олон хүн хүч, хөдөлмөрөө зарж, зарим нь амь насаа өргөсөн юм гэдгийг бидэнд төрийн бодлогоор ойлгуулдаг байлаа. Мөн сургуульд орсон цагаас л Д.Нацагдорж, Ч.Лхамсүрэн, Ц.Цэдэнжав зэрэг агуу хүмүүсийн цэрэг-эх орны сэдэвт бүтээлийг мөр, бадаг бүрээр нь ярьж ухуулдаг байлаа. Тухайлбал, Д.Нацагдорж:
“Үндэсний хайртай нутагт минь
Өнгөлзөх дайсан ирэх юм бол
Үтэр өшиглөн хөөнө” гэх мэтээр өнөө л эх орноо хамгаалах тухай өгүүлнэ. Дэлхийн II дайн 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр эхэлжээ. Гэтэл маргааш нь Ц.Цэдэнжав гуай “Дархан СССР ялж, дайнч Герман сөнөнө” гээд л найраглал бичээд хэвлүүлчихэж. Ч.Лхамсүрэн гуай мөн тэр үеэр бараг уралдаад “Хамгийг залгигч хар мангасыг дарсны үлгэр” гээд үлгэрийн сэдэвт бүтээл бичээд дор нь хэвлүүлж байж. Ингээд бодохоор зохиолчид хийх юмаа их соргогоор мэдэрдэг байжээ. Ц.Цэдэнжав гуайн “Миний нутаг” найраглалын
“Цэлмэг залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах цагт
Чин хайртай амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлсэн юм…” гэж цээжээ дэлгэж байгаад ам бардам хэлсэн энэ дөрвөн мөртийг мэдэхгүй хүн үгүй. Зо.Пунцаг гэж тэр үед нэг ахмад зохиолч байлаа. Наадуул шигээ тийм олон юм бичээгүй ээ, эрт буцчихсан байх зайлуул. Түүний
“Үүл нүүж цахилгаан бадарсан тал
Үер бууж сүрийг үзүүлсэн газар
Хэн ч халдашгүй дархан хилийн овоо
Хэзээнээс алдартай Монголын нутаг аа” хэмээн бичсэн нь дуу болон мөнхөрчээ. Эдний араас Ц.Гайтав, Д.Пүрэвдорж тэргүүтэй олон зохиолч түрэн орж ирсэн. Энэ хүмүүс бичиж туурвисан зохиол бүтээлээрээ дараа үеэ хүмүүжүүлж, ирлэж хурцалсан юм шүү. Энэ мундагчуудын ухаанаас ундарсан цэрэг-эх орны сэдэвтэй ийм шилмэл бүтээлүүдийг уншаад огшиж омогшихгүй, ухаарч сэхээрэхгүй, бичихгүй яах билээ. Та нартаа баярлалаа, та нарынхаа ачаар тав, арван мөр холбож, юухан хээхэн бичлээ гэж хэлмээр санагддаг юм.
Эндээс харахад зохиолчид үе үеэрээ төрж, дараа дараагийн үеэ хөтөлж, хөглөдөг юм байна гэж бодогдож байна. Зөв үү?
-Юу үнэн бэ, хэн ч маргахгүй үнэн тэр. Би 1970-аад оны яруу найрагч. Надаас арай өмнө утга зохиолд орчихсон яггүй пээдгэр амьтад намайг хорооныхоо хаалгыг олохгүй бээцгэнэж явахад аль хэдийн ороод найргийн ихэс Явуу, Пүрэвдорж, Гайтав нартай мар мар гээд сууж байсан хүмүүс бол Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, П.Бадарч, Ш.Дулмаа, Д.Шагдарсүрэн нар шүү дээ. Эдэнд бүгдэд нь эх орны сэдэвт сайхан шүлэг бий. П.Бадарч 22 настайдаа “Морьд” найраглалаа бичсэн. Манай дэлдэн ч авьяастай эр шүү дээ базарваань.
“Найрын дуу дутуу зогсож
Наадмын морьд дутуу эргэсэн 1939 он…” гээд л… Үгүй ээ энэ чинь уншихгүй, огшихгүй, уярахгүй, уяхан хүн бол уйлахгүй байх аргагүй биз дээ. Ингээд эдний араас бидний үеийнхэн гарч ирсэн. Бидний үе гэдэг нь олон хүн бий л дээ, би захаас нь хэлье. Миний хамгийн сайн нөхөд, цогтой сайхан найрагчид Т.Очирхүү, Б.Хүрэлбаатар /хар/, З.Дорж, С.Оюун зэрэг олон нэр дурдаж болно. Манай Б.Хүрэлбаатарын
“Цэцэгт нуурын хөвөөнөөс
Цэргийн албанд мордлоо доо
Цэн хунгийн дэгдээхэй шиг
Цэнгэн дуулсаар одлоо доо хө” гэсэн анхны шүлэг нь дуу болсон юм шүү дээ. Ингэж л бид бичиж туурвих гэгээн сайхан замаар дөрөө харшуулсан юм аа. Тийм сайхан өмнөх үетэй улс чинь арчаагүй амьтад л биш юм бол оносон алдсан, сайхан муухай бичиж л таараа.
Ингэхэд Та утга зохиол, шүлэг найрагтай хэрхэн холбогдсон юм бэ? Зохиолчдын замналаас хараад байхад янз янзын л замаас орж ирсэн байдаг юм билээ…
-Би Төв аймагтаа долоодугаар анги төгсөж сургуулиа хаяад мал хариулж, манаач хийж, атар эзэмшиж, аймгийнхаа төвд Залуучуудын эвлэлийн ажилтан болж, сонинд сурвалжлагч хийж явлаа. Юм, юм хийж үзсэн дээ. Ажаа, ижий /аав, ээж/ минь тэгж шахаагүй ч айлын том хүү ажиллах ёстой гэсэн миний л хэнхэг үзэл тэр байхгүй юу. Аминдаа хувиа борлуулж, довоо шарлуулж, өөрийгөө болгож яваа царай нь. Ингэж өөртөө буруу команд өгч 10-аад жил дампуурсан амьтан шүү, би чинь.
Тэгээд зөв зам руугаа яаж эргэв?
-Өө, би чинь яагаа ч үгүй өөрийгөө яруу найрагч гээд нэрлэчихсэн, тамтаггүй авьяастай нэгэн гээд бодчихсон тууж явлаа. Бага сургуулийн гуравдугаар ангиасаа аймгийн сонинд мэдээ бичиж эхэлсэн. Зарим нь сонинд гарна. Өнөөхөө үзээд би ч ёстой алах гэж байна, дараагийн Нацагдорж болох шинжтэй гээд л биеэ тооно. Шүлгээ бол тавдугаар ангид байхаасаа оролдож эхэлсэн. Тэгээд долоо төгсөөд сургуулиа хаяж хар ажлын мөр хөөхөөр золигийн юм болно биз дээ. Аймгийн сонинд мэдээ ч үгүй, шүлэг ч үгүй. Гэхдээ яах вэ, юухан хээхэн хийж, дампуурч явсан аль ч үедээ аминдаа уран бүтээлээ орхихгүйг хичээж, тэмтчиж явсаар 1968 онд Зохиолчдын хорооны босгоор алхсан юм. Аймгийн сонинд сурвалжлагч, Залуучуудын эвлэлд ажиллаж байсны л гавьяа юм болов уу, элдэв арга хэмжээнд оролцож, шүлэг найраг уншиж явсан. Ингэж явахдаа Ш.Сүрэнжавтай танилцаж, Сүүеэ минь Явуу багштай холбож өгснөөр өнөөх чинь нэг юм учраа олохгүй юу.
Аливаа бүхэн хувь зохиол, зураг төөрөгтэй гэж үнэн юм. Анх Явуу багшаа олж учирсан тэр агшин Таны сэтгэл зүрхэнд хадаатай байдаг нь гарцаагүй…
-Юу хэлэх вэ. Би ганцхан багштай, тэр минь дорнын их найрагч. 1960-аад оны дунд үеийн Б.Явуухулан гэдэг чинь зүгээр нэг яруу найрагч байсангүй. “Би хаана төрөө вэ”, “Туулын шугуй”, “Дуу минь, дуу минь” зэргээ биччихсэн уянгын бурхан л байлаа. 1966 оны хавар Явуу багш маань, Ш.Сүрэнжавын хамт манай аймгийн төвд уулзалтаар очсоныг би яаж мартах вэ дээ. Ягаан костюм, эрээн зангиа, өндөр өсгийтэй ботинк өмсчихсөн, шилээ дарсан үстэй мөн ч дэгжин, гоё амьтан очиж билээ. Энэ үеэр Ш.Сүрэнжав маань манайд дагуулаад ирсэн юм. Тухайн үед надад ямар авгай, хүүхэд гэж байсан биш. Аймгийн Залуучуудын эвлэлийн ажилтнуудын сууцны галладаг өрөөнд ил утастай плетик, бүтээлэггүй нэг ор, яйжгай ширээнээс өөр хогшилгүй ганц бие залуугийнд Явуу багш минь саатаж, эрээлсэн ганц хоёр шүлгээс минь уншуулж, сонсоод эргээд уулзахыг зөвлөөд буцсан нь миний амьдралд гэрэл гэгээ цацруулсан, мартахын аргагүй сайхан үйл явдал байсан даа.
Ингээд л бичсэн шүлгүүдээ өвөртлөөд тэр даруйд нь гүйгээд очсон уу?
-Үгүй дээ, багшаасаа бэргэж, өөрийгөө чамлаж, өнөө бичсэн хэдээ ахин дахин эргүүлж тойруулж, “нухаад” хоёр жилийн дараа багшдаа эргэж бараалхсан. Аминдаа гайгүй юм бариад оччих санаатай. Хүнд үзүүлэхэд ичмээр юм аваад очвол ямар л олиг байв гэж дээ. Ингээд л багш минь миний овоо хэдэн шүлгийг “Өсөж төрсөн хөдөө нутаг нь энэ яруу найрагчийн насан туршдаа ашиглах шавхагдашгүй сэдэв нь байж болох юм” гэсэн өмнөтгөл бичээд “Цог” сэтгүүлийн “Таны шинэ танил” буланд нийтэлж өгсөн юм. Ингээд нэг их удалгүй 1970 онд анхны номоо өлгийдөн авч байлаа.
Анхны ном гэснээс Та хэчнээн ном баринтагласан байх юм? Энэ дунд орчуулгын бүтээл ч цөөнгүй бий байх. А.П.Чехов, Ги де Мопассан зэрэг гадаадын томчуудын хэд хэдэн зохиолыг эх хэлнээ буулгасан шүү дээ Та…
-Нийтдээ 40 гаруй юм бий байх аа. Яах вэ надад сайн санасан хүмүүсийн түлхээсээр хэдэн орос үгтэй болж, ганц нэг ном орчуулж эхэлсэн. 1983 онд Горькийн сургуулийн дээд курс төгсөөд Москвагаас долоон хайрцаг номтой ирж байлаа. Түүн дотор Чеховын 17 боть байсан. Сүүлдээ Ги де Мопассанд “орсон”. Андрей Платоновын өгүүллэг, туужуудыг орчуулах гэж оролдсон. Константин Паустовскийн хоёр ч номыг монгол хэлээр гаргалаа. Финляндын Марти Ларни, Японы Акүтагавагийн бүтээлээс орчуулж үзсэн. Хүн ер нь оройтлоо гэж бодож болохгүй юм билээ шүү. Олон улсын шилдэг зохиолчдын бүтээлээс орчуулж 2017 онд “Дэргэд холын уулс” хэмээх номоо хэвлүүлсэн. Одоо ч оролдож “нухсан” юм бий, чадал хүрвэл ном болгочих санаа байна. Мөн Расул Гамзатовын “Анд нөхдөө хайрла”, Омар Хайямын шилмэл рубай, Михаил Дудин, Александр Прокофьев, Беларусийн Максим Танк, Испанийн Гарсиа Лорка болон Хятадын яруу найрагчдын бүтээлээс орчуулсан. Хэвлүүлбэл ном болчихмоор орчуулгын шүлгүүд ч бий.
Зохиолчид бүтээл төрөх цаг хугацаа, түүнийг туурвих онгодын тухайд ярьдаг юм билээ. Таны хувьд…
-Явуу багш маань “Намар зүгээр шүү” гэж хэлдэг байсан. Ч.Чимэд цагаа болохоор шүлэг хүүхэд шиг чарлаад л төрдөг гэж хэлсэн удаатай. Д.Пүрэвдорж сумын наадам үзэж явахдаа:
“Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэсэн мөрүүдээ олзолсон гэдэг. Эцгээ нутаглуулж явахад “Хөөрхий” хэмээх шүлгийнх нь санаа орж ирсэн гэж П.Бадарч ярьдаг юм. Ер нь шүлэг ингэж л төрдөг юм байна. Би бол хүссэн үедээ л бичдэг.
Танаар “овоглогдсон” залуус ер хэр олон байдаг юм бэ? Таны шавь нарыг хэлж байна л даа…
-Хадаг яндар бариад сүртэй ирсэн хүн цөөнгүй бий.
Залуу хойч үеийнхээ найрагчдаас хэнийг нь илүү “тоож” байна?
-Би угтаа бол их зөөлөн хүн. Хэнтэй ч хэл амаа ололцоод байдаг атлаа яруу найрагтаа бол шалгуур өндөртэй, хатуу ханддаг юм. М.Амархүү, А.Лхагва, Н.Гантулга, Ц.Галбадрах, “шар” Баттулга гээд аятайхан шүлэгтэй залуус байна аа.
Ингэхэд Танд “Болор цом” хэд бий билээ?
-Гурван удаа цомын эзнээр шалгарсан даа. “Болор цом” яруу найргийн наадмыг Д.Пүрэвдорж агсан 1983 онд санаачилсан юм шүү дээ. Анхны цомыг тэрбээр “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ авсан. Дараа жил нь МУИС дээр болоход С.Дашдооров, Б.Лхагвасүрэн бид гурав тунаж үлдлээ. Гэтэл Лхагвасүрэн “Нохой шаа, нохой шаа, чи түрүүлэх нь тодорхой боллоо” гээд л уналаа, С.Дашдооров “За даа, та хоёр л үз дээ, би ч ингээд больё” гэсэн маягтай юм ярьж байна шүү. Би ч “Эцсийн шийд гараагүй байна шүү дээ, хэн мэдлээ” гэлээ. Тэгээд л дүн гарч “Нэр нь тодроогүй баатрууд Танаа” шүлгээрээ би шалгарч цомын эзэн боллоо. Харин гурав дахийг нь Б.Лхагвасүрэн авсан санаж байна. Тэр үед “Болор цом”-ын чанар үнэхээр сайн байсан. Сүүлдээ би шүүгчдийн бүрэлдэхүүнд орох болсон. 1987 онд П.Бадарч “Тэмээ”-гээрээ, 1988 онд Т.Галсан дөрвөн мөртүүдээрээ, 1989 онд Ц.Чимэддорж “Малчин”-аараа авсан. Б.Доржпалам агсан “Хөөлгийн шүлэг”-ээрээ ч авсан юм даг.
Таны охин хоёр удаа “Цом”-ын эзэн болж байсныг сайн санаж байна…
-Тийм ээ. Лав нэгийг нь “Намрын уулнаа бугын урамдахыг сонсоорой, Намайг ухаажихыг үзэх гэж ижий минь Та урт наслаарай” хэмээх мөрүүдтэй ижийдээ бичсэн шүлгээрээ хүртсэн юм. Манай Хулан “галзуу” амьтан шүү. “Болор цом”-ыг Төрийн гурван өндөрлөг ирж үздэг байлаа. Нэг удаагийнхад нь Хулан “Аавдаа” гэдэг шүлгээ уншлаа. Яагаав нөгөө ээж минь айлын таваг дээрээс чихэр авч өгч ичээдэг бол аав алсын замд уулсын нэр цээжлүүлдэг энэ тэр гэж өгүүлдэг. Миний охин яах вэ шүлгээ хэлчихээд л үзэгчдийн суудал руу аав, ээждээ гүйгээд ирлээ. Тэгсэн Ерөнхийлөгч П.Очирбат бидний урд эгнээнд сууж байснаа эргэж хараад Хуланд хандаж “Би хөгширч байгаа юм байх даа, чиний шүлгийг сонсоод нулимс гарлаа” гэхэд манай өнөө “галзуу” миний шүлэг сайн болоод л тэр байхгүй юу” гэж билээ.
Таныг охиныхоо шүлгийн хамгийн анхны уншигч бас шүүмжлэгч нь гэж ойлгодог…
-Тийм биш. Ёстой нөгөө бусдаараа л бууз хуушуур шиг байя гэдгийн үлгэр. Би огтоос охиныхоо уран бүтээлд хошуу дүрж, гар хүрдэггүй. Тэр хүн өөрийнхөө ертөнцөөр л байг. Миний охин ч шүлэг биччихээд надаас яаж байна энэ тэр гэдэггүй. Хэн хэндээ амар байдаг юм.
“Болор цом”-ын тайзнаас нэлээд эрт буусан тань Хулан найрагчтай холбоотой байж ээ гэж сая бодогдлоо…
-Тийм ээ. Энэ сайхан цэнгүүнд ороогүй биш орсон, гурван ч удаа цом хүртсэн. Охинтойгоо цом булаацалдаад байгаа ч юм шиг эвгүй. Тэр байтугай би Хуланг оролцож байгаа жил “Болор цом” наадмын шүүгч хийхээс ч татгалздаг байв. Юм шударга нь дээр.
Таны бүтээлүүдэд дууль голлох байр эзэлдэг. Тэр тусмаа цэрэг-эх орны сэдэвтэй нь олон шүү дээ…
-Буу үүрээд хилийн шугаман дээр зогсоогүй ч хэлхэж холбосон хэдэн шүлэг, дууль минь эх орондоо, өвөг дээдэсдээ хэчнээн хайртайг минь нотлох болов уу. “Харамчийнхны дууль”, “Нэр нь тодроогүй баатрууд”, “Жаалхан цэрэг”-ээс эхлээд олон доо олон. Тухайлбал, “Сөгдөж айлтгая” шүлгийнхээ хэдэн мөрийг хэлвэл:
Өвдөгний нь нүдээр хатгавал өтлөв гэж сэжиглэх
Өнчин ганц медалиа ч өглөө, оройдоо харж сүжиглэх
Цэцэг дэнжид алаглахад мөрөн дээр нь таван хошуу нэмсэн мэт баярлах
Цэрэгт хүүхдүүд мордоход зарлан авч өөрөө явах юм шиг дэвэлзэх
Аргагүй нас дарсан буурал баатрууд минь
Амь шиг ээ хэдэн мориноосоо гуйсан хүнд өгчихөд бэлэн
Алтан хилийнхээ овооноос алдчихлаа гэвэл үхчихэд бэлэн
Маанийн зургаан үсэгнээс үгээ түрүүлж санадаг
Мартагдаж яваа хэдэн садныхаа нэрээс түрүүлж
Матад, Сулин хээр, Байтгийнхаа суман салааг дугаартай нь хэлдэг
Өвгөн баатар бүхний өмнө сөгдөж
Өрөвдөж бахадсан шүлгээ айлтгая… гээд бичиж л байлаа.
Таны үеийн найрагчид армитай их ойр байсан гэлцдэг…
-Яриа юу байх вэ. Тухайн үед арми сурталчлах сарын аян гэж сүрхий том ажил өрнөдөг байлаа. Биднээс авч явна, маниус очсон газар бүртээ өнөө л цэрэг-эх орны сэдэвт шүлгээсээ сонордуулна. Миний хувьд Ж.Ёндон, Ш.Жадамба, Р.Гаваа зэрэг мундаг генералуудтай их ойр байсан даа. Аль нь ч “Чиний зав чөлөө ямаршуу байна, надтай нэг тийш яваад ирээч, байгаа газраас чинь очоод авъя” гээд л утас цохино. Тэр нь голдуу цэргийн анги руу очих ажил л байна, сайхан байжээ. Намайг 40 гарч явахад армид ирээч, “сразу майор” өгье, чамд цэргийн дүрэмт хувцас сайхан зохино доо гэж Ш.Жадамба генерал хэлж билээ. Тэгэхэд би Зохиолчдын хорооны зөвлөлийн эрхлэгч байсан юм. Ж.Ёндон генерал энэ санааг Ш.Жадамба генералд хэлсэн юм билээ л дээ. Хүний итгэл хүлээх тийм сайхан.
Та тэгээд тэр саналыг хүлээж аваагүй хэрэг үү?
-Орон тоогоор яруу найрагч, зохиолчдыг цалинжуулж авдаг байсан юм. Тэр үед би татгалзсан даа. Харин манай С.Дашдооров ёстой л “сразу майор” зүүж, армийн эгнээнд элссэн юм. Тэр үедээ “Дуут хонгор манхан” шүлгээ бичсэн юм шүү дээ. Цэрэг, армийг ард түмэнд ойлгуулах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэхэд бидний оролцоо чухал л байж.
Ингэхэд эх оронч сэтгэлгээ өдгөөгийн залууст хэр төлөвшиж байна гэж Та хардаг вэ?
-Уулын мухарт зурагт, радиотой хэрэлдээд сууж байгаа өвгөн надаар өнөөгийн залуус ямар ажил хийхээ, хаана амьдрахаа заалгалтай нь биш, ямар ч л гэсэн энэ улсын ирээдүй болсон залуус эх орон, өвөг дээдэс, буурал баатруудаараа бахархдаг байх хэрэгтэй. Тэдний гавьяаг мэддэг, мэдэрдэг байх ёстой. Хамгийн гунигтай нь юм хөгжих тусам үүх түүхээ балартуулж, өв уламжлалаа умартдаг юм шиг байна.
“Цанатай хөтөл даваагүй айлын маань хархүү
Цагаан, хараа хуваасан эх орныг минь голлоо
Цайлган хайлган ижий, хөдсөнхөн өлгийгөө
Цагийг цаглан тахисан утаатай бурхнаа голоод явлаа
Сүмбэр мөнгөн уулс минь энэ хүүг тарнидаж нэг үлээ
Сүү ижийгээ чамласан үр билээ энэ
Сүнсийг нь харин тоож битгий хүлээ… гэсэн шүлэг бичиж байсан юм. Үнэн хэлж байж дээ, явсан нь ирдэггүй юм байна. Өөрийгөө хөгжүүлж, боловсруулдаг л байх. Харамсалтай нь үр хүүхэд нь монгол хэлгүй, өв соёл, монгол зан заншлаа мэдэхгүй өсдөг юм байна. Гэхдээ хавтгайруулж хэлж байгаа хэрэг биш шүү.
Би саявтархан П.Бадарч гуайтай уулзаж яриа авсан юм. Дөрөө харшуулан бичиж туурвиж, наргиж цэнгэж явсан нөхдөө их санаж, өгүүлдэг бололтой шүү. Тэр минь, энэ минь гэж өөриймсөөд сүйд болж байна лээ…
-Хүний залуу нас гэдэг их сайхан юм даа. Бидэнд 100 грамм татаж, 1000 грамм согтоод ардын дуу аялаад манаргаж явсан үе бишгүй бий. П.Бадарч, Т.Очирхүү, З.Дорж, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, Д.Нямаа эднийг та нар нэг их мундаг сайхан гэгээн яруу найрагчид, энхийн цагаан тагтаа гэж бодож байна уу, эд чинь дандаа “нохойн улс”, бид амьдрал дундаа л өнгөрлөө. Ийм сайхан нөхөдтэйгөө нийлээд доргих сайхан байлаа. Тэгж явсан цаг минь холдоод байна, уйтгартай ч байна. Гэхдээ бурхан гэдэг чинь зохионгуй нь их нарийн юм, зээ нар, хөгшин юм даа гэлгүй өнөө хэдэн муу хүүхэдтэйгээ, дуртай юм аа хийгээд л сууж байна.
Дуртай юмаа хийгээд гэснээс бичиж эрээлэхгүй зүгээр сууж Та чадахгүй л байгаа, ямар бүтээл туурвиж байна вэ?
-Зүгээр сууж чаддаггүй юм байна, одоо больё гээд ханачихдаг ч юм биш байна. Саяхан “Талын булгийн вант улс” номоо гаргасан. Одоо юмнууд “нухаж” л сууна. Өнөөх чинь зөнөчихөж гэж амьтан шоолох байх даа. Хошин шог гэхэд хаашаа юм, ямар ч байсан хүн жуумалзаад уншчих ном бодож байна, дээр нь Расул Гамзатовын алдарт “сонетууд”-аас орчуулж нэг ном гаргах санаа байна.
Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье.
Ахмад Д.Мэндбаяр
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: