Хаврын “цэнхэр” улс төр

FGЭнэ хаврын улс төр нэлээд “цэнхэртэх” янзтай. 2016 оны сонгуулийн үр дүнгээр сөрөг хүчин болсон ардчилсан намын зовлон эрх баригчдаас илүү гарна уу гэхээс дутахааргүй өдрүүд үргэлжилж байна. Гэхдээ ардчилсан намын бодлого чамбайраад улс төр цэнхэртээд байгаа юм биш. Харин ч сонгуулийн дараах ялагдлын үеэсээ статусын хувьд бүр дордчихоод буй. 2016 оны сонгуулийн дараа ядаж л парламентад есөн суудалтай, албан ёсны бүлэгтэй байсан  бол өнөөдөр бүлэг ч үгүй болох дээрээ тулчихаад байна.

З.Энхболд нар эрх баригч намыг гудманд гаргах, С.Эрдэнэ нар их хуралд бүлэггүй болгох хоёрыг дэнсэлбэл алдсан хариуцлагыг нь адилтгаж болохгүй л дээ. Гэхдээ намын тамгыг атгах гэсэн өмнөх болон өнөөдрийн удирдлагуудын зөрчил тус намын хашаанд түймэр дэгдээж, хаврын улс төрийг цэнхэртүүлээд байгаа нь энэ юм.

Ж.БАТЗАНДАН, Л.БОЛД НАР ЛИДЕР МӨН ҮҮ

Ардчилсан нам баруун төвийн нам байж, түүнийгээ холбиролтгүй дагаж мөрдөхөө зарласан нь саяхан. Тус намд янз бүрийн л үзэл бодол, үг үйлдэлтэй гишүүд бий.

Анх 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэж, ардчилсан намыг байгуулж асан хугацаанаас хойш олон ургальч үзлээс гадна олон ч хүний албан тушаалд очих гишгүүр, амь аврах бамбай, алдаршиж танигдах талбар нь тус нам болж байлаа. “Үйлс нь заримдаа бүтэлгүй ч, үг нь үнэн юм даа” гэсэн итгэл үнэмшлээр ардчилсан намыг дэмжсээр ирсэн олон мянган гишүүдийн хувьд “…..баруун төвийн нам байна” гэсэн үзэл баримтлал нь баярт мэдээ байсан. Энэ шийдвэрийг ардчилагчид алга ташин хүлээн авсан бол харин “популист”-уудад таалагдсангүй. Үүнийгээ “Бурханы тавилан” гэж нэрлээд тус намын мандатаар УИХ-д хэдэнтээ сонгогдсон хоёр ч гишүүн гараад явчихсан. Нэг нь цагтаа ардчилсан нам дээр ирж “амь авраач” гэж гуйн, аавын хаалга татахаас мултарч чадсан Ж.Батзандан. Харин нөгөөх нь ардчиллын буянаар банкны эзний тавилангаар амьдарч буй Л.Болд.

Иргэдийнхээ боломжийг хулгайлсан Засгийн газартай хариуцлага тооцохыг дэмждэггүй сөрөг хүчний гишүүн байж болдгийг монголын улс төрийн түүхэнд тэр хоёр л анх удаа батлан харуулсан ч байж магад. Ийнхүү зарчимгүй зангаасаа болж намаасаа жийгдсэн тэдний өширхөл ардчилсан нам дотор ассан гал дээр яах аргагүй тос нэмж байна. Тэд бас шинэ нам байгуулахаа зарласан. Гэхдээ нам байгуулах нь нэг хэрэг ч, гишүүдээ манлайлах нь өөр асуудал. Харин Ж.Батзандан, Л.Болд нар бусдыг дагуулах лидер мөн үү гэдгийг цаг хугацаа харуулана.

АХ НАРЫН ҮГЭЭР ДҮҮ НАР ТАЛЦАВ

Ардчилсан нам олон фракцын нэгдэл гэдэг ч яг одоогоор С.Эрдэнийн тал, З.Энхболдын тал гэсэн хоёр хэсэг болчихоод байна. Ах нарыгаа дагаад залуучууд нь хүртэл хоёр талдаа гарсан.

С.Эрдэнэболдоор удирдуулсан ардчилсан залуучуудын холбоо намынхаа өнөөгийн удирдлагуудын талд зогсож буй бол, П.Галиндэв тэргүүтэй хэсэг залуус Н.Алтанхуяг, З.Энхболд нарын бодлогоор акц хийж явна.

МАН-ын эсрэг хийх их аян нь дотоодын “иргэний дайн” болж хувирах магадлалтай

П.Галиндэвийн хувьд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Гансүхтэй садан төрлийн хүн. Өөрөөр хэлбэл, З.Энхболдын явуулгаар улс төр хийж буй гэдгийн нотолгоо. Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намын дарга тэрбээр ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн гэгчийг байгуулж, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарыг огцруулах операцад толгойлон зүтгэж байна. Харин С.Эрдэнэболд тэргүүтэй залуучууд намын дэргэдэх албан ёсны ТББ-ын тэргүүний хувиар намынхаа одоогийн удирдлагуудын улс төрийн шийдвэрийг дэмжих, “гал хамгаалагч” маягтай байгаа билээ.

ОНЦ ИХ ХУРАЛ ЦУЦЛАГДАЖ “ХУРАЛДАЙ” БОЛСОН НЬ

Энэ сарын 5-нд болох хаврын чуулганы нээлтийн өдөр ардчилсан намаас эрх баригчдад хандсан улс төрийн эсэргүүцлийн жагсаал хийх гэж буйгаа мэдэгдсэн. Харин үүнийгээ “онц их хуралдай” хэмээн нэрлэжээ.

Жагсаалын гол зорилго үнэмлэхүй олонх МАН-ыг 2016 оны УИХ-ын сонгуульд өгсөн амлалтаа биелүүлэх, ЖДҮХС-гийн зээл болон 60 тэрбумын хэрэгтэй холбогдсон албан тушаалтнууддаа хариуцлага тооцохыг шаардах аж.

Мөн Монгол Улсыг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-д элсүүлэхийг эсэргүүцэж буйгаа энэ үеэр илэрхийлнэ гэсэн юм. Түүнээс гадна ардчилсан нам ЖДҮХС-нд татвар төлөгчдийн мөнгөөр хөрөнгө суулгаж, түүнийгээ Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүд, МАН-ын нөлөө бүхий улстөрчдөд хувь тэнцүүлэх байдлаар хуваан өгсөн нь жирийн иргэдийн боломжийг хулгайлсан увайгүй үйлдэл. Эрх баригч нам нь ард түмнээсээ хулгай хийж буй энэ үйлдэлдээ хариуцлага хүлээж, жинхэнэ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн өмнө бурууг нь хүлээлгэх ёстой гэж ардчилсан нам үзэж байгаа аж. Харин УИХ-аар бүх шатны шүүх, прокурорын удирдах албан тушаалтныг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлдөг байх УИХ-ын шийдвэрийг эсэргүүцэн онц их хурал зарласнаа цуцалжээ. Хурлаа цуцлаад, “хуралдай” нэртэй жагсаал хийх бололтой.

Эрх баригчдад хариуцлага тооцох зорилготой хурал нь тэртэй тэргүй тэсрэхэд бэлэн дотоод зөрчлийг нь эвгүйтүүлэх шинжтэй болсон тул цуцалсан гэж эх сурвалж хэлж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчний хувиар эрх баригч МАН-ын эсрэг хийх их аян нь дотоодын “иргэний дайн” болж хувирах магадлалтай гэсэн үг. Ямар ч байсан ханш нээх цагаар ардчилсан намын эхлүүлэх хаврын улс төр нам доторх тэмцлээр үргэлжлэх нь тодорхой боллоо. Сонгууль ойртож байхад юу эс болох билээ.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих