БОАЖ-ын сайд асан Г.Шийлэгдамба Богдхан ууланд 209, Тэрэлжид 59 хүнд газар олгосон байжээ
Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурт хэдэн хүнд газар эзэмших эрх олгосон талаар УИХ-аас ажлын хэсэг гарган судалжээ. Тус шалгалтынхан нэлээд олон ноцтой зөрчил илрүүлсэн бөгөөд гаргасан алдааг яаж засах талар УИХ дээр ярилцах аж. Шалгалтаар БОАЖ-ын яамнаас Богдхан уул, Горхи-Тэрэлжид хамгийн их газар эзэмших эрх олгосон буруутнаар сайд асан Г.Шийлэгдамба тодроод байгаа аж. Тэрбээр Тус салбарын сайдаар ажиллах хугацаандаа Горхи-Тэрэлжид 59, Богдхан ууланд 209 хүнд газар эзэмших зөвшөөрөл олгосон байна. Үүний дотор түүний хувь эзэмшиж байсан “Гэр хорооллын барилгажилт” ХКХ-ны битүүмжлэгдсэн барилгатай газар ч буй юм. Мөн тэрээр зөвхөн Зайсангийн аманд гэхэд л газар эзэмших 50 эрхийг хувь хүн аж ахуй нэгжид олгосон байж. Богдхан уулын тусгай хамгаалалтын газрын дарга асан Түмэнхүү Зайсангийн амны нэг га газрыг 100,000 ам,доллараар зарж байсан нь баригдаж шоронд орсон билээ. Харин Г.Шийлэгдамба сайдтан “Үүргэвч үүрээд оюутан болсоон, би” гээд гадаадад зугаалж явна. Тэрбээр гадаадад сурч, зугаалах сөнгөө хаанаас олсон бэ гэдгээс эхлээд сайдын цалингаас өөр ямар орлоготой байсан бэ гээд судлаад үзвэл гар баригдаж нүдэнд үзэгдэх бизнес алга. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны ТУЗ-д байхдаа л мөнгө төгрөг идээгүй юм бол түүнд тийм их орлого өгөх бизнес харагдахгүй байгаа юм.
Өнөөдөр Зайсангийн амны нэг га газар олон сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа бөгөөд тэнд хууль зөрчин байшин барьсан аж ахуй нэгж, иргэдийг хэрхэх нь ойлгомжгүй байгаа юм. Хууль тэгш үйлчлэх ёстой гээд УИХ-ын гишүүд том том дуугараад энгийн иргэдийн эсрэг чангараад байдагч яс юман дээр юу ч хийж чаддаггүй нь эндээс харагдаж байгаа юм. Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэг их сүрхий царайлдаг ч хууль зөрчсөн нь тодорхой харагдаад байгаа эл үйлдлүүдэд хариуцлага тооцож чадахгүй л байна. Чадахгүй байгаа нь ч тодорхой шалтгаантай биз.
Бас энд нэг зүйлийг онцлоход Г.Шийлэгдамбын олгосон тэдгээр газар, бүгд аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрлөө авчихсан мөртлөө зарим нь орон сууц барьж иргэдэд худалдсан байгаа нь анхаасаа тохиролцсон мэт санагдана. УИХ-аас гарсан ажлын хэсэг энэ дүнгээ хаврын чуулганд танилцуулах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд тэр үеэр газар эзэмшдэг гишүүдийн нэрс ч нийтэд дэлгэгдэх байх гэж найдна.
URL: