Л.Оюун-Эрдэнэ: Солонгосын казиногийн байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг гаргуулж авсан

dab6633ab6d7895797b2f0ead9d549a7

Төрийн албан хаагчид, дарга нар гадаадад очиж казино, мөрийтэй тоглохыг хориглох тухай асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж шийдүүлсэн.

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусмагц төрийн албан хаагчдын ёс зүйтэй холбоотой энэхүү чухал шийдвэрийг танилцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзсан юм.

Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийг ТӨБЗГ-тай хамтарч төрийн албан хаагчдад ойлгуулах, сурталчлах, сургалт зохион байгуулах, улирал тутамд энэ хүрээнд хийсэн ажлаа тайлагнах, хэрэгжилтийг нь хангуулах зэрэгт ТАЗ анхаарахыг Л.Оюун-Эрдэнэ сайд тус зөвлөлийн гишүүдэд чиглэл болгосон юм.

Тэрбээр, “Сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон.

Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Гэтэл багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчид болохоор цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж 3 сараар ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч ийм шийдвэр гаргасан. Үүний хэрэгжилтийг ТАЗ хариуцаж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гэсэн юм.

Үүнээс гадна Засгийн газраас Монгол улсын өнгөрсөн 27 жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хамгийн гол алдаа нь хөгжлийн бодлогын асуудал болон хүний нөөц буюу төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон.  Үүнтэй холбогдуулж Монгол улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6-р үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.

Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах вэ, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг хүмүүсийг төрийн албанд давуу эрхээр яаж татах вэ, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ гэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлоод ТАЗ-ийг санасан хэмжээнд сайн ажиллаж байна хэмээн дүгнэсэн юм.

Энэ оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар Монгол улсын төрийн албан хаагчдын тоо 193,557 байгаа аж. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд анх баталж гаргаснаас хойш 2019 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг 4 үе шаттай хийгээд байгаа аж. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих