Б.Бат-Энэрэл “Сэтгэлийн залбирлан” тоглолтын бүх орлогоо Э.Маргад-Эрдэнэд хандивлахаар боллоо
Э.Маргад-Эрдэнэ гэх зургаан настай бяцхан хүүг буруу оношилсноос болж эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул тулгараад байна. Хүү мэдрэлийн эсийн хорт хавдартай байсныг лабораторит бөөрний хорт хавдар гэж буруу оношилж улмаар химийн хүчтэй эмчилгээ, бөөрний хагалгаа хийлгэж эрүүл мэндээрээ давхар хохирсон юм.
Харин өнөөдөр Э.Маргад-Эрдэнэ хүү мэдрэлийн эсийн хорт хавдар хэмээн оношлогдож БНСУ-д эмчлэх боломжтой гэсэн байна. Харин эмчилгээний зардал 400 сая вонн буюу нэг тэрбум төгрөг юм. Тийм ч учраас хүүгийн аав ээж “Маргад-Эрдэнэ Миний эрдэнэ” хандивын аяныг өрнүүлээд байсан юм. Тэгвэл МУГЖ дуучин С.Батсүх, түүний шавь бяцхан дуучин Б.Бат-Энэрэл нар “Сэтгэлийн залбирлан тоглолтоо зохион байгуулан олсон бүх орлогоо Э.Маргад-Эрдэнэ хүүд хандивлахаар болсон байна.
Хэдийгээр Б.Бат-Энэрэл хүүгийн хувьд ӨМӨЗО-нд уран сайхны киноны зураг авалттай байсан хэдий ч үе тэнгийн найз Э.Маргад-Эрдэнэдээ туслахаар шийдэж 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Сэтгэлийн залбирлан” тоглолтоо хийхээр болжээ. Бяцхан авьяаслаг хүү Б.Бат-Энэрэл өөрөө харааны эмчилгээ хийлгэж Монголын ард түмнийхээ хандив тусламж сайхан сэтгэлийн хүчээр илүү холыг хардаг болсон учраас үе тэнгийн найзаа аваръя гэж бодсон хэмээн хэвлүүхэн ярьж сууна.
Тиймээс уншигч та бүхэн ч бас “Сэтгэлийн залбирлан” тоглолтыг үзэж Э.Маргад-Эрдэнэ хүүд тусламжийн гараа сунгаарай.
Дашрамд дурьдахад Э.Маргад-Эрдэнэ хүү өнөөдөр БНСУ-ын Сөүл хотын Самсунг эмнэлгийг зорьж байгаа юм. Хүүтэй холбоотой эмчилгээний үйл явцын талаар Үндэсний мэдээ NTN телевиз хүүгийн хандивын аяны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан цаг алдалгүй хүргэж байх юм.
ӨГСӨН НЬ АВАХААС ИЛҮҮ ЕРӨӨЛТЭЙ. ЭНЭХҮҮ АЯНЫ ХҮРЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСЧ БУЙ ХҮН БҮХЭНД НЭЭЛТТЭЙ.
URL: