Амиа хорлосноос бус хорлуулснаас нь бурууг хайя

“Өнгөрсөн амралтын өдрүүдэд гурван хүн амиа егүүтгэсэн байна. Бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн 32 настай эмэгтэй “М” нь гудамжны гэрлийн шонгоос өөрийгөө боомилж нас барсан байжээ”….

Иймэрхүү мэдээг өдөр болгон хэвлэл мэдээллээс уншсаар одоо бараг л “улиг” болж байгаа гэхэд хилсдэхгүй. Цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээлэлд өгдөг ганц мэдээ нь энэ гэж хэлдэг ч амралтын хоёр хоногт гурван хүн амиа хорлосон байна.

Цагдаа нарын хамгийн дургүй хэрэг нь амиа хорлолт. Хүн ер нь хэзээ амиа хорлож болдог гэдгийг мэдсэн юм бол. Амьдрах гэж ирчихээд яагаад амьдарлаас уйддаг юм бол. Яагаад… Зөвхөн энэ үгний хариултыг олох гэж олон ч сэтгэлзүйч, эрдэмтэд ажилласан. Тэд шалтгааныг олон янзаар тайлбарладаг. Сэтгэл гутрал, ар гэрийн дарамт, бүтэлгүй дурлал, ганц бие эмэгтэйчүүд гэр бүлийн салалт, нийгэм, хүрээлэн байгаа орчин гэх мэтээр шалтгааныг тогтоосон. Гэсэн ч амиа хорлолт багасаагүй улам л нэмэгдсээр байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар амиа хорлолт нь сэтгэл гутралын үед бий болдог аж. Хүмүүс зөвхөн солиотой өвчтэй хүн л амиа хорлодог гэж боддог. Гэтэл амиа хорлож байгаа хүмүүс дандаа эрүүл хүмүүс, бүр эрэгтэйчүүд дийлэнх нь байдаг судалгаа бий.

Хэн нэгний мууг үзэх гэж ингэж бичээд байгаа хэрэг биш. Зөвхөн амиа хорлох болсон шалтгаан юунаас болдог гэдгийг л анхаармаар байна. Өсвөр насны хүүхдүүд гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорложээ. Хэн тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн бэ. Хариулт нь ар гэр, үерхэж нөхөрлөж байсан хүмүүс. Тэгэхээр амиа хорлож байгаа тэр хүүхэд биш түүнийг ийм шийдвэр гаргахад хүргэсэн, бурууг зөөллөж хэлж чадаагүй аав ээжийн буруу байх. Амиа хорлосноос нь биш хорлуулах шалтгаан, сэдлийг өгсөн хүмүүсээс бурууг хайя.

Амьдрах сайхан, амьд явах бүр ч сайхан гэсэн үг байдаг. Амьдарлын үнэ цэнийг ухаарсан залуучууд, ахимаг насны хүмүүс тэгвэл яагаад амиа хорлох болов. Хариулт нь бүтэлгүй дурлал, өр, гэр бүлийн маргаан, санамсаргүй, санаатай хийсэн уучлашгүй алдаанууд. Гэхдээ энэ аминаасаа уйдах шалтгаан огт биш. Зөвхөн хажууд нь байгаа тэр хүмүүс амиа хорлох сэдэл төртөл нь тухайн хүнийг сэтгэлийн дарамтад оруулж байна.

Өмнөд Солонгост амиа хорлолт өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдэж, амиа хорлох гэмт хэргийн тоогоор дэлхийд тэргүүлж байсан. Мөн л хөрш Японд ийм хэрэг тасралтгүй өссөн байна. Хоёр улс үүнийг нэг нэгнийхээ буруу болгож байсан ч эцэстээ сэтгэлзүйн зөвлөгөө өгөх газрыг нэг гудамж болгонд хоёр, гурваар нь байгуулж, телевиз интернэтээр тусгай хөтөлбөр явуулж, нэвтрүүлэг гаргадаг болсноор амиа хорлолт эрс багассан байна.

Бид яагаад суралцаж болохгүй гэж. Тэднийг амьдралаас уйдах, сэтгэл санааны хямрал, гутралд ороход нь хажууд нь байж туслах найз нөхөд, хайр халамж үгүйлэгдэж байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Сэтгэлээрээ баярлаж гуниж явдаг. Тиймээс өчүүхэн жаахан бэрхшээлийг асуудал гэж хүлээж авдаггүй байх сэтгэлийн хат, тэнхээ дутаж байна. Бурууг зөвхөн өнөөдрийн нийгэм, сэтгэлийн гутрал гэсэн энгийн шалтгаан руу түлхэх бус миний хайртай хүн яагаад амиа хорлох болов, би түүнд юуг нь дутуу өгсөн юм бол, ямар зан, ааш, үг үйлдэл минь түүнийг энэ шийдвэр гаргахад хүргэсэн юм бол хэмээн бурууг өөрсдөөсөө хаймаар байна.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих