“Brexit”-ийн гэрээг батлахыг Их Британид уриалжээ
Их Британи Европын холбооноос гарах хугацааг хойшлуулахын тулд “Brexit”-ийн гэрээг батлахыг Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Их Британийн парламентад уриалсан байна.
Ж.Юнкер лхагва гарагт Европын парламентын хуралдааны үеэр хэлэхдээ, Их Британийн парламент гэрээг дөрөвдүгээр сарын 12 гэхэд баталсан тохиолдолд “Brexit”-ийг тавдугаар сарын 22 хүртэл хойшлуулах боломжтой гэв. Мөн тэрбээр, гэрээг батлаагүй тохиолдолд хугацааг сунгах боломжгүй гэж нэмж хэлжээ.
Парламентын гишүүд гэрээг батлахгүй байгаатай холбогдуулан Европын Холбооноос гарах хугацааг хойшлуулахыг дахин хүснэ хэмээн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мей энэ долоо хоногийн мягмар гарагт мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэрбээр өөр төлөвлөгөө боловсруулах чиглэлд Засгийн газартай хамтран ажиллахыг сөрөг хүчний Хөдөлмөрийн намд уриалсан юм. Хөдөлмөрийн намын гишүүд үүнд нааштай хариулт өгсөн байна.
Европын Холбоо асуудлыг хэрхэн шийдэх талаарх Т.Мейн саналыг сонсохоор дөрөвдүгээр сарын 10-нд дээд хэмжээний тусгай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.
URL: