Ким Жон Унд итгэл хүлээлгэсэн мөч ингэж эхэлсэн

238137-03042019-1554276673-1863153820-11Screen_Shot_2019-04-03_at_3.29.30_PM_copyКИМ ЖОН УН АЖИЛ ХЭРГИЙГ ТЭР ДОР НЬ ГАРТАА АВЧ ЧАДСАН

БНАСАУ-АНУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалт нэг тиймэрхүү өнгөрч, дэлхий дахины итгэл унтрах зам руугаа гулслаа. Залуу Кимд баахан итгэл үзүүлээд бас давхар улс төрийн шоу хийчихнэ гэсэн Трампын тооцоо энэ удаа замхран одов. Ам нь түргэдээд Солонгосын хойд хэсэгт цэцэглэн хөгжсөн капитализм байгуулж өгнө хэмээн амлачихсан, өөрсдийнх нь нийгмийн байгуулал (70 жилийн цуцалтгүй их хөдөлмөр), коммунист үзэл суртал, Чүчхейн аугаа хүчийг ор тас үгүйсгэчихсэн учраас цаадуул нь хаалгаа хаагаад авах нь тэр.

Олон жил дайтаж, дараа нь үзэн ядалцаж явсан коммунист капиталист Вьетнамыг амьд үзмэр болгон харуулахын тулд хэргээр Ханойг сонгож авсан нь харин хойдуулд санаа сэдэл өгсөн байх магадлалтай. Коммунист намын хатуу хяналт дор зах зээлийн нийгэм байгуулж, зах зээлийг чөлөөлж болдог гэдгийг вьетнам нөхөд нь тун болгоомжтой ярьж, ятгасан байх болтугай!

Залуу Кимд баахан итгэл үзүүлээд бас давхар улс төрийн шоу хийчихнэ гэсэн Трампын тооцоо энэ удаа замхран одов.

БНАСАУ-АНУ-ын удирдагчдын уулзах газраар Улаанбаатар маань сонгогдоогүй нь нэн харамсалтай. Харин яагаад сонгоогүй, Ханой руу чиглэлээ өөрчилснийг дээр товч өчлөө.

Дээр нь албан бус мэдээллээр бол Улаанбаатарын агаарын ба экологийн бохирдол, УИХ-ын даргыг огцруулах гэж УИХ-аа хоёр сар гацаасан, улс төрийн ойворгон тогтворгүй байдал, эрх баригчдынх нь авлига, санхүүгийн хэт сул сахилга, хүн амын ядуурал ба бухимдлын талаар Улаанбаатар дахь АНУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамд судалгаа нэгд нэгэнгүй хийж нийслэл рүүгээ илтгэл танилцуулга бишгүй нэг илгээсний гор юм болов уу. Бид хэнийг ч урин залж болно, гэхдээ өөрсдөө тавьтиртай, соёлч хичээнгүй байх ёстойг дахин нэг хэлээд өгсөн байх болтугай!

Ким-Трамп нарын Ханойн уулзалтыг ингэсгээд азнаж, өөр сэдэв рүү оръё. Гарчигт өгүүлсэн сэдэв. Ингэхэд Ким Чен Ун (Оросоос монголчилсон галигаар), монгол дуудлагаар бол Ким Жон Ун, солонгос хэлнээс шууд сонсож буулгавал Ким Чен Ын, Ким Чонъы́н гэх энэ залу анхлан засгийн эрх авсaн төр түүхэн мөч монгол уншигчдад сонин байх болов уу. 2011 он руу ухарч хүүрнэе.

Солонгосын Хөдөлмөрийн Намын (СХН) Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны дарга, Солонгосын ардын армийн дээд командлагч маршал Ким Жон Ил нас нөгчсөнтэй холбогдуулан БНАСАУ-д 10 хоногийн гашуудал зарлаж, оршуулгын комиссыг 232 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь Ким Жон уныг томилж байсан баримт хуучраагүй. Оршуулах ёслол шинэ оны босгон дээр буюу арванхоёрдугаар 28-нд болж, 29-нд төв талбайд гашуудлын цуглаан хийсан ба оршуулах ёслолд гадаадын төлөөлөгч урихгүй өнгөрчээ.

Ким Жон Илийн шарилыг Кымсүсаны дурсгалын ордон буюу Ким Ир Сений мавзолейд байрлуулж, ард түмэн салах ёс гүйцэтгэжээ. Тэр өдрүүдэд хөдөө мужуудад хөл хорьсон мэдээ байсан боловч Пхеньянд зах, дэлгүүрээс бусад үйлчилгээний газар, албан байгууллага үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан ба мөн сарын 20-ноос эхлэн БНАСАУ-ын хэвлэл мэдээллээр их удирдагч Ким Жон Ил даргын гэрээслэлийн дагуу хувьсгалын үйл хэргийг Ким Жон Ун цуцалтгүй үргэлжлүүлнэ гэсэн агуулгатай мэдээ хөвөрч байв.

“Ким Жон Ун даргын удирдлага дор хувьсгалын үйл хэргийг үргэлжлүүлье!” гэсэн уриа лоозон хот хөдөөд үлэмж үзэгдэх болжээ. Тэр үед тус улсын ГХЯ-ны ёслолын хэлтсээс албан ёсоор “Аугаа их удирдагч Ким Жон Ун-д” гэж хаягласан эмгэнэлийн цахилгаан утас хүлээн авна гэсэн ноот тарааж байсныг үзэхүл залгамжлагч ба түүний албан албан тушаал нэгэнт тодорхой болсон байсан мэт.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нараас Ким Жон Унд эмгэнэлийн утас 2011 оны арванхоёрдугаар сарын 20-нд илгээсэн байдаг. Тэр үеийн УИХ-ын Дэд дарга, ЕТГ-ын дарга, ҮАБЗ-ийн НБД, Гадаад харилцааны сайд, Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга, мөн Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх гэхчлэн манай албаны хүмүүс Улаанбаатар дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд тус тус очиж эмгэнэл илэрхийлж байжээ.

Хятадын хувьд БНАСАУ-ын дотоодод байдлыг тогтвортой байлгах, хяналтаасаа алдахгүй байх, тус улсын удирдлага Ким Жон Ун-д тайван замаар шилжих нь чухал байгааг тэмдэглэж байжээ.

Ким Жон Ил нас нөгчсөн ба залгамжлагч нь тодорсонтой холбогдуулан БНАСАУ-ын түнш, харилцагч, дайсагнагч бүх улс орнууд ихээхэн анхааралтай хандаж, байр сууриа дор дор нь илэрхийлж байлаа. Гадаад орнуудаас тус улсын хамгийн гол түнш, ах дүүсэг улс болох БНХАУ байр суурь ба дэмжлэгээ илэрхийлсэн байв.

Эмгэнэл зарласан даруйд хамгийн түрүүнд ХКН-ын Төв хороо, Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо, БНХАУ-ын Төрийн Зөвлөл, БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөл, Гадаад хэргийн яамнаас БНАСАУ-ын төр, засгийн удирдлагад тус тус эмгэнэлийн утас илгээснээс гадна БНХАУ-ын дарга Ху Жиньтао Бээжин дэх БНАСАУ-ын ЭСЯ-нд биечлэн очиж эмгэнэл илэрхийлжээ. Хятадын хувьд БНАСАУ-ын дотоодод байдлыг тогтвортой байлгах, хяналтаасаа алдахгүй байх, тус улсын удирдлага Ким Жон Ун-д тайван замаар шилжих нь чухал байгааг тэмдэглэж байжээ.

Тэр өдрүүдэд гадаадын зарим хэвлэлд бичсэнээр Ким Жон Ил нас барсан тухай мэдээг 56 цагийн дараа нийтэд мэдээлсэн нь түүний үхлийн шалтгааныг тогтоох, мөн энэ асуудлыг гадна талд хэрхэн мэдээлэх талаар өвөр дотроо болон хятадын талтай урьдчилан зөвлөлдсөн байх магадлалтай хэмээн хардаж байв.

Хятадын дараа эв санаа нэгтэйгээ Орос илэрхийлжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев оршуулгын комиссын дарга Ким Жон Ун-д эмгэнэлийн утас ирүүлж, хоёр орны харилцааг БНАСАУ-ын шинэ удирдлагаар дамжин үргэлжүүлэн хөгжүүлэх, Солонгосын хойгийн энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө нягт хамтран ажиллахаа мэдэгдсэн ба Гадаад хэргийн сайд С.Лавров Москва дахь БНАСАУ-ын ЭСЯ-нд очиж эмгэнэл илэрхийлжээ.

Гэх мэт найрсаг түншүүд хандсан бол өрсөлдөгч, сөргөлдөгч өмнөд Солонгос хэрхсэн бол? БНСУ-ын Засгийн газар 12 дугаар сарын 20-ны үдээс хойш мэдэгдэл гаргаж, Умард Солонгосын Засгийн газарт бус, ард түмний уй гашууг хуваалцаж байгаагаа илэрхийлээд хоёр Солонгос нь хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллана гэж найдаж байгаагаа мэдэгджээ.

Оршуулах ёслолд төр, засгийн түвшинд элч, төлөөлөгч илгээхгүй, харин Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, “Хендэ Асан” компанийн Ерөнхийлөгч асан Жөн Мон Хүний ар гэрийнхэнд Умард Солонгост очиж эмгэнэл илэрхийлэхийг зөвшөөрөв гэсэн мэдээ хэвлэлд явж байсан нь анхаарал татсан болов уу. Учир нь Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүн, “Хендэ Асан” компанийн Ерөнхийлөгч асан Жөн Мон хүн нас нөгчихөд Умардын талаас зохих хэмжээнд хүндэтгэл үзүүлж, төлөөлөгч ирүүлж байсныг бодолцсон байх.

Харин улс төрийн хувьд сүржигнэсэн явдал тохиосныг буруушаах аргагүй. Өмнөдийн зэвсэгт хүчин, хүчний байгууллагуудыг байлдааны бэлэн байдалд оруулж, төрийн албыг онц байдлын журамд шилжүүлж, мөн Ерөнхийлөгч Ли Мен Баг нь ард түмэндээ хандан тайван амгалан байж, ажил төрлөө хэвийн явуулахыг уриалж байжээ.

АНУ-ТАЙ ХАЛЗ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙХ ЛУТ ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЖ ЧАДСАНААРАА СОЛОНГОСЫН ТҮҮХНЭЭ ҮЛДЭНЭ

Японд сандарч мэгдсэн явдал гарсан. Юу юугүй ҮАБЗ-өө хуралдуулж, нийт яам, тамгын газруудад Умард Солонгосын өнөөгийн байдлын талаар мэдээлэл цуглуулах, АНУ, БНСУ, БНХАУ-тай мэдээлэл солилцох, мөн онцгой байдалд бэлэн байх гэсэн чиглэл өгсөн ба Японы Батлан хамгаалах яамнаас хийсэн мэдэгдэлд: Энэ хэрэг явдлаас үүдэн

1. Япон, АНУ руу хойдуул баллистик пуужин харвах
2. Солонгосын хойгт зэвсэгт мөргөлдөөн дэгдэх, Умард Солонгосын зэвсэгт хүчний удирдлага хяналтаас гарч Өмнөд Солонгостой зэвсэгт мөргөлдөөн өдөөх
3. Умард Солонгосоос олон тооны дүрвэгсэд хил давж алга болох, японд дүрвэн ирэх зэрэг аюул учирч болзошгүй хэмээн сүржигнэн мэдээлж байжээ.

Японы БХЯ-ны мэдэгдэлд цаашаа юу юу гэж бичсэн нь сонин. Умард Солонгосын дотоод байдал тогтворгүй болсон тохиолдолд юу болохыг тааж хэлэхэд хэцүү хэмээгээд Японы Далайн эргийн хамгаалалтын алба 19-ний үдээс хойш онцгой ажлын штаб байгуулж, Япон тэнгис дэх хяналт, хамгаалалтын усан онгоцны тоог нэмэгдүүлж, далайн эргээр байрлах цөмийн цахилгаан станцуудынхаа хамгаалалтыг нэмэгдүүллээ гэсэн байв.

Тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, солонгос үндэстэн Бан Ги Мүн БНАСАУ- ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, НҮБ тус улсад үзүүлж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ.

АНУ-д айлчилж байсан Японы Гадаад Хэргийн сайд нь “Умард Солонгос энхийн замаар, бүс нутгийн тогтвортой байдлыг хадгалах зарчмаар тогтолцоогоо өөрчлөх нь АНУ, Япон улсын нийтлэг эрх ашиг мөн” хэмээн тэмдэглэж байжээ.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоны мэдэгдэл Вашингтонд гарчээ. Үүнд Умард Солонгосын шинэ удирдлага хөрш орнуудтай харилцаагаа сайжруулах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хүний эрхийг хүндэтгэх сонголт хийнэ гэж найдаж байгаагаа илэрхийлж, Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрин үеийг нээхэд АНУ Умард Солонгосын шинэ удирдлага, ард түмэнд туслахад бэлэн байна гэсэн байв.

Тэр үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, солонгос үндэстэн Бан Ги Мүн БНАСАУ-ын ард түмэнд эмгэнэл илэрхийлж, НҮБ тус улсад үзүүлж буй тусламж дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгийг мэдэгджээ.

Энэ мэтээр АНУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон зэрэг гол гол орнууд тэр өдрүүдэд Ким Жон Илийн дараах БНАСАУ-ын дотоод байдлыг төсөөлөхийг оролдож байсан боловч тодорхой дүгнэлт гаргахад эрт байсан болов уу. Яг үнэндээ БНХАУ, ОХУ, БНСУ-ын хувьд БНАСАУ-ын дотоодод гэнэтийн өөрчлөлт гарч, эмх замбараагүй байдал үүсэхээс болгоомжилсон. Японы тухайд болзошгүй, төсөөлшгүй алхмаас сэргийлэх, Японы арлууд руу Хойд Солонгосын дүрвэгсдийг илгээчихнэ гэсэн сценари яригдсан.

Харин АНУ зэрэг өрнөдийн орнууд БНАСАУ-ын шинэ удирдагч ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, цөмийн хөтөлбөр, хүний эрх зэрэг асуудлаар дорвитой алхам хийхийг уриалсан, өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл баримталсан утопи мөрөөдлийнхөө өнгө аястай мэдэгдэл хийж байсан бололтой.

Тэр өдрүүдэд гадаадын хэвлэл, гадаадын судлаачид БНАСАУ-д үүссэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан урьдчилсан дүгнэлт олныг хийж байсан ба заримаас нь дурдаж болох юм.

Юу гэвэл ойрын 1-2 жилдээ БНАСАУ-ын дотоод улс төрийн байдалд гэнэтийн өөрчлөлт гарахгүй бөгөөд нэг хэсэгтээ засгийн эрх мэдэл Солонгосын Хөдөлмөрийн Нам, Батлан хамгаалах хорооны хамтын удирдлагад шилжих байх гэсэн нь амьдрал дээр нотлогдоогүй. Улмаар Ким Жон уны байр суурийг аажмаар бэхжүүлэх, Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Батлан хамгаалах хорооны даргын суудалд томилох үйл ажиллагаа явагдана гэсэн нь нотлогдоогүй. Тийм албан тушаалуудыг эцэгтээ үүрд үлдээж, өөрөө өөр албан тушаалтай болсон, тэр тухайгаа ч хуульчилсан. Аажмаар бус бараг тэр дороо Ким Жон Ун ажил хэргийг гартаа авч чадсан.

Харин залуу удирдагч маань өвөг эцэг, эцгийнхээ өнө удаан жилийн мөрөөдөл болох АНУ-тай шууд халз хэлэлцээ хийх лут хүслийг биелүүлж чадсанаараа Солонгосын түүхнээ мөнхөрснийг хүлээн зөвшөөрч хүндэтгэх ёстой.

БНАСАУ-ын өнөөгийн дэглэм тогтвортой байх эсэх дээр ихээхэн эргэлзээ байсан нь худлаа болж таарсан. 2011 оноос хойш энэ улс маш тогтвортой оршиж байна. Ким Жон Ун байр сууриа хэрхэн баттай авч явахаас тогтвортой байдал шалтгаална гэсэн нь үнэний ортой байсныг үгүйсгэхгүй.

“СХН, цэргийнхний дотор Ким Жон Унд дургүй, Ким овогтны ноёрхлыг цаашид үргэжлүүлэхийг таашаадаггүй хүмүүс өөрчлөлт хийх оролдлого гаргаж болохыг үгүйсгэхгүй”, “БНАСАУ-ын байдал цаашид тогтвортой байх эсэх нь эргэлзээтэй асуудал байх төлөвтэй” гэсэн таамаг дүгнэлт гадаадын хэвлэлүүдэд явж байсан нь нотлогдоогүй. Тийм хүмүүсийг залуу Ким цэвэрлээд, шийтгээд дуусгаж байгаа гэдэгтэй бол санал нийлж болохоор.

АНУ, БНСУ, Япон, БНХАУ цаашид байнга зөвлөлдөж ажиллах нь зайлшгүй гэсэн дүгнэлт барууны хэвлэд байнга бичээтэй байсан нь нотлогдоогүй. Залуу Кимийг байр сууриа зөв олоход энэ дөрвөн улс туслах ёстой мэт өөрсдөдөө ачаа үүрүүлэхийг Ким Жон Ун таашаахгүй бөгөөд тэрбээр ажил хэргийг гартаа бүрэн авч, АНУ-тай хэлэлцээний ширээнд суугаад, БНСУ, Япон, Орос гурвыг бараг “амьтан” болгочихоод байна.

Харин Хятадын тухайд 2011 онд анхааруулсан уриалга нь бодитой байсныг үгүйсгэхгүй. БНАСАУ-ын шинэ удирдлага байр сууриа олоход БНХАУ-ын дэмжлэг туслалцаа, баталгаа зайлшгүй, эдийн засгийн хүндрэлийг туулахад хятадын гүйцэтгэх үүрэг улам чухал болно гэсэн нь яалт ч үгүй үнэн байж таарсан. Ким Жон унийг ятгаж зөөлрүүлэх, “сахилга”-жуулахад Ши Жиньпиний үүрэг их байсан ба байхыг тэмдэглэх хэрэгтэй.

Хэрвээ БНАСАУ-ын дотоодод гэнэтийн өөрчлөлт гарах аваас АНУ, Хятад хоёр л харилцан ажиллаж зохицуулна гэдэг нь үнэн байх. Харин тэр хоёр хойгт нөлөөгөө ихэсгэж, байр сууриа бэхжүүлнэ, өрсөлдөөн ширүүснэ хэмээн таамаглаж байсан нь яг ажил хэрэг болчихоогүй байна.

Эрх мэдлийн хуваарилалтыг хэрхэн хийх, Ким Жон Унд яг хэн зөвлөх, тэрбээр улс төрд хэрхэн суралцахаас Умард Солонгосын хувь заяа ихээхэн шалтгаална хэмээн Японы шинжээчид үзэж байсан нь яг таг нотлогдоогүй.

Ким Жон Уны намтар түүх нь эгэл бус, бас их жирийн, ерөөсөө сонин биш. CV гэж бичих аваас тал хуудас ч хүрэхгүй. “1982.01.08” ба “1984.07.05” гэж төрсөн өдөр нь хоёр янзаар бичигддэг. Физикч мэргэжилтэй. Хожим цэргийн дээд боловсрол эзэмшсэн. 2012 оноос СХН- ыг удирдаж буй, 2016 оноос БНАСАУ-ын төрийн Зөвлөлийн дарга, эцгээ нас барсны дараахан Цэргийн төв Зөвлөлийн дарга, Солонгосын ардын армийн дээд ерөнхий командлагч, 2013 онд Forbes сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн нөлөө бүхий хүний жагсаалтын 46 дугаарт бичигдсэн.

Харин нөлөө бүхий солонгос хүн гэдэг ангиллаар Бан Ги Мүн, “Самсунг”-ийн эзэн Ли Гон Хи нарын дараа, гуравт бичигдсэн. Эцгийгээ амьд ахуйд 2010 онд армийн генерал, 2012 онд маршал цол шагнуулсан энэ залуу Трамптай хоёр удаа уулзсан, БНХАУ-д хэд хэдэн удаа ойр ойрхон айлчилснаас өөрөөр дэлхийд танигдаагүй. Харин залуу удирдагч маань өвөг эцэг, эцгийнхээ өнө удаан жилийн мөрөөдөл болох АНУ-тай шууд халз хэлэлцээ хийх лут хүслийг биелүүлж чадсанаараа Солонгосын түүхнээ мөнхөрснийг хүлээн зөвшөөрч хүндэтгэх ёстой.

“Засгийн газрын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих