Эх орон, Ард түмнээсээ урвагчид ба Эвдэгдсэн УИХ
Эрх мэдэл хүнийг урвуулдгийн нэг адил засаглах эрх мэдэл парламентыг ч бүрмөсөн урвуулав (corrupts). Элбэгдорж-Энхбаяртан Засгийн газрыг УИХ-д авч өгснөөр хурлын хууль тогтоох, улсын, нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэг нь хойш тавигдаж, харин улсыг, нийтийг засаглах нь түүний үндсэн чиг үүрэг, зорилго болов.
4.ЭЛБЭГДОРЖ-ЭНХБАЯРТАНЫ УРВУУЛГА
Үндсэн хууль нь Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэхэд намыг зөвшилцлийн тал болгосноороо намын засаглалыг хадгалсан ч “намтай” эсвэл “намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулах” нь Ерөнхийлөгчийн “үндсэн бүрэн эрх” байсан учир Ерөнхийлөгчийн энэ үндсэн бүрэн эрх нь 1992 оны Үндсэн хуулиар тогтоосон дэглэмийг намын ч, зөвлөлийн ч засаглалаас ялгаж байв. Мөн Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч “намтай” эсвэл “намуудтай зөвшилцөх” ч Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох нь УИХ-ын “онцгой бүрэн эрхэнд” байв. Тиймээс ч Ерөнхийлөгч, УИХ хоёр нь намын засаглалыг хазаарлаж, жийрэглэж байв.
Тийм ч учир Үндсэн хуулиар анх удаагаа байгуулагдсан анхдугаар УИХ 1992 оны 7-р сарын 6-ны өдөр “УИХ-ын тухай” хууль баталж, уг хуулийнхаа 36.2-т “Ерөнхий сайдын албан тушаалд нэг хүний нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчийг Ерөнхийлөгч танилцуулна. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа саналыг нууцаар хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхий сайдыг томилсон тухай тогтоол гаргана”, 36.3-т “Ерөнхий сайдад нэр дэвшигч олонхын санал авч чадаагүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид УИХ зөвлөнө. Дахин нэр дэвшүүлж томилох асуудлыг энэ зүйлд заасан журмаар гүйцэтгэнэ”, 37.2-т “УИХ Засгийн газрын гишүүнд Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүн бүрийг тусад нь хэлэлцэнэ. УИХ-ын гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж, хариулт авсны дараа санал дүгнэлтээ гаргана. Нэр дэвшигчийг Засгийн газрын гишүүнээр томилох талаар санал хураалтыг хүн тус бүрээр явуулна. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан хүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд тооцно” гэж Ерөнхий сайд, Засгийн газрыг байгуулах асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд дахин хуульчилсан төдийгүй Ерөнхий сайдыг томилолтыг санал дүгнэлтгүйгээр, нууц санал хураалтаар шийдэхээр тогтоож УИХ-ын онцгой бүрэн эрхийг хөндлөнгийн нөлөөгүй байхаар хуульчилсан байгаа юм.
Ийнхүү нарийвчлан тогтоосон нь Германы канцлерыг томилоход Германы ерөнхийлөгч нь канцлерын нэрийг дэвшүүлж, Бундестаг нь ямар ч асуулт, хэлэлцүүлэггүйгээр нууц санал хураалт явуулж итгэл үзүүлэх, эсэхээ шийддэгтэй тун ижил журам харагдаж байгаа юм. Түүгээр ч барахгүй Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүнийг УИХ дэмжихгүй бол 14 хоногийн дотор дахин өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчид УИХ зөвлөхөөр тогтоосон 14 хоногийн хугацаа нь Германы Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүнийг Бундестаг нь нууц санал хураалтаар дэмжихгүй бол канцлерыг томилох асуудлыг шийдэх хугацаатай ч ижил байгаа юм. Гэхдээ Германы хувьд Бундестаг нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн хүнийг дэмжээгүй нөхцөлд Бундестаг өөрөө 14 хоногийн дотор шинэ нэр дэвшүүлж нууц санал хураах ёстой байдаг бол уг хууль өөр хүний нэр дэвшүүлэхийг Ерөнхийлөгчийн эрхэнд үлдээсэн нь Үндсэн хуулийн заалтын ёсоор байгаа юм. Мөн Үндсэн хуулиар байгуулагдсан хоёрдугаар УИХ 1997 оны 2-р сарын 6-нд баталсан “Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэг”-ийн тухай хуулийн 15.3-т Ерөнхий сайдыг томилохдоо УИХ “саналыг нууцаар хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ерөнхий сайдыг томилох эсэх тухай тогтоол гаргах” төдийгүй 16.2-т “Засгийн газрын гишүүнээр томилох талаар нууц санал хураалтыг хүн бүрээр явуулна. УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан хүнийг Засгийн газрын гишүүнээр томилогдсонд тооцно” гэж хуульчилж Ерөнхий сайдыг төдийгүй Засгийн газрын гишүүдийг нууц санал хураалтаар томилохоор нарийвчлан тогтоож Засгийн газрыг байгуулах УИХ-ын “онцгой бүрэн эрхийг” улам бэхжүүлсэн байна.
Түүгээр ч барахгүй, Үндсэн хуулийн 24.1-д “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж сонгоно” гэж хуульчилсан байсныг анхдугаар УИХ 1992 оны 7-р сарын 6-ны өдөр баталсан “УИХ-ын тухай” хуулийн 23.2-т “УИХ-д хамгийн олон суудал авсан нам буюу эвсэл УИХ-ын даргын сонгуульд эхэлж нэр дэвшүүлэх эрхтэй”, 23.3-т “УИХ-ын гишүүн УИХ-ын дарга, дэд даргад өөрийн болон бусад гишүүний нэрийг дэвшүүлж болно”, 23.4. “УИХ-ын даргын сонгуульд зөвхөн нэг хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар түүнийг УИХ-ын даргаар сонгогдсонд тооцно. УИХ-ын даргад хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын санал авсан хүнийг УИХ-ын даргаар сонгогдсонд тооцно. Хоёр нэр дэвшигчийн талаар санал тэнцсэн буюу тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол санал тэнцсэн хоёр гишүүний буюу хамгийн олон санал авсан 2 гишүүний талаар дахин нууц санал хураалт явуулна. Гурав дахь удаа санал хураахад хүрвэл энэ зүйлд заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ. УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохдоо зөвхөн нэг хүний төлөө саналаа өгнө. УИХ-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохгүй” гэж хуульчилж УИХ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх, сонгох эрхийг Английн Нийтийн танхимын спикерийн сонгуультай тун ижил журмаар явуулахаар шийдэж, УИХ-ын дарга, дэд даргын сонгуулийг хөндлөнгийн нөлөөнөөс хамгаалсан байгаа юм. Хоёрдугаар УИХ ч мөн 1997 оны 2-р сарын 6-нд баталсан “Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэг”-ийн тухай хуулийн 10.4-т “УИХ-ын даргын сонгуульд зөвхөн нэг хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүний олонхын саналаар түүнийг УИХ-ын даргаар сонгосонд тооцно. УИХ-ын даргад хоёр түүнээс дээш хүний нэр дэвшсэн бол нууц санал хураалт явуулж, санал хураалтад оролцсон гишүүдийн олонхын санал авсан хүнийг УИХ-ын даргаар сонгосонд тооцно. Хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн буюу тэдгээрийн хэн нь ч олонхын санал аваагүй бол санал тэнцсэн хоёр гишүүний хамгийн олон санал авсан хоёр гишүүний талаар дахин нууц санал хураалт явуулна. Гурав дахь удаа санал хураахад хүрвэл энэ зүйлд заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ” гэж анхдугаар УИХ-ын тогтоосон журмыг дахин давтан хуульчлан бэхжүүлсэн байв.
Үндсэн хуулийн заалтыг УИХ-ын тухай хууль, УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуулийг ийнхүү тодотгон хуульчилсныг харвал Ерөнхий сайд, Засгийн газрыг байгуулах журам нь Германы канцлерыг томилдогтой тун төстэй харин УИХ-ын дарга, дэд даргыг сонгох сонгуулийг Английн Нийтийн танхимын спикерийн сонгуультай тун ижил журмаар явуулахаар хуульчилсан байгаа юм. Нэгэнт Ерөнхийлөгч (ҮХ. 31.2.), УИХ (ҮХ. 21.2.) хоёр хоёулаа Монголын төрийн байгууллага, бүх ард түмнээс сонгогддог байгууллагууд учир Монголын төрийн, гэхдээ ардчилсан сонгуулиар байгуулагддаг байгууллагууд төрийн нөгөө байгууллага болох Засгийн газрыг байгуулах ёстой гэж үзвэл Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгч дэвшүүлж, УИХ нууц санал хураалтаар дэмжих нь нь Германы Бундестагийн итгэл үзүүлэхтэй, эсвэл АНУ-ын Сенатын батлахтай (confirmation) төстэй төдийгүй Үндсэн хуулийн 44-т заасан итгэл үзүүлэхтэй нэг утгатай байсан юм. Гэвч Ерөнхий сайд төдийгүй “засгийн газрын гишүүдийг томилох” УИХ томилох, томилохдоо “Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайдын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хүн бүрээр хэлэлцэж томилох” (ҮХ. 39.3.) нь Германыхаас ч, өнөөгийн өрнөдийн парламентын засаглалтай улс орнуудынхаас ч эрс өөр, харин зөвхөн зөвлөлийн засаглалын элемент байв. Гэхдээ энд хэрэглэгдсэн томилох гэдэг ойлголт нь харин ерөнхийлөгчийн, эсвэл хааны хэрэгжүүлдэг эрх мэдэл байв. Учир нь томилох (appoint) нь дээд эрх мэдэлтэн нэг этгээд эрх мэдлийг доош хэн нэгэнд өгөх, тушаах үйлдэл. Харин олон тооны этгээд нэг этгээдэд эрх мэдэл өгөх нь үргэлж шилэлт, сонголт байдаг юм. Учир нь тэд бүгд дээд эрх мэдэлтэн байсан ч этгээд болгон өөр өөрийн томилолттой учир тэд хэн нэгнийхээ томилолтыг сонгох, шилэх хэрэгтэй болдог юм. Тиймээс олон этгээд томилдоггүй, сонгодог, эсвэл шилдэг юм. Тийм ч учир БНМАУ-ын АИХ-ын ч СнЗ-ийг томилдоггүй “байгуулдаг” байсан юм. Тэр тусмаа өөр нэг этгээд (энэ тохиолдолд Ерөнхийлөгч) хэн этгээдийн (Ерөнхий сайдын) нэрийг дэвшүүлэн түүний талаар олон этгээд (УИХ) санал хураах нь хэрэг дээрээ нэр дэвшигдсэн этгээдийг дэмжих эсвэл няцаах л үйлдэл. Тиймээс хэрэг дээрээ Үндсэн хуулиар тогтоосон тогтолцоо нь эцсийн эцэст Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг нэрлэх, томилох, харин УИХ батлах буюу дэмжих (confirm, approve), эсвэл няцаах буюу үл дэмжих (reject or disapprove) л байсан бөгөөд эцсийн эцэст Ерөнхийлөгч л Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх учир Ерөнхий сайд нь эцсийн эцэст Ерөнхийлөгчийн томилгоо байх байсан юм.
Харин “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөх” (ҮХ. 39.2.) нь Франц, Английн Ерөнхий сайд нар сайд нарын нэрсээ ерөнхийлөгч болон хаандаа тус тус санал болгодогтой ижил боловч эцэст нь УИХ томилдог нь мөн л зөвхөн зөвлөлийн засаглалын элемент байв. Гэхдээ “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (29.1) нь цэвэр ерөнхийлөгчийн засаглалын элемент байв. Энэ заалт нь УИХ-ын гишүүдийг Засгийн газарт орохыг хориглосон учир Засгийн газар бүхэлдээ хөндлөнгөөс бүрэлдэх ёстой байв. Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлж, тэр нь УИХ-ын итгэлийг хүлээж байх, гэхдээ Ерөнхий сайд, Засгийн газар нь бүхэлдээ УИХ-аас ангид бүрэлдэх ёстой учир Үндсэн хуулиар байгуулсан төрийн байгууллын хүрээнд авч үзвэл энэ тогтолцоо нь АНУ-ын ерөнхийлөгчийн тогтолцоотой тун төстэй байв. Учир нь парламентын засаглалын системд төдийгүй, Францын хувьд ч Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь парламентын гишүүд байдаг юм. Гэхдээ “Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (31.8.) учир Монгол улсын Ерөнхийлөгч нь Францын төдийгүй Герман зэрэг парламентын засаглалтай улс орнуудынхтай ижил байв. Эцсийн эцэст Ерөнхий сайд, сайд нарын нэрийг дэвшүүлэхэд Ерөнхийлөгч нь зөвшилцөж, УИХ нь нууц санал хураалтаар томилдог учир Монгол улсын Засгийн газрыг ард түмнээр сонгогдсон эрх барих хоёр байгууллага нь ард түмний өмнөөс төлөөлөн байгуулдаг байсан гэсэн үг.
Харин дээр дурдсанаар Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэхэд Ерөнхийлөгчийн зөвшилцөх ёстой нам, болон намууд нь Үндсэн хуулиар байгуулсан төрийн эрх барих байгууллага ч бус, тиймээс ч “Монголын ард түмэн бид” байгуулдаг ч үгүй, сонгодог ч үгүй харин Үндсэн хуулийн 16.10-т зааснаар иргэд “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс…сайн дураараа эвлэлдэн нэгдэн” байгуулдаг төрийн биш харин иргэдийн “сайн дурын” байгууллага байв. Тиймээс “Бүгд найрамдах улсын” ч (ҮХ. 1.1.), “ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх…төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмын” (ҮХ. 1.2) ч үүднээс харвал иргэдийн “ашиг сонирхол, үзэл бодлын сайн дурын эвлэл, нэгдэл” болох нам Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэхэд зөвшилцөх тал болох ёсгүй юм. Гэвч энэ бол Үндсэн хуулийг бүтээгчдийн өссөн, сурсан, дассан зөвлөлийн, намын засаглалын гол байгууллага, БНМАУ-ын Үндсэн хуулийн оршилд “улсын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч … бүхнийг ялагч…нам” гэж хуульчлагдсан байсан нам байсан юм. Чухам уг нам нь буюу МАХН-ын УТТ нь БНМАУ-ын СнЗ-ийг томилох саналыг АИХ-д оруулдаг байсан юм. Тиймээс уг заалт нь чухам энэ уламжлалд хөтлөгдсөн, олзлогдсон заалт байв. Тиймээс энэ нь парламентын засаглалын ч үзэл санаа биш харин намын засаглалын үзэл санаа, туршлага, уламжлал байв. Чухам энэ заалт, энэ нам, Ерөнхий сайд, засгийн газрын гишүүдийг томилох УИХ-ын онцгой эрх мэдэл ба УИХ-ын хязгааргүй хууль тогтоох эрх мэдэлтэй нийлж Үндсэн хуулиар тогтоосон, улмаар 1992-1997 онд дээрх хуулиудаар бэхжүүлсэн тогтолцоог нураасан юм.
Хууль хоёр утгатай болов, заалт дарьтай торх болов.
1992 оны сонгуульд УИХ-ын 70 суудлыг авсан МАХН шинэ Үндсэн хуулийг анх удаа хэрэглэсэн юм. Тиймээс тэдний тогтоох жишиг, уламжлал онц чухал ач холбогдолтой байв. 1992 оны 7-р сарын 21-нд шинэ Үндсэн хуулийн анхны Засгийн газар байгуулагдав. Засгийн газрын 14 сайд УИХ-ын гишүүн биш байв. Энэ нь Үндсэн хуулийн 29.1-ийг хүндэлсэн, мөрдсөн, сахисан хэрэг байв. Гэвч Засгийн газар нь Ерөнхий сайд, шадар сайд болон 16 яамтай 18 гишүүнтэй байв. Харин Ерөнхий сайд П.Жасрай, шадар сайд Ч.Пүрэвдорж, гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн, соёлын сайд Н.Энхбаяр нар УИХ-ын гишүүн байсан нь 29.1-ийг санаатай зөрчсөн хэрэг байв. Ингэж шинэ Үндсэн хуулиар хуульчлагдсан гэхдээ өмнө оршиж байсан Ерөнхийлөгч П.Очирбат, 70 суудалтай МАХН, шинэ Үндсэн хуулиар байгуулагдсан анхдугаар УИХ бүгд Үндсэн хуулийг зөрчив. Тиймээс тэд Үндсэн хуулийн 29.1-ийг анхлан зөрчигчид байв. Энэ нь мэдээж УИХ-ын гишүүдийн хувьд Засгийн газрын үүдийг нээж өгч, жишиг тогтоосон төдийгүй, тэднийг засгийн суудлын төлөө тэмцэх жишигтэй болгож өгсөн юм. Хууль хоёр утгатай болов, заалт дарьтай торх болов.
Ардчиллыг халж олигарх засаглал тогтоогч нь Элбэгдорж-Энхбаяртан, гол баатар нь Элбэгдорж ба Ко, харин Энхбаяр ба Ко элбэж хамжиж, эцэст нь гүйцээсэн. Тиймээс МАХН-ын жишиг засгийн асуудлыг дарьтай торх болгосон бөгөөд тэр нь 1996 оны сонгуулийн дараа дэлбэрч дөрвөн жил үргэлжилсэн дайны эцэст нам, УИХ хоёр Үндсэн хуульд халдаж, Ерөнхийлөгч, ҮХЦ хоёрын толгой дээгүүр алхаж Ерөнхийлөгчийн эрх мэдлийг булааж, Засгийн газрыг бүрмөсөн өөрийн албат болгож өөрийн дарангуйллыг тогтоосон юм. Түүгээр ч барахгүй нам УИХ-ын ч эрх мэдлийг хураан авч УИХ-ыг намын, тэр тусмаа намын дарга, удирдлагын хүсэл зориг, шунал тачаалыг хэрэгжүүлэгч хөсөг, ёсчлогч боол болгож хувиргаж намын, намын дарга удирдлагын засаглалыг тогтоосон юм.
Нам, намын дарга удирдлагын засаглалыг тогтоох явцад 1990 оны ардчилсан хувьсгалын ололт болж, 1992 оны Үндсэн хуульд тусгагдсан ардчилсан зарчмуудын ихэнх нь цуцлагдаж Монголд намын, намын удирдлагын олигарх засаглал тогтсон юм. Ардчиллыг халж олигарх засаглал тогтоогч нь Элбэгдорж-Энхбаяртан, гол баатар нь Элбэгдорж ба Ко, харин Энхбаяр ба Ко элбэж хамжиж, эцэст нь гүйцээсэн.
Иргэн Ламжавын өргөдлөөр ҮХЦ Үндсэн хуулийн 29.1 заалтыг хамгаалж Ардчилсан Холбоо Эвслийг (АХЭ) байранд нь тавьж засгийг Ерөнхийлөгч Очирбат, УИХ-ын хамтaar Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга М. Энхсайханд өгөв. Ийнхүү анх удаа Үндсэн хуулийн 29.1-ийг мөрдсөн, тиймээс ч Үндсэн хуулийн Засгийн газар байгуулагдав. Мэдээж Ерөнхийлөгч Очирбат ҮХЦ-ийн шийдвэрийг харж, Үндсэн хууль зөрчсөнөө хүлээж, алдаагаа зассан бол хоёрдугаар УИХ Үндсэн хуулийг хөдөлшгүй мөрдсөн хэрэг байв. Харин энэ нь Элбэгдоржийн АХЭ-ийн хувьд амлалт өгөөгүй, андгай тангаргаа өргөөгүй, хөдөлмөрлөөгүй, хөлсөө урсгаагүй, итгэл-санал зулгаагаагүй, цуглуулаагүй, ялалт аваагүй, мандат хүлээгээгүй хөндлөнгийн этгээдүүд засгийн эрхийг “булааж” авсан нь зүй ч бус, шударга ч бус хэрэг байв. Ялангуяа МАХН ба Жасрайн жишигтэй Элбэгдоржийн АХЭ-ийн хувьд энэ нь Очирбат хоёр нүүр гаргасан, хорлосон хэрэг байв.
Шударгаар уурсаж, хорссон Элбэгдорж хариугаа авч 97 онд Очирбатыг ерөнхийлөгчийн сонгуульд түлхэв. Түүгээр ч барахгүй түүний гарт АИХ-ын уламжлалтай, парламентын засаглалын эрмэлзэлтэй УИХ ч байв. Хурлынхаа хууль хийх эрхээ эдэлж, Үндсэн хууль, ҮХЦ-ийг үл тоож, 1998 оны 1-р сарын 15-нд “УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж “Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн” байх эрх тунхаглав. Улмаар өмөг, түшиггүй болсон Энхсайханыг дарамталж өргөдлийг нь өгүүлж 1998 оны 4-р сарын 22-нд M. Энхсайханы Засгийг газрыг Элбэгдоржийн хурал 98.3 хувиар огцруулав. Засаг байгуулах эрхээ эдэлж Элбэгдоржийн хурал засгийн бүх суудлыг ялгуусан баатрын ёсоор эзлэв. Очирбатыг залгамжилсан Н.Багабанди Энхсайханы Засгийн газрыг түшиж, тулахын оронд түлхэв, Элбэгдоржийн АХЭ-ийг байранд нь тавихын оронд ҮХ-ийн 29.1-ийг ч, ҮХЦ-ийн 1996 оны шийдвэрийг ч зөрчив.
Ийнхүү Үндсэн хуулиар байгуулагдсан, Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь ч, УИХ нь ч Үндсэн хуулиасаа ч, ард түмнээсээ ч урвав (betray). Эрх мэдэл тэднийг Үндсэн хуулиас нь ч, эх орон, ард түмнээс нь ч урвуулав (corrupt). Бүгд найрамдах улсын ч, Үндсэн хуулийн ч төрийн байгууллагууд болох Ерөнхийлөгч, УИХ-ын албаны эрх мэдлийг 4 жилийн хугацаатай түр хашигчид Багабанди ч, Элбэгдорж тэргүүтэй УИХ-ын гишүүд ч өөрсдийн өмч мэт үзэж өөрсдийн үзэмжээр захиран зарцуулах болов, жишгийг ч тогтоов. Ийнхүү бүгд найрамдах төрийг ч, Үндсэн хуулийг ч урвагчид (traitors) өмчлөв. Бүгд найрамдах төр ч, Үндсэн хууль ч балрав, бүгд найрамдах улс ч бөхөв.
Харин нам ч, хурал ч баяртай байв. Ингэж анх удаа Элбэгдоржийн хурал УИХ-ын ч, зөвлөлийн засаглалын ч, намын засаглалын ч эрх мэдлийг Монголын төрд ч, Монголын ард түмэнд ч мэдрүүлэв. Засгийн газрыг өд мэт хийсгэх салхийг хагалав, жишгийг тогтоов. Ард түмэн төдийгүй улс төрчид ч бахдах, бишрэх гэхээсээ балмад хуйвалдаан, төрийн эргэлт гэж харж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Цэргийн сурвалжлагч Ерөнхий сайд, шавж судлаач Сангийн сайд гэх мэтээр болцгоосонд түмэн гайхширч, гасалж байв. Цэдэнбалын үеэс эхлээд үеийн үед эдийн засагчид, санхүүчид гэх мэтээр салбар салбарыг мэдлэгтэй, чадвартай нь биш юм гэхэд мэргэжил, мэргэшилтэй нь удирддаг байсан зарчим ийнхүү амь эрстэв. Энэ бүхэн хэмжээгүй эрхт хурлын-зөвлөлийн эрх мэдэл, сүр хүчний үр байв. Эрх мэдлийн төлөө эвлэлдэн нэгдсэн бүлэг этгээдийн шунал тачаал ч намын зорилгыг илчлэв. Харин Элбэгдоржийн засаг банканд хордож гурван сар ч хүрэлгүй мөхөв. Улсын түүхэнд засаг мөхөх хурдны рекорд ч энд тогтов. Энхбаяр цөөнхийн, Энхсайхан өшөөний хүчийг үзүүлсэн нь энэ байв. Гэвч энэ нь бас л улсын хурлын-зөвлөлийн сүр хүч байв.
Эрхээ мэдлээ алдсандаа өширсөн Элбэгдорж, ирэх эрх мэдэлд өлөнтсөн Энхбаяртай хамтарч хурлын-зөвлөлийн хэмжээгүй эрх, хүчийг харуулж Үндсэн хуульд халдав. Энэ удаа Ерөнхийлөгч Багабанди, Очирбатын адил ерөнхийлөгчийн зөвшилцөх эрхээ эдэлж УИХ-ын олонхын УИХ-д орох замд орох зам дээр тэс хөндөлдөж гүрийсний эцэст олонхыг буулгаж, өөрийн хүссэн засгийг УИХ-аар байгуулуулав. Гэвч Элбэгдоржийн хурал төдөлгүй хийсгэв. Дөрвөн жилд дөрвөн засаг халагдаж улсын түүхэнд засаг халах рекорд тогтов. Засаг мөхөөх үйлс ардчилсан ололт, амжилт, уламжлал, соёл болон төлөвшив.
Эрхээ мэдлээ алдсандаа өширсөн Элбэгдорж, ирэх эрх мэдэлд өлөнтсөн Энхбаяртай хамтарч хурлын-зөвлөлийн хэмжээгүй эрх, хүчийг харуулж Үндсэн хуульд халдав. Ерөнхийлөгч “УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхоороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” (33.2) Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хураав. Засгийн ерөнхийлөгчөн тулгуурыг тас цохив, дан ганц нам Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхийг монопольчлов. “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж өөрчилснөөр хурал-зөвлөлийн засаглал бүрэн сэргэв. Ерөнхийлөгч хоригтойгоо, ҮХЦ-тэйгээ хурлын хөлд үрэгдэв, улсын хурлын дарангуйлал тогтов. С. Зоригийн эвдсэн зөвлөлийн, намын дэглэмийг Элбэгдорж Энхбаярын тусламжтайгаар эргүүлэн сэргээн тогтоов.
Элбэгдорж-Энхбаяртан намын төдийгүй намын дарга, удирдлага хэмээх цөөхөн этгээдийн олигарх засаглалыг ч тогтоов. “УИХ-ын дарга, дэд даргыг…саналаа илээр гаргаж сонгоно” (ҮХ. 24.1.), “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудал, түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол бусад асуудлыг саналаа илээр гаргаж шийдвэрлэнэ” (ҮХ. 27.6.) гэж тогтоосноор намын дарга, удирдлагад бүх эрх мэдлийг төвлөрүүлсэн юм. Улмаар Элбэгдорж-Энхбаяртан 2005 онд “Улс төрийн намын тухай” хуулийн 13.7-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд…нэр дэвшүүлэх асуудлыг…намын…төв байгууллага шийдвэрлэнэ”, мөн 2006 онд “УИХ-ын тухай” хууль шинээр батлахдаа “Сонгуулийн дүнгээр УИХ-д 39 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг УИХ дахь олонх гэнэ (8.1.) “Энэ хуулийн 8.1-д заасан нам, эвсэл УИХ-ын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ (9.1.), “Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ” (9.2.), “санал хураалтыг илээр явуулна” (9.4.) “Нэр дэвшигч энэ хуулийн 9.4-т заасны дагуу явуулсан санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын дэмжлэг авсан бол түүнийг УИХ-ын даргаар сонгогдсонд тооцож, энэ тухай тогтоол батлагдсанд тооцно” (9.5.) хэмээн хуульчилж намын дарга, удирдлагын олигарх засаглалыг бүрэн тогтоосон юм.
Ийнхүү Элбэгдорж-Энхбаяртан Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх эрхийг зөвхөн намд аваад зогсохгүй мөн УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн намд авч, гэхдээ олонх, олон ба намууд нэр дэвшүүлэх учир зөвхөн 1 нэр дэвшигч болгож сонгуулийг халаад зогсохгүй, Ерөнхий сайд, сайд нарын томилгоо, ба УИХ-ын даргыг “сонгуулийг” ил санал хураалтаар явуулах болгосноороо Үндсэн хуулиар хуульчилсан “иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж” (21.2), “иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, … саналаа нууцаар гаргана” (31.3) гэсэн иргэдийн чөлөөтэй, шууд сонгох эрхийг зөрчиж “УИХ-ын гишүүн … иргэнийг” (ҮХ. 23.3.) намын дарга, удирдлагын хараа, хяналт, цагдалтад оруулж иргэдийн, УИХ-ын гишүүний, УИХ-ын эрхэнд халдаж, УИХ-ын онцгой бүрэн эрх ба эрхийг нам, намын дарга, удирдлагын гарт булаан авсан юм. Мөн Үндсэн хуулийн 23.1-т хуульчилснаар “УИХ-ын гишүүн бол ард түмний элч … нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах” үүрэгтэй юм.
Гэтэл ил санал хураалт нь ард түмний элчийг намын дарга, удирдлагын албат болгож нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах бус харин нам, намын дарга, удирдлагын ашиг сонирхлыг даган биелүүлэгч болгосон юм. Ингэж Элбэгдорж-Энхбаяртан 1) Ерөнхий сайд, УИХ-ын даргад нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн нам, намын дарга удирдлагад авч, 2) УИХ-ын даргын сонгуулийг халж, 3) Үндсэн хуулиар тогтоосон сонгуулийг үгүйсгэж, 4) УИХ-ын гишүүд, УИХ-ын эрхэнд халдаж, 5) УИХ-ын гишүүдийг намын дарга, удирдлагын албат, нам, намын дарга, удирдлагын ашиг сонирхлыг даган биелүүлэгч болгож, 6) УИХ-ын онцгой бүрэн эрх ба эрхийг булаан авч намын төдийгүй намын дарга, удирдлагын засаглалыг тогтоов.
Эмгэнэлтэй нь УИХ намд эрх мэдлээ хураалгав, хуралдагсад дарга нартаа эрх, эрх чөлөөгөө мэдүүлэв. Үнэндээ энэ нь дахиад л 4 жилээр түр хашигчид нь УИХ-ын эрх мэдлийг, УИХ-ын гишүүний ч эрх, эрх чөлөөтэй хамт дарга нартаа өргөн барьсан хэрэг байв. Төрийн албаны эрх мэдлийг өөрийн өмч мэт захиран зарцуулах Багабанди болон тэдний эхлүүлсэн жишиг дахин давтагдав, “ёс” болов. Бүгд найрамдах улсын ч, Үндсэн хуулийн ч УИХ ч, УИХ-ын гишүүд ч ийнхүү эвдэгдэв, эрсдэв. Үүнийг л эвдрэл, бутрал (corruptus) гэх. Эрх мэдлийн төлөө өрөөл бусдын төдийгүй өөрсдийн эрх, эрх чөлөөгөө, үнэндээ, сүнсээ арилжсан нь энэ байв. Үүнийг л урвах (betrayal), урвалга (treason), урвуулга (corruption) гэх. Урвагчид, урвуулагчдын гарт ардчилал хөнөөгдөв. Ингэж намын, намын дарга, олигархын засаглал бүрэн сэргэв. Хурал яаж эрх мэдлээ намд хураалгав, хуралдагсад яаж дарга нартаа эрх чөлөөгөө алдав, ардчиллыг яаж хөнөөв?
“Нийт гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхын саналаар асуудлыг шийдвэрлэх” нь Үндсэн хуулиар УИХ-д олгосон эрх мэдэл байв. Энэ нь аливаа асуудлыг ядаж 51-үүлээ хэлэлц, дор хаяхад 26 чинь дэмжвэл улсын шийдвэр болог гэсэн үг байв. Үндсэндээ УИХ-ын гуравны нэгийн шийдвэр улс орны шийдвэр болно гэсэн үг. Гэтэл эз юм шиг Элбэгдорж 50 суудалтай ирцэд нэг санал сох дутав. Энхбаяр 25-тайгаа дайсагнаж, О. Дашбалбар Элбэгдоржийг хясдаг байв. Цөөнх олонхыг хясах, олонх цөөнхийг үзэн ядах засаг тогтов. Энхбаяр 34 хоног хурал хаян Элбэгдоржийг огцруулсан ч 3 сар ч бариагүй тамганаасаа Элбэгдорж харин 5 өөр сар чаргууцалдав. Эрх мэдлийн төлөө нам яаж тэмцэлддэгийг Элбэгдорж, Энхбаяр хоёр монголчуудад зааж өгөв. Итгэлийн бус эрх мэдлийн засаг тогтов. Эрээ цээр ч алдагдав, ичгүүр сонжуур ч дуусав, С. Зориг ч алагдав. Хорсолдоо автсан Элбэгдорж, хойдхоо бодсон Энхбаяр хоёр хуйвалдав. Ирцийг 39 болгож их хурлыг тал хурал болгов. Хуулийг, улсыг 20-оор засаглах болгож хууль тогтоох эрхийг засаг-сайдад атгуулав. Энэ нь Энхбаярын ч, их хурлын ч цөөнхийн эрхийг хассан хэрэг биш Монголын ард түмний цөөнхийн эрхийг хассан хэрэг байв. Тал улс эрхээ хураалгав. Бүгд найрамдах улс мөхөж нам-тал найрах улс бадамлав. Ардчиллыг ч агшаав, хурлыг ч хумив.
“УИХ-ын гишүүн…ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх” ёстой. Тиймээс ч тэд итгэл үнэмшлээрээ эх орныхоо төлөө саналаа гаргах ёстой тиймээс ч нууцаар гаргадаг байв. Энэ нь үндсэндээ Элбэгдорж, Энхбаяр мэтийн эрх мэдэлд улайрагчдаас элч төлөөлөгчөө ч, эх орноо ч хамгаалсан хэрэг байв. Гэтэл Элбэгдоржийн нам ч эвсэл байв, Энхсайхан ч хариугаа авах болов. Итгэл эвдрэв, эе хагарав, хардлага хурлыг ч, төрийг ч засаглав, итгэлийн бус хардлагын засаг тогтов. Элбэгдорж ч хорсож байв, Энхбаяр ч болгоомжилж байв. Саналыг ил гаргуулах (ҮХ. 27.6.) горимоор хурлын ч, элчийн ч, эл улсын ч саналыг нам-дарга хураан авав. Их хурлын даргыг ч, Ерөнхий сайдыг ч, Засгийн газрын гишүүнийг ч илт онцгойлон зааж ил саналаар нам-дарга монополчлов. Нам-дарга бүгдийг, бүхнийг цагдаж бүх эрх мэдлийг төвлөрүүлэв. 1984 он эргэн ирэв. Их ах дараалан төрж Энхбаяр ч, Элбэгдорж ч, Баяр ч, Энхболд ч тахигдав, шүтэгдэв. Ерээд оны ардчиллаас сонгууль л үлдэв.
Их ах, үндэсний удирдагч, “Чингисийн хүргэн” Энхбаярыг эгэл ардын сонгууль ширээнээс нь шилжүүлэв, элдэв нам, бие даагчид ч суудал зулгаав. Эгэл ард эрх мэдлээ харуулав, элдэв “долоогчид” толгойгоо өндийлгөв. Их хурал, засгийг монополчлох нь хангалттай бишийг харуулав. Намыг ч, сонгуулийг ч, толгойгоо өндийлгөгчдийг ч, ширээнээс шилжүүлэгчдийг ч дэглэх хэрэгтэй байв. Ороо нь ороогоороо, Энхбаяр, Элбэгдорж хоёр дахин нийлэв, эвсэж өвөр түрийндээ оров, их хурал, засгийг атгав. Ойрхон нь, аюултай нь толгойгоо өндийлгөгчид байв. Хууль гаргав, намаа дархлав, дэглэмээ бэхжүүлэв. Хатуу гишүүнчлэлтэй (3.2), бүртгэлтэй (9.3.7), өмч хөрөнгөтэй (14.1.5), өөрийнхөө болон гишүүдийнхээ эрх, ашиг сонирхлыг хамгаалах, төрийн эрх мэдлийг авах онцгой эрхтэй, зорилготой хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагааны нэгдэл болгон дархлав.
Өөрсдийн засаглалын хөсгийг хүчтэй бол хүчтэй, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, ашиг орлоготой бол ашиг орлоготой, татаастай бол татаастай, гувчууртай бол гувчууртай, эрх мэдэлтэй бол эрх мэдэлтэй хөрөнгийн сан, эрх мэдлийн банк болгож дархалсан нь энэ. Өөрийн иргэншилтэй, эдийн засагтай, татвар, гааль, хураамжтай улс дотор орших “нам-засаг-төр” улс дархлагдав. Монгол улсын бүх эрх мэдлийг авах, эзэмших эрх дархлагдав. Эрх мэдлийг төвлөрүүлэв, дэглэв. “Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд…нэр дэвшүүлэх асуудлыг…намын…төв байгууллага шийдвэрлэхээр” хуульчилж намын дарга, удирдлага Ерөнхийлөгч болон УИХ-д зөвхөн өөрсдөө болон өөрсдийн гар хөлийг суулгах эрхийг хураан авав. Намын дарга, удирдлагын олигарх засаглалыг бүрэн тогтов. Даргагүй бол толгойгүй, тэргүүнгүй, амгүй, үггүй, хэлгүй, үзэл бодолгүй, амьгүй, амьсгаагүй албатын нам хуульчлагдав.
Намыг өмчлөх талынхаа эрхийг өмчлөх, сонгуулийг өмчлөх улсын эрхийг өмчлөх. Элбэгдорж жанчилж, МАНАН засаглаж байв. Сонгуулийн, улсын ээлж. Иргэдийг нэгэн тойргийн “аймаг, дүүрэг бүрийн сонгогчдын төлөөллийг оролцуулсан” 801 иргэнээс виз авах, тэдгээр иргэд нь бүгд хаяг, бүртгэл дээрээ оршин суудаг байх, түүнийг нь тойргийн хороо нягтлан шалгах, тэр иргэд нь бүгд дэмжсэнээ батлах нотлох, мөрийн хөтөлбөртэй байх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ тооцсон, судалсан байх төдийгүй түүнийгээ хөндлөнгийн хяналтын байгууллагаар хянуулсан байх зэрэг олон босго, саад, давааг даван туулж байж сая нэрээ дэвшүүлэх эрхтэй болгож эрх мэдлийн төлөө тэмцэх эрхийг нь ч боомилов. Ингэснээр Үндсэн хуулийн 1.2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх…төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” бүрмөсөн алдагдаж, Үндсэн хуулийн 1.1-ээр тунхагласан “тусгаар тогтносон, бүрэн эрхт Бүгд найрамдах улс” халагдаж Монгол улсад нам улс, намын дарга удирдлагын тусгаар тогтносон, бүрэн эрхт улс тогтов. Ингэж үндсэндээ Элбэгдорж Энхбаяр хоёр ерээд оноос өмнөх дэглэмийг эргүүлэн байгуулсан юм.
Хурал-нам найтаах бүрд засаг халих ёс тогтов. Үр дүнд нь 1996 оноос хойш сонгуулийн 6 хугацаанд зөвхөн нэг засгийн газар хугацаагаа дүүргэж, үлдсэн 5 удаагийн 18 жилд 15 ерөнхий сайд халагдаж, засаг дунджаар 14 сар тутамд халив. Таваас бусдыг нь улсын нам-хурал нухав. Мэдээж, Энхболдын засгийг 2007 онд хийсгэхэд Ерөнхийлөгч (Н. Энхбаяр), Алтанхуягийн засгийг 2014 онд нураахад ахиад Ерөнхийлөгч (Ц.Элбэгдорж) оролцсон нь үнэн. Тэр ч байтугай цагтаа засгийг анх хурлын гишүүдээр дүүргэж, Үндсэн хуулийг гишгэж намын-хурлын дарангуйлал тогтоож явсан Элбэгдорж ерөнхийлөгчийн сэнтийгээс засаг булаахын тулд өөрийнхөө тогтоосон жишгийг “давхар дээл” хэмээн дайрч, өөрийнхөө өөрчлөлтийг “дордохын долоо” гэж зүхсэн төдийгүй мэргэжил, мэргэшлийн системийг хөнөөсөн хэр нь “мэргэжлийн засгийн газар” гэж мэргэн санаа сэдсэн нь ч үнэн.
Элбэгдоржийн ингэх нь ч мөн Үндсэн хуулийнх юм. Чухам Үндсэн хуулиар ард түмэн Ерөнхийлөгчөө сонгодог, тэр нь “ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” байх ёстой учир нам-тал, улс төрийн талцлаас ангид байх ёстой учир намаасаа татгалздаг юм. Энэ нь ч түүний намынханд түүнийг зайлуулах аятай боломж болох. Тиймээс л Монгол улсын бүх ерөнхийлөгчид Очирбат, Багабанди, Энхбаяр, Элбэгдорж бүгд зайлуулагдсан. Харин Ерөнхийлөгч нь хоёр дахь удаагаа нэр дэвших боломжтой ч зөвхөн УИХ-д суудалтай нам нэр дэвшүүлэх. Нэр дэвших боломжоо хадгалахын тулд ерөнхийлөгч намдаа зүтгэх. Мөн бүх нийтийн өрсөлдөөнт сонгуулиар сонгогдох, мөрийн хөтөлбөр дэвшүүлж амлалт өгөх. Гэтэл гүйцэтгэх эрх нь хомс.
Хэрэгжүүлэхийн тулд хуралтай ч, засагтай, өөрөөр хэлбэл, эрх барьж байгаа намтай ажиллах ёстой. Тиймээс хэзээ ч намаас, төдийгүй улс төрөөс салшгүй, татгалзашгүй. Гэвч өрөөлийн нам дайсагнах, өөрийн нам түлхэх. Алинд нь ч ад үзэгдэх. Тиймээс өрөөлийн намыг бусниулж, өөрийн намаас булааж эрх мэдэл шүүрэх. АТГ, шүүхийг Элбэгдорж энэ үйл ажиллагаандаа айхтар ашиглахыг бид бүгд харсан. Бүхэлдээ оршин байгаа намын засаглалыг бусниулах үйл ажиллагаа. Энэ нь намын-хурлын-зөвлөлийн засаглалын эсрэг үзэл санаа, зарчмыг дайчлахад хүргэх. Мэдээж тэр үзэл санаа, зарчим нь үргэлж ардчилсан үзэл санаа зарчим байхаас өөр аргагүй. Тиймээс ч Элбэгдорж “давхар дээл”, “дордохын долоо”, “мэргэжлийн засгийн газар” төдийгүй “шууд ардчилал” “иргэдийн оролцоо”, “ухаалаг төр”, “шилэн данс” гэх мэт кампанийг өрнүүлсэн хэрэг. Гэвч энэ бүхэн нь засаглагч намаас эрх мэдэл шүүрэх арга. Гэсэн ч эцсийн эцэст засгийг Ерөнхийлөгч бус улсын хурал-зөвлөл-нам л нухаж ирсэн юм.
УРВУУЛАГДСАН УИХ
Эрх мэдэл хүнийг урвуулдгийн нэг адил засаглах эрх мэдэл парламентыг ч бүрмөсөн урвуулав (corrupts). Элбэгдорж-Энхбаяртан Засгийн газрыг УИХ-д авч өгснөөр хурлын хууль тогтоох, улсын, нийтийн эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүрэг нь хойш тавигдаж, харин улсыг, нийтийг засаглах нь түүний үндсэн чиг үүрэг, зорилго болов. Хурлын гишүүдийн үндсэн зорилго нь засаглах, сайд болох явдал болов. Тиймээс ч гишүүд бүгдээрээ 76-уулаа засгийн, сайдын ногттой хуралд ирдэг болов. Хууль тогтоох тэдний голыг гогоддоггүй юм. Харин хурал засагт орох зам, дамжлага учраас л зүтгэх. Хурал хууль тогтоогчдын бус засгийн, сайдын амбицын цуглаан болов. Тиймээс хурал засагт орох шат, дамжлага, клуб.
Энэ клуб нь зөвхөн өөрсдөө өөрсдөөсөө засгийг байгуулдаг учир засаг байгуулах клуб болов, хурлын гол бизнес засаг байгуулах. Гэхдээ ижил, тэгш эрхтэй, мандаттай, саналтай, эрх мэдэлтэй, ногттой клуб. Хэн нь ч сайд болох ижил, тэгш эрхтэй, мандаттай, саналтай, эрх мэдэлтэй, ногттой. Дөрвөн жилийн хугацаатай клуб учир дөрвөн жилд амжиж засагт орох ёстой. Хэдэн зуугаар тоологддог бие биеэ чөдөрлөдөг, тушдаг давхар танхимтай Англи, Герман, Итали, Японы клубуудийг бодвол ганц танхимтай чөдөр, тушаагүй хэдхэн арван гишүүнтэй учир хэн бүхэнд засагт орох боломж өндөр. Тиймээс л итгэл найдвар, хүлээлт, ээлж, дараалал үүсэх. Ээлжилдэг дүрэмтэй бол (2004-2008 онд намаараа ээлжлэх дүрэм тогтоох шахсан), эсвэл эвтэй гавтай ээлжилбэл далан зургуулаа ч дөрвөн жилд амжиж болох. Даан ч ээлжилдэг дүрэм үгүй. Засаг унахаас нааш ээлж, халаа ирэхгүй. Үнэндээ засаг унагах нь ээлж, халаа авах арга. Тиймээс ч засаг унах. Энэ нь засаг унахын, унадгийн үндсэн шалтгаан. Тиймээс хурал засаг унагах клуб болов, хурлын бизнес засаг унагах.
Мэдээж засаг байгуулах, унагахад 76 цорын ганц тоглогчид биш. Ерөнхийлөгч хөндлөнгөөс оролцоно. Эрх мэдэл зулгаах боломжийг, эвлэж ажиллах, эвгүйтвэл түлхэх боломжтой хамт хайх. Өөрийнх нь нам, фракц, жигүүр хурлын олонх болсон үед, эсвэл хуралд хүчтэй цөөнх болсон үед энэ магадлал өндөр. Засаг унагахад энэ хүчтэй байсныг Багабанди ч, Энхбаяр ч, Элбэгдорж ч яруу тод харуулсан. Багабанди хүчтэй цөөнхтэй байсан бол Энхбаяр, Элбэгдорж нар өөрсдийнхөө намын засгуудыг нухахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг онцлох хэрэгтэй. Гэхдээ Ерөнхийлөгч нэг л тоглогч, нэг л хүчин зүйл. Өөр юу ч биш. Үндсэн нөхцөл өөрчлөгдөхгүй. Тиймээс засаг унахын үндсэн нөхцөл нь хурлын олон хүсэл зориг, шунал санаархал, засгийн цөөн суудал. Засгийн суудал сарвайхад хүрэхүйц ойрхон учир хурал бүгдээрээ тийшээ зүтгэх харин засагт багтаах суудал дутахад хуралд ээлжлэх найдвар үлдэх.
Ардчилсан сонгуулиар сонгогдсон, улмаар гишүүн бүр нэг саналтай, эцэст нь аливаа шийдвэрийг санал хурааж гаргах учир засаг байгуулах тухайд хурал нь гишүүн бүр нь өрсөлдөх эрхтэй сонгогдогчдын бас сонгогчдын сонгуулийн ардчилсан клуб. Гэвч тэдэнд нэр дэвших буюу сонгуульд идэвхтэй оролцох, санал өгөх буюу сонгуульд идэвхгүй ч оролцох эрх байхгүй. Үндсэн хуулийн коммунист эцэгс нь тэдний нэрээ дэвшүүлэх эрхийг хураагаад нэр дэвшүүлэх эрх болгоод Ерөнхийлөгч, нам хоёрт өгчихсөн байв. Харин Элбэгдорж-Энхбаяртан Ерөнхийлөгчийг зайлуулж нэр дэвшүүлэх эрхийг зөвхөн намд, намын дарга удирдлагад монополчилсон. Харин Засгийн газрыг томилоход гишүүдийн саналыг ил болгосноор 1) “сонгууль”-итгэл үзүүлэх санал хураалт үгүйсгэгдэв, 2) нам парламентыг бүрмөсөн халан орлов. Санал хураалтыг ил болгохын зорилго нь гишүүдийг намын зорилго, бодлогын дагуу санал өгүүлэх, эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага, тооцох, шийтгэх явдал. Ингэснээр гишүүд намын эсрэг санал өгөх боломжгүй болж, үндсэндээ тэдний саналыг нам эзэмшдэг болж хувирч байгаа юм. Ингэснээр нам үндсэндээ парламентыг халж, парламентыг орлож парламентын оронд нам засаглаж байгаа юм.
Мөн санал хураалтыг ил болгосноор аливаа асуудлыг ижил тэгш нэг саналтай гишүүд санал хурааж шийдвэрлэх ардчилсан төрийн зарчим үгүйсгэгдэж байгаа юм. Мэдээж нууц санал хураалтаар гишүүд нь дэмжихгүй байгаа аливаа шийдвэр ардчилсан бус төдийгүй дарга удирдлагын зүгээс, эсвэл хөндлөнгөөс хүчилсэн, хүчиндсэн шийдвэр байх нь ойлгомжтой. Санал хураалтыг ил болгохын зорилго нь чухам тийм шийдвэрийг хүчиндэх явдал. Тиймээс санал хураалт үгүйсгэгдэж, түүнтэй хамт УИХ-ын гишүүдийн чөлөөтэй сонголтоор УИХ-ын танхимд гарах ёстой бүгд найрамдах улсын шийдвэр үгүйсгэгдэж “ил санал хураалт нь” намын гаргасан шийдвэрийг ёсчлох, батламжлах ёслол болж хувирч байгаа юм. Ингэснээр санал хураалт санал хураалт биш харин намын шийдвэр болж байгаа юм. Мөн ингэснээр шийдвэр гаргалт парламентын танхимаас намын танхимд, төрийн ордноос намын ордонд, тайзнаас тайзны ар луу шилжиж байгаа юм. Тиймээс ил санал хураалт гэгч нь бүгдийн, бүгд найрамдах төрийн, парламентын эрх мэдлийг нам, намын дарга удирдлага хураан авсныг далдлах, халхлах ил харагдах хөшиг юм.
Үр дүнд нь бүгдийн эрх мэдэл хэсэгт, нийтийн эрх мэдэл талд, төрийн эрх мэдэл намд, парламентын эрх мэдэл олонх хэмээх 39-ийн бүлэг шилжиж байгаа юм. Энэ бүх эрх мэдлийг хэсэг, тал, нам, олонх гэдэг бүлэглэлд шилжүүлж байгаа хөсөг нь УИХ. Үүнтэй хамт УИХ-ын бүх эрх мэдлийг бүлэг, бүлэглэл гартаа авч байгаа юм. Тиймээс УИХ засаг байгуулах ч, унагах ч клуб биш. Үндсэндээ эрх нь эвдэгдчихсэн, тиймээс эвдэрхий (corruptus), эрх нь урвуулагдчихсан (corrupted) клуб. Энэ урвуулгыг (corruption) хийсэн этгээд нь Элбэгдорж-Энхбаяртан. Чухам тэдний урвалт (betrayal), урвуулга ардчилал, сонгуулийг үгүйсгэж бүгдийн, бүгд найрамдах төрийн, парламентын эрх мэдлийг хэсэг (part), нам тал (party), талчирхсан намчирхсан (partisan) бүлэг тэдний тусгай ашиг сонирхлын (particular interests) гарт өгсөн юм. Үүний улмаас бүгдийн, бүгд найрамдах улсын эрхийг төвлөрүүлсэн УИХ нь нам-тал-бүлгийн засаглалын хөсөг болж хувирсан юм.
Нэгэнт Элбэгдорж Энхбаяртан Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэх эрхийг мөн нам-тал-бүлэгт булаан авсан, улмаар уг бүлэг парламентыг өөрсдийн засаглалын хөсөг болгосон учир бүгдийн, бүгд найрамдах улсын ч, төрийн ч орой дээр нам заларч байгаа юм. Харин тэр нам нь хэсэг бүлэг иргэдийн нийгмийнхээ болон өөрсдийнхөө ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс эвлэлдэн нэгдсэн, нам-талынхаа болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах сайн дурын байгууллага. Монгол улсын иргэдийн “хувийн үзэл бодол, ашиг сонирхлын” эвлэл, нэгдэл, бүлэг, анги, хэсэг, тал, талцлын, талчирхсан бүлэглэл. Мэдээж энэ нь дээр дурдсанаар “Монголын ард түмэн бид” бүгдээрээ оролцож, бүгдийнхээ төлөө байгуулсан Монголын ард түмэн бид бүгдийн бүгд найрамдах төр ч биш, улс ч биш. Монголын бүгд найрамдах улс 3 сая гаран иргэнтэй, 2 сая шахам сонгогчидтой улс.
Нэг ч иргэн, нэг ч сонгогчийг итгэл, үнэмшил, эрх ашгаар нь үл ялгах, иргэн нэг бүрийг итгэл үнэмшил, эрх ашигтай нь тэврэх. Харин Монголын нам хэмээх эдгээр тал, талцал, талчирхлын бүлэглэлүүдийн “том” нь өөрсдийнх өсгөн тунхаглаж буйгаар хамгийн дээд тал нь 180 мянган гишүүнтэй, хэрэг дээрээ Бага хурал, Үндэсний бодлогын хороо нэртэй тус бүрдээ 300 гаран хүн, яг хэрэг дээрээ Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл мэт 30 хүний клуб. Бүгд хэсэг, бүлэг, анги, тал, төдийгүй анги, тал, хэсэг, бүлгийн ангижсан, талцсан, талчирхсан ашиг сонирхлын бүлэглэл. Бүх зүйлээрээ бүгд найрамдах улсын, бүгд найрамдах төрийн үзэл санаа, зарчимд харш бүлэглэл. Бүх эрх мэдэл нь Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл гэх дарга удирдлагын “төв байгууллагад” төвлөрсөн бүлэглэл. Чухам тийм учир л УИХ биш харин Удирдах зөвлөл, Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаад тэр шийдвэрийг УИХ дуулгавартайгаар ёсчлон бүгд найрамдах улсын шийдвэр болгож ард түмэн дээр тохож байгаа юм.
Харин бүгд найрамдах улсын хуулиар улсын, төрийн шийдвэрийг нам гаргах зүй ч, ёс ч, хууль ч байхгүй. Тиймээс нам төрийн өмнөөс шийдвэр гаргавал зүй бус, ёс бус, хууль бус. Намын шийдвэр хөндлөнгийн, тиймээс хөшигний арын, зүй бус, ёс бус, хууль бус шийдвэр. Тиймээс ч төрийн шийдвэрийг нам угаасаа гаргадаггүй юм. Тиймээс ч намын, хөнлөнгийн шийдвэрийг зүй ёсны, хууль ёсны болгохын тулд л УИХ түүнийг нь ёслох ёстой бөгөөд тэгж байж л намын, хөндлөнгийн шийдвэр төрийн зүй ёсны, хууль ёсны шийдвэр болж байгаа юм. Чухам тиймээс л УИХ-ын ёсолгоо хэрэгтэй байгаа юм. Тиймээс л УИХ-ын олонх буюу 39 шийдвэрлэх учир холбогдолтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл намын дарга, удирдлага буюу “төв байгууллагын” шийдвэр 39-ийн шийдвэр болох ёстой юм. Чухам 39-ийг хүчлэх, хүчиндэхийн тулд л УИХ-д ил санал хураалтын хөшиг татаж шийдвэр гаргалтыг хөшигний ард, намд, намын удирдлагад авчирсан хэрэг.
Хөшигний ард шийдвэр яаж гарах вэ? Хэрвээ намын шийдвэр ардчилсан замаар гардаг, өөрөөр хэлбэл шийдвэр гаргах этгээдүүд нь нууцаар санал хурааж гаргадаг байсан бол угаасаа УИХ-ын санал хураалтыг ил болгох шаардлагагүй байсан нь ойлгомжтой. Тиймээс хөшиг таталт нь нам буюу намын дарга, удирдлага шийдвэрийг бүрмөсөн авч УИХ-ын гишүүдийн оролцоог бүрмөсөн цуцалсан хэрэг биш харин бүгд найрамдах улсын, төрийн, УИХ-ын шийдвэрийг намын дарга, удирдлага ба УИХ-ын гишүүний албыг хугацаатай хашиж байгаа 39 этгээд өөрсдийн “хувийн” хэрэг, бизнес болгосон хэрэг. Мэдээж 39 этгээдийн хэсэг нь намын “төв байгууллагын” 30 дотор байх нь ойлгомжтой, тиймээс энэ нь “давхар дээлтэй” төдийгүй нэг захтай, даргатай ч бүлэг.
Энэ бүлэг харин шийдвэрээ хурал, зөвшилцөл, тохиролцоо, арилжаа, солилцооны (transactional relationship) замаар гардаг юм. Өөрөөр хэлбэл олны нүднээс далд чөлөөтэй зөвшилцөнө, тохиролцоно, арилжина, солилцоно л гэсэн үг. Эцсийн эцэст УИХ-ын 39 ижил тэгш эрхтэй, нэг саналтай ч учраас ч зөвшилцөх, тохиролцох, арилжих, солилцох хэрэгтэй болдог юм. Тиймээс энэ үйл ажиллагаа нь зүйрлэвэл сонгогчтой тохиролцон саналыг нь худалдан авахтай адил зүйл. Үндсэндээ талцах, хамтрах, амлах, андгайлах, хуйвалдах, хулхитах, худалдах, худалдан авах, хүчлэх, хүчиндэх үйл ажиллагаа. Энэ нь хурал, зөвшилцөл, тохиролцоо нь зүй нь УИХ-ын танхимд явагдах ёстой байсан нууц санал хураалт чухам энд жинхэнэ нууц, далд саналын тохиролцоо болон явагдаж буй нь энэ. Гэхдээ тохиролцоо, арилжаа, солилцоо итгэл үзүүлэх сонгууль, санал хураалт биш, харин бизнесийн харилцаа (business transaction). Тиймээс энэ нь үнэндээ саналын солилцооны, арилжааны зах зээл, зөвшилцөл, хуйвалдаан, тохиролцооны талбар. Нам, намын дарга, удирдлага гол брокер.
Энэ зах зээл дээр санал талцагдана, хамтрагдана, солилцогдоно, арилжигдана, цуглуулагдана. Зах зээлийн үндсэн бараа нь санал-эрх мэдэл. Үндсэндээ эрх мэдлийн, засгийн суудлын зах зээл. Саналын олон нь эрх мэдэл, засаг, сайд, цөөн нь хасагдал. Унагаж байж л засагт орох боломж нээгдэх учир хасагдсан цөөнх нь үргэлж олонхын ч, засгийн ч эсрэг, мөн тууштай, шургуу. Хэсэг нь их сонгуулиар цөөнхийн суудалд шидэгдэх нь түгээмэл. Гэвч тэд үргэлж хасагдсан ч биш, бас ганцаараа ч биш. Засгийн суудал цөөн тулд олонх дотор ч цөөнх үүсэх, үлдэх. Өөрсдийнхөндөө жийгдэх нь өшрөлд хүргэх нь ёс учир өшөөтэй, хорсолтой цөөнх үүсэх. Эцэст нь хүчтэй, нөлөөтэй, хөрөнгөтэй нам, фракц, секц, жигүүрүүд засаг бүрдүүлнэ. Доод талын тоо 39. 37 хүртэлх нь цөөнх. Олонхын хориод нь сайдын сэнтийд залрах. Үлдсэн нь арилжаагаа авах нь аваад, амлалтаа хүлээх нь хүлээгээд ар талыг нь даана. Сонгуулийн цөөнх засгийг илтэд, шаргуу ноцох, хорсолтой цөөнх далд хөнөөх, ар дааж хоцорсон хэд үнэд орох, эгзэг хүлээх. Сайн хийе гэвэл өөрөө хий гэдгийг ар дааж үлдсэн хэд ч сайн мэднэ.
Засаг байгуулах, буулгах нь хүрд эргүүлэх боломж төдийгүй санал үнэд орох цаг. Тиймээс засаг буулгах, байгуулах нь засагт орох боломж төдийгүй, засгийн гаднах саналыг үргэлж үнэд хүргэх. Тиймээс засаг унагах, байгуулах нь бизнес. Хамгийн гол нь засаг энэ солилцоо, арилжаа, тохиролцооны үр дүн. Тиймээс засаг нь хуралдаа энэ солилцоо, арилжаа, тохиролцооны харилцаагаар уягдах төдийгүй, солилцоо, арилжаа, тохиролцооны харилцаа нь түүнд нэвт шингэнэ. Засаг тохиролцоондоо уягдана, хүлэгдэнэ. Сайд нар нь амлалт, ам тангарагтаа дарагдана. Ингэснээр арилжаа, солилцоо, тохиролцооны харилцаа нь засгийн эд эрхтэнд нэвт шингэнэ, түүний орших арга (modus vivendi), ажиллах арга (modus operandi) болно. Тэр нь засгийн бүтэц, бүрэлдэхүүн, эрх мэдэл, удирдлага, сахилга бат, ажиллах чадвар, үйл ажиллагаанд төдийгүй орших, унахад гүн гүнзгий үр дагавартай байх. Энэ нь УИХ-ын нууц санал хураалтыг нууц тохиролцоогоор халсны зайлшгүй үр дагавар.
УИХ нь Монгол улсын нийтийн, бүгдийн, улсын (хүнийсгэсэн хэлээр бол төрийн) гэсэн бүх эд баялаг, төсөв мөнгө, хөрөнгө, нөөцийг захирах, зарцуулах клуб. Харин засаг нь түүнийг гардан хэрэгжүүлэх хороо. Тиймээс хурлыг байгуулахад ч, засгийг байгуулахад ч аливаа хөрөнгө, нөөцийн буюу эдийн “засгийн” сонирхол, эрх мэдэл хамгийн хүчтэй оролцоно. Эдийн, хөрөнгийн сонирхол, санал, эрх мэдлээрээ олонх, цөөнх, нам, фракц, секц, жигүүр үүсэх. Нэгэнт эдийн засгийн хүчин чадал, сонирхлоор ялгарал явагдах учир эдийн “засагтай” нь буюу эдийн, хөрөнгийн эрх мэдэлтэй нь олонх болно. Харин эдийн, хөрөнгийн “засаггүй”, эрх мэдэлгүй нь цөөнх. Үгээгүй нь сонгогчдын дийлэнх учир тэд хамгийн түрүүний цөөнх, гэхдээ бүр цөөнхийн цөөнх. Гэвч ардчилсан үзэл санаагаар бүгд найрамдах улсын иргэд бүгд ижил, тэгш эрхтэй, саналтай байх ёстой учир эдийн, хөрөнгийн эрх мэдлийн нам, фракц, секц, жигүүр хөшигний, гивлүүрийн, багны ард үүсэх. Тиймээс хөшигний ар хөрөнгийн, хөрөнгөтний тайз, хөндлөнгийн нөлөөний талбар. Хөшиг нийгмийн суурь хуваагдлын биелэл. Тиймээс УИХ-ын танхимд татсан ил санал хураалтын хөшиг нь энэ суурь хуваагдлын биелэл.
Хөшигний арын хөндлөнгийн сонирхол засгийн эрх мэдлийг сүүдэр мэт дагах. Сонгууль өртөг өндөртэй байх тусам хөшигний арын, эдийн засгийн, хөрөнгийн эрх мэдэл, сонирхлын нөлөө хүчтэй байх, тиймээс сонгууль өртөг өндөртэй байх нь хөшигний арын, хөндлөнгийн, хөрөнгийн, хөрөнгөтний эрх мэдлийн эрх ашигт нийцэх. Учир нь энэ нь элдэв өрсөлдөгчдийг нь устгаж, цэвэрлэж өгөх. Энэ өнцгөөс 76 нь ард түмний, бүрэн эрхт элч, төлөөлөгчид ч, мөн бие даасан төлөөлөгчид ч биш. Харин хөшигний арын, хөндлөнгийн, хөрөнгийн эрх мэдлийн сонирхол тэдний зорилго, зорилтод өндөр дээгүүр суурь эзлэх. Хөшигний арын сонирхлын хөлсний цэрэг, шатрын хүү ч цөөнгүй. Засаг бүтэх, унахад хөшигний арын сонирхол шийдвэрлэх учир холбогдолтой байх нь ч цөөнгүй. Чухам тиймээс ч улс төрийн намууд нь хөшигний арын бүлэглэлийн хөсөг болох.
“Намын байрны гадаа ирээд цүнхтэй өгөөд оруулахад” алга болсон мөнгө ийм сонирхлын хэвийн нь биш харин осол, эндэгдэл нь. Тэр ч байтугай компаниуд өөрсдийн намтай, фракцтай, жигүүртэй, гишүүнтэй, бүлэгтэй, тойрогтой байх нь хэвийн үзэгдэл болсон байх. Компанийн эзэд, захирал, хувьцаа эзэмшигчид 76 суудлыг бараг тэр чигээр нь эзлээд дуусаж байх. Уул уурхайн баялгийн буянаар хөрөнгө оруулагчид ч хөшигний арын, хөрөнгийн засгийн, зах зээлийн хүчтэй тоглогчид. Тиймээс засаг бүтэх, унах нь нөөцийн, баялгийн, хөрөнгийн хуваарилалт. Бизнесийн хэлэлцээр, талцаан, хуйвалдаан, арилжаа, худалдаан, нэг үгээр, өөрөө бизнес. Мэдээж засгийн суудал ч, аливаа нөөц ч, хөрөнгө ч хомс. Тиймээс булаалдах. Ялагч, ялагдагч “тодрох”. Ялагдагчид сөрөг хүчин болох. Сөрөг хүчин засгийн эсрэг тэмцэлд босох. Энэ нь мэдээж хурал засгаа нухах нэг суурь шалтгаан.
Мэдээж олон оролцогчид, олон сонирхол аль аль нь хаа сайгүй байх. Монголын онцлог биш. Тэд газар сайгүй засгийг бүтээх, унагахад хувь нэмрээ оруулах, хөрөнгө хүчээ зарцуулах. Тиймээс тэд Монголын засгийг байгуулах, унагахын гол эзэн нь ч, буруутан нь ч бас биш. Харин эзэн нь, буруутан нь, эсвэл гавьяатан нь хурал-зөвлөл өөрөө. Чухам хурал өөрөө засаглах, өөрөөсөө өөрөө засгийг байгуулах, буулгах эрхтэйнх. Чухам эл учраас ч 76 суудлыг нь бараг “бизнесмен-улс төрчид”, эсвэл “улс төрч-бизнесменүүд” эзлээд байгаа юм. Тэдний бизнес улсын засаг авах, нийтийн баялаг хуваарилах. Харин эдийн засгийн, хөрөнгийн хөндлөнгийн оролцоо, санаархал нь тэдний бизнесийн зах зээл. Тэнд хуралчид саналаа, эрх мэдлээ урвуулах, борлуулах, арилжих бизнес эрхлэх. Үүнийг толгойтой бүхэн гадарлах. Харин хууль тогтоох л хурлын эрх мэдэл байсан бол хурал ч, хуралчид ч, нам ч, намчид ч ийм байх байсан болов уу гэж хэн ч үл асуух.
МУИС-ийн профессор Л.Мөнх-Эрдэнэ
URL: