C.Анхбаярын ял хөнгөрч, Ц.Нямдорж шүүх дээр “ялж” эхэллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сүүлийн үед “доголон нулимс”-тай явах болов. С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шийтгэгдсэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг дэлгэж, “Монголд ийм юм байдаг аа” хэмээн уулга алдаж, уучлал хүсэх болов.
Тэр ингэж гэнэт ухаан орсон нь сайндаа ч биш үүний цаана ямар нэгэн нүүдэл байсан гэдгийг улс төрийн хүрээнийхэн ярьж байна.
Тэгвэл эрүүдэн шүүсэн гэх дуулиантай зэрэгцэн Ц.Нямдорж сайдын хуурай дүү гэгддэг “ДЦС”-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан С.Анхбаярт холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэж, ялыг нь хөнгөрүүлж шийдвэрлэжээ. Уг нь дунд шатны шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг Дээд шүүхээс 27 сая төгрөгөөр торгох ял болгон өөрчлөөд байна. С.Анхбаяр нь Увс аймгаас гаралтай бөгөөд Ц.Нямдорж сайдтай нутаг нэгтэй. ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц “Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыг дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүл” гэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм” гэсэн байдаг. Тэгэхээр С.Анхбаяр Ц.Нямдоржийн хувьд хамаарал бүхий хүн мөнөөс мөн юм.
Түүнчлэн “Алтжин” группийн Г.Алтан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарыг ер бусын харьцаатай гэдгийг олон нийт мэддэг. Тэгвэл Г.Алтанг , Жастын Ш.Батхүүтэй бүлэглэл Төрийн банкийн залилсан гэдгийг прокурорын байгууллагаас тогтоосон. Энэ үндэслэлээр ч шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Худалдаа хөгжлийн банкны удирдлагуудыг баривчлан саатуулдаг яг тэр өдөр “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан нарт холбогдох хэргийн шүүхийн хэлэлцүүлэг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон байдаг. Тэгээд хэргийн нотолбол зохих зүйлүүдийг шалгаж тогтоогоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэн прокурор руу буцаасан юм. Энэ нь Г.Алтан, Э.Сүрэн нарт давуу байдал олгож байгаа гэсэн үг л дээ. Тэгвэл прокурорын байгууллагаас энэ хэрэгт эсэргүүцэл бичиж шүүх рүү дахин буцаагаад байна.
Өмнө нь Г.Алтан, Э.Сүрэн нар Төрийн банкнаас 51.5 тэрбум төгрөг нэхэмжилж, шүүх тэдний талд шийдвэр гаргасан байлаа. Харин энэ хэрэгт шинэ нөхцөл үүсч, Г.Алтан Төрийн банкнаас 51 тэмбум төгрөгийг авч чадахгүй харин ч эрүүгийн хариуцлага хүлээх болоод байгаа юм. Тэгэхээр энэ хэрэгт ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ч сэтгэлээ чилээж суугаа юм билээ. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэж болох юм болов уу.
Эх сурвалж:www.polit.mn
URL: