“АСЕМ Вилла” хотхоны ойролцоох худгаас гэдэсний савханцар илэрчээ
Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл өнөөдөр (04.03) мэдээлэл хийлээ. Тэрбээр Скай резорт цанын бааз, АСЕМ Вилла хотхоны бохир ус хальж, Туул гол руу цутгасан талаар мэдээлэл өгөв.
Анх 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэдээс мэдээлэл авч, газар дээр нь очиж ажилласан байна. Тэгэхэд АСЕМ-ын барилгын баруун хойд цооногоос маш их хэмжээний бохир ус хальж, хөлдсөн байдалтай байсан аж. Мөн бохирын худгуудаас нь бохир хальж, замын хажуу руу хөлдсөн байна. Тиймээс нийслэлийн шуурхай байгууллагуудтай холбогдож, МCS компанийн ашиглалт хариуцдаг албаны хүмүүстэй уулзсан байна.
Мөн тэрбээр МХЕГ-ын даргад албан бичгээр хандаж, яаралтай арга хэмжээ авахыг хүссэн байна. Энэ дагуу Н.Цагаанхүү даргаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж, хальж хөлдсөн мөс, хөрснөөс дээж авч, шинжилгээнд өгсөн байна. Цаашлаад УСУГ-ын удирдлага болон МCS компанийн ашиглалт хариуцдаг албаныхантай уулзаж, холбогдох үүрэг даалгаврыг өгчээ. Энэ дагуу MCS компаниас бохироо цэвэрлэсэн байна. Гэхдээ бохир мөсөө Богд уулын зүүн талд аваачиж асгасан зөрчлийг илрүүлж, холбогдох газруудад шаардлага хүргүүлснээ ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл ярилаа.
Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээний дүнгээр худгийн ойролцоо тогтсон мөснөөс гэдэсний бүлгийн савханцар илэрч, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгааг анхааруулжээ.
Мөн Мэргэжлийн хяналтын байгууллага болон Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас зөрчил гаргасан байгууллагыг тус бүр 5 сая төгрөгөөр торгосон байна.
Ингэж холбогдох байгууллагад хяналт шалгалт хийж, арга хэмжээ авсан ч зарим хэсгийн бохирыг цэвэрлээгүйгээс хайлж, Туул гол руу цутгаж байгааг төлөөлөгч Б.Дэмбэрэл хэллээ. Тэрбээр энэ асуудлаар МCS компанийн ашиглалт хариуцдаг инженертэй уулзсан ч “бидэнд хамаагүй” гэх хариуг авчээ. Тиймээс тэрбээр Туул голыг бохирдуулж байгаа байгууллагуудтай цаашид ч тэмцэнэ гэдгээ илэрхийллээ.
М.Болд
URL: