МХЕГ: Тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчийн эрхийг зогсоосон

30

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Уул уурхайн хяналт шалгалтын талаарх мэдээллийг өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд өглөө. Монгол улсын хэмжээнд хүчин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй 1751 аж ахуйн нэгж байдаг байна.  Үүнээс 281 аж ахуйн нэгжид Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн гуравдугаар сарын 18-аас дөрөвдүгээр сарын 1-ны өдөр хүртэл хяналт шалгалт хийсэн байна.  Уг шалгалтыг зохион байгуулж буй ажлын хэсгүүд уул уурхайн осол аваараас урьдчилан сэргийлэх зорилготойгоор хийгдсэн шалгалт хэмээн тайлбарлаж байв.

Тус хяналт шалгадтаар 592 зөрчил илрүүлэн 90 зөрчлийг газар дээр нь арилгуулсан ба улсын ахлах байцаагчийн 124 заалт бүхий 42 акт гаргаснаас тусгай зөвшөөрөлтэй 28 аж ахуйн нэгж байгууллагын эзэмшигчийн эрхийг зогсоожээ.

Мөн 79 албан шаардлага, үүрэг даалгавар, 301 зөвлөмжийг өгч, 224 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ. Үүнээс гадна 291.2 гр алт хураасан байна. Хяналт шалгалтын дүнг үндэслэн зургаан зөрчлийн хэрэг нээж, хяналт шалгалтыг үргэлжлүүлж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас мэдээллээ.

Уурхайд 29 төрлийн бичиг баримт байх ёстой. Энэ бичгүүдийг бүрэн бүрдүүлж, аюулгүй ажиллагааг хангасны дараа олборлолтын үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээгүй зөрчил их илэрсэн байна. Мөн байгаль орчны өнгөрсөн жилийн менежментийн тайлангаа гаргаагүй үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгжүүд ч байсан аж. Үүнээс гадна уурхайн үйл ажиллагаанаас гарсан химийн хорт бодисыг ялгаж ангилахгүйгээр хадгалсан илэрсэн зэрэг зөрчил илэрчээ.

Мөн 25 аж ахуйн нэгж, байгууллагад 224,500,000 төгрөг, 8 нөхөрлөлд 3,900,000 төгрөгийн торгуулийг тус тус ногдуулсан ба 291.2 гр алтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь заалтыг үндэслэн хураан авч, 39 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, 6 зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг үүсгэн прокурорын байгууллагад хүргүүлээд байна.

Дээрх хяналт шалгалтаар нийтлэг гарч буй зөрчлүүдэд уул уурхай дээр байх бичиг баримтын бүрдэл дутуу, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох байгууллагаар батлуулаагүй, мөн төлөвлөгөөний биелэлтийг холбогдох газарт тайлагнаагүй, байгаль орчны аудит хийлгээгүй, уурхайн үйл ажиллагааны үед ашигласан тос масло, аккумлятор, дугуй гэх мэт зүйлсийг зориулалтын бус газар буюу ил задгай хаяж хүрээлэн буй орчин бохирдуулсан, кадастрын зураг бүрдүүлээгүй,  ус дамжих дүгнэлт гаргаагүй, хөрс чулуу хөлдүүс нурах аюул бүхий хэсэгт анхааруулах тэмдэг, санамж болон хаалт байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих