Д.Ганцэцэг: Уран бүтээл гэдэг бол тухайн хүний эмзэглэл дээр бий болдог

49

“Халуун зүрх” хэмээх  анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод буй “Аримун” продакшны үүсгэн байгуулагч, жүжигчин Д.Ганцэцэгтэй ярилцлаа.


-Хувьсал продакшнаас “өрх тусгаарласан” хоёр Ганаа “Аримун” продакшн байгууллаа гэх сенсаци намжаагүй байхад анхны уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож байна. Харин яагаад анхны бүтээл тань “Халуун зүрх” байх болов?

-Маш олон сонголтын үр дүнд “Халуун зүрх” киноны зохиол бичигдэж эхэлсэн. Уран бүтээл гэдэг бол аливаа уран бүтээлчийн эмзэглэл дээр бий болдог. Тэрхүү эмзэглэл хэдий чинээ гүн сэтгэгдэл үлдсэн байна, тэрийгээ илэрхийлэхэд илүү үнэнд ойрхон очдог юм болов уу. Тиймээс өөрийн сэтгэл доторх зохиолоо амилуулахыг А.Ганчимэгт санал болгож, тэр маань үзэгчдийн хүртээл болоод явж байна.

-Кино нээлтээ хийж, үзсэн, үзээгүй хүмүүс олон төрлийн таамаг, ухаарлыг авч байгаа байх. Таны хувьд уг киноны ерөнхий найруулагчаар ажиллалаа. А.Ганчимэгийн зохиолыг кино уран бүтээл болгоход та чухам юунд анхаарч ажилласан бэ?

-“Мөнхийн тасаршгүй мөр үлдэнэ, Үргэлжлэл болсон үр үлдэнэ …” гэж миний бичсэн шүлгийн хэсэгт байдаг. Энэ санаагаа гаргахыг зорилоо. Хүн болгон мөнх биш нэг амьдарна гэж боддог хэдий ч хүн мөнхийн амьдралтай. Учир нь өнөөдөр чиний амьд оршиж байсныг хэдэн зуун жилийн дараа чиний үр хүүхэд нотлох болно.

Өнөөдөр чиний хийсэн үйл, хэлсэн үг бүхэн хүүхдэд чинь төлөөс болно. Эсвэл жаргал болон очно. Тийм учраас эргэх дэлхий мөнхийн эргэдэг шиг хүмүүний амьдрал тасралтгүй эргэнэ. Үүнийг ухаарч хүн хэмээх олдошгүй хувь заяаг олж төрсөн л бол өөр өөрийн ирээдүйн төлөө үргэлж тодоос тод гэрэлтэж байгаасай гэж хүсч байна. Гол санаа бол эх дэлхийг ээжүүдийн хайр нийлж бүтээсэн гэдэг санаа бөгөөд хамгийн зөв юм болов уу даа.

Хайр байгаа газарт үргэлж аз жаргал өрнөж, үргэлж зөөлөн энхрий байдаг. Хүн болгоны зүрх сэтгэлд нандигнаж байдаг ариун хайр үргэлж мөнх үнэн байгаасай гэж хүсч байна.

-Таны бодож хүссэн зүйлс уран бүтээлд тань шингэж чадав уу?

-“Халуун зүрх”киногоор нэг зүйлийг ойлгоосой гэж хүссэн. Тэр нь юу гэхээр хүн болгон энэ ертөнцөд тодорхой хэмжээний үүргээ гүйцэтгэхээр ирдэг. Үүргээ гүйцэтгэхийн тулд маш их саад бэрхшээл тохиолддог. Хүн өөрөө эс хүссэн ч хүсээгүй ч зовлонд унагах бус тэрхүү сорилтыг сэтгэлийн хүчээр давж гарснаар ирээдүйд сайн сайхан зүйлтэй учирна. Энэ бүхнийг ойлгоосой гэж хүссэн.

Хэрвээ та хүсч байвал зорилгынхоо төлөө хэзээ ч шантралгүйгээр тэмцээрэй. Тэгвэл таны хүсэл хэзээ нэгэн цагт биелж амьдрал таныг шагнах болно. Мөн хүн болгоны зүрх сэтгэлд нандигнаж байдаг, үргэлж ээж, аав шигээ нандигнан дээдэлж байдаг хайр бүхэн таны үргэлж ариунаараа мөнхөд орших болтугай хэмээн хүсч энэхүү уран бүтээлээ хийсэн.

– Киноны дүр сонголт бол цэвэр найруулагчийн ажил. Тэгвэл та хүссэн дүрээ олж чадсан уу?

-Буржаак хүүгийн дүрд тохирох хүүхэд олоход хэцүү байсан. Харин Эрдэнэ эмчийн дүрд Б. Тамирыг сонгохдоо А.Ганчимэг бид хоёр санал нэгдсэн.

Эрдэнэ бол миний зүрх сэтгэлдээ үргэлж мөнхөд хадгалах миний насан туршийн мөнхийн хайр, миний ханийн дүр гэж бодсон. Хоёр хүү маань ч гэсэн киног үзээд аав минь ийм хүн байсан даа гэж бодож хүндэлж яваасай гэдэг үүднээс энэ дүрийг Эрдэнэ гэж нэрлэсэн.

Тоглох дүрээ сонгохдоо ур чадвар гэхээсээ илүүтэйгээр хувь хүний ур чадвар, жинхэнэ эр хүн байгаасай, маш хариуцлагатай, зөв ухамсартай хүн байгаасай гэж хүссэн. Тийм ч учраас олон эрэгтэй жүжигчид дундаас Б.Тамирыг сонгосон.

-Буржаакын дүрийг таны хүү бүтээсэн гэж дууллаа. Хүү тань кинонд дүр бүтээх саналыг хэрхэн хүлээн авсан бэ?

-Тийм ээ. Миний хүү Буржаак хүүгийн дүрийг бүтээсэн. Хүү маань анх зохиолоо уншсаны дараа “инээдтэй зохиол байна” гэсэн. Өөрөөсөө эгч хүнд дурлачхаад “хайр аа”, “үнсье” гээд байгаа нь инээдтэй санагдсан байх. Мөн “миний тоглох хэсэг есөн хэсэгтэй юм байна. Нэг хэсгийн зураг авалтыг 100 мянгаар үнэлээд, та миний цалинг өгч чадах юм бол тоглож болох юм байна” гэж хэлсэн. /инээв/

– Та цахим хуудсандаа хүүтэйгээ ярьсан зарим хөөрөлдөөнөө нийтэлсэн байдаг. Буржаакын дүрийг сонгоход хүүгийн тань энэ байдал нөлөөлсөн үү?

-Миний хүү их хэгжүүн зөв хүүхэд л дээ. Үргэлж өөрийнхөө санааг зөвөөр илэрхийлж чаддаг. Гэхдээ би энэ дүрд бага хүү Б.Хангалыг тохирно гэж төсөөлөөгүй байсан. Харин манай А.Ганчимэг “Хангал чадна аа” гээд байсан. Тэгээд нэг өдөр миний хүү энэ үгийг хэлээд үз дээ гэж зохиолын текстээ уншуулсан. Тэгсэн яг л тохирч байлаа. А.Ганчимэгийн зөв байсан.

-Магадгүй А.Ганчимэгийг  таньдаг байсан болохоор айж, эмээлгүй жүжиглэсэн юм болов уу?

-Ер нь Буржаак бол Б.Хангал хүүгийн минь байгаа байдал. Жаахан зохиолч, найруулагчийн хэтрүүлэг орсон учраас үл алиг хэтрүүлэгтэй. Гэхдээ манай Б.Хангалын байгаа байдал л ийм.

Харин зохиолоо уншаарай, үгээ цээжлээрэй гэж хэлж байсан болохоос биш яг зорьж бэлдээгүй. Зүгээр миний хүү “ээжээ би сайн тоглох болов уу, муу тоглох болов уу” гэж эргэлзэж байсан. Тэр үед “ээж нь чамд итгэж байна” гэхэд “за ээж ээ” гэсэн. Одоо бол миний хүү өөрийнхөө тоглосон дүрийг харчихаад аягүй их хөөрч байгаа. Хүү минь “ээжээ би аавдаа зориулсан кинонд тоглолоо. Би яагаад ч юм баярласандаа болоод уйлчихлаа” гэж ярьсан.

Г.Нараа

Эх Сурвалж: Ugluu.mn


URL:

Сэтгэгдэл бичих