Танилц Ерөнхийлөгч өө, энэ бол “Mongolian face”

Саяхан болж өнгөрсөн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойн баярт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үг ард түмнээс алга ташилт авав. Ард түмнээ хашгируулж ч чаддаг, хошгоруулж ч чаддаг Ерөнхийлөгчийн хувьд ард түмнээс алга ташилт авна гэдэг асуудал бол тун энгийн зүйл. Бас амархан.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн ажил хэргээ танилцуулсандаа алга ташилт авсан юм биш. Харин өдгөө Монгол улсад болж бүтэхгүй юу байна тэр бүгдийг цуглуулан тоочиж засаж залруулах тухай хэд гурван үг хэлсэндээ алга ташилтаар шагнуулав.

Харин УИХ-ын 76 яагаад алга ташилтаар шагнуулдаггүй нь тэдний гөжүүд занд л байгаа юм. Нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн мандан бадарч асан Улаанбаатар хот өдгөө Азийн саарал баатар буюу Утаанбаатар хот болчихоод байгаа хэдий ч уран үгээ уургын морь шиг урсгасан 76 худалч утааг бодитоор бус бодлогоор алга болгож, албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана гээд байгаа нь ард түмэнд таалагддаггүй. Тийм ч учраас алга ташилт авч чаддаггүй юм.

Гэхдээ Ерөнхийлөгч маань саарал ордонд суугаа сүүмгэр нөхдүүдээс хэлж байгаа үгээрээ ялгарахаас бус хийж байгаа үйлдлээрээ ялгарч чадахгүйд л хамаг учир байна. Уг нь төрийн түмэн нүдээр утааг харж улмаар хүн ам зүй, удмын сан, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг мэдэхийн дээдээр мэдэж эдгээрийг өөрсдөө шийдэхгүй, хийхгүй бол бидний өмнөөс хэн ч хийхгүй. Энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг монголын төр засаг шийдвэрлэхгүй бол өөр хэн ч шийдэхгүй.

Монголоо сайхан болохыг, Монголд хүн ажиллаж амьдрах аятай тухтай орчин бүрдэхийг алсаас харж хүлээж суугаад нэмэргүй. Монголынхоо гал голомтыг улам бадраан мандуулж, үр хойчдоо сайхан Монгол орноо уламжлуулан үлдээх үйлсэд хүн бүр гар бие, сэтгэл оюунаа чилээн оролцохыг би уриалж байна гэсэн мөртөө Улаанбаатарынхаа утааг сарниахын төлөө хошуу нэмснээс хуруу нэмсэнгүй.

Төрөөс тэрбум тэрбумаар нь төсөвлөж байгаа утааны мөнгө хэний халаасанд орж хаашаа урсан одож байгааг Та нэг анзаарч хараач. Одоо тэд төрөөс төрсөн тэрбумтан биш, утаанаас төрсөн тэрбумтан болж үр хүүхдүүдээ утаанаас зугатаалгаж гадаад руу илгээчихээд төрийн төлөө санаа зовнисон дүр үзүүлэн инээмсэглэн алхаж байна.

Харин эх нялхас хийгээд эрүүл мэндийн төвүүд утаанаас үүдэн уушгины асуудалтай болсон төдийгүй утааны улмаас гэсэн тодотгол бүхий өвчилсөн хүүхдүүдийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.

Хэдхэн хоногийн өмнө хоёрхон сартай нялх хүү эх нялхасын эмнэлэгийн мэс заслын орон дээр хэвтлээ. Хорвоод мэндлээд хоёрхон сар болж байгаа хэдий ч наркозонд орж цээжин дээрээ гарсан хавдарыг авахуулсан гэнэ. Эмч нарын тайлбарлаж байгаагаар агаарын дутагдал буюу утаанаас үүдэн энэ эмгэг туссан хэмээн тайлбарлах.

Үүнээс гадна архаг бронхит, агаарын дутагдал гэсэн оноштой эмчүүлж байгаа хэдэн зуун хүүхэд байна. Агаарын дутагдал нь мэдээж бидний хэлж заншснаар аркит буюу рахит. Рахит ихэвчлэн цэвэр агаарын дутагдлаас үүдэн 2 сартайгаас 2 хүртэлх насны хүүхдийг өвчлүүлдэг, эрчимтэй өсөж буй нялх залуу бие махбодын өвчин гэдэг. Рахитын улмаас хүүхдийн цээжний хэнхэрцгийн хэлбэр, багтаамж өөрчлөгдөн хавирга хоорондын болон хэвлийн булчин суларснаас гэдэс дүүрч, өрцийг дээш шахан амьсгалын хөдөлгөөн хязгаарлагдах тул рахиттай хүүхэд ялангуяа амьсгалын цочмог халдвар ба уушгины хатгалгаагаар өвчилдөг.Үүний улмаас нас барах тохиолдол ч элбэг байдаг гэх.

Үс нь тэр чигээрээ зулмаран унаж, биенээсээ толгой нь томдон, үе мөч нь суларч хөл орох цагаасаа хожуу хөл орж буй хүүхдүүд Монголын ирээдүй болчихоод байна. Үүнээс гадна эхийнхээ хэвлийд байхдаа л утаанд хордон тагнай нь цоорсон, уруул нь сэтэрсэн гэх зэргээр гаж хөгжилтэй төрж буй хүүхдүүд нэмэгдсээр байгаа.

“Нийслэлд тохиож байгаа хүндрэл, гамшгаас хожиж гарах иргэн манай улсад нэг ч байхгүй. Бүгд л хохирч байгаа. Наад зах нь Улаанбаатарын өвчин удам судрыг нь хүртэл хойшид зовоох болно. Нийслэл гамшгийн бүс болсон. Агаараас харагдахаа больсон. Газарт яваад нь аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон” гэж та хэлсэн. Гэхдээ санаа нийлэмгүй зарим асуудал байна.

Энэ нь “Нийслэлд тохиож байгаа хүндрэл, гамшгаас хожиж гарах иргэн манай улсад нэг ч байхгүй. Бүгд л хохирч байгаа” гэсэн үг. Үгүй Ерөнхийлөгч өө. Албан тушаалын оргил өөд мацаж, авлигаар орлогоо хийсэн төрөөс төрсөн тэрбумтнууд чинь утааны гамшгийг мэдэхгүй. Үр хүүхдүүдээ өндөр хөгжилтэй, өнгөтэй өөдтэй харь оронд амьдруулж, бас утааны улирал эхлэхээр халуун дулаан орныг усны шувуу адил зорьж, урин цаг ирэхээр эх орондоо газарддаг нөхдүүд хааяагүй байна, цаана чинь. Тэр ч бүү хэл хүнсний аюулгүй байдлаа хангахын тулд хэдэн бидний нэг сарын цалингаас хэд давсан өртөг зардлаар гадаад руу нисч долоо хоногийнхоо хоол хүнснийг базаадаг эрхмүүд ч байна. Товчхон хэлбэл төрөөс төрсөн тэрбумтнууд чинь утааны гамшигт нэрвэгдээгүй, хохироогүй, тэд хохирох ч үгүй. Харин утаанаас хожиж байгаа  нөхдүүд байна. Улаанбаатарын утааг бууруулах, улмаар арилгах төсөл хэрэгжүүлж буй нөхдүүд шат шатандаа төсвийн мөнгийг идэж ууж, хожиж байгаа шүү дээ.

Бас таны хэлсэн “…Наад зах нь Улаанбаатарын өвчин удам судрыг нь хүртэл хойшид зовоох болно…” гэсэн үг иргэдийг ихэд эмзэглүүлэв. Бас хэдэн өдөр миний утсыг чихнээс салгасангүй. Адгийн наад зах нь Ерөнхийлөгч маань “Хойшид ч зовоох болно” гээд хэлчихэв үү хэмээн лавлах юм. Учир мэдэх нэг нь Улаанбаатар төдийгүй орон даяар нүүрлээд байгаа гамшгийг Ерөнхийлөгч дийлэхээ байгаад “Хойшид ч зовоох болно” гээд хэлчихэв үү гэх. Энэ мэтээр шинэ он гарснаас хойш эл асуудал яригдаж “…Улаанбаатарын өвчин удам судрыг нь хүртэл хойшид зовоох болно…” гэх үг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Ерөнхийлөгч таны амнаас гарсан нь үр удам, хойч ирээдүйгээ заналхийлсэн “заналхийлэл” мэт сонсогдсоныг хэлэх юун.

Түүнээс гадна “…Нийслэл гамшгийн бүс болсон. Агаараас харагдахаа больсон. Газарт яваад нь аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон…” гээд юу хэлчихэв дээ. “…Газарт аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон…” юм уу. Уг нь Монголчууд бид ард түмнээ хошгоруулдаг ч бай, хашгируулдаг ч бай Төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн танд ирээхэн найдлага тавьж Улаанбаатарын утаан гамшгийг арилгаж ард түмнээ аварч улс үндэснийхээ аюулгүй байдлыг хангаж чадна хэмээн итгэж найдаж байсансан.

Гэвч “Аваарын гэрлээс өөр аврал үгүй болсон” хээв нэг хэлж байгаа тань огтхон ч таалагдахгүй байна. Нэг талаасаа нийгмийн бодит үнэнийг хэлж байгаа боловч нөгөө талаас ингэж хэлэх эрх Түшээдэд байхгүй. Төрийн халааснаас хэдэн жилийн турш хөрөнгө мөнгө гаргаж утаатай тэмцэж утаанаас салгах арга хэмжээ авч байгаа ч гэрийн эсгий, хаалганы дулаалга, “бүрэн шаталтат” гэх нэрийн дор тараах зуухнаас хэтрэхгүй байгаа нь төрөөс дахин хэд хэдэн тэрбумтан төрөхийн шинж. Харин утаанаас салах шинж энэ огт биш гэдгийг Төрийн тэргүүн та эрхбиш гадарламаарсан.

Мөн “Нийслэл хот маань монголыг сайхан харагдуулдаг цаг байсан. Одоо муухай харагдуулдаг болсон. Монгол хүнийг байтугай, энд ажиллаж амьдрах гэсэн сайн санаатнуудыг үргээдэг, уур хараалыг нь бардаг газар болсон. Улаанбаатарын бохирдол, түгжрэл, гамшиг энд амьдрагсдад хортой төдийгүй, манай орны хөгжил дэвшлээс чангаагч хүчин зүйл болсон. Манай нийслэлийн утаа монголын өрсөлдөх чадварыг хойш татаж байна” гэдгийг та хэлсэн. Гэвч хэлэхээсээ хийх нь илүү чухал байна. Эцэст нь хэлэхэд энэ зурган дээр гарсан хүүхдүүдтэй танилц, Ерөнхийлөгч өө.


URL:

Сэтгэгдэл бичих