Хууль сахиулахын их сургууль хурандаа нарын дамжин өнгөрөх бааз болсон уу
БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/ тогтоолоор байгуулсан ууган сургууль манайд хуруу дарам цөөн. Тэдгээрийн нэг нь Хууль сахиулахын их сургууль. Гэвч үе үеийн цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, онцгойгийн алба хаагч, салбартаа мэргэшсэн удирдлагыг бэлтгэж гаргасан, 86 жилийнхээ түүхтэй золгож буй эл сургууль өдгөө ажлаас нь чөлөөлсөн хурандаа нарын очдог, дамжин өнгөрдөг бааз болжээ. Ийн тодотгох болсныг сүүлийн жилүүдэд хийсэн томилгооноос харж болно.
Жишээ нь, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсныхоо дараа хамгийн түрүүнд дөрвөн томилгоог хийсний нэг нь ХСИС.
Ингэхдээ Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан С.Баатаржавыг чөлөөлж, ХСИС-ийн захирлаар ажиллаж байсан Р.Чингисийг түүний оронд томилсон юм. Харин үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хурандаа С.Баатаржавыг удалгүй ХСИС-ийн захирлаар томилсон билээ.
Үүний дараа Р.Чингисийн оронд очсон Ө.Энхтөрийг Засгийн газраас чөлөөлж, С.Баатаржавыг томилсон ч, түүнийг ХСИС-ийн захирлаар тавьж байлаа шүү дээ. Хамгийн сүүлд, өнгөрсөн хоёрдугаар сард ХСИС-ийн захирлаас чөлөөлсөн Ө.Энхтөрийн оронд ХХЕГ-ын дэд дарга асан хошууч генерал Ш.Лхачинжавыг томилов. Нэг үгээр хошууч генерал Ш.Лхачинжав үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд ХСИС-ийн захирлаар очсон хэрэг. Эндээс нэг асуулт гарч ирнэ. Тэр нь Хууль сахиулахын их сургууль хурандаа нарын дамжин өнгөрөх бааз болсон уу. Тийм биш бол үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хурандаа нар ХСИС-ийн захирлаар очдог, эргээд даргаар ирдэг асуудлын ард ямар нэгэн шалтгаан байж таарах нь.
www.24tsag.mn
URL: