Африкт хоёр сарын дотор 29,000 хүүхэд өлсгөлөнгөөр нас баржээ
Дэлхий нийт бүрэн дүүрэн анхаарал хандуулаагүйн улмаас өнгөрөгч жил Зүүн Африкт хэдэн арван мянган хүн өлсгөлөнгөөр нас барсан хэмээн Британийн тэргүүлэх хоёр тусламжийн байгууллага мэдэгдлээ. Oxfam болон Save The Children байгууллагуудын мэдэгдэж буйгаар зургаан сараас ч илүү хугацаагаар нөмрөн ирж буй өлсгөлөнгийн аюулыг тусламжийн байгууллагуудад анхааруулж байсан гэж байгаа юм. Зүүн Африкийн Кени, Этиоп болон Сомали улсад 50,000-100,000 орчим хүн амь насаа алдсан байна. Дээрх хоёр байгууллага олон улсын засгийн газрууд, хандивлагчид, төрийн бус байгууллагууд болон НҮБ-д хандан алдаагаа залруулж, дээрх бүс нутагт анхаарал хандуулахыг уриаллаа.
Түүний хажуугаар гамшигт нэрвэгдэн, өлсгөлөнд автсан Кени, Этиоп улсуудын засгийн газрууд асуудалтай байгаа нь гамшгийн хэмжээг хүлээн зөвшөөрч байгаа ч тусламжийн байгууллагын ажилтнууд тусламж хүргэхэд маш хүндрэлтэй байгаа билээ.
НҮБ-ын тогтоосон тоо баримтаар Африкт 10 сая гаруй хүнд хүмүүнлэгийн яаралтай тусламж хэрэгтэй байна гэсэн дүн гарчээ. Хоол хүнс хайсан хэдэн зуун мянган иргэд улс орноосоо дайжиж байгаа бөгөөд ялангуяа лалын шашинтнуудын аль-Шабаб бүлэглэлийн босогчдын гарт орсон Сомалиас үй олон хүн дүрвэж байгаа юм.
Гамшгийн хэмжээ улам аюултай байдалд хүрч байгааг холбогдох эх сурвалжууд онцлон анхааруулж байна. Цаашид ч өлсгөлөнгийн хямрал үргэлжилж, илүү олон хүнийг хамрах аюул нүүрлээд байгаа учраас бүхий л олон улсын хэмжээнд бүх нийтээрээ энэ бүст туслах уриалгыг тусламжийн байгууллагууд ийнхүү гаргаад байгаа ажээ. АНУ-ын засгийн газрын мэдэгдэж буйгаар Зүүн Африкт өнгөрөгч 2011 оны тавдугаар сараас долдугаар сар хүртэлх хоёрхон сарын хугацаанд таваас доош насны 29,000 хүүхэд нас барсан байна. Тиймээс дэлхий нийтээрээ Африкт тусламжийн гараа сунгахыг Save The Children болон Oxfam тусламжийн байгууллагын зүгээс уриалжээ.
Бэлтгэсэн: Б.Бурмаа
URL: