Дэлхийн хамгийн үнэтэй зураг алга болсон тухай мэдээлжээ
АНЭУ-ын нийслэл Абу-Даби хот дахь Луврын музейн салбарын ажилтнууд Леонардо да Винчигийн “Ертөнцийг аврагч” зураг хаана байгааг мэдэхгүй байгаа тухай “New York Times” сонин мэдээлжээ.
Тус агентлагийн мэдээлснээр, Абу-Даби хот дахь салбарт 2018 оны есдүгээр сард зохион байгуулах гэж байсан уг зургийг үзүүлэх арга хэмжээг “тайлбаргүй шалтгаанаар” цуцалсан байна. Тус хотын соёл, аялал жуулчлалын газраас ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан боловч музейн нэрээ нууцлахыг хүссэн ажилтнууд “зураг чухам хаана байгааг мэдэхгүй байгаагаа” хэлжээ.
“New York Times” сонины өөр эх сурвалжийн мэдээлснээр, Парисын Луврын музейн ажилтнууд ч мөн “Ертөнцийг аврагч” хаана байгааг мэдэхгүй байгаа аж. Леонардо да Винчигийн таалал төгссөний 500 жилийн ойд зориулсан үзэсгэлэнд уг зургийг тавихаар төлөвлөсөн учир удахгүй олдоно хэмээн албаны хүмүүс найдаж байна гэж тус сонинд мэдээлэв.
2017 оны 11 дүгээр сард болсон дуудлага худалдаагаар “Ертөнцийг аврагч” 450 сая ам.доллароор зарагдаж, хамгийн өндөр үнэ хүрсэн урлагийн бүтээл болсон билээ. “New York Times” сонинд мэдээлснээр, уг зургийг Саудын Арабын хунтайж Бадр бен Абдулла бен Мухаммед бен Фархан Аль Сауд худалдан авсан байна. Саудын Арабын эрх баригчид энэ мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзжээ.
Францын алдарт Луврын музейн салбарыг Абу-Даби хотноо 2017 онд нээсэн байна. Уг салбар нь Лувр брэндийг Францаас өөр улсад ашиглахыг зөвшөөрсөн цорын ганц музей юм.
URL: