ҮАБЗ-ийн “гурвал”-ын хийх “цэвэрлэгээ” хаврын чуулгантай хамт эхэлнэ

2УИХ-ын ээлжит бус чуулганы хэлэлцэж шийдвэрлэсэн хуулийн дуулиантай өөрчлөлт бол ҮАБЗ-ийн зөвлөмжөөр Шүүх,  прокурор, АТГ-ын удирдлагыг хугацаанаас нь өмнө огцруулах эрх зүйн үндэслэл бий болсон явдал.

Ерөнхий сайд нэгэнтээ “Төрийн цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор хэлье. Надад хүч тэнхээ, эрх зүйн орчин дутаж байгаа” гэж байсан бол одоо тэр хүсээд байсан эрх зүйн орчин нь бий боллоо.

Батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн хууль 24 цаг цаг ч болоогүй байхдаа үйлчлэлээ үзүүлж,  Ерөнхийлөгч зарлиг гарган УЕП М.Энх-Амгалан болон орлогч прокурор Г.Эрдэнэбат нарыг огцруулсан. Хуулийн өөрчлөлтөөр прокурорын удирдлагуудыг Ерөнхийлөгч хэнтэй ч зөвшилцөхгүйгээр өөрчлөх боломжтой  болсон нь ид шидээ ингэж гаргаж буй хэрэг.

Харин УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг ёсоор болгосон. Хууль батлагдсаны маргааш гарсан Ерөнхийлөгчийн дээрхи зарлигууд эдгээр байгууллагуудад “цэвэрлэгээ” эхэлсэнийг илтгэнэ. Угаас улс төрд болох юм болдогоороо болж байгаагийн нэг жишээ л  энэ байв. Одоо ч энэ “цэвэрлэгээ” цаашид үргэлжилнэ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснээр МАНАН бүлгийн томилгоогоор хууль прокурорын байгууллагад очсон 40 гаруй хүн бий гэж  байгаа.  Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд улс төрийн энэ салхинд өртөх нь тодорхой байх. Түүнчлэн хэд хэдэн шүүгчийн нэр ус яригддаг. Одоо хэн нь хэн бэ гэсэн шүүлтүүр хуулийн байгууллагад өрнөх нь тодорхой бөгөөд хэн явж хэн ирэх нь шударга ёсны хэмжүүрээр илэрхийлэгдэж чадвал зорилго биелэгдэж буй нь тэр болох байх.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэгэнтээ хэлснээр МАНАН бүлгийн томилгоогоор хууль прокурорын байгууллагад очсон 40 гаруй хүн бий гэж байгаа. Эдгээр хүмүүс хамгийн түрүүнд улс төрийн энэ салхинд өртөх нь тодорхой байх.

“Цэвэрлэгээ” хаврын чуулганаар Шүүх, Прокрорын байгууллагуудын шинэ удирдлага томилогдсоны дараа хэрэгжиж эхэлнэ.  Одоо хүсэх зүйл гэвэл цаашхи “цэвэрлэгээ” гагцхүү хууль журмын хүрээнд л өрнөөсэй гэх хүлээлт.   Жоомоо алах гээд гэрээ шатаав гэдэг шиг юм битгий болж, хууль хүчний байгууллагуудаа “цэвэрлэнэ” гээд  хууль журмаа гажуудуулж, хуулийнхаа дээгүүр бүү гишгээсэй гэх сануулга л байгаа юм.

Хаврын чуулгантэй зэрэгцэн АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх асуудал яригдана. Үүний дараа  томилгоонууд шил шилээ даран үргэлжлэх биз.

Өмнөх тогтолцооны үед шүүгч нарыг иргэдээрээ сонгодог байлаа.  Одоо харин томилдог болсон. Үүнийг дурдах шалтгаан гэвэл энэ томилгоонууд дээр иргэдийнхээ санал бодлыг тодорхой хэмжээгээр анзаарч анхаараасай  гэснийх. Тухайлбал, цахим орчинд  академич С.Нарангэрэлийг Улсын Ерөнхий Прокурор  байх боломжтой хүн  гэсэн иргэдийн санал явж байна. Шударга хуульч гэвэл үе дамжсэн энэ хүний нэрийг дурдахаас аргагүй. Олны санал ортой гэж үг бий. Нөгөө талаасаа  иргэдийн шударга ёсны хүлээлт, төрийн хэрэгт санаа бодлоо  нэмэрлэж буй гэдэг өнцгөөс үүнийг харах нь зөв байх.

М.Нэргүй


URL:

Сэтгэгдэл бичих