М.Энхболд VS У.Хүрэлсүх
Саяхандаа М.Энхболд, У.Хүрэлсүх хоёр хөтлөлцөж явсан үе бий. Н.Энхбаярын хаанчлалыг нурааж, С.Баяртай шадарлаж явав. Тэр бүхэн намынхаа ч, өөрийнхөө ч төлөө зүтгэсэн он жилүүд юм. 2016 оны сонгуулийн дараачаас тэдний эрх ашиг салж, мөр мөрөө хөөх болсон. Хэн хэнээ түншиж, нам дотроо улс төр хийж, өөрсдийн эрх мэдлийн хувь хэмжээг шалгаж, ёстой л нөгөө 13 мэх гэгчээ уралдуулсан. Энэ бүхний эцэст М.Энхболд эхлээд намын даргын суудлаа, дараа нь УИХ-ын даргын зөөлөн сэнтийг орхиж өдгөө сул гишүүн болоод байна. У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд болж, үнэмлэхүй ялалт байгуулсан намын даргын хувиар их эрх мэдлийн жолоог атгасан гэдгээ өдрөөс өдөрт нотлох болов. Уг нь М.Энхболдол ч гэсэн ийм боломж байсан, тэр алдсан. УИХ-д нэр дэвшээгүй, парламентад бараагүй байсан У.Хүрэлсүхийн хувьд 2020 оныг хүлээн Австралид ч юм уу, хаана ч юм бэ төмөр өргөөд явж байх ч байсан юм бил үү, хэн мэдлээ. Энэ мэтээр МАН-ын хуучин, шинэ хоёр даргад харьцуулах юм олон бий.
М.Энхболдын хувьд олны хэлдгээр аядуу зөөлөн, найрсаг дөлгөөн, төрийн хар хүн. Дээр нь түүний тэвчээртэйг гайхах, магтах хүн нам дотор нь ч, улс төрийн хүрээнд ч цөөнгүй юм билээ. Гэвч тэр алдаа гаргасан учраас л өдгөө “Ноосоо ч тушаачихлаа” гэдэг шиг нам дотроо ч, УИХ-ын танхимд ч сул гишүүн болсон. Тэгвэл ингэтлээ доош бууж, эрх мэдлээ алдсаны хамгийн том алдаа нь өөртөө үнэнч байсан бүх хүнийг өөрөөсөө холдуулж түлхсэн нь юм. Тухайлбал, “60 тэрбум” гэж зөндөө яригдсан. Тэрбээр 60 тэрбум завхөн яриа гээд зоригтойхон хэлж чадаагүйн улмаас У.Хүрэлсүхийн залууст өгөөш болж хамтран зүтгэгч нөхдөө нэг нэгээр нь зольж асуудлын хүрдийг зөв олж эргүүлэх гэж хичээсэнгүй. Ийм учраас бүх эрх мэдлээ өгч, албан тушаалаасаа буухад хүрсэн. Уг нь М.Энхболд даргын хувьд У.Хүрэлсүхийн өөдөөс “60 тэрбум” бол зүгээр яриа ЖДҮ бол үйлдэл дээрээ илэрсэн гэмт хэрэг гээд чангаар хэлчихсэн бол түүнийг 5:0 болгох байсан ч даанч тэрбээр энэ үгийг хэлж чадаагүй. Учир нь гэмт хэрэг бол үг ярианд биш үйлдэлд нь ял өгдөг. Гэтэл ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чидэд хариуцлага тооц гээд зоригтойхон хэлчих зүрх зориг М.Энхболд гэдэг хүнд байсан ч тэрбээр тэгж хэлж чадсангүй.
Тэгвэл У.Хүрэлсүх яав. Цэргийн хүн болоод ч тэр үү, тэр М.Энхболд шиг “Би аядуу тайван хүн” гээд суугаад байдаггүй. Тэгээд ч дээр нь тактиктай хөдөлсөн. Бүх зүйлийг анхнаас нь зоригтой хийж, өөрийн хийсэн болгоныг зөв гэж үзэж, нийгмийн сүлжээгээр ташуур өргүүлж чадсан. Массыг төвлөрөөд ирэнгүүт нь хааш нь чиглүүлэхээ ч мэдэрч байв. Дээр нь тэрээр өөрт нь итгэж найдсан хүмүүсийг худалч, хулгайч байсан ч М.Энхболд шиг хулчгар байгаагүй. Тиймдээ ч өнөөг хүртэл ЖДҮ-чин гишүүд эрх мэдэлтэйгээ байж байна. М.Энхболд “60 тэрбум” яригдангуут салаа, мөчир бүхнээ тайрч, хөрөөдөж хаясан бол У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн хэрэг сөхөгдөхөд “Улаан хамгаалагч”-аа хийсэн. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх өөрийг нь гэж итгэж найдсан нөхдөө М.Энхболд шиг бусдын үгээр үг хийн өөрөөсөө холдуулдаггүй. Ийм ч ураас тэрбээр асар хурдан хугацаанд МАН-ын дарга болон мандаж, Ж.Эрдэнэбатыг танхимаар нь огцруулан өөрөө Ерөнхий сайдын сэнтийд заларч, өдгөө түүнтэй дүйцэх эрх мэдэлтэн алга болов.
Хэрэв М.Энхболд хичээсэн бол өнөөдөр У.Хүрэлсүхийн эдэлж буй эрх ямба бүгд түүнийх байх байлаа. 2016 оны сонгуульд нам нь үнэмлэхүй олонх болонгуут энэ ялалтад хүргэсэн нөхдөө үл тоож, ганцаархнаа зүтгээд гавьяа байгуулчихсан юм шиг “Би”-гийн өвчнөөр өвдчихсөн. Тэгээд өмсч яваа МАН-ын дарга, УИХ-ын дарга гэсэн “Давхар хоргой дээл”-ээ ч толинд харахыг хүсээгүй. Өөрөөр хэлбэл, М.Энхболд өөрийгөө шууд Ерөнхийлөгч гээд бодчихсон. Ингээд өөртөө зориулж “Аядуу тайван хүн” гэх асуулт хүртэл зохиолгон “Илжгэн чихт хаан”-ы үлгэрийг орчин цагт дэглэснээс эхлэн мордохын хазгай гэгч болсон юм. Анхнаасаа хундаамыг нь буруу тавьж, тоосгоо буруу өрсөн байшин нурж таарна. Улс төр түүнтэй л адил. М.Энхболдын буруу өрсөн тоосгыг У.Хүрэлсүх овжноор ашиглаж өөрийн гарын доорх болж бүтэхгүй хүмүүсээ өөд нь татаж том албан тушаалуудад томилуулж чадсан. Хэдийгээр М.Энхболд алх цохисон ч тэдгээр хүмүүс өөрт нь итгэл өгч нэр дэвшүүлж томилуулсан У.Хүрэлсүхдээ л ач санана шүү дээ. Ингэж эрх мэдлийг гартаа атгасан тэрээр анх “Шударга ёсыг тогтооно, түүний төлөө амь биеэ хайрлахгүй”, энэ зорилгынхоо төлөө намын хамт олноо,бусад санаа бодол нэгт хүмүүсийг нэгтгэн тэмцэнэ гэж уриалсан. Дараагийн алхам нь намаа толгойноос нь эхлэн цэвэрлэж байна хэмээн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, М.Энхболдыг авч хаяаад зогсохгүй одоо дахин хэсэг бүлэг хүмүүсийг намаасаа хөөхөөр зэхэж буй тухай мэдээлэл чих дэлсэж эхэлсэн.
Удаад нь Салхитын ордыг төрийн мэдэлд авч, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлыг шалгах ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр С.Зоригийг хөнөөсөн хэргийг зохиомлоор илрүүлсэн эрүүдэн шүүлтийг ил болгож, ҮАБЗ-өөр шүүх, прокурор, АТГ-ын даргыг халах,солих эрхтэй болгох санаачлагыг гаргаж, хариуцлага тооцох механизмыг ажиллуулж эхлээд байна. Ийнхүү МАН-ын дарга, Ерөнхий сайд, Монголд “Зүүний хүчний холбоо”-г үндэслэгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний нэг, бэлтгэл хурандаа У.Хүрэлсүх өнөөдөр М.Энхболдтой харьцуулшгүй улстөрч, эгнэшгүй эрх мэдэлтэн бөгөөд Монгол Улсын “Оройн дээд” гэгч болоод байна. Цаашид хэрхэхийг нь цаг хугацаа харуулах биз ээ.
Erennews.mn
URL: