Эрүүдэн шүүлтэд өртөж буй эр цэргүүдийн хохь гэж үү!

olloo_mn_1483487618_tseregС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял шийтгэл хүлээсэн хүмүүсийг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн нь олон нийтийн дунд бүүм болж байна. Гэмт хэрэгтэнд гэсэн гишгэх газар байх ёстой. Энэ бол ардчилсан, хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг нийгмийн нэг зарчим. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж ял хүлээлгэсэн нь буруу. Гэхдэээдгээр хүмүүст хилсээр ял хүлээлгэсэн үү гэдэг өөр асуудал юм. Энэхүү дуулиантай холбоотойгоор ХҮЭҮК-оос мэдээлэл хийж, шоронд энэ мэт дэглэлт амь бөхтэй байдгийг дуулгав. Ингээд шоронд хэргээ хүлээж, ял эдэлж байгаа бүхэн би эрүүдэн шүүлтэд орсон гэвэл эмнэлэгт хэвтүүлэх үү, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг дэлгэсэн шигээ бичлэг дэлгээд явах уу. Ямартаа ч гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэн хэргээр хууль, шүүхийнхэнд Ерөнхийлөгч хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөллөө.

Зөвхөн шоронд гэлтгүй, дэглэлт, эрүүдэн шүүлт бол цэргийн ангиудад ч амь бөхтэй оршдог, асуудал дагуулдаг сэдэв. Гэтэл цэргийн дэглэлт, эрүүдэн шүүлтээс болж амиа алдсан цэргийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа хүн алга. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар өнөөг хүртэл таг чимээгүй. Эндээс харвал эрх мэдэлтнүүдэд аль мэдээ нь ашиг сонирхолд нь чухал вэ гэдгээс нь анхаарал хандуулах эсэх нь хамаардаг бололтой.

Төрийн нэрийн өмнөөс, эх орноо мануулахаар цэргийн албан татагдан явсан 18 настай хүү ээждээ, ахдаа эргэж ирсэнгүй. Дүүгээ алдсан ах цэргийн баярын өдөр чимээгүй суулт зарлаад ч түүний эсэргүүцэл С.Зоригийн амь насыг хөнөөсөн ялтнуудыг эрүүдэн шүүж байгаа бичлэг шиг эрх баригчдын анхаарлыг татаж чадаагүй юм. Энх цагт хүүгээ эх орноо мануулахаар явуулчихаад эцэст нь эрэмдэг, зэрэмдэг болсон эсвэл амьгүй цогцос хүлээж авсан аав, ээж олон бий. Тэдний нэг бол Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 ангиад алба хааж байхдаа амиа алдсан Б-гийн ээж.

Өнгөрсөн хоёрдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан Б гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэрэг гарсан. Эхний байдлаар ахлагчдаа зодуулсны улмаас амиа алдсан байж болзошгүй гэж таамагласан ч эцэс сүүлдээ зүрхний ачаалал нь даагаагүйгээс амиа алдсан болж, шүүх шинжилгээний дүн гарсан. Харамсалтай нь, энэ асуудал Батлан хамгаалахын сайд нь ч, ЗХЖШ-ын удирдлагууд ч, засаг нь хариулага хүлээхгүй гүлдийсээр байгаа.

Увс аймгийн Хилийн цэрэгт алба хааж байсан В Тувагийн хил дээр буудуулж нас барсан нь одоог болтол гадны нөлөөтэй байв уу эсвэл гэдгийн хариу гараагүй л байна. Эхний байдлаар хилийн цэрэг буу зэвсэгтэйгээ оргон зугтаажээ гэдэг мэдээлэл тарсан ч эцэс сүүлдээ төөрсөн байж болзошгүй болж өөрчлөгдсөн.

Тэд амиа алдахаасаа өмнө цэргийн дэглэлт амаргүй байгаа тухай ар гэрийнхэндээ цухас дурдаад санаа зоволтгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ цэргийн албанаас эрэмдэг зэрэмдэг болоод ирсэн залуусын тухайд шоронд ял эдэлж буй ялтнуудаас ч аймшигтай дэглэлт, яргалалтыг туулж өнгөрүүлснээ ярьсан нь цөөнгүй. Идэр ёсын хүйтнээр нүцгэн гадаа гүйлгэхээс эхлээд хөлдсөн хуруун дээр нь гишгэж тамалж байсан тухай цэргийн албанаас хөлгүй болж ирсэн цэргийн нулимстай ярианаас сонсож болно.

Дорноговь аймгийн Зүүн Баянгийн 336 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан Ж.Баярцогт ээлжийн ахлагчдаа зодуулж, өвлийн шөнө гадаа нүцгэн зогссоны улмаас хөл нь хөлдөж, 9 хуруугаа тайруулсан байдаг. Түүнийг шөнийн ээлжинд гарч байхдаа харуулын байранд гал түлж дулаацсан хэмээн буруутгаж, харуулын ахлагч нь шийтгэсэн бөгөөд энэ хэрэг явдал 2017 оны нэгдүгээр сарын 17-нд болсон юм.

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2015 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Баянзүрх сумдаас Увс аймгийн Баруунтуруун сумын Хилийн цэргийн 0311 дүгээр ангид татагдан очсон цэргүүдээс тав нь дэглэлтийн улмаас эрэмдэг зэрэмдэг болсон бол мөн тооны цэрэг амь насаа алдсан дуулиант мэдээллийг ар гэрийнхнээс нь Төрийн ордонд хийж байв. Эрэмдэг зэрэмдэг болсон цэргүүд нь ар гэрийнхнийхээ асаргаанд орсон, хөдөлмөрийн чадваргүй болсон гэж тодотгож байлаа. Мөн цэргийг хүчээр зүү залгиулсан хэрэг дуулиан тарьсан ч эцэс сүүлдээ цэргийн буруу болж, 2.5 жилийн ял оноож байв.

Шөнө унтаж байхад “Босоод, босоод” гэх команд өгөхөд хэдхэн секундэд багтаж, хувцсаа өмсөн жагсаалдаа зогсох ёстой. Хоцорвол суран тэлээгээр тархи, толгойгүй балбуулна. Хоол ундгүй байх бол наад захын дэглэлт. Өвлийн тэсгим хүйтнээр хөл нүцгэн гүйлгэхээс эхлүүлээд галуун цуваагаар алхах, гар дээрээ суниах бол байдаг л дэглэлт болж хувирсан байдаг. Зодно, балбана, дэвсэлнэ. Тэглээ гээд тэр бүгдийг ар гэрийнхэндээ болон ангийн захирагчдаа хэлэх эрхгүй. Хэлбэл алтан хошуу өргөлөө гээд дахиад л зодуулна. Ёстой хүний амь гэдэг бөх юм, гай нь таарчихгүй бол хэр баргийн юманд амь тасарчихгүй сэхээд л ирдэг гэдгийг цэргийн алба хааж, дэглүүлсэн хөвгүүд ярьдаг.

Тэгэхээр Монголын төр жинхэнээсээ хүнлэг энэрэнгүй байхыг хүсч байвал зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх ялтнуудаас гадна эр орноо манах гэж яваад эрэмдэг, зэрэмдэг болоод ирсэн эр цэргийн гэх дэглэлтийг анхаарлыг гадна үлдээх ёсгүй юм, уг нь. Гэвч, улс төрийн зорилго, хувийн ашиг сонирхолд нь ашигтайг нь анхаарлын төвд оруултал сэвж болдгийг ЗГХЭГ-аас дэлгэсэн бичлэгийн дуулианаас харж болно. Эрх мэдэлтнүүд хүсвэл гэмт хэрэгтнүүдийг эрүүдэн шүүж байгаа бичлэгийг ил болгоно. Хүсэхгүй бол эрүүл саруул хүүг цэрэгт аваачиж дэглэж хөнөөчихөөд эцэст нь “өвчний улмаас” болон өөр бусад асуудлаас болсон гэсэн шүүхийн шинжилгээ гаргуулчихаж чадна. Ийм л шударга бус явдлын золиос нь эр орноо манахаар яваа эр цэргүүд болох ёсгүй юм.

Энх цагт хөвгүүд амь үрэгдсээр байгаа энэ хэргүүдэд төр хэзээ анхаарал хандуулж, эрүүгийн хэрэгтнүүдээсээ илүү үздэг болох вэ. Эх орны хөвгүүдээ ялтнаас дор үзэх ёсгүй баймаар, Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайд аа.

24barimt.mn

URL:

Сэтгэгдэл бичих