Эрүүдэн шүүх даалгавар өгсөн албан тушаалтныг ил болгохыг шаардлаа
Монгол Улсад эрхзүйт нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой Эрх чөлөө хөдөлгөөнөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнөөс С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргээр ял авсан хүмүүсийг эрүүдэн шүүсэн үйл явдлыг эсэргүүцэн мэдэгдэл гаргаж буйгаа мэдээлэв. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХЭҮК-т шаардлага хүргүүлж байна
Мэдэгдэлд “Эрүүдэн шүүсэн ажиллагаанд оролцсон хүн бүрийг шалгах ёстой. Эрүүдэн шүүх замаар гүйцэтгэх ажилд оролцсон гүйцэтгэгч, зохион байгуулсан албан тушаалтан, гэмт хэрэг хүлээлгэх даалгавар өгсөн буюу хатгасан албан тушаалтнуудыг олон нийтэд ил болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой.
… Эрүүдэн шүүснийг далимдуулан улс төрийн ашиг хонжоо хайх, Үндсэн хуулийн суурь зарчмын эсрэг хууль батлах замаар шүүхийн хараат бус байдлыг устгахыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн дурджээ.
Мөн тус хөдөлгөөн ХЭҮК-ын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буй аж. Тиймээс шаардлага хүргүүлж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйг нь шүүмжилж байна. ХЭҮК-т хорих байгууллагад хүний эрх зөрчигдөж байгаа талаар олон мэдээлэл гомдол ирдэг. Гэвч ХЭҮК энэ чиглэлээр ажилладаггүй, олон нийтэд дутуу мэдээлэл өгч байснаас өнөөдрийн нөхцөл байдал үүссэн хэмээн тус хөдөлгөөнөөс үзэж байна.
Үүнээс гадна Эрх чөлөө хөдөлгөөнөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. Тус шаардлагад “2001 оноос хойш иргэдээс ирүүлсэн эрүү шүүлттэй холбоотой гомдлын мөрөөр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохыг шаардаж байна” гэжээ.
URL: