Б.Наминчимэд: Шагнуулсан нь /өгүүлэл/
Үнэ цэнэтэй, утга учиртай амьдарч чадсан, тэр нь ямар нэгэн одон тэмдгээр тодорхойлогдохгүй хүмүүс бас байсан шүү. Чухам энэ мэтийг л, тийм үнэ цэнийг л бидний хойч үе нь, үндэстэн нь мартаж болохгүй юм, санан дурсаж, бас бахархаж байх ёстой юм шүү гэж хэлмээр санагдаад нэг ийм юм бичив.
ШАГНУУЛСАН НЬ
/Өгүүллэг/
Чулуун хөгшин шагнуулсандаа баярлая гэхнээ нэг л боломгүй, юу ч болоогүй мэт байя гэхэд ч хэцүү, бүр уурлах ч аргагүй хачин эвгүй болчихов. Зовхио ихэд анивчуулан, ийш тийш хулмаганаж, дэмий л инээмэр болон толгой дохилсоор хүмүүсийн дундуур хаалга руу зүтгэлээ. Ганц нэг хүн гар сунган баяр хүргэнэ.
Тэрбээр урд эгнээнд сууж байсан юм. Сайндаа ч биш, Эрхэм гишүүнээс нэхэл хатуутай хэдэн асуулт асуумаар байжээ. Эрхэм гишүүн бээр түрүү жил сонгуулийн сурталчилгаа хийж явах үедээ “Хөдөө аж ахуйд, ялангуяа өрхийн хашаа, жижиг талбайд хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулах өндөр үр бүтээмжтэй, өргөнөөр ашиглаж болох, айл өрхийн амьжиргаанд нэмэртэй алив шинэ технологи, санал санаачилгыг бүх боломжоороо дэмжинэ. Тусгай Төсөл хөтөлбөр гаргана. Ялангуяа танай сумын хувьд бүр онцгой байна” гэсэн юмсанж. Бас бус олон зүйл амласан билээ.
Тэгээд эрхэм гишүүнийг үгээ төгсгөхийг нь хүлээж байтал дуусангуут шагнал гардуулж эхэлсэнд хүмүүс шуугилдаад, алга нижигнээд өвгөнд асуух боломж олгосонгүй. Гишүүн гялалзтал тосолсон халимгаа илээд, гялалзсан алтлаг шар цүнхнээсээ хоёрын зэрэг Алтангадас, бас хэд хэдэн одон медалийг шидтэн мэт ар араас нь гаргана. Сумын намын болоод Засаг дарга залуу дэргэд нь зогсоод шагнуулагсадын нэрсийг дуудаж байлаа. Гишүүний нэрэмжит шагнал бол бүр ч сүртэй, юун Алтан гадас вэ, гоёмсог алтан жаазтай эрхэмсэг гишүүний томоос том хөргийг бандгар дугтуйтай мөнгө дагалдах ажээ. Анзаарахад шагнуулагсад өнгөрсөн сонгуулиар өөрийнх нь сурталчилгааны багт ажилласан, намынх нь хүмүүс голдуу байв. Сонгуулийн сурталчилгаанд нь л морь нохой мэт улайрган гүйснийг нь эс тооцвол үнэхээрийн шагнал авах гавьяатай нь цөөвтөр, гайтай нь олон байж мэдэхээр, гэхдээ одоо юуны хамаа байхав дээ, сонгуульд өөрийнх нь төлөө гүйлдсэн тэр хүмүүсийг ямар нэгэн аргаар урамшуулдаг нь хүний ч, бас энэ цагийн ч ёс юм хойно, Чулуун өвгөн хамраа үрчилжүүлж, хөмсгөө зангидаад ч яалтай. Ингэхэд сонгуулийн сурталчилгаанд идэвх зүтгэл гаргах нь гавьяа ч юм билүү, энэ цаг үед ер ялгаж цэгцэлхэд бэрх болсон олон зүйлийн нэг нь энэ билээ. Тиймээс энэ тухай бодож тархиа зовоосонгүй, ерөөс сүүлийн хорь гаруй жил үзсэн харсан нь түүнийг энэ мэтэд гайхаж, балмагдаж, хачирхаад байхааргүй болгочихож, юу ч гэмээр юм бэ дээ, дөжрүүлж орхижээ гэвэл илүү онох байх. Гагцхүү асуулт хариулт эхлэх эгзгийг анан хүлээнэ.
Гэтэл эрхэм гишүүн шагналаа ёслол төгөлдөр гардуулж дуусангуут уулзалт дууссаныг илтгэж, хоёр алгаа хавсран толгой дээрээ өргөөд, танхимын зүг дахин дахин дохисоор, палигар нүүрэндээ дүүрэн инээд малилзуулсаар нижигнэсэн алга ташилт дундуур хөшигний цаагуур орчихов. Таазны гэрэлд гялалзах бөлзөгнийх нь шигтгээ л тодоос тод харагдаад үлджээ. Чулуун өвгөн хүмүүс дуурайн алгаа ганц нэг пад пад цохиж сууснаа, санасан нь бүтсэнгүйд жаал урам хугарч, нэг санаа алдаад босох гэтэл эрхэм гишүүн эргээд гүйх шахам гараад ирэх нь тэр. Араас нь сумын Засаг дарга ч шуугиад дагав.
***
Гишүүн хөшигний цаагуур оронгуутаа хөлсний алчуураа авахаар баруун гараа халаасандаа хийтэл хатуу юм тэмтрэгджээ. Үзвээс ногоон паалантай тэмдэг байв. Хотоос гарахын өмнөхөн Хөдөө Аж Ахуйн яамнаас туслах нь авчирч өгснийг санд мэнд аваад халаасалж байснаа мартчихаж. Тэгээд Сумын Засаг руу харвал угийн сүйхээтэй Засаг “Өө, гишүүнээ, хойш нь тавиад яах вэ. Та өөрөө гардуулсан нь дээр шүү дээ, одоо өгчих” гэж байна. “Хэнд өгөх вэ?” гэвэл, “Одоохон” гээд хөшигний захыг яраад танхим руу харсанд тэргүүн эгнээнд алга ташсан болоод сууж буй Хэнхэг Чулуун хамгийн түрүүн нүдэнд нь өртөж орхижээ. Юм л бол хэл үг гаргаж, шүүмжилж, гоочилчих гээд байдаг Чулуун гуайг хармагцаа Засаг даргатан өөрийн эрхгүй ярвайгаад, цааш ахиулан харвал ер шагнал өгчихмөөр хүн ойр тойронд үгүй байв. Тэр зуурт Засаг даргын санаанд хэнхэг өвгөн Чулууны амыг энэ нэг муу тэмдгээр түр зууртаа хааж орхиё, ямар гарлагатай юм биш гэсэн нэгэн мэргэн санаа гялсхийх нь тэр… Засаг даргын мэдэхээр Чулуун гуай бол сүүлийн арав хорин жил дандаа л газар тариалан, хүлэмж, ургац, тэжээл бордоо, өрхийн усалгааны систем энэ тэр гэж нэг бүтэх бүтэхгүй юм үглэж яваа юм. Тэр бүхэн нь хэрэгтэй эсэхийг ёстой чөтгөр бүү мэд, хүний урманд сонирхоод өнгийж ч байсангүй. Ялангуяа өөрийг нь Засаг болсноос хойш энэ өвгөн цаг ямагт шүүмжилж, эгдүүг нь хөдөлгөнө. Хуучин цагт коммун царайлсан улаан хэнхэг л явсан юм гэсэн, яршиг цаашаа, хэсэгтээ хэнхэглэх нь дарагдана биз гэж шийдээд, эрхэм гишүүнд, “Гишүүн ээ, наад тэмдгийн чинь эзэн бэлээхэн урд эгнээнд сууж байна даа” гэв. Шар цүнхээ ухаж зогссон гишүүн “Үнэмлэхгүй юм байна, яах вэ?” гэвэл “Зүгээр зүгээр, тэмдгээ энгэрт нь зүүж байхдаа үнэмлэх нь араас ирж байгаа гээд шивнэчих. Дараа нь нэг арга олдоно биз” гэжээ.
Эрхэм гишүүн Засаг даргын сэргэлэн сүйхээтэйг бахдаж, манай энэ ч хол явна шүү хэмээн толгой сэгсэрсээр эргэж тайз руу гараад жаал урам хугарч, сандлынхаа арыг налаад нозоорон сууж байсан Чулуун гуайг цочтол нь дуудан гаргаж ирээд, энгэрт нь өнөөх ногоон паалантай гялгар тэмдгийг зүүгээр өгчихжээ. Хүн дуудаж байхад гарахгүй гэлтэй нь биш, гарсан хойно зүүлгэхгүй гэлтэй нь биш дээ. Хүмүүсийн зарим нь алга ташиж, зарим нь дооглоод буй эсэх нь мэдэгдэхгүй хөхрөлдөж байв. Магадгүй, өвгөний өөрийн мэдэлгүй гаргачихсан өрөвдөлтэй хачин царайнаас нь болсон ч байж мэднэ. Уг нь Чулуун хөгшин шагнал энэ тэрд сандарч, догдлоод байх хүн биш ч нэг л хачин болчихов. Даажигнаж, тохуурхаж буй байдал Засаг даргын ёжтой жуумалзаанд илэрхий. “Та бол уг нь шагнуулаад байхаар сүрхий амьтан биш шүү. Гэвч яах вэ, би таныг шагнаж байгаа юм. Санаж яваарай” гээд буйг нь үхэхээс бусдыг туулсан Чулуун хөгшин нэг муухан гадарлалгүй ч яахав. Гавьяагүй атлаа иймэрхүү барьцаатайгаар шагнуулах ч эвгүй л хэрэг, гэтэл Чулуун хөгшний хувьд Засаг дарга өөрийг нь яг тэгэж ойлгоод байгаад бүр нэг аазгай нь хөдлөөд, дур нь гутаад, хувь заяандаа гомдмоор ч болоод болж өгсөнгүй ээ.
***
Хэдэн үхрээ гилчихээд буцаж явсан Цэрэнлхам авгай энгэр нь сааль болоод халтардчихсан хөвөнтэй хөх дээлнээсээ жаахан эвгүйрхсэн ч хэрэгт дурлаад Соёлын төврүү орж явахдаа Чулуун хөгшинтэй халз тулчихав. Энд тэнд сулхан алга ташиж, ганц нэг хүн Чулуун гуайруу гар сарвайх агаад энгэрт нь Хөдөө аж ахуйн тэргүүний тэмдэг гялалзахыг харсан Цэрэнлхам ч юу болсныг дор нь ойлгож, царайд нь эрхгүй гэгээ татаад ирлээ.
“Үгүй, тэгэлгүй дээ. Хожуу ч гэсэн энэ хүний зүтгэл хөдөлмөрийг бас үнэлдэг л юм байна. Уг нь нэг салбарын тэмдэг төдий биш Хөдөлмөрийн гавьяаны одон л баймаар. Өнөөгийн үнэлэмжээр Хөдөлмөрийн баатар ч болох хүнсэн. Үнэхээр л салбартаа тэргүүний хүн дээ, манай дарга. Гэхдээ яахав. Чамлахаар…” гэх мэт бодол цээжин цаанаа ундруулсаар Цэрэнлхам Чулуун гуайн тосов.
Чулуун дарга аа, яасан сайхан юм бэ? Төр түмэн нүдтэй гэдэг дээ. Таныг маань мартаагүй л байж дээ. Тандаа баяр хүргэе гээд халуунаар тэврэн үнсэв.
Энэ завсарт хоолой зангирч, аньсган завсар нь чийгтээд иржээ. Харин Чулуун хөгшин тухтай хоёр үг ч сольсонгүй, явахын түүс болж буй аятай хулмаганасаар зөрж, бөхөлзсөөр гарч одсонд Цэрэнлхам гуай учиргүй гайхав.
Тийн зогстол дэргэдийн хүмүүс нь шавьтналдаад, алга ташиж эхлэв. Анзаарваас Нэхийний Доржсүрэн луун хээ нь гялалзсан лут өнгөлөг торгон дээлээ шажигнуулсаар хайвагнан ирлээ. Алтангадас одон гялалзуулсан цээжээ түрсхийж, бардам бахтай баяр хөөр бөөрөнхий улаан нүүрэнд нь багтаж ядсаар малилзан хүрч ирэхэд Цэрэнлхам ч бусдын адил баяр хүргэв. Ямар гавьяа зүтгэлээрээ шагнуулсан юм бол гэсэн нэгэн эргэлзээ тэрхэн зуурт харван орж ирсэн авч, тэр даруй энэ Доржсүрэнд хэзээ нэгтээ хийж бүтээсэн юм байсан л биз ээ, хөөрхий, би ямар тэр бүрийг нь мэдэх биш гэсэн эвлэрэнгүй бодол ч төрж, гайхасхийгээд хоцров. Ер ийм мэт зүйлс үзсээр одоо бүр юуг ч хүлээн зөвшөөрч мэдэхээр болчихжээ. Тэгэсгээд Доржсүрэнг мартаж, харин Чулуун даргынх нь тэвдүү царай нь, соёлын төвийн босгонд нэг бүдэрчихээд, гэмтэн мэт бөгтөгнөж, хавчигнан цааш алхах дүр төрх өдөржин, оройжин сэтгэлээс нь гарсангүй, өвчүүн цаана нь бул хар юм овойж зангираад, уйлмаар ч юм шиг, орилмоор ч юм шиг болно. Сэтгэл зүрх нь харин үүнд ёстой ч нэг эвлэрсэнгүй ажээ. Бүр эсэргүүцэж, бачимдан орилмоор болж байв.
Орой нь сумын ИТХ-ын Нарийн бичгээр ажилладаг бага бэрээсээ юу болсныг сонсоод бүр ч нурмайчихав. “Гишүүний халааснаас хэрэггүй шахам нэг гялгар тэмдэг гараад ирснийг Хэнхэг Чулуун өвгөний энгэрт зүүж өгөөд түрдээ амыг нь таглачихлаа. Ядаж байхад үнэмлэх ч үгүй юм. Өвгөний хэнхэглэх нь жаал дарагдах биз” гэж Засаг дарга хэн нэгэнд ид бах болгон хөөрснийг бэр нь сонсчихсон байв. Чулуун даргын тэвдүү гунигтай дүр төрх санаанд нь зурсхийх бүр зүрх нь ширдхийж, өөрийн эрхгүй “Арай ч дээ” хэмээн дахин дахин шүүрс алдан үглэнэ.
Доржсүрэнгээс гадна бас Улаан Пэрэнлэй ч бас Алтангадас авсныг сонсоод “Яахаараа Улаан Пэрэнлэй шагнуулдаг хэрэг вэ” гээд дуу алдчихав. Бэр нь “Ээжээ, Пэрэнлэй гуай чинь Эрхэм гишүүний намынх, бас Засаг даргын хадам шүү дээ” гэв. “Улаан Пэрэнлэй Засгийн хадам биш шүү дээ. Бүр огтхон ч хамаагүй” гэвэл “Ээж, хаашаа юм бэ, нуудгайнх нь аав байхгүй юу. Яагаав, нөгөө…” гээд жуумалзав.
“Энэ цагийн залуус яахаараа ийм муу юманд дөжирчихсөн улс байдаг байна аа. Инээж жуумалзаад байх юу байгаа юм? Нэг намын, тэгээд нуудаг хаадгийнх нь хадам болохоор л тэр эрхэм дээд одонгоор шагначихаж болдог юм уу, энэ нь тэгээд тийм шударга сайхан уу? Эсвэл инээдтэй наргиантай наадам шиг юм уу? Ямар ч юмны наана цаадахыг мэдэхгүй, сайн сайханд баярлаж мэдэхгүй, муу муухайд ч дургүйцэж мэдэхгүй, бүгдийг нь маазруулсаар байгаад юу ч биш болгож орхино шүү, бүр”. Бэрийнх нь жуумалзаа Цэрэнлхам хөгшний уур бухимдал дээр тос асгаж, зүрхнийх нь шарханд давс үрж орхив. Оройжин хар цагаан дуу ч гаргасангүй, уруулаа өмөгнүүлэн, хөмсгөө зангидаад цайгаа ч ууж өгсөнгүйд хүү, бэр хоёр нь “Ээжийн ямар тахил нь буруу өрөгдчихөв өө” хэмээн дэмий л гайхазнажээ.
“Ийм юм байж болох уу? Юун Төр түмэн нүдтэй вэ? Ганц солир ч нүдгүй болчихоо юу даа. Хувь заяа арай л гашуун байна. Даапаалж, доромжилж буй биш дээ. Арай ч дээ. Өдөр шөнийг ч, өвөл зуныг ч ялгалгүй л явцгаасан. Хамаг л залуу сайхан насаа бид чинь энэ тариалангийн талбай, суваг усны эрэгт, үтрэм дээр л өнгөрөөсөн дөг. Тэр бүхний маань төлөө хожим биднийг харааж, зүхэж, бүр хохь нь болгосон. Хохь нь шүү гэж буйг нь харж, сонсоход ямар гашуун байв аа…. Бүтээсэн, ургуулсан зүйлсээ хараад бид баярлалдан, биесээ түшээд зогсож байхад цээжинд маань ямар их баяр бахдал бялхаж байгаа вэ? Бид нэг тийм сайхан утга учиртай амьдралын зах зухаас ч болов үзэж амталсан юм шүү дээ. Гэтэл өнөөдөр… Эцсийн эцэст ийм л юмны төлөө гэж үү. Даанч дээ. Тохуурхал гэхэд ч багадмаар…”. Цэрэнлхам гуайн цээжинд элдвийн хөндүүр бодлууд эргэлдээд тэр тухтай ч унтаж чадсангүй, өглөө хоёр шанаагаар нь ангалзтал хатгуулж, шилэн хүзүү рүү нь литр түүхий ус шахчихсан мэт хөшчихсөн байв. Өндийгөөд даралтныхаа эмийг хайн тэмтэчлээ.
***
Тээр жил, одоо энэ Алтангадас одон авсан Улаан Пэрэнлэйгээс болж амьдралд нь учирсан нэгэн балагт явдал Цэрэнлхамын санаад өргөс шиг л тороод эхлэв. Уг нь тэр балай явдлыг хэдийнэ мартаж, сэтгэлийн шарх нь илааршчихсан байх шиг байсан юм. Гэтэл энэ шагнал түүнийг нь сэдрээж орхижээ.
Тэгэхэд Улаан Пэрэнлэй Сангийн аж ахуйн Хустайн хоёрдугаар тариа бригадын намын хэсгийн ухуулагч байжээ. Цэрэнлхам тус бригадын Үтрэмийн эрхлэгч. Тэр жил хоёрдугаар бригадын тариа хөндий талыг долгистол ургаж, бригадынхан ч урамтайяа хураагаад дөхөж байв. Үтрэм дээр тариа уул нуруу шиг дүнхийнэ. Гэтэл хяруу унаж, хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэж Цаг уурын шуурхай төвөөс мэдээлж, бригадаараа САА-ын төвөөс ирсэн нэмэлт хүчтэй хамжин хоёр шөнө, өдөр зүтгэсээр үлдсэн тариагаа шавхан хурааж, үтрэм дээрхээ ч хулдан, хучиж амжсан юм. Ажлаа дууссан хойно л сая нэг сөхөрч унатлаа ядарснаа анзаарчээ. Намрын жиндүү хүйтэн шөнө шувтарч, үүр цайх дөхөж байхад Цэрэнлхам үтрэм хариуцсан хүний хувьд ажлаа эргэн шалгасаар хоцров. Тэгээд унтахаар вагончик руу залуус зайгүй шахам хувцастайгаа ундуй сундуй унаад өгцгөөжээ. Уг нь хоёр ээлжээр ажиллаж байхад багтаад байдаг, гэтэл сүүлийн хоёр хоногт бүгд ээлжгүй ажилласан тул тийн шахцалджээ. Зарим нэг нь нуруулдсан тарианы хучлагын захаар шургаад хэвтчихсэн ч байв. Гал тогооны амбаар луу шагайсанд мөн л битүү байхаар нь саравчны дор хонох газар олдож магад хэмээн нойрмоглон тэнтэр тунтар гишгэлсээр очсонд өргөн банзан тавиур дээр хэн нэгэн хөвөнтэй туурганы тасархайгаар хучсан болоод хэвтэж байжээ. Хялмаа ч хаялаад эхэллээ. Өнөөх хүний наана хэвтэж болмоор харагдсан тул дэргэд нь очиж суугаад, цааш түлхвэл эрэгтэй хүн яраглан нойрмоглосоор өндийсөн нь тракторын жолооч Түмэннасан байлаа. Тэр хамгийн сүүлчийн тариаг талбайгаас ачиж ирээд оройтсон тул вагончикт зай олдоогүй нь тэр ажээ. Хээгүй гүдэсхэн Түмэннасантай Цэрэнлхам хар сэргүйгээр биесээ явуулан наргиж, цаашлуулдаг, санаа нийлдэг, хүнд хүчир ажил хөдөлмөрийн дунд, олон дотор сайтар ойлголцдог байв. Түмэннасан “Сэрүү орж байна уу. Цаагуур чинь хэвтэх ч газар алга. Нааш ороод ирээ, хө.” гээд туургаа сөхөн, дэргэдээ оруулаад, дулаацуулах гэсэндээ ар нуруунаас нь шахан тэврээд хэвтсэн юм. Элч элчиндиндээ дулаацаад төдөлгүй нам нойрсоцгоожээ.
Хэд хоногийн дараа Ардын хянан шалгах Хорооны дарга Бордэлэг залууст үлгэр жишээгүй явдал гаргаж, Тарианы үтрэмийн саравчинд завхайран унтаж хэвтсэн хэмээн санаанд оромгүй хачирхалтай асуудал босгож ирэв. Хожмоо мэдэхнээ нь Намын хэсгийн ухуулагч Улаан Пэрэнлэй АХШХ-нд матаас бичсэн төдийгүй САА-ын Намын хороонд ч давхар илгээсэн байв. САА-ын Намын Хорооны дарга Дашдэлэг Түмэннасан, Цэрэнлхам хоёртой уулзаж хоёр үг солиод, тэдний хэн болохыг, ер юу болсныг ч сайн мэдэх хүний хувьд тэрхүү матаасыг нь огтхон ч авч хэлэлцсэнгүй. Гэвч Улаан Пэрэнлэйн хов Аймгийн Намын хянан шалгах хороо хүртэл газар авч, Дашдэлэг дарга, Чулуун дарга хоёр хоёул Аймагт хэрэг болгон очиж, учир байдлыг тайлбарлан, ажилчиддаа итгэж найдаж буйгаа батлан илэрхийлснээр зогссон юм. АХШХорооны дарга Бордэлэг шинэхэн хүн учир анхандаа Улаан Пэрэнлэйн өргөдөлд итгэж, сүржигнэн шуугиулсан ч хоёр даргын амыг харсгээд намжив. Гэсэн ч муу үг модон улаатай гэгч ёстой л болсон доо. Тэр муухай цуурхал хормын зуурт Сангийн Аж ахуйгаар давс хужир, хачир нэмэгдэн тархахад Түмэннасан жолоочийн эхнэр тэсэж чадалгүй Цэрэнлхамын ажил дээр орилж чарласаар шуугин ирж түймэр тавив. Цэрэнлхамын талийгч нөхөр нь эхнэртээ бүрэн итгэх тул юу ч хэлээгүй, гэхдээ л тэр цуу яриа яаж ч аятай сайхан сонсогдох билээ, Улаан Пэрэнлэйтэй талбайн захад таараад заамдаад түлхэж орхисноос дахиад хэрэг мандав. Улаан ч зуумтгай хүн байж, барьцаа лавшруулсан урд хойтхийн олон хов жив цуглуулаад Аймаг байтугай Төврүү хүртэл дахин дахин бичиж, аргаа барсан Дашдэлэг, Чулуун дарга хоёр нийт ажилчдын хурал зарлахад хүрч байжээ. Чулуун дарга Намын хурал дээр “Би Цэрэнлхамыг тийм зүйл хийх хүн биш гэдгийг бүрнээ мэднэ. Би нэр төрөөрөө, үүрэг хариуцлагаараа энэ хоёр хүнийг батлан хариуцна. Харин батлагдаагүй худал хуурмаг тарааж, Сангийн аж ахуйн шилдэг тэргүүний ажилчдынхаа нэр төрийг сэвтээгээд зогсохгүй гэр бүлийг нь самрах нь жинхнээсээ зарчимгүй явдал мөн. Баттай шалгаж тогтоолгүй цуу дэгдээж, олныг үймүүлсэн Намын хэсгийн ахлагч, ухуулагч Пэрэнлэйд арга хэмжээ авах ёстой” гэж хатуу зүтгэсээр, Пэрэнлэйд Намаас сахилгын арга хэмжээ авч, тушаал бууруулан Механик хангамжийн нярав болгож байв.
Улааны тарьсан энэ цуурхалаас болоод Цэрэнлхам VII таван жилийнхээ гавшгайч цол тэмдгийг авч чадсангүй, бүтэн таван жилийнх нь хөдөлмөрийн үр дүн ганцхан хийссэн худал хуурмагийн хамхуулд хамуулчихаж билээ. Тэр ч яахав, хов живд дуртай авгайчуулын жоготой харц л бүхнээс хэцүү. Ер сөхөрч унатлаа ядарсан тэр хоёр Улаан Пэрэнлэйн бодсон шиг яаж л эр эмийн явдал үүтгэх билээ дээ, тэгээд ч үтрэмийн саравчин дотор, нэг муу хөвөнтэй туурганы тасархайн дор шүү. Ямар ороо нь орчихсон ноход биш дээ. Хүн байна даа. Тэр бүү хэл аятай таатай нөхцөлд ч, ер хэзээ ч тийн өөр эртэй явдал учруулна гэдэг нь Цэрэнлхамын хувьд төсөөлөхийн аргагүй зүйл байв. Гэтэл өөрийг нь яаж тэгж бодож чадсаныг гайхаад барамгүй. Гүтгүүлж гүжирдүүлсэн эмзэг нандин сэтгэл нь хэсэгтээ л гундан гутарч, санахаас л нулимс нь мэлмэрэхэд нөхөр нь аргадан арчиж өгдөг байлаа. Нэг тийм хөгтэй ч бас гайтай, хортой явдал болжээ.
Тэр өдөр хамаг ажил дууссан хойно Пэрэнлэй Үтрэм дээр давхиж ирэхдээ хамгийн түрүүнд үтрэмийн саравчинд хөвөнтэй туурган дор биесээ тэврээд унтаж хэвтсэн тэр хоёрыг олж харсан аж. Яг их ажлын үеэр түүнийг хэн ч үгүйлээгүй хэрэг. Ажилд нэмэр болохоос нэрмээс болох нь их Намын хэсгийн ухуулагчид Цэрэнлхам баахан дургүй, түүнээ ч ил цагаан хурцхан хэлчихдэгээс тэдний харьцаа тун таагүй байсан. Хэрвээ Пэрэнлэйд өөрт нь ая эв таарвал энэ ер хаана ч, хэнтэй ч завхайрахаас буцамгүй хүн гэдгийг хожмоо анзаарч, тэгээд ер хүн бусдыг өөртэйгээ л адилд тооцдог, үнэлдэг ажээ хэмээн бодож билээ.
Харин одоо Улаан Пэрэнлэй охиныхоо ямар “буянаар” энэ одонг энгэртээ зүүж байгааг тэр мэдэж байдаг болов уу? Мэдсэн ч тоохгүй, тэр тийм л хүн. Энэ мэтийн юмсад эрхэмлэж нандигнах юм гэж ер байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Бүү мэд дээ.
Нэхийний Доржсүрэн яахаараа одон авсныг Цэрэнлхам бодоод бодоод өнгөрсөн сонгуулиар л өдөр шөнөгүй Эрхэм гишүүнийг дагаж нуухтай нүдээ нухлан сурталчилгаанд шогшсоноос өөрийг олж чадсангүй. Доржсүрэн “Нэхийний” гэдэг хочоо яагаад авсныг хүмүүс мартжээ. Нэхий элддэг болоод л тэр биз гэж зарим нэг нь ойлгох төдий. САА-н Аж Ахуйн да-нярав байхдаа агуулахад байсан нэхий дээлнүүдийг Дарханы Орос цэргийн ангиийн офицеруудад нууцаар зарчихсан юм. Гэнэтхэн л хуучивтар Шкода машин унаад давхиад байсны учир тэр байж. Оны эцсийн тооллогоор өнөөх нь илэрч, Доржсүрэн эхлээд “Ашиглахгүй хоёр жил агуулахад байсан юмыг би акталчихсан. Актыг үйлдүүлээгүй нь миний буруу байж” гэж нэг үзээд, сүүлдээ хэрэг бүрэн илэрсний дараа “Би ах дүү Зөвлөлтийнхнийг өвөл дулаан дээлгүй байгааг нь хараад, тэсэлгүй түр зээлдүүлсэн, буцааж авчирна” гэж байж Нийтийн өмч шамшигдуулсан хэргээр шоронд ачигдахаас мултарсан ч нэгэнт зарчихсан 40 гаруй нэхий дээлийг хэрхэн амар олж цуглуулах билээ. Чулуун дарга зохицуулж, ажилчид хүртэл нэг хоёроор нь нэхий дээл цуглуулж байж өрийг нь төлж барагдуулсанд Доржсүрэн Чулуун даргын өрөөний босго тэгнэж унаад “Ачийг тань хэзээ ч мартахгүй” гээд уйлж байсан юм. Нэхийний гэдэг алдар хүртсэн учир энэ. Хожим Ардчилал гарсны дараа хамгийн түрүүнд босоод Чулуун даргыг “Хоцрогдсон захиргаадагч, коммунист дарангуйлагч” хэмээн заан чичлээд хашгирч байсныг нь санахаар Цэрэнлхамын дотор муухай болдогсон. Өглөө цайгаа уусан ч гол руу нь горойсон хэвээр байв. Гэнэтхэн САА-нх нь Ерөнхий агрономич Сүрэн Хотод нэгэн хувийн сургуульд охинтой нь хамт ажиллаж байсныг санав. Охиноороо хайлгасаар Сүрэнгийнхээ утсыг ч олжээ.
***
- Сайн байна уу? Сүрэн ерөнхий юу? Би Цэрэнлхам байна, яагаав хоёрдугаар Үтрэмийн … гэсээр Цэрэнлхам, Сүрэн хоёрын яриа эхлэв. Амар мэнд, ажил алба энэ тэрээ ярьж гүйцсэний хойно Цэрэнлхам,
- - Манай Чулуун дарга Хөдөө аж ахуйн тэргүүний тэмдэг авчээ.
- - Өө, тийм үү… гээд Сүрэнгийнх нь чимээ хэсэг зууртаа тасарчихав.
- - Байна уу? Сүрээн… байна уу?
- - Байна байна. За одоо яахав дээ, оройтсон ч охинтой нь дээр гэдэг. Баяр хүргэдэг хэрэг ээ.
- - Юуны баяр хүргэх… Наана чинь их хачин юм болоод байна… Чулуун даргыг тийм юманд баярлаад хөөрөөд байх хүн биш гэдгийг чи эрх биш мэднэ дээ.
- - Уг нь ч тийм хүн л дээ.
- - Хөгшин нэг л тавгүй байна.
- - Бие нь гайгүй юу?
- - Бие нь гайгүй ээ. Сэтгэл нь… санаа нь… Нөгөө … гээд Цэрэнлхам гуай нэг их юм хэлмээр болсон ч юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй гацчихав
- - Юунаас тэр вэ?
- - Шагнал аваад л байхгүй юу гээд Цэрэнлхам болсон явдлыг нэгд нэгэнгүй хуу шавхан өгүүлэв.
- - Тэгээд бид одоо яах ёстой болж байна.
- - Харин яах ёстойг одоо чи л мэднэ дээ. Хорь гучин жил бид чинь ёстой хоёргүй сэтгэлээр зүтгэж хөдөлмөрлөснийхөө төлөө гэм хийсэн юм шиг навталзаж, ичсэн мэт л бие биенээсээ хүртэл дөлж явцгаалаа. Хэдий болтол ингэж явах билээ. Чулуун даргыгаа нэг чин сэтгэлээсээ баярлуулчихмаар санагдаад болж өгдөггүй ээ. Чи минь уг нь юмны ая эвийг олдогсон доо. Болдог бол тэр Хөдөлмөрийн Гавьяаны одонг нь ч аваад өгчих юмсан. Чи нэг олоод ирэхийг бодооч. Энэ Улаан, Нэхий хоёрын хажуугаар ядахдаа нүүр бардам өнгөрч байг л дээ.
Цэрэнлхамын “… гэм хийсэн юм шиг навталзаж, ичсэн мэт л бие биенээсээ хүртэл дөлж явцгаалаа. Хэдий болтол ингэж явах билээ” гэсэн үг Сүрэнг цочоож орхив. - “За тэр гавьяа шагнал ч дүүрсэн хэрэг. Бидний тэр итгэл зүтгэлийг гутааж доромжилж болохгүй шүү дээ. Яасан гэж тэр вэ? Тэр цаг үе нь тийм л байсан юм хойно, бид өөр яах байсан юм бол. Тэр үзэл суртлыг бид үнэн зөв гээд л итгэж, зүтгэж явсан. Нийт нийгмийн төлөө, улс орны ирээдүйн сайн сайхны төлөө л гэж явсан маань тэгээд бидний буруу болж хувирсан, баалж шоолсон, гутаасан нь үнэн шүү дээ. Бид чимээгүй л байсан. Хэдий болтол чимээгүй байхав дээ, ядахдаа тийн явж, бүр манлайлж, үлгэрлэж явсан нэгэндээ насных нь эцэст сэтгэлээрээ ч болов дэм, түшиг болъё доо энэ чинь…”.
- Байна уу, Сүрээн… утас тасалдаад байх шиг байна. Байна уу?
- Байна байна. Цэрэнлхам аа. За би ойлголоо. Би нэг юм бодъё. Дашчирэв, Чимгээ нартай холбоотой байдаг, тэдэнтэйгээ ч зөвлөлдье. Бас, Эрдэнэбаяр, өнөөх Эвлэлийн хорооны Бүлтгэр Эрдэнээ энд байх ёстой.
- Тэгэлгүй дээ. Чи цаадуултайгаа нэг ярьж үз. Бадамсүрэн механиктай би зун санамсаргүй таарсан, Зүүнхараад байгаа гэнэ билээ .
***
Сүрэнгийн санаанд хамгийн түрүүнд САА-нх нь Эвлэлийн хорооны дарга гялалзуур Эрдэнэбаяр л оржээ. Эвлэлийн салбарт олон жил явсан, найз нөхөд олонтой, бас Ерөнхийлөгчийн Тамгын Газарт ажиллаж байсан тул нэг чиг гаргах болов уу хэмээн боджээ.
Харин Эрдэнэбаяр ер тоосонгүй.
- Чулуун даргад одон медаль ер хэрэгтэй юм ч уу даа? Цагт нь өгөөгүй одонг одоо өгөөд яах юм?
- Хожуу ч гэсэн яахав дээ. Тэр байтугай Доржсүрэн, Пэрэнлэй нар хүртэл авчихсан байхад манай Чулуун дарга яагаад авчихаж болдоггүй юм.
- За тэр шүү. Одоо тэгээд Чулуун дарга тэдэнтэй адилхан болох хэрэг үү?. Хийж бүтээгээгүй улстайгаа нэг түвшинд очих нь байна шүү дээ. Хачин эвгүй юм биш үү? Тэгснээс оргүй нь дээр.
- Үгүй, тэгээд яах болж байна вэ? Нэг юм бодох л хэрэгтэй.
- Ер одонгийн үнэ цэнэ ер байхгүй болчихсон. Тэгээд ч зориуд нэр хүндийг нь унагах гэж одоо хаа хамаагүй тараагаад байгаа юм биш үү.
- Яалаа гэж тийм юм байдаг юм бэ?
- Надад л тэгэж харагдаад байгаа. Өмнөх Ерөнхийлөгчөө 3000 одон тараачихлаа гээд цовхчиж байсан Элбэг ерөнхийлөгч одоо өөрөө 7000 гаргаад л шагнаж байна даг. Нэг давхар бодол байдаг биз. Тэгээд ч ийм үнэ цэнэгүй болчихсон юмаар Чулуун дарга ер яах вэ дээ. Цаадах чинь тоох ч үгүй. Аягүйдвэл хэрэггүй юм чирч ирлээ гээд уурлаж ч мэднэ. Занг нь ямар бид мэдэхгүй биш. Тээр жил хамт олны хурлаар шагналд тодорхойлоход юу боллоо.
- Тийм ч юм болов уу хэмээн Сүрэн баахан эргэлзэв.
Үнэхээр л тэр жил Чулуун даргыг одонд тодорхойлох гэхэд “Тариан талбай, үтрэм, механик цех, гахай, тахианы ферм гээд тэргүүн фронтод ажиллаж байгаа хүмүүс маань шагнал аваагүй цагт би авахгүй ээ” гээд халгаагүй юм. Ер Эрдэнэбаярын хэлдэг “Одон, шагнал үнэ цэнэгүй болчихсон” гэдэг ч бодууштай. Бараг л энгэрийн тэмдэг шахам болчихоо юу даа гэж бодогдохоор. Хаашаа л харна янз бүрийн одон зүүсэн эрхмүүд. Өнөөх чулуу аваад шидэхэд нэг Соёлын тэргүүний ажилтан өртөнө гэдэг шиг л… Сүрэн хэдэн жилийн өмнө багшилж байсан сургуулийнх нь ойн үеэр хамт олныхоо тодорхойлолтоор Алтангадас одон авсан юм. Зүүгээд явахаар үнэхээр гавьяатан ч юм шиг, нэг бол танил талтай сэргэлэн овтой нь ч юм шиг, ер хэн нь ч байж мэдэхээр болоод, одонгоо зүүхдээ дурамжхан болчихжээ.
Манж нар монголчуудыг зориуд хагаралдуулах гэж элдвийн олон шагнал, хэргэм ямба, цалин пүнлүү гаргасан гэдэг. Хамгийн гавьяагүйг нь эхэлж шагнахаар л дотроо хагаралдаад, тэмцэлдээд зөрчилдөөд эхэлдэг юмсанж. Яг одоо Улаан Пэрэнлэйг шагнадаг шиг. Юуны өмнө Улааны хэмжээний нөхдүүд нь, “Адилхан хэвтэж энэ яахаараа шагнал авдаг юм” гэж атаархаж барьцаад Манжийн хааны ордон луу бэлэг сэлтээ бариад цувчихдаг байсан гэж байгаа. Харин манай Чулуун дарга шиг гавьяатнууд нь өнөөхүүдээ яагаад ч хүлээн зөвшөөрдөггүй, тоодоггүй. Тэгээд л харагч эхэлдэг байжээ. Бид чинь бараг л тэр Манжийн үеийнх шиг л үнэн худал нь хамаагүй шагнал, элдэв хэргэм, цолонд хошуурч донтоод байх шиг. Энэ яавч сайн үр дагуулахгүй дээ, харин зориудаар ийм болгоод байна уу, харанхуй тэнэгтээ бид ингээд байна уу, бүү мэд.
Энэ мэт юм эргэцүүлэхүй Сүрэн хэсэг зуурт яахаа мэдэхгүй болчихов. Эцэст нь удирдлага дор нь зэрэг хамгаалсан гарын шавь болох ХААЯамны Төрийн нарийн залуугийн өрөөнд шуугиад орж явчихлаа.
***
Чулуун өвгөн Соёлын төвөөс харьж явах замдаа энгэрт нь зүүлттэй өнөөх ХАА-н тэргүүний тэмдгийг үе үе илж явав. Хэдийгээр Эрхэм гишүүн энгэрт нь зүүж өгч байхдаа, “Үнэмлэх нь араас ирж яваа” гээд нүдээ ирмэж, өөрийнх нь тухай юу ч мэдэхгүй атлаа “Та бол ийм шагнал авах гавьяатай хүн шүү. Манай нам бол гавьяатнуудыг олж чаддаг юм” хэмээн одоогийн залуусийн хэлээр “хошгоруулж” байгааг нь, бас Засаг даргын цаанаа л нэг ёжтой жуумалзсан зэргийнх нь учрыг мэдэхийн дээдээр мэдэж байвч тэдний хэн болох, юу илэрхийлэх эсэхээс нь огтоос үл хамаарах нэг зүйл байсан нь үнэхээр л тэрбээр Хөдөө аж ахуйд бүхий л залуу нас, ухаан бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулсан билээ. Тийн илэхэд сэтгэлд нь нэг л дотно байх аж. Тэр цагийн бахархал дүүрэн дурсамжууд нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг болоход инээмээр байх авч хүмүүс зөрвөл бушуухан хөмсгөө атируулж байв.
Дээр үед Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулж билээ. Түүний удирдсан САА VI, VII таван жилийн төлөвлөгөөг 125-200 хувь давуулан биелүүлсний учир тийн шагнажээ. Тэрхүү Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнуулсны араас Эсэргүүнд шагнал өглөө хэмээн бөөн хэл ам болж, арайтай л буцаагаад хураачихаагүй юм. Чулуун шагналд ер дурлаж, шагнуулчих юмсан хэмээн бодож, мөрөөдөж явсангүй ажээ. Харин тэр хийж бүтээхээ хэнээр заалгаагүй, ямар ч дарга даамлаар шахуулж шамдуулаагүй билээ. Социалист эх орныхоо бүтээн байгуулалт, гэрэлт сайхан ирээдүйн төлөө л гэж өчүүхэн ч эргэлзээгүй, бие хайргүйгээр зүтгэж явсан.
“Эсэргүүн” гэгдсэн нь харин их хөгийн юмнаас болжээ. Тэр үед Чулуун Гурил, тэжээлийн үйлдвэрийн дарга байв. Гэтэл төвийн бүсийн нэг САА-гаас 20 тонн харуутай тариа иржээ. БНМАУ-д газар тариалангийн стандарт гэдэг юм мөрдөөд арав гаруй жил болж, хэвшчихсэн үед харуутай тариа гурилын үйлдвэрт ирнэ гэдэг байж боломгүй зүйл байв. Харуутай гурилыг үйлдвэр авахгүй гэтэл, орлогч сайд утасджээ. Чулуун стандарт, дүрэм журмаа дурдсан ч сайд огт сонссонгүй, “Ямар ч байсан хүлээж ав. Хивэгтэй холиод тэжээл болгоно уу, яана, өөрөө мэд” гээд утсаа тасалжээ. Ургацын комиссын дарга ч утасдав.
Чулуун залуу ч, шартай ч байж. Харуутай тариа гэдэг бол ер гурилын үйлдвэрт ойртуулж ч болдоггүй халдварт тахал шиг зүйл билээ.Тиймээс үйлдвэрийнхээ бүх тоног төхөөрөмжөө зогсоож, эд ангиудыг нь сайтар цэвэрлэж байгаад өнөөх харуутай тарианаас нь 4 тонныг тээрэмдсэнд гурил гэхэд хэцүү тас хар нунтганцар гарчээ. Харуутай тариа 0,01 хувиас хэтрэх ёсгүй, гэтэл тэр тарианых бараг 0,5 хувь буюу стандартад байвал зохих хэмжээнээс хэдэн зуу дахин их байжээ. Өнөөх хар нунтагийг нь савлаж, ярьлик наагаад САА-руу нь буцаагаад явуулчихсан юм. Дараа нь бүх тоног төхөөрөмжөө дахин спиртээр ариутган угааж байж хэвийн журманд нь оруулжээ.
Гэтэл төдөлгүй ард иргэдэд хортой гурил тараасан эсэргүү Чулуун хэмээн бөөн сүр дуулиан мандаж, Төв хороонд дуудагдав. Төв хорооны хоёр гишүүнээс гадна ажил хариуцсан референтүүд, Орлогч сайд, Гурил тэжээлийн үйлдвэрийн Нэгтгэлийн удирдлагууд, өнөөх гайтай САА харьяалагддаг аймгийн АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга болоод Намын хорооны дарга нар, яамны мэргэжилтнүүд, Ургацын комиссынхон оролцсон томоохон хурал боллоо. Орлогч сайд, Аймгийн намын дарга хоёр “Ард иргэдэд хүнсний шаардлага хангахгүй гурил нийлүүлж, БНМАУ-ын Эрүүгийн хуулийн 14-р зүйл анги зөрчсөн тул намаас нь хөөж, тус Эрүүгийн хуулийн дагуу таван жилээр хорих хэрэгтэй” хэмээн Чулууныг хавсайдан дайрав.
Чулуун ч мөчөөгөө өгсөнгүй, стандартад нийцэхгүй үр тариаг хүчээр шахаж өгсөн нь Эрүүгийн хуулийн 17-р зүйл анги зөрчсөн, аргагүйн эрхэнд бид шахаж нийлүүлсэн үр тариагаар нь гурил хийгээд ямар тариа хураасныг нь харуулахаар өөрсдөд нь хүргүүлсэн. Гурилын үйлдвэрт стандартыг хатуу мөрдүүлэх учиртай атал дарга нар эрх мэдлээ ашиглан тулган хүлээлгэсэн хэмээн эсэргүүцсэн авч хүчин мөхөстөв. Гол нь харуутай тариаг акт үйлдэлгүй хүлээн авсан гарын үсэг зурж орхисноороо гэнэдэж, гүжир гүтгэлгийг эсрэг барих баримтгүйдэн хад мөргөв. Ингээд Чулууныг Намаас нь хөөж, албан тушаалаас нь хусаж, хөдөөгийн нэгэн буйдхан САА-д Үтрэмийн эрхлэгчээр цөлжээ. Шоронд дээлээ нөмөрчихөөгүйдээ баярлах л үлдэв.
Харин дараа жил нь өнөөх харуутай тариа нийлүүлсэн САА дарга Хөдөлмөрийн баатар цол хүртэхэд л Чулуун өөрийгөө юуны золиос болсноо ойлгожээ. Гэвч Чулуун сэтгэлээр унаж, итгэлээ алдсангүй. Төв хорооны ХАА-н хэлстийн эрхлэгч, хашир өвгөн Сүндэв гуай юу болж буйг сайтар мэдэж, Чулууныг далдуураа дэмжиж байлаа. Гэвч хүчээ авсан Орлогч сайдын бүлэглэлтэй ил цагаан тэмцэлдвээс юу ч үгүй хохирохыг мэдэх Сүндэв залуу, шартай Чулуун дээр буух буултыг зөөллөхөд бүх боломжоо шавхжээ. Үтрэмийн эрхлэгчээр дөрвөн жил ажиллуусны дараа Намынх нь гишүүнчлэлийг сэргээж, тэр САА-н дарга болгов. Сүндэв гуайн хийж чадах зүйл тэр л байлаа. Түүнээс цааш ахивал өнөөдүүлийн анхаарлыг татаж, дахиад хөгцөрсөн араанд нь зуулгах аюултай тул Чулуун ч аглаг буйд САА-н даргаараа чимээгүйхэн үлдэж, хувь заяатайгаа эвлэрсэн билээ.
Чулууныг хөдөө цөлөгдөхөд залуухан эхнэр нь хотод хоргодон үлдэв. Төдөлгүй гэр бүл сарниж, амьдарч буй нутгийнхаа нэгэн даруухан бүсгүйтэй тоонот гэрт дахин галаа бадраасан нь насан туршийн хүнд хэцүү хөдөлмөр тэмцлийнх нь түшиг, хань, найдвартай ар тал нь болжээ.
Чулуун гэртээ ирээд авдраа ухан, талийгч самганыхаа “Эхийн алдар” одонг хадгалсан хуучин цагийн мамбасааны дугуй төмөр лаазыг гаргаж, нэг үзвээс амьдралынх нь утга учирыг сануулсан мэт, нөгөө бодлын өөрийнх нь амьдралын бүхий л утга учир, тэмцлийг үгүйсгэн гүтгэж буй мэт өнөөх тэмдэгээ оёорт нь торхийтэл хийж орхив.
***
Чулуун хөгшнийг шагналаас үүдсэн зовиур, элдэв жорын бодлоосоо салж, сэтгэл түвширч байх үест, нэгэн Бямба гаригт зээ охин нь найзуудтайгаа зочлон иржээ. Гурван залуу, хоёр охин. Чийрэг чанга биетэй, эрэмгий алхаатай, ширүүн хурц яриатай, хууз сахалтай, үсээ хусуулсан залууг Оргил гэнэ. Хэд хэдэн оронд нэр хүндтэй сургууль төгссөн тэрбээр нэгэн том намын ирээдүйтэй залуу зүтгэлтнүүдийн нэг ажээ. Зай завсаргүй урт шүүртэй анхилам үнэрт тамхи угзрах туранхай өндөр дохигор залуу нь Будбархас. Банкны хувь нийлүүлэгч, Удирдах зөвлөлийн гишүүн, бас Сэлэнгийн сав руу уурхай ч эзэмшдэг, багагүй хөрөнгөтэй нэгэн. Харин гурав дахь залуу нь Баярхүү, халуурч буй хүн шиг хурц гялалзсан харцтай ч барагтайд дуугардаггүй, харц шигээ хурц биш, намуухан араншинтай байж мэдэхээр энэ залуу өөрийгөө Чөлөөт уран бүтээлч гэж Чулуун хөгшинд танилцуулжээ. Чухам юуных нь уран бүтээлчийг мэдсэнгүй, зураач, хөгжимчин, зохиолч энэ тэрийн л нэг бололтой. Харин Алигэрмаа бол зээ охин Цэенхандынх нь бүр дунд сургуулиас их дээд сургуулиа төгстөл салахгүй үерхсэн дотно найз нь билээ. Тэрбээр олон улсын төсөлд ажилладаг ажээ. Найзууд салхинд гарах далимаар Будбархасын эзэмшил уурхай ороод буцахдаа Цэенхандын өвөөгийнд түр саарсан нь тэр байлаа.
Гурван залуугийн нэг нь л гарцаагүй хүргэн болох хүн биз, тиймээс өвгөн тэдний үг яриа, үйл хандлагыг далдуур анхааран ажиглаж байлаа.
Хоёр бүсгүйг хоол хийж байх хооронд гурван залууд Чулуун гуай аж ахуйгаа сонирхуулав. Оргил Шотланд, Канад, тэр бүү хэл Өмнөд Африкт үүнтэй ижил зохион байгуулалттай аж ахуйгаар зочилж, дайлуулж байснаа ам өрсөн ярьж, энэ нь арай өөр байсан, тэр нь төстэй ч юм шиг байна, үүнийг нь өөрчилчихвөл илүү сайн болох юм уу гэх мэтээр зааварчилгаа өгөх ажээ.
Будбархас зардлын тооцоог нарийвчлан асуугаад хоёр гуравхан хүний хүчээр ийм хэмжээний аж ахуйг элбэгхэн авч явах боломжтойд нь гайхан, тооны машин дээр шалгаж байв. Ялангуяа усалгааны системийг нь илүү сонирхож, патент авсан эсэхийг нь лавлав. Уг нь энэхүү аргыг 70-аад онд Финн зэрэг Скандиновын орнуудад эхлүүлж, манайхаас ч илүү хатуу ширүүн уур амьсгалтай ЗХУ-ын Чукоткын хойгт амжилттай туршжээ. Тиймээс л Монголд болоод байгаа хэрэг. Патентгүй болохыг нь сонсоод Будбархас тэмдэглэлийн дэвтрээ нээн нэгэн зүйлийг яаран бичив.
Харин Баярхүү ийм үр дүнтэй байхад яагаад улс даяар дэлгэрүүлж, нэвтрүүлэхгүй байгаад, бас Засгийн газраас хэрэгжүүлдэг элдвийн жижиг дунд үйлдвэрлэл дэмжих төсөл хөтөлбөрт хамруулж болдоггүйд гайхан толгой сэгсэрнэ.
Ийн байтал хоёр том хар жийп хашааны үүдэнд зогсож, гоёлын цэнхэр чисчүү дээлээ өмссөн Цэрэнлхам нүүр дүүрэн инээсээр буугаад ирлээ. Цагаан сараар л нэг ийн баярын мишээл цацруулсаар үр хүүхэд ач нараа дагуулан золгуутаар ирдэгсэн. Гэтэл араас нь Чулууны нүдэндээ ч итгэмгүй хүмүүс бууцгаав. САА-ынх нь Ерөнхий агрономич Сүрэн, Эвлэлийн хорооны дарга Эрдэнэбаяр, Ерөнхий механикч Бадамсүрэн, Комбайнч Дашчирэв, ня-бо Чимгээ, Тракторын жолооч Бумцоож, засварчин Түвдэн, бас нэг танихгүй дарга байрын гүзээ сууж яваа өндөр залуу ирцгээлээ. Тэр залууг ХАА-н Яамны Төрийн Нарийн бичгийн дарга Даваадорж хэмээн танилцуулав. Дуу шуу болцгоож, золгон тэврэлдэж, гайхан шогширцгоож хэсэг зуур болсны дараа Сүрэн агроном “За Чулуун дарга минь. Цай цүүгээ дараа нь болоё. Та бушуухан дээлээ өмсчихөөд гараад ир. Тавдугаар талбайн эхэнд байх Ургац толгой дээр нар тонгойхоос өмнө очицгооё. Бид чухам залуу сайхан насандаа хөлсөө ч, нулимсаа ч дуслуулж явсан газартаа тантайгаа хамт очихоор л зорьж ирлээ” хэмээн шавдуулав. Чулуун ч тэднийг жир ийм хэргээр ирсэнд нь итгэсэнгүй, чухам өнөөх яршигтай тэмдэгтэй нь л холбоотой байж мэднэ, ялангуяа Төрийн нарийнийг дагуулан ирнэ гэдэг лав жир бус хэмээн таамаглалаа.
Тэгээд бүгдээр нэгэн цагт Ургац толгой гэгдэж байсан, өнөө Мануухайт толгой гэх нэртэй болсон, холгүй байх бяцхан товцог руу давхисанд хэрэгт дурласан залуус ч машинаа асаан дагалаа.
***
Ургац толгой дээрээс САА-н тариалангийн гол талбайнууд ил харагдах билээ. Дэргэд нь очиход анзаарагдамгүй ч алсаас гүдийгээд сүрхий өндөр харагддаг тэгшивтэр бөмбөгөр оройтой энэхүү бяцхан довцог толгой бол үнэхээр л дурсамж дүүрэн газар юм. Тэндээс хаврын анхны шангаа татаж, ургацын явцыг ажиглан шинжиж, намарт анхны хураалтаа бэлээс нь эхэлдэгсэн. Чулуун дарга олон жил яг л тулааны талбараа харан зогсох цэргийн жанжин мэт энэ толгой дээрээс ажлаа хувиарлаж, үүрэг даалгавар өгдөг, ажлынх нь хээрийн контор, штаб нь ч болж байлаа. Талбайнууд ургацынхаа явцаас шалтгаалан өнгө ялгаран харагдах нь тууш тууш судалтай аварга том даавууг хөндий тал дүүртэл дэлгэсэн мэт харагддагсан. Намарт бүр ч сайхан. Ажил хөдөлмөр ёстой ч буцалж, даргилж гарна даа.
Энэ уудам хөндийг дүүртэл тариа халиуран найгахаа болиод олон жил болжээ. Нэг хэсэг бүр атаршиж, гүйцээд зэрлэгтээ баригдан, сэтгэл шимшрэм болчихсон байсан юм. Харин сүүлийн арав гаруй жилээс хэд хэдэн компаниуд хэсэг бусаг талбайд тариалж, жилээс жилд талбайгаа нэмж байлаа. Гэхдээ л тэр цагийнхтай хэрхэн дүйлгэх билээ, алаг цоог энд тэнд харагдана. Энэ жил сайнгүй ч бас чамлахааргүй гарчээ.
Бүгдээр довцгийн оройд зогсоцгоогоод, энэ тэрийг заан сэтгэл хөдөлсөндөө чанга чангаар ярилцан хэсэг байв. Тэгснээ Сүрэн агроном гэнэт нэгийг санаж,
- Өнөөдөр…. гээд хоолой нь сааралтан чичигнэж түр саатсанаа, – Өнөөдөр бид бүхэн нэгэн их эрхэм хүнийг зорин ирцгээсэн. Энэ уудам хөндийд бид нэгэн цагт хөдөлмөрийн алдрыг жинхэнэ утгаар нь цуурайтуулж явлаа… Амжилт маань улс орон даяар алдаршиж байлаа. Бид энэ Ургац толгой дээрээ яг өнөөдрийнх шигээ … гэснээ дахиад л хоолой нь сааралтаад ирэв. Үнэн хэрэг дээрээ өнөөдрийнх нь байдал тэр үеийнхтэй нь харьцуулах аргагүй өрөвдөлтэй, гээгдэж хаягдсан, бас тийн гээгдэж хаягдсантайгаа эвлэрч чадахгүйдээ ийнхүү өөрсдийгөө л дэмий хуурахаар цугласан мэт байсан хэрэг. Гэсэн ч тэр бүр “өнөөдрийнх шиг” хэмээн зориуд тодруулав. Өчигдрийн туулж өнгөрүүлсэн бүгд өнөөдрийнх нь үнэ цэнэ болж буй учраас тийн хэлжээ.
- Өнөөдрийнх шиг – гэж давтан өгүүлээд, – ингээд зогсоцгоож байснаа дурсацгаая, нөхөд өө… Тэгээд залуус биднийгээ оюун санаагаар ч, ажил үйлээрээ ч үлгэрлэн манлайлж, зохион байгуулж байсан буурал даргадаа амьдралын минь хамгийн сайхан утга учиртай цаг мөчүүд тантай минь, шударга ариун хөдөлмөр тэмцлийн хамт өнгөрсөн юм шүү гэдгийг хэлэхээр ирцгээлээ, бид гэхэд тойрон зогсоцгоосон хэд ам амандаа нэгийг өгүүлэн дэмжив.
- Өнөөдөр улс орныхоо Хөдөө аж ахуйг бэхжүүлэх, хөгжүүлэхэд үйлсэд ухамсарт бүхий л амьдралаа нэгэн үзүүрт сэтгэлээр харамгүй зориулсан эрхэм хүн таны ажил амьдралын яндашгүй арвин туршлага, мэдлэгийг Монголын төр өндрөөр үнэлэн, ашиглахаар болж байна. Тиймээс таныг Монгол Улсын Зөвлөх агрономич цол тэмдгээр шагнажээ. Мөн ХАА-н Яамны хүндэт жуух бичиг, Салбарын тэргүүний тэмдэгээр ч таны маань зүтгэлийг үнэлжээ. Та бол энэ эрхэм хүндэтгэлийг хүлээх гавьяа бахдал дүүрэн хүн шүү дээ. Та минь л бидэндээ, Монгол Улсдаа эс зөвлөвөөс өөр хэн зөвлөж чадах билээ. Тэгээд энэхүү өндөр нэр хүндэй цолыг таны хөдөлмөрлөж бүтээж байсан яг энэ талбай дээр нь утга учиртай гардуулах юм аа. ХАА-н Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Даваадорж шагналыг гардуулна гэхэд цөөхүүлээ ч чангаар алга ташин, зарим нэг нь уухайлав.
Төрийн нарийн бичгийн дарга урагш нэг алхаж, том гоёмсог хавтас дэлгэн Монгол Улсын зөвлөх агрономич цол олгосон, Хүндэт жуухаар шагнасан тухай сайдын тушаал уншиж, тэмдгийг нь зүүн, үнэмлэх бичгийг нь гардуулав. Түүний дараа залуус нь хагас алд шахам урт, өргөнтэй ган ялтсан дээр алтлаг тариан түрүүг хүрээгээр нь эмжин товойлгосон том дурсгалын самбар хүндэтгэн өргөв. Самбар дээр сэтгэл хөдлөм тун сайхан үгсийг алтаар товойлгон урлажээ.
Тэгээд тэд бүгдээр эгнэн зогсож байгаад “Ургацын далай” хэмээх дууг бүдүүн, нарийн, саарал, паргиа хоолойнууд хоршуулан байж дуулцгаалаа. Заримынх нь нүдэнд нулимс гялтганана. Чулуун даргыгаа ээлжлэн халуун дотноор тэвэрцгээв. Дараа нь бүгдээр тойрон тэврэлдээд удтал зогсоцгоожээ.
Чулуун дарга нь “Хүүхдүүд минь, надад хэлье гэхнээ ч цээжин доторхыг маань бүрэн гаргачих тийм үг олдохгүй нь ээ. Ингэж нар гарна гэж ёстой зүүдэлсэнгүй явжээ би. Та нартаа, хүүхдүүд минь, та нартаа маш их баярлалаа. Тэр үед заримдаа та нартаа ширүүлж, хатуу шаардлага тавьж байсан байж магад. Бид чинь тэр үед утга учиртай амьдарч хөдөлмөрцгөөж байсан юм байна шүү дээ. Бид бүхний хөдөлмөр зүтгэл огт талаар өнгөрсөнгүй ээ. Ядахдаа л бидний сэтгэл зүрхэнд хамгийн бахархам сайхнаар үлдэж чадсан байна шүү дээ” хэмээн нулимсаа мэлмэрүүлэн байж өгүүлэв .
Нулимстай нүдээр инээлдэж, тэврэлдэх тэдгээр хөгшдөөс зайдуухан гурван залуу зогсоод үйл хөдлөл бүрийг нь харан байлаа. Чулуун гуайн үгийг сонссон Оргил хоёр гараа цээжнийхээ өмнө өргөж сэгсрээд, ярвайсхийн байж,
- Хуучин цаг үеэ гэж, юу ч гэмээр юм бэ дээ. Нэг ийм шагналын төлөө амьдрахыг л хамгийн утга учиртай амьдрал гэж үзэцгээж амьдарцгаасан байх юм. Маш харамсалтай, эмгэнэлтэй юм шүү. Тэр шагнал гэдэг нь юу юм бэ, байдаг л нэг төмөр шүү. Тэгээд түүгээрээ бахархаж, баярлаж байх гэж жигтэйхэн. Амьдралынх нь үнэ цэнэ энэ л төдий хямдхан байж гэхээр үнэмшмээргүй. Хүнийг сүрэг сүргээр нь ийм болгочихдог, үнэхээр хатуу аймшигтай нийгмийг бид туулан өнгөрөөжээ. Өнөөх бие биедээ хоосон нялзаасан, тодорхой дүргүй коммунист хайр сэтгэл гэдгийг ингээд нүдээрээ хардаг байжээ. Хоцрогдол ийм л амь бөхтэй байх гэж. Азаар эдний үе ингээд өнгөрч байна даа гэж шогшроход Будбархас юм хэлсэнгүй ч зөвшөөж буй бололтой, шүлсээ гүдхийтэл хаяад толгой дохиж зогсов.
Харин Баярхүү чичигнэсэн гараараа тамхи гарган асааж, цогийг нь улалзтал хүчтэй сорж уушиглаад, ямар нэгэн давж гэтлэшгүй их зүйлтэй тулгарсан мэт уртаар зовиуртайяа шүүрс алджээ.
2017 оны 10 сарын 20.
2017 оны 11 сарын 5.
Б.Номинчимэд
URL: