Энэ өдөр дэлхийн түүхэнд: Инээдмийн баяр

1Инээдмийн өдөр

Дөрөвдүгээр сарын 1 буюу инээдмийн баярыг зарим оронд тэнэгүүдийн өдөр ч гэдэг. Энэ өдөр олон орны хүмүүс бие биеэ хуурч, тоглоом шоглоом хийж баясдаг уламжлалттай учраас түүнийг олон улсын баяр болгож яагаад болохгүй гэж?

Инээдмийн баярын өдрийн маш олон түүх байдаг. Тухайлбал, Францчууд үүнийг шинэ оныг угтах баярыг хойшлуулсантай холбоотой гэдэг. XVI зууны хоёрдугаар хагас хүртэл дөрөвдүгээр сарын нэгний өдөр шинэ жилийг угтдаг байжээ. Францын хаан шинэ оныг нэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх зарлиг гаргасан байна. Гэвч зарим нь энэ шийдвэрийг хүлээн авахаас татгалзаж дөрөвдүгээр сарын 1-нд шинэ оноо угтаж, уламжлалт ёсоор бие биедээ “дөрөвдүгээр сарын загас” залгиулсаар байв. Тиймээс эдгээр хүмүүсийг шоглон тэнэгүүдийн өдөр хэмээн нэрлэжээ. Францчууд энэ өдрийг дөрөвдүгээр сарын загас ч гэдэг. Ер нь Европын ихэнх орнуудад тэнэгүүдийн өдөр гэдэг.

Харин Америк болон Их Британид XVIII зуунаас хуурдаг өдөр хэмээн тэмдэглэж ирсэн байна. 1860 оны энэ өдөр Лондон хотод хэвлэгдэн гардаг нэгэн сонин, хүмүүсийг хэрхэн хуурсан тухай өнөөдрийг хүртэл дурсан ярьдаг. “Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 11 цагт Тауэрт болдог цагаан арсланг угаах ёслолд ноёд, хатагтай нарыг оролцохыг урьж байна” гэсэн зар гаргажээ. Түүний дагуу 11 цагт Тауэрт бөөн хүн цугларсан байна.

Эртний Ромд энэ өдөр Инээдмийн бурхныг залж байсан түүхтэй. Харин Германчууд хамгийн азгүй өдөр гэдэг. Гэсэн хэдий ч бие биеэ хуурдаг. Ингээд энэ өдөр дэлхийн хэвлэл мэдээлэлд гарч байсан хамгийн инээдэмтэй мэдээнээс сонирхуулъя.

1970 онд BBC телекомпани Баруун Виржинид давсалсан өргөст хэмх ургасан тухай мэдээлжээ.
1994 онд Америкийн “National Public Radio” чихэн дээрээ “Pepsi” гэсэн шивээс хийлгэсэн хүн амьдралынхаа турш тус компанийн бүтээгдэхүүнийг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болно хэмээн мэдээлжээ. Тэр өдрийн турш чихэндээ шивээс хийлгэсэн залуус шагналаа авъя хэмээн утасдсан гэдэг.
1999 онд “Phoenix New Times” сонин ядуучуудад зориулсан шинэ сан байгуулсан тухай бичээд орон гэргүй хүмүүст зориулан байр барих хандивын мөнгө, хувцас, хоол хүнс цуглуулж байгаа гэжээ. Төгсгөлд нь тэднийг зэвсгээр хангахад нь туслахыг хүссэн байна. “Associated Press” агентлаг энэ мэдээг нийтэлж Америк даяар цацжээ. Түүнийг уншсан хүмүүс дансаар мөнгө шилжүүлсэн гэнэ.
“Irish Times” хэмээх сонин Лениний шарилыг худалдан авах тухай Орос , Францын хариуцлагатай ажилтнууд хэлэлцээ хийж байгааг уншигчдынхаа сонорт хүргэжээ. Лениний цогцсыг Парис хотын Диснейлэндэд тавих гэж байгаа тухай уншсан хүмүүс гомдол мэдүүлсэн байна.
Францын “Le Paridien” coнин 1986 онд Засгийн газар Эйфелийн цамхгийг буулгаж Дислейндэд аваачиж дахин барина хэмээн уншигчдаа хуурчээ. Цамхаг байсан газар нь 1992 оны Олимпийн тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнг барина гэдгийг уншсан хүмүүс Засгийн газартаа гомдол гаргасан байна.

Сонирхолтой баримтууд–

  • Анхны түүхэн баримт 1686 онд хамааралтай. Тэр жил англи зохиолч Жон Обри өөрийн гар бичмэлдээ “Тэнэгүүдийн баяр” гэсэн хэллэгийг тэмдэглэжээ.
  • Шотландад дөрөвдүгээр сарын тэнэгийн өдөр 48 цаг үргэлжилдэг бөгөөд хөхөө донгодуулах өдөр гэдэг.
  • Энэтхэгт тэнэгүүдийн өдрийн адилхан баяраа Huli гэж нэрлэнэ.
  • Латин Америкт “Dia de los Inocentes”гэж өдрөө нэрлэсэн нь чин сэтгэлийн, үнэнчийн гэсэн утгатай.
  • Америкт “Таны үдээс алдуурчээ” гэх мэтийн гомдоох юмгүй шоглоом их хэлэгддэг. Хэрэв тийм зүйлд хууртсан бол хуурсан хүн нь “April Fool” (Апрел сарын тэнэг)гэж дуу алдана!
  • Англид ХХ зууны хамгийн алдартай “хууралт” хийгдсэн гэдэг. 1957 онд “BBC” теле компани гоймонгийн арвин ургац хураасан тухай нийтэлжээ. Швейцарьт гоймон маш их хэмжээгээр хурааж авсан тул яахаа мэдэхгүй байгаа тухай бичээд “Энэ өвөл дулаахан байсан тул фермийн аж ахуйтнууд гоймонгийн үрийг цэцэглүүлж чадлаа” гэжээ. Уншигчид үүнд үнэмшиж гоймон хэрхэн тарих тухай мэдэх гэж ВВС-руу утасдсан байна. Хариуд нь “Та гоймонгоо улаан лоолийн сүмсэнд хийгээд сайн залбир” хэмээн зөвлөж байсан гэнэ.

“Шувууны олон улсын өдөр”

“Шувууны олон улсын өдөр”-ийг (International Bird Day) 1906 оноос хойш дэлхийн зарим улс оронд тэмдэглэж иржээ. Гол зорилго нь шувууны нэр төрөл, тоо толгойг хамгаалахад оршдог бөгөөд энэ өдөр хот, суурин газар болон ой, шугуй, тал газар шувууны хиймэл үүрийг байрлуулдаг аж. Дэлхийн түүхэнд шувуутай харгис хэрцгий хандаж байсан түүх цөөнгүй байдаг. Тухайлбал, 1860-1890 оны хооронд АНУ-ын Висконсин мужид тагтааг хүнсэнд хэрэглэх болсноор энэ амьтан бараг устаж болсон түүхтэй. Харин манай улсын хувьд шувууны өдрийг дөрөв, тавдугаар сард тэмдэглэж ирсэн. Ингэхдээ шувууны амьдрах орчныг хамгаалах, шувуудын талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх олон арга хэмжээ зохион байгуулдаг юм.

ХХ зууны эхээр, 1902 оны гуравдугаар сарын 19-нд “Хөдөө аж ахуйд ашигтай шувуудыг хамгаалах олон улсын конвенц”-ийг арав гаруй орон батлав. Тэр нь 1905 оны сүүлчээр үйлчилж эхэлсэн байна.

Сонирхолтой түүх

Хурдан уусах Нескафе танилцуулагдлаа

1938 – Кофены жинхэнэ амтыг хадгалсан, бэлтгэхэд хялбар, хурдан уусах Nescafé бүтээгдэхүүнийг танилцууллаа.Хурдан уусах кофег химич МаксМоргенталер бүтээсэн баөгөөд тэрээр энэ чиглэлээр 1929 оноос Бразилийн засгийн газрын захиалгаар ажиллаж эхэлсэн байжээ.Nestlé &Anglo-Swiss компани Бразилийн кофены илүүдлийн асуудлыг шийдэх ажилдаа оров.

Өнгөц харахад маш энгийн. Натураль кофены өтгөн ханднаас ууршуулж төмөр лааз, картон хайрцганд савлах. Гэтэл ханднаас усыг нь ууршуулахад кофены үнэр амтыг хадгалдаг эфирийн тос нь мөн ууршин алга болоод байжээ. Энэ асуудал дээр Моргенталер долоон жил ажиллажээ.

Араб хэлэнд хурдан уусах кофе “нискафе”гэж нэрлэгддэг. Гэхдээ хурдан уусах кофе дэлхийд нэлээд эрт гарч иржээ. Кофены нунтгийг 1899 онд япон Сатори Като гарган авсан байв. Чикаго хотноо суурьшсан тэр япон хүн өмнө нь хурдан уусдаг цайг хийж чаджээ. Гветамалад амьдардаг байсан Английн химич Жорж Вашингтон хамгийн анх кофены хандаас усыг ууршуулан шарах үйлдвэрийн технологийг 1906 онд үйлдвэрт нэвтрүүлжээ. Түүнээс гурван жилийн дараа зах зээлд “Red E Coffee”гэх худалдааны марк гарч ирлээ.

Өнөөдөр түүхэнд

527- Дорнод Вей улсын эзэн хаан Шиаминийн охин Ху гүнж хаан ширээнд сууснаар Хятадын хаан ширээнд суусан анхны эмэгтэй болжээ.

1545 – Испанийн эзэнт гүрний колони болох Боливи улсын Потоси орчмоос их хэмжээний мөнгөний илрэц олджээ.

1572- Голландын 17 муж нэгдэн Бүгд найрамдах Голланд улс байгуулахаар болов.

1815- Германы эзэнт улсын анхны канцлер Отто фон Бисмарк төржээ.

1826 – Америкийн зохион бүтээгч Самуэль Мори “Уурын хөдөлгүүр”-ийг зохион бүтээж, зохиогчийн эрх авчээ.

1854- Алдарт зохиолч Чарльз Дикенсийн “Бэрх цаг үе” зохиол “Хаусхолд Уордс” сэтгүүлд цувралаар нийтлэгдэж эхэлжээ.

1867- Сингапур арал Британийн колони болжээ.

1873- Усан онгоц үйлдвэрлэгч “Уайт Стар Лайн” компанийн “Атлантик” хөлөг онгоц Нова Скотиа орчимд осолдон живж 547 хүн амиа алдав. Энэ нь 19-р зуунд тохиосон хамгийн хөнөөлтэй осол болсон юм.

1918- Их Британийн тэнгисийн цэргийн нисэх хүчний салбар байгуулагджээ.

1924- Олон нийтийг эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан хэргээр Адольф Гитлерт таван жилийн ял оноон шоронд хорив. Гэвч тэрээр ердөө найман сар хоригдоод суллагдсан юм.

1930 – Берлин хотын Курфюрстендамм өргөн чөлөөний “Глория-Палас” кинотеатрт Генрих Манны “Багш Унрат буюу нэгэн дарангуйлагчийн төгсгөл” романаар америк найруулагч Жозеф фон Штернбергийн бүтээсэн “Цэнхэр сахиусан тэнгэр” киноны анхны үзвэр гарав.

Тэр үеэс киноны гол дүр кабарегийн дуучин Лолу-Лолугийн дүрийг бүтээсэн Марлен Дитрихын нэрд гарсан юм.

1935- Энэтхэгийн төв банк буюу Энэтхэгийн холбооны нөөцийн банк байгуулагджээ.

1937- Йемены Аден хот Британийн колони болов.

1939- Испанийн иргэний дайн: Бүгд найрамдах засаглалын цэргүүд бууж өгсөнийг удирдагч Франциско Франко зарласнаар Испанийн иргэний дайн эцэслэв.

1947- Шинэ Зеландын тэнгисийн цэрэг албан ёсоор байгуулагджээ.

1949- Канадын засгийн газар япон гаралтай Канадчуудын эрхийг долоон жил хязгаарласны эцэст хүчингүй болгожээ.

1950 – Баруун Германы”Висбаден тагеблатт” сонин хотын ойролцоо осолдсон харь гарагийн хөлгийн нисэгчийн дуулиантай зургийг нийтлэв.

Зураг дээр Америкийн армийн хоёр офицерын хамт хүчилтөрөгчийн багтай, метр орчмын өндөртэй харийн хүн дүрслэгджээ. Доор нь харь гарагийн нисгэгч нэг хөлтэй учир үсэрч явдаг гэж тайлбарласан байв. Гэрэл зургийг дэлхийн сонинууд хуулан нийтэлж гарчээ. Олон жилийн дараа сонины ажилтнууд “Дөрвөн сарын 1-ний шоглоом” байсныг хэлж, харийн нисгэгчийн дүрд сонины ажилтны охиныг тоглуулснаа илчилжээ.

1970 – АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон Тамхины олон нийтийн хяналтын тухай хуульд гарын үсэг зурснаар телевиз, радиогоор тамхины үйлдвэрлэлийг сурталчлах, реклам явуулах зэргийг хоригложээ. Уг хууль 1971 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

1976- Америкийн иргэн Стив Жобс, Стив Возняк, Рональд Уэйн нар АНУ-ын Калифорни мужийн Купертино хотод Apple компанийг байгуулав.

1978- Филиппинийн политехникийн их сургууль байгуулагджээ.

1989 – Их Британийн Ерөнхий сайд Маргарет Тетчер татварын шинэ хууль санаачилсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлэв.

2004- Технологийн Google компани цахим шуудангийн үйлчилгээ үзүүлэх Gmail программыг олон нийтэд танилцуулав.

2016 –Уулын Карабах мужид мөргөлдөөн болов. Түүхэнд үүнийг дөрвөн өдрийн дайн гэж тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих