Х.Тэмүүжин: Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна

temuujin-1“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжинг урилаа.

ЦАГДАН ХОРИХ ТӨВД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХЫГ ХОРИГЛОСОН ХУУЛИЙГ “УНАГАСАН”

-Одоогоос таван жилийн өмнө 2014 онд Хууль зүйн сайд байхдаа тушаал гаргаж Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглож байлаа. Тэр тушаал одоо ч хүчин төгөлдөр байгаа. Тухайн үед цагдан хорих төвд гүйцэтгэх ажил нэрийн дор хүмүүсийг айлгадаг, тагнадаг, өрөө сэлгэн хэсүүлдэг, өөр нэгнээр дарамтлуулж хэргийг нь хүлээлгэх гэж оролддог үйлдэл гаарсан байв.

Энэ байдлаас үүдэн хэрэг ченжлэх гэдэг үг хүртэл үүсэж байв. Хуучин хуулийн зарчим гэмт хэргийн хөнгөнийг хүндэд багтаан ялладаг байсан тул хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүс хүний хөнгөн хэргийг өөртөө дааж авах байдлаар мөнгө, хөрөнгө авдаг асуудал хавтгайрах шинжтэй болчихсон байлаа.

Тэр бүгдийг зогсоохын тулд нэгдүгээрт Цагдан хорих төв дээр гүйцэтгэх ажил явуулахгүй байх, хоёрт хорих байгууллагын аюулгүй байдлын хяналтаас бусад тохиолдолд хүний хувийн орон зай, хууль зүйн туслалцаа авах эрхэд халдахгүй байх арга хэмжээ авах тухай чиглэл өгч, журамд өөрчлөлт оруулсан. Төд удалгүй тодорхой байгууллагын удирдлагууд, нэр бүхий хүмүүс ил далд эсэргүүцэж, сүүлдээ Ерөнхийлөгч дээр намайг дуудуулж байв.

“Чи яахаараа гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн байцаах ажиллагаанд саад болдог юм. Яагаад гэмт хэрэгтнүүдийн талд орж байгаа юм”  гэсэн  байдлаар хандсан. Тухайн үед  ТЕГ, АТГ, Цагдаагийн  байгууллагуудын хүсэлт, шаардлагаар дээрээс мундагдаж байгаа нь тэр л дээ. Тэгээд “Би ямар ч гэсэн тушаал шийдвэрээ өөрчлөхгүй ээ. Тэнд ШШГЕГ-аас бусад байгууллагын үйл ажиллагааг явуулахгүй, таслан зогсооно.

Энэ байгууллага цагдан хоригдож байгаа хүмүүсийнхээ амь нас аюулгүй байдлыг хангадаг” гэж хэлээд гарсан. Сайдыг өөрчилж, сайдын тушаалыг хүчингүй болгох бол тэр хүмүүст хялбархан санагдаж байгаа бололтой байхаар нь зөрүүд зан төрөөд хуульд оруулна гээд  “цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглосон” заалт шинэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд биччихсэн.

2016 оны дөрөв тавдугаар сард шиг санаж байна. УИХ дээр хэлэлцүүлэг явж байхад АТГ, ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд нийлж,эсэргүүцэн Ерөнхий сайдад захидал бичиж хуулиудыг татуулах ажил хүртэл зохион байгуулсан даа. Бид Ерөнхий сайд дээр ороод “Хүний эрхийн төлөө хийж байгаа бод­ло­гуудыг яагаад унагах гэж байгаа юм” гэдэг асуудал ярьсан. Тэгээд арай гэж тэр хуулиа баталсан.

Харамсалтай нь 2016 онд МАН олонх болонгуутаа процессын хуулиудыг хүчингүй болго­чихсон. Хуулийн хулгай яаж хийдгийг ч ёстой үзүүлсэн дээ. Авлигын хэрэг дээр гэхэд ЖДҮ-гийн зээл нэрийн дор Засгийн газраас хахууль авсан гишүүд ял хүлээх байсан гол заалтыг хүчингүй болгочихсон хүмүүс дээ.

 ХУУЛИЙГ НЬ УРЬД НЬ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН ХҮМҮҮС ӨНӨӨДӨР ШОУ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

-Ер нь хууль, шүүхийн байгууллагын арга барил хоцрогдсон, хүний эрхийн мэдрэмжгүй, улс төрийн нөлөө хэт их, авлигажчихсан байгаа нь үнэн. Хариуцлага тооцох үүд хаалгыг тэр байгууллагын толгойд байгаа цөөн хэдэн хүн өөрсдөдөө зориулаад таглаж бөглөчихсөн ч үнэн. Энэ асуудал шинэ асуудал биш, долоон жилийн өмнө яригдаж байсан. Хуулийг ашиглаж нэг хэсэг нь хөрөнгөжөөд нэг хэсэг нь өс хонзон аваад, шударга ёс гэдэг ойлголт мөнгөтэй хүн нь дуугаа захиалдаг гэдэг шиг эрх мэдэлтэй хүн хэрэг захиалдаг шахуу завхрал руу их хурдтай явсан.

Хуул зүйн салбарын шинэчлэл хийж энэ асуудлуудыг шийдэх гэж оролдсон. Гэтэл тэр үед хуулийн өөрчлөлтүүдийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь одоо ямар аймшигтай юм бэ, ийм эрүү шүүлт байдаг юм уу гээд гэнэт ухаарч, мэдсэн мэт хашхиралдаад эхэллээ.

Энэ хүмүүс таван жилийн өмнө гэхэд хуулийн байгууллагуудын дарга нарт хир халдаадаггүй, хамгаалагч нар байлаа. Хуулийн байгууллагыг гүтгэлээ, самарлаа гээд тэдэнд хайртай болох тухай уралдааны тэргүүн байрны эзэд байв. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулах, эрүүдэн шүүхийг хориглосон хуулийг Ж.Батзандан, Ц.Нямдорж гээд мундаг хуульчид урьд нь эсэргүүцэж,ийм хуулиудыг батлуулахгүй гээд чуулган хүртэл хаяж гарч байсан даа.

Үнэхээр хүний эрхийн төлөө байгаа бол Тахарын албыг буцаагаад байгуулчих.

 

Тэд эрүүдэн шүүлт зэрэг асуудлыг таслан зогсоох шийдлүүдийг эсэргүүцдэг харин үр дагавраар нь шоуддаг тийм л хүмүүс. Тэр үед тод санаж байгаа зүйл бол шинэ эрүүгийн хуульд гурван заалт оруулах гэж багахан дайн болох шахсан. Түүний нэг нь шүүгч, прокурор бусдад давуу байдал олгох зорилгоор хууль бус шийдвэр гаргасан, мөн өмгөөлөгч, прокурор хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар хийвэл гэмт хэрэг болох тухай заалт.

Энэ асуудал өмнө нь хагасчилсан гэмт хэргийн шинжтэй байсан. 2015 онд баталсан Эрүүгийн шинэ хууль дээр энэ бол гэмт хэрэг гэдгийг нь бүрэн утгаар нь шийдсэн. Бас нэг асуудал нь хуучин Эрүүгийн хуульд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хийдэг мэт хуульчилчихсан байсан. Өөр бусад субъект үйлдсэн бол гэмт хэрэг болдоггүй.

Ийм алдаатай хуулиас болоод иргэн Д.Энхбатыг Францаас хулгайлж авчраад эрүү шүүлт тулгасан тагнуулын ажилтнууд гэмт хэргийн субъект биш гэх үндэслэлээр ял зэмгүй өнгөрч байсан. Одоо бол эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өдөөсөн хүмүүс ял завших боломжгүй. Эрүү шүүлтийг үйлдсэн, зөвшөөрсөн, өөр бусад хэл­бэрээр дэмжсэн ямар ч албан тушаалтан адил хариуцлага хүлээх хуулийн заалттай болсон.

Гэхдээ энд нэг асуудал бий. Шинэ эрүүгийн хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж үйлчилж эхэлсэн. Ц.Нямдорж сайдын ухаарлын илэрхийлэл болсон эрүү шүүлт тулга­сан гэх сенсааци үйл явдал шинэ хуулиар биш өөрийнх нь батлуулсан Эрүүгийн хуучин хуулиар шийдэгдэх байх.  Иргэн Д.Энхбатад Тагнуулын ажилтнууд эрүү шүүлт тулгасан гэх хэрэг ял завшаад өнгөрдөг шиг түүх ахин давтагдах болов уу.

ПОПУУД ХЭЗЭЭ Ч АСУУДЛЫГ ШИЙДДЭГГҮЙ, ЗҮГЭЭР ДЭВЭРГЭДЭГ

-Өнөөдөр Ц.Нямдорж. Ж.Батзандан тэргүүтэн үнэхээр ухамсарлаад, ойлгоод энэ болохгүй юм байна гэж  бодож байгаа бол 2015-2016 онд өөрсдийнх нь саналаар хүчингүй болчихсон тэр хуулиудыг санаачилга гаргаад өргөн бариад батлах хэрэгтэй. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажиллагаа явуулж болдоггүй юм байна. Хүний эрхэд халддаг энэ олон байгууллагуудыг Хууль сахиулах ажиллагааны хуулиар нэг стандартад оруулж цэгцэлдэг юм байна гээд олон жилийн өмнө ойлгочихсон ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй.

Гэхдээ попууд хэзээ ч асуудал шийддэггүй. Попууд асуудлыг зүгээр л дэвэргэдэг. Тэдний энэ хувирал худалч, хулгайч, урвагч байдал нь асуудлыг шийдэх, эцэслэх боломжийг үгүй болгочихдог. Ард түмний санах ой, загасны санах ойтой адилхан богино гэж итгээд өөрсдийгөө баярлуулаад “баатар” болж  байна гээд л үргэлжлүүлж худлаа хэлээд явна.

Худлаа хэлдэггүй, хоосон попрогч биш юм бол Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон хуулийг баталчих. Тэгвэл энэ эрүүдэн шүүлтийг зогсоох хамгийн чухал зохицуулалт тэр болно. Бас Хууль сахиулах ажиллагааны хуулийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуультайгаа уялдуулаад процессын хуульдаа иргэний хууль зүйн туслалцаа авах эрх, өмгөөллийн үйл ажиллагааг бүрэн баталгаажуулаад хуульчилчих.

Худлаа хэлдэггүй, хоосон попрогч биш юм бол Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон хуулийг баталчих.

 

Хүний эрхийг үгүй хийгээд байгаа Гүйцэтгэх ажлын тухай хуулийг алга болгоод оронд нь шүүхийн зөвшөөрөлтэй гүйцэтгэх нууц мөрдөн шалгах, хууль сахиулах ажиллагаагаа процессын хуульдаа тусгаад Тагнуулын ажиллагааны хуулиа тусдаа гаргаад гэмт хэрэгтэй тэмцдэг, хууль сахиулдаг байгууллагуудаа Тагнуулын байгууллагатай холилгүй бүрэн журамлачих.

Үнэхээр хүний эрхийн төлөө байгаа бол Тахарын албыг буцаагаад байгуулчих. Гэрч хохирогчийг хамгаалах систем чинь байхгүй болчихоод шударга ёс чинь доголдоод байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг гэж ярьдаг нотлох баримт устгадаг, худал мэдүүлэг өгдөг, хуурамч дүгнэлт гаргадаг, шүүхэд хөндлөнгөөс нөлөөлдөг, хүн эрүүдэн шүүдэг албан тушаалтнуудаа  мөрдөн шалгадаг байгууллага болох прокурорын мөрдөнгөө байгуулчих.

Үнэхээр хонгилыг эвдье гэж бодож байгаа юм бол УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн дор гэмт хэрэгтэй тэмцдэг, мөрдөн шалгадаг байгууллага байлгадгаа больчих. Тэднийгээ татан буулгаад Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Мөрдөх албаа байгуулчих. Тэгвэл хар тамхи, хүн худалдаалах, мөнгө угаах болон цахим гэмт хэрэг зэрэг зохион байгуулалттай улс дамнасан олон төрлийн гэмт хэргийг цэгцэлж болно.

Үүнийг л хийх гэж бид 2012-2014 онд өчнөөн оролдоод хууль хүчний байгууллагын удирдлага, тэдний халаасанд орсон улстөрчдийг дийлж чадаагүй. Тэдний гайгаар бид таван жил алдсан.

ТОМИЛСОН ГЭДЭГ НЬ 30 ХУВИЙН ЭРХ МЭДЭЛ БАЙСАН БОЛ ХАЛНА ГЭДЭГ НЬ 100 ХУВИЙН ТУХАЙ ЯРИА ЮМ

-Ерөнхийлөгч нэгдүгээрт эрүү шүүлт­тэй холбоотой, хуулийн бай­гуул­лагын хариуцлагагүй байдлыг зарлаж, нийтийн уур бухимдал, олны сэт­гэл хөөрлийг дэвэргэж бодит мэ­дээ­лэл, эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх боломжгүй цаг хугацааг овжин ашиглаж өөрийн эрх мэдлийг тэлж байна.

Түүнчлэн гишүүдийн олонх хууль зөрчиж, ЖДҮ-гээс хулгайлсан гэх асуудлаар шалгагдаж айдас хүйдэст автсан байдлаар нь барьцаалсан, гуравдугаарт ҮАБЗ гэх байгууллагыг ашиглан том мөнгөн дүнтэй эдийн засгийн гол шийдвэрүүдийг УИХ-ын хяналтаас гадуур Засгийн газрын  бус бүтцээр гаргадаг байсан уламжлалт аргаараа том хэргүүдийг хянах эрх мэдлийг Үндсэн хуулийн зарчмыг эвдэн байж авлаа.

Энэ нь ҮАБЗ нэрийн дор гурван улстөрч шүүх эрх мэдэлд нөлөөгөө тогтоох тухай л асуудал. ҮАБЗ нэрийн дор Монгол Улсад их мөнгө хаана байна тэрийг нэг хоёр улс төрч шийдэх гэж оролддог байсан. Одоо түүн шүүх, хуулийн байгууллагад яваа дурын хэрэг дээр сонирхлоо илэрхийлэх эрх мэдэл олж авлаа. Хуулийг байгууллагын ажилтнуудыг огцруулах эрх мэдлийг авна гэдэг нь тэдний гаргаж байгаа шийдвэрүүдийг хянана үзнэ л гэсэн үг. Энэ нь эхэндээ алдаа гаргасан, шударга бус ажиллаж байгаа нэр бүхий хүмүүсийг огцруулж, хариуцлага тооцох мэт сонсогдож магадгүй.

Цаашдаа хуулийн байгууллагын алба хаагчдаа “Би чамаар оролдож чадах учраас чи надад үнэнч байх уу” гэдэг асуудлыг л ярина.  Өмнөх Ерөнхийлөгч нар би чамайг томилсон учраас гэж ярьдаг байсан бол одоо би чамайг энэ ажлаас чинь халж чадна гэдэг л яриа болно. Томилох тухай асуудал 30 хувийн нөлөөлөл байсан бол би чамайг халж чадна гэдэг асуудал 100 хувийн нөлөөллийн тухай яриа. Тэгэхээр хуулийн байгууллага 100 хувь улс төрийн хэт хамааралтай болж байна гэсэн үг. Энэ нь Ерөнхийлөгчийн засаглалаас ч аюултай асуудал юм даа.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ АЛХАХ БИШ ДАРАНГУЙЛАЛ РУУ ОЙРТОЖ БАЙНА

-Уг нь Ерөнхийлөгчийн засаглал чинь ардчилсан засаглалын нэг хэлбэр юм шүү дээ. Үндсэн хуультай, эрх мэдэл хуваарилах зарчимтай. Тэр зарчмын дор Ерөнхийлөгч гүйцэтгэх эрх мэдлийг хариуцдаг.  Түүнээс  биш хууль тогтоох эрх мэдэл болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй ийм л хүн байдаг. Гэтэл сая Ерөнхийлөгчийн засаглал руу алхах биш дарангуйллын засаглал руу ойртсон алхам хийчихлээ.

Сайн дураараа гүйцэтгэх эрх мэдлээ Ерөнхийлөгчид, түүний тамгын газрын даргад атгуулчихсан Ерөнхий сайдтай юм яриад яах вэ. Тэрэнд нь чирэгдээд парламентат ёсоо үгүй хийчихэж байгаа УИХ-ын дарга гэдэг мануухай ч хөөрхий байна. Хэзээ нэг өнөөдрийн  Хууль зүйн сайд шигээ ухаарч “юу болоод өнгөрчихвөө” гэж дуу алдах юм бүү мэд. Өмнөх Ерөнхийлөгч нар нэг иймэрхүү ааш гаргаж, эрх мэдлээ тэлэх гэж оролддог байсан.

Тэрэнд нь УИХ, парламент хаалт болж зогсдог байлаа. Харин энэ удаа удирдаж байгаа хүн нь утсан хүүхэлдэй, УИХ-ын гишүүд нь 60 тэрбум болон ЖДҮ хулгай луйвартай. Тэгэхээр хонгилын шинэ эзэнд тал засахгүй бол бүгдээрээ шоронд явах айдастай. УИХ бол ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох байгууллага болохоос биш шоронд орохгүй гэсэн айдастай хулгайч нарын амь хорогдох оромж биш л дээ.

Одоо эрүүл зөв зохистой нийгэмд бол Үндсэн хуулийн цэц гэдэг Үндсэн хууль давж гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгодог, Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтан хэнбэгуай нь ч байсан хариуцлага тооцох үндэслэлийг бүрдүүлдэг тийм байгууллага. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны өмнөхөн Цэц рүү ямар хүмүүс томилогдсоныг санаж байгаа биз дээ.

Тэр хүмүүс Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах итгэл үнэмшил, зүрх зоригтой юу, эсвэл томилсон хүнийхээ далайсан газар нь далд орж, далласан газар нь ил болох тавиул төдий хүмүүс үү гэдгийг харж л байя. Тэр байгууллага энэ үйл явцыг зогсоож чадах уу үгүй юу гэдэг Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд үүсэж буй маш том сорилт.  Ер нь шударга ёс гэдгийг эрх мэдэлд гарч өшөөгөө авах гээд ойлгочихсон, тийм үзэл бодолтой хүмүүс төрийн толгойд гараад суучих шиг боллоо.

Тийм бодолтой хүмүүс нэг махны машин үйлдвэрлээд түүнийхээ бариул дээр насаараа сууна гэж горьддог шиг байгаа юм. Тэр машинаас холдлоо л бол дараагийн хүн бариул дээр ирээд өөрийг нь тэр махны машин руу чирдэг. Энэ бас давтагдах л байх. Яагаад энэ махны машиныг эвдэх тухай ярьж, бодохгүй байгаа юм бол. Шударга бусын хонгилыг нураах биш зөвхөн хонгилынхоо түлхүүрийг авах тухай, хонгилоо бас бусдад түрээслүүлэх тухай л бодоод төлөвлөөд байна. Санаа муут яван хатна гэдэг шиг. Үйлийн үр ирнэ л дээ.

 “ЮУН ХУУЛЬТ ЁС, ШУДАРГА ЁС”

-Засгийн газартай заргалддаг иргэд шүүх дээр ялах уу. Ерөнхийлөгчийн хамаарал бүхий хүрээний хүмүүстэй шүүх дээр асуудлаа шийдүүлэх итгэл үнэмшил Монгол Улсын иргэнд төрөх үү. Тэгэхээр нь энэ нь том даргын хамааралд байгаа хулгайч нараас бусдад нь хууль үйлчилнэ. Тэр хэсэг рүү орохгүй л бол чи хэн ч биш гэдэг зарчим руу нийгмийг тэр чигээр нь түлхэнэ.

Тэр дундаа бизнесийнхэн болон улс төрийнхөн хашаа хороонд нь орж хариуллагад нь багтахгүй бол хэцүүднэ дээ. Их удахгүй  ЖДҮ гэж шүүмжилсэн хүн гэмт хэрэгтэн болно шүү. Ер нь энэ худалч, хулгайч, урвагч эрх баригчид өөрсдийнх нь тухай ярьсан, шүүмжилсэн хүн болгохыг нохой мэт үсэрч очоод барих хуулийн байгууллагатай болохыг л хүсэж байна. Тэгэхээр юун хуульт ёс, шударга ёс.

“БИ АМЬДРАЛДАА МАНАН-ГИЙН НӨМӨР НӨӨЛӨГТ ОРЖ ҮЗЭЭГҮЙ”

-Манайх шиг процесс Турк улсад өрнөсөн л байдаг. Парламентын засаглалаас Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэн.Шүүгч, прокурор, хуулийн байгууллагын алба хаагчдаа өөрийн үзэмжээр сольдог Ерөнхийлөгчтэй болсон. Эцсийн үр дүн юунд хүрэв. Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна л даа. Дээр нь дарангуйлалд түшигтэй популизм.

Эхлээд нийгмийн айлгана, уурлуулна. Түүний дараа дайсан зааж өгнө. Түүнийг дарж байна нэрийн доор бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж авна. Үүний дараа эрх мэдлийг нь, эрүүл саруулаар сэтгэж, шүүмжилсэн хүн бүхнийг нөгөө дайсантайгаа холбох гэж оролдоно. Саяхандаа надаас нэг сэтгүүлч “Таныг МАНАН-гийнх гээд байх юм” гэж асууж байна лээ.

Би бүр цочирдсон. Би амьдралдаа тэр МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж үзээгүй хүн.Ямар нэгэн байдлаар тэр нөхдүүдийн нөмөр нөөлөгт явж үзээгүй. Харин ч эсрэгээрээ нөгөө МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж байсан, эрх ямбыг нь эдэлж, боломжийг нь өөртөө болон ах дүүдээ ашиглаж, өстнөөс нь гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс нь өнөөдөр гэнэт шинэ МАНАН гэдэг хаягтай өөр газар өөрсдийгөө нуучихаад, өмнөх МАНАН –гаа ёстой муухай юм байсан, мангас л гэсэн үг ухааны юм яриад сууж байна.

Ийм хиймэл шударга ёс хоосон тэмцэл худлаа л даа. 2008 оны Засгийн газарт хэн хэн орж байв. 2012-2014 онд МАНАН-гүй байгуулагдсан Засгийн газрыг унагаж,  МАНАН-гийн Засгийн газраа хэн хэн байгуулж байв, тэнд хэн гарын үсэг зурж, тэр Засгийн газарт хэн ах дүүгээрээ албан тушаалд очиж байлаа. Тийм хүмүүс МАНАН гэдэг хаягийг одоо дуртай хүндээ наагаад сууж байна шүү дээ.  Өөрсдөө МАНАН-гийн шугамаар албан тушаал авч, эд хөрөнгөтэй болсон ичиж үхмээр нөхдүүд шүү дээ.

зууны мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих